Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар өнгөрсөн дөрөвдүгээр сард бөхөнг тоолжээ. Судалгааг трансектийн аргаар бөхөнгийн тархац нутгийн хүрээнд хийсэн бөгөөд 3000 орчим толгой бөхөн нутагшиж байгаа нь тодорхой болсон байна. Энэ үр дүнг 2017 оны гуравдугаар сард хийсэн судалгаатай харьцуулбал тоо, нөөцийн хэмжээ 40 хувиар буурчээ. Судлаачдын ярьснаар бөхөнгийн тархац нутгаар одоо ч өвс багатай байгаа учир бөхөн идэш тэжээл хайж уудам орон зайд шилжин байршиж байгаа ажээ.
Дашрамд сонирхуулахад, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд дэлхийд нэн ховор монгол бөхөнг аврахаар өнгөрсөн өвөл төлөвлөгөөт олон ажил хийсний нэг нь биотехникийн арга хэмжээ байв. Энэ ажлын хүрээнд бөхөнгийн байршдаг тодорхой газруудад өвс тавьсан нь үр дүнд хүрсэн. Өмнө нь бөхөн зориудаар тавьсан өвсийг иддэггүй байсан бол энэ өвөл тавьсан өвсийг идэж байгаа нь автомат камерын бичлэгээс тодорхой харагдсан юм.