8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг шүүх дэнсэлнэ

2018-05-10 08:03:00

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг Оюутолгой гэрээ, Дубайн гэрээтэй холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сард цагдан хорьсон. Тэднийг сарын хугацаатай цагдан хорьсон бөгөөд өнөөдөр үргэлжлүүлэн хорих, суллах эсэхийг  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэх юм. Прокурорын зүгээс тэднийг үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн байна. Харин шүүх шийдвэрээ өнөөдөр гаргана. 

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг ямар үндэслэлээр шалгав 

Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад хохирол учруулсан байж болзошгүй хэмээн гэсэн үндэслэлээр шалгаж байгаа. 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Авлигатай тэмцэх газраас Оюу толгой төслийн хүрээнд 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт  холбогдуулан шалгаж байгаа билээ. 

Тэд хоригдохоосоо өмнө юу гэж хэлэв 

Ерөнхий сайд С.Баяр өнгөрсөн гуравдугаар сард Элчин сайдын албаа хүлээлгэж өгөөд  хуулийн байгууллагад шалгуулахаар Монголдоо ирсэн. Тэрбээр эх орондоо ирсэн даруйдаа хэвлэлд ярилцлага өгөхдөө "Оюутолгойн талаар, түүнийг тойрсон элдэв хардлагын талаар  би хангалттай олон ярьсан. Тэдгээр хардлагыг одоо шалгаж байна. Гэхдээ одоо бүр сайн шалгах ёстой. Авлига авсан, өгсөн гэж хардаж байгаа бол үүнд хоёр тал оролцсон байж таарна. Тиймээс зөвхөн Монголын талын хэдэн нөхдийг шалгахаас гадна нөгөө талаа ч бас шалгах ёстой. АНУ-д байгаа гэх миний хаусыг Америкийн талтай хамтраад шалгана гэдгийн жишгээр “Рио Тинто” компани байршдаг улс орных нь хууль хяналтын байгууллагатай хамтраад албан ёсоор шалгах ёстой. Энэ төсөл олон жил үргэлжилнэ. Харин иймэрхүү хардлага олон жил үргэлжлэх учиргүй. Авлига авсан бол шийтгээд, аваагүй бол олон түмэнд зарлаад, төслийнхөө болон төсөлд оролцсон хүмүүсийнхээ нэрийг цэвэрлээд цаашаа явах ёстой" гэсэн байр суурь илэрхийлж байсан билээ. 

Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд хоригдохоосоо өмнө нь  Лондонгоос захидал бичиж байсан билээ. Тодруулбал, "Би Ерөнхий сайдын хувьд Хямралын үед эдийн засгаа дампуурахаас сэргийлэх гэж, үргэсэн гаднын хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгойн том төслийг хөдөлгөх боломжийг олгосон. Үүнийхээ төлөө надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авилга байхгүй, бусдад олгосон давуу эрх байхгүй ээ. Тийм учраас надад айж, ичих зүйл ч алга.Би Монголдоо очно. Эмчлүүлж байгаа дүүгээ орхиод очно. Ирэх долоо хоногтоо очно. Надад хуулийн эрж хайх, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд болох оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, бусдыг дарамталсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэдэг ямар нэг зүйл байхгүй, цаашид ч гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хүндэлж дурдсан хугацаанд очиж мэдүүлгээ өгч байх болно" гэж байр сууриа илэрхийлж байсан билээ. 

Ийнхүү  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн гэрээний асуудлаар хоёр Ерөнхий сайдыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment