8o
Улаанбаатар хот
mobile menu

БАЙР СУУРЬ: Төсөв 2.1 их наяд төгрөгөөр алдагдалтай гарчээ

2018-05-10 10:26:00

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ. Байнгын хороон дээр гишүүд асуулт асууж, үг хэлснийг хүргэе.

Ч.Хүрэлбаатар: Судалгаанаас үзэхэд өсөлттэй салбаруудад ажлын байр шинээр бий болж байна

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ асуудлаар "Төсвийн алдагдлаа бууруулах, өрийн дарамтыг багасгаж, төгрөгийн ханшаа тогтворжуулах зэргээр эдийн засгийн зөв бодлого явуулах үед хувийн хэвшлийнхэн ажлын байр бий болгож байгаа нь харагдаж байна. Монгол улсад хөдөлмөр эрхлэх чадвартай 1,4 сая хүн байгаагаас 188 мянга орчим нь төрийн алба хашиж байна. Төрийн албан хаагчдын тоо хязгаартай тул ажлын байр хувийн хэвшилд л бий болох боломжтой. Хувийн хэвшлийг дэмжихийн хэрээр ажлын байр бий болно. Засгийн газар дотоодын арилжааны банкнуудаас сүүлийн 6 сард нэг ч төгрөгийн зээл аваагүй, харин ч авсан зээлээ буцааж төлж байгаа. Ингэснээр арилжааны банкнууд иргэд, ААН-үүдэд олгох зээлээ нэмэгдүүлж байна. 2017 онд Монгол улсын эдийн засаг 5,1 хувиар өссөн. Судалгаанаас үзэхэд өсөлттэй салбаруудад ажлын байр шинээр бий болж байна. Цаашид эдийн засгийн зөв бодлого явуулж, төсвийн алдагдлаа бууруулж, өрийн дарамтыг багасгаж, төгрөгийн ханшийг бууруулахын хэрээр ажлын байр нэмэгдэнэ" гэсэн тайлбарыг өгч байгаа юм. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Орлого бүрдүүлэх талд төлөвлөсөн зүйл харагдахгүй байна

- УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Төсвийн зарлага их нэмэгдэж байна. 2019 онд төсвийн зарлага 11 их наяд, 2020 онд 11.5 их наяд орчим төгрөг байхаар төсөөлсөн байна. Орлогын өсөлт бий болж байгаа ч хангалттай биш байна. Уул уурхайн салбар дэлхийн зах зээл, түүхий эдийн үнээс хамааралтай  орлогын хийсвэр төлөвлөлт байх вий. Эдийн засгийн төлөвлөлт, бүтцээ өөрчлөх талд анхаарах нь чухал. Төсөв хэлэлцэж байхад орлого бүрдүүлэх талд төлөвлөсөн зүйл харагдахгүй байна. Ер нь жил бүрийн төсвийг алдагдалтай баталдаг. Тиймээс төсвийн алдагдлаа бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ" гэлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлогыг нэмэгдүүлнэ 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Төсвийн нийт орлогыг 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон. Зарлагыг 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж оруулж ирсэн. Үүнээс урсгал зардал 583 тэрбум, хөрөнгийн зардал болон цэвэр зээл 760 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн. Төсвийн алдагдлыг бууруулах бодлого барьж байна. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд агшсан эдийн засгийг тэлэх шаардлага бий. Хөнгөлөлттэй зээлээр санхүүжих хэмжээгээр төсвийн алдагдал буурч, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж тооцсон.  Үүнээс гадна төсвийн алдагдлын дийлэнх нь хөнгөлөлттэй зээлээр санхүүжихээр төсвийн алдагдал гарч байна. Өөрөөр хэлбэл, өндөр хүүтэй зээлээр санхүүжих шаардлагагүй учир төсвийн алдагдал эдийн засагт одоогоор сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж тооцсон. Төсвийн орлогыг сайн шахаж оруулж байгаа. Учир нь, зэс, алт, нүүрсний үнийг нэлээд өндөр тооцсон. Төсвийн хөрөнгө оруулалт эрчимжиж байгаа. Аж ахуйн нэгжүүд татвараа сайн төлж байгаа учир татвар төлөгчдийн мөнгөөр өндөр хүүтэй өр, зээлийг төлж байгаа. Түүнээс өрийг өрөөр хаасан юм шиг ярьж болохгүй. Иргэн, аж ахуйн нэгжийн оролцоо өр төлөхөд их бий. Дахиж өндөр хүүтэй зээл авахгүйгээр төсвийн алдагдал, орлогоо зөв болгох боломжтой" гэлээ. 

УИХ-ын гишүүн Б.БаттөмөрИнфляци найман хувь гэдэг нь өндөр байна

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Инфляци найман хувь гэдэг нь өндөр байна. Үүнийг төсөв ярилцах үеэр нухацтай хэлэлцэх ёстой. Эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа нь хүн амын худалдан авах чадартай холбоотойгоор эрэлтийн гаралтай инфляци нэмэгдэнэ гэж байгаа. Би үүнд их ачаалал ирэхгүй гэж бодож байна. Харин нийлүүлэлтийн гаралтай инфляци өсч магадгүй юм. Түүнчлэн санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд маш их ажиллах шаардлага байна. Ер нь Монголын хөгжлийн хоцрогдлын гол шалтгаан нь санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал, тэгш бус харилцаа, хөрөнгийн зах зээлийн хоцрогдол. Үүнд онцгой анхаарах ёстой" гэв.  

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Төсвийн хүрээний мэдэгдэлд найдвар төрүүлсэн үзүүлэлтүүд байна

УИХ-ын гишүүн Ч.Улаан "Төсвийн хүрээний мэдэгдэлд найдвар төрүүлсэн үзүүлэлтүүд байна. Эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсвийн орлого өсч байна. Мөн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Өрийн ачаалал буурч байгаа нь нэлээд сайн үзүүлэлт. Үүнийг тооцоо судалгаагаар баталгаажуулж цаашаа ажил хэрэг болгох ёстой. Бидний анхаарах зүйл бол зарлага. Орлогоо буруу төлөвлөөд алдаж байсан явдал бий. УИХ-ын чуулганаар төсөв ярихад зарлага нэмэх талаар л ярьдаг. Ингээд сүүлд нь нэмэгдсэн зарлагадаа тааруулаад орлогоо тооцчихдог. Ингээд орлого тасарч, өр үүсдэг. Тиймээс энэ хандлагыг өөрчилж, зарлагад онцгой анхаарах ёстой. Төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг байна. Төсвийн алдагдал дотор хөрөнгө оруулалт нэмэгдсэн хэмжээгээр алдагдал өсч байхыг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл энэ алдагдалд хөрөнгө оруулалтын өсөлт 760 тэрбум төгрөг байна. Үлдсэн нь урсгал зардал" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment