8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Энхзориг: "Эрийн муу цагдаа, эмийн муу сувилагч" гэж хэлдэг хүмүүс дээр хамгийн түрүүнд очдог

2016-02-04 11:02:00

Уншигч та идэр есийн хүйтэн хасах 28 градуст, зуны айгам халуун нэмэх 28 градуст зогсоо зайгүй сүлжилдэх машинуудын дунд тоос шороо, дуу чимээнд нэг газраа хэдэн цаг тэсвэртэй зогсож чадах вэ? Өвлийн хахир хүйтэн, зуны халуун нар, хаврын хавсарга салхи, шороон шуурга, аадар бороо байгалийн ямар ч үзэгдэлийн үед ажил үүргээ гүйцэтгэж байдаг хүмүүс бол Замын цагдаа нар юм.  Өвөл, зун, өглөө, үдэш ялгалгүй ажиллаж ард иргэдийнхээ амгалан тайван байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд бүхий л зүрх сэтгэлээ зориулж явахад ууртай ширүүн жолооч нарт аль муугаараа дуудуулж, “Муу сайн цагдаа нар” хэмээн чичлүүлж, тэр ч байтугай эрүүл мэндээрээ хохирдог тэд жирийн л нэгэн төрийн албан хаагчид билээ. 

Өглөөний 10 цаг 05 минут /Нийслэлийн Замын цагдаагийн газар/

Замын цагдаагийн газрын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэй уулзаж, олон жил ажил мэргэжилдээ, амжилттай ажиллаж байгаа замын цагдаатай ярилцах зөвшөөрөл авлаа. "Энэ сарын эхнээс зөрчил гаргасан жолооч нарын оноо хасагдах журам хэрэгжиж эхлэж, мөн сурагчдын 2-р ээлжийн амралт дуусч хүүхдүүд хичээл сургуульдаа орж байгаа тул замын хөдөлгөөний ачаалал их байна" хэмээн учирлан Баянгол дүүргийн замын цагдаагийн тасгийн замын 3,4 хороололд зохицуулалт хийж байгаа замын цагдаатай ярилцах зөвшөөрөл өгсөн юм. Ийнхүү Замын Цагдаагийн газраас гарч явсаар 3-р хороолол “Өргөө” кино театрын урд Замын цагдаа Д.Энхзоригтой уулзаж ажил мэргэжлийнх нь тухай ийнхүү ярилцлаа.

Д.Энхзоригийн хувьд Цагдаагийн байгууллагат 12 дахь жилдээ ажиллаж байгаа Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгийн Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан зохицуулагч, Цагдаагийн ахмад юм.

                                   

Замын цагдаагийн ажил мэргэжил бол бусад мэргэжлээс онцлогтой мэргэжил юм. 

11 цаг 20 минут /Баянгол дүүрэг Чингүнжавын гудамж/

- Анх цагдаагийн байгууллагад орж байсан тухай болон яагаад энэхүү мэргэжлийг сонгох болсон тухайгаа сонирхуулаач?

- Аравдугаар ангиа төгссөний дараа аав маань “Эрэгтэй хүүхэд цэрэгт явахгүй бол муухай шүү” гээд цэрэгт яв гэсэн юм. Тэгэхээр нь "Би цэрэгт явахгүй их сургуулид сурна" гээд хэд хэдэн хуулийн сургуульд шалгалт өгсөн. Ер нь хүүхэд байхын л аав шигээ хуулийн мэргэжилтэй хүн болно гэж боддог байлаа. Тэгээд “Халх журам” дээд сургуульд суралцан 2004 онд хууль, эрх зүйч мэргэжилээр төгссөн.

" Хүн ямар ч ажил хийсэн эхнээс нь дуустал нь өөрөө л хийж байх хэрэгтэй. Дараа нь харахаар сайхан байдаг" юм.

- Аав шигээ хуулийн мэргэжилтэй болно гэлээ. Та аавынхаа тухай яриач?

- Манай аав насаараа Сүхбаатар дүүргийн хуулийн зөвлөх хийсэн Хууль зүйн ухааны доктор н.Дамдинсүрэн гэж хүн байсан. Хүүхэд байхдаа аавынхаа ажил дээр их очдог байлаа. Тэгээд л аавынхаа мэргэжлийг өвлөж, хуулийн мэргэжилтэй хүн болох мөрөөдөлтөй болж түүнийгээ ч биелүүлсэн дээ. Ер нь хуульч мэргэжилтэй хүмүүсийг цагаан гартай гэж ярьдаг. Харин манай аавын хувьд бүхнийг хийдэг гарын дүйтэй хүн байсан юм. Намайг бага байхад Сүхбаатарын районы зуслан гэж байсан даа. Тэр зуслан дээр дагуулж очоод зуслангийн байшин барьж байсан. Одоо хүртэл тэр байшин нь байдаг. Ер нь аав маань “Хүн барьж авсан ажлаа эхнээс нь дуустал өөрөө л хийж бай. Дараа нь хийсэн зүйлээ харахад сэтгэлд сайхан байдаг юм” гэж дандаа хэлдэг байсан. Тиймээс барагтай бол хүнээр юм хийлгэхгүй ганцаараа л хийчихдэг хүн байсан.

Оюутан ангийнхаа найзтайгаа уулзаад хоёулаа цагдаа болох уу гээд л цагдаа болчихсон

- Та тэгээд яагаад хуулийн хүн бололгүй цагдаа болчихов?

- Хуулийнхаа сургуулийг төгссөний дараа мэргэжлээрээ ажиллах гэсэн боловч ажил олдоогүй. Уг нь манай аав хуулийн хүн учраас амархан ажилд орох байх гэж бодсон ч тэгээгүй. Аав маань “Өөрөө ажлаа олж хий” гэсэн. Тэгээд л нэг өдөр оюутан ангийнхаа найзтай уулзаад ажил олдохгүй байна яах у гэж ярьж байгаад ерөөсөө хоёулаа цагдаа болох уу гээд л 45 хоногийн Цагдаагийн курст сууж, дараа нь нэг жил Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэв журмын тасагт эргүүлийн цагдаа хийж байгаад замын цагдаа болсон. Одоогийн Замын цагдаагийн дарга Хурандаа н.Зоригтбаатар дарга намайг урлаг, спортод гайгүй сайн болохоор замын цагдаа руу орооч гэдэг санал тавьж анх замын цагдаад орж байлаа.

Баянгол дүүрэг зам тээврийн ослын 60 гаруй дуудлага хүлээн авдаг

13 цаг 30 минут /Баянгол дүүргийн Замын Цагдаагийн тасаг/

Ийнхүү Замын цагдаа Д.Энхзориг бид хоёр цагдаагийн алаг машинд хэсэг хөөрөлдөж байгаад тасаг руу нь явлаа. Өглөөний хүлээн авсан дуудлага зөрчилүүдээ программд бүртгэх ёстой аж. Тус замын цагдаагийн тасаг дээр ирэхэд “Өглөө машинтай явж байгаад шүргэлцсэн” гээд л нэлээн хэдэн хүмүүс өрөөний үүдэнд хүлээж байв. Д.Энхзориг хурааж авсан жолоочийн үнэмлэх, гэрчилгээ бичиг баримт зэргийг тус бүрд нь програмд оруулсаны дараа зөрчил гаргасан жолооч нартай уулзаж, зөрчил дутагдлаа арилгах, торгууль төлөх эсэхийг нь хэлж өгөв.

- Өнөөдөр өглөөний хувьд хэдэн зам тээврийн зөрчил гарсан бэ?

- Хүүхдүүд хичээлдээ явж  байгаа учраас  энэ долоо хоног замын хөдөлгөөн ачаалал их байна. Өнөөдрийн хувьд өглөөний 7 цагаас хойш 10 гаруй дуудлага хүлээн авсан. Эдгээр дуудлагуудын зургаан дуудлага нь мөргөлдсөн дуудлага байлаа. Баянгол дүүргийг 4 бүст хувааж үзвэл нэг бүст өдөрт дундажаар 15 дуудлага ирдэг. Харин нийтэд нь авч үзвэл өдөрт 60 орчии дуудлага ирдэг. Дуудлага өглөөгүүр ажил цуглах, орой ажил тарах үеэр их байдаг. Харин шөнө харьцангуй бага байдаг ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил их байдаг.

 

Жолооч нар нэг үеээ бодвол өөрийн буруугаа хүлээдэг болсон

- Жолооч нарын хувьд хамгийн их гаргадаг нийтлэг зөрчил ямар зөрчилүүд байдаг вэ?

- Нэг үеээ бодвол жолооч нарын ухамсар дээшилсэн. Зам тээврийн осол гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч буруугаа хүлээдэг болсон. Жолооч нар "Надаас болж ийм зүйл боллоо"  гэдгээ мэддэг болсон.  Мэдээж жолооч нар санаатай осол гаргана гэж байхгүй. Санамсаргүй хэнэггүй, болгоомжгүй байдлаас болж осол гарах нь элбэг. Жолооч нар дүрмээ ягштал баримтлан анхаарал болгоомжтой, биенээ хүндэтгэн замын хөдөлгөөн оролцвол осол аваар гарахгүй, жолооч нар торгуулах асуудалгүй шүү дээ.

-Энэ сараас эхлэн зөрчил гаргасан жолооч нарыг оноог хасах журам хэрэгжиж эхлэж байна?

- 2016 оны 2-р сарын 01-ны өдрөөс эхлэн жолооч бүрт 10 оноо өгч, зөрчил гаргасан жолооч оноосоо хасуулах журам хэрэгжиж эхлэж байна. Жолооч бүхэн дүрмээ баримтлан замын хөдөлгөөндөө оролцвол ямар ч асуудалгүй.  Оноогооч хасуулах шаардлагагүй.

 Жолооч нүүр лүү нь газ цацаад зугтсан гэх дуудлага хүлээн авав

14 цаг 25 минут /Дуудлага ирэв/

Хорооллын “Түмэн плаза”-гийн урд дуудлага хүлээн авлаа. Биднийг очиход дуудлага өгсөн жолооч “Машинтай нэг хүн замын хажуу руу шахаж зогсоон, нүүрлүү нь газ цацаад явсан, машины жолоочийг хэн болохыг мэдэхгүй байна" гэв. Энэ дуудлагын хувьд ямар нэгэн автомашин шүргэлцсэн, зам тээврийн осол гарсан дуудлага биш байлаа.  Гэхдээ "Манай иргэд машинтай хүн ирээд зодоон цохион хийсэн бол Замын цагдаад хамаатай гэж үздэг. Гэхдээ цагдаагийн албан хаагчдын нийтлэг үүрэг гэж байдаг. Замын ч бай, хэв журмын ч бай цагдаа нар уялдаа холбоотой ажилладаг" хэмээгээд Д.Энхзориг цагдаа дуудлгыг хэв журмын тасагруу шилжүүлж  өглөө.

Замын цагдаагийн ажил гэдэг бол залуу хүний хийх ажил

14 цаг 30 минут /Замын цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн машин дотор /

- Замын цагдаа өглөө, оройдоо өвөл, зуны алинд ч зам дээр зогсож зохицуулалт хийдэг. Миний хувьд маш хүнд ажил гэж боддог?

-Мэдээж хэцүү ажил. Машины дуу чимээ, утаа, тортог, өвлийн улиралд даарахаас эхлээд хайрагдаж, өвдөх нь хэвийн үзэгдэл.  Харин зуны улирал халуун наранд олон цагаар зогсдог. Манай замын цагдаа нарын хувьд бөөр, нуруу, үе мөч, уушигны өвчтөй хүмүүс их байдаг гэсэн судлагаа байдаг юм билээ.

- Цагдаа нарын хувцас хэрэглэл, хангамжийн хувьд ямар байдаг вэ?  

- Өмнө нь цагдаагийн албан хаагчдын хувцасыг гурваас таван жилд нэг удаа сольж өгдөг байсан. Хувцасны илч алдагдана гэдэг шиг нэг хувцасаа 3 жил өмсөхөөр нимгэрч илчээ алдаж дааруулах тохиолдол их байсан. Харин саяханаас цагдаагийн албан хаагчдын хувцасыг шинэчилсэн.  Тиймээс энэ жилийн хувьд хувцас хэрэгсэл сайн болсон. Ер нь Замын цагдаагийн ажил гэдэг залуу хүний хийх ёстой ажил шүү дээ.

Айл өрх бүрт 2-3 автомашинтай байдаг

- Баяр ёслолын үед замын хөдөлгөөний ачаалал эрс ихэсдэг байх?

- Одоогоос 3,4 жилийн өмнө замын хөдөлгөөний ачаалал харьцангуй гайгүй байсан. Харин сүүлийн хэдэн жилүүдэд баяр ёслол гэлтгүй энгийн үед ч замын хөдөлгөөний ачаалал ихтэй байна. Нэг айл өрх 2-3 машинтай байна. Дугаарын хязгааралтай явуулж байгаа ч ачаалал багасахгүй л байна. Хэдхэн хоногийн дараагаар цагаан сар болох гэж байгаа учраас амралтын өдрүүдэд тэгш сондгой тоогоор нь ялгаж явуулж байна.

 

15 цаг 45 минут /Замын цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн машин дотор /

Ийнхүү Д.Энхзориг ийнхүү хөөрөлдөж байх зуураа Өргөө кино театраас урагшаа 25-р эмийн сан руу уруудах зам үүссэн  түгжрэлийг бусад цагдаа нартайгаа богино долгионы станцаар хоорондоо ярьж зохицуулж байв.

Замын цагдаа нар долоо хоногийн нэг өдөр амардаг ч баяр ёслолын өдрүүдэд амардаггүй

- Та өнөөдөр ээлжинд гарч байгаа юм байна. Хэд гэж буух вэ?

- Өглөө 7 цагт гарсан. Уг нь 15 цаг гээд буух ёстой. Гэвч буух цаг боллоо гээд буучихгүй. Бид чинь ээлжнээс буусан ч гэсэн гадуур судалгааны ажил хийдэг. Хаана ямар осол гарав, юунаас болж гарсан гээд л.

- Та гэр бүлийнхээ тухай яриач. Хэдэн хүүхэдтэй вэ?

- Хоёр бандитай. Том нь 9, бага нь 6 настай. Энэ жил нэгдүгээр ангид орсон. Манай хүүхдүүд багаасаа гэртэй байгаад сурчихсан. Уг нь цагдаа хүний хувьд буруу үлгэр дуурайлал байх л даа. Гэхдээ том хүү маань дүүгээ сургуулиас нь очоод авчихдаг. Сургууль нь гэртэй ойрхон, зам гарах шаардлагагүйбайдаг болохоор ахаар нь дүүг нь авахуулчихдаг юм. Манай эхнэр гоо сайхны газар ажилуулдаг н.Солонгоо гэдэг.  Ар гэрийн бүх ажлыг манай эхнэр л зохицуулдаг. Хоёр хүүхдээ хичээл сургуульд нь хүргэж өгөх, авах гээд л бүх зүйлийг манай эхнэр хийдэг. Эхнэртэй их баярладаг шүү. Бас маш их хайртай шүү гэж хэлмээр байна.

- Гэр бүлийнхэндээ хэр зав гаргадаг вэ?

- Аль болох гэр бүлдээ зав гарахыг хичээдэг. Гэвч ажилтай болохоор тэр болгон зав гаргаж чаддаггүй. Төрийн албан хаагч 7 хоногийн 2 өдөр амардаг бол бид нэг өдөр амардаг. Гэхдээ баяр ёслолын өдрүүд таарвал амралт гэж байхгүй. Жишээ нь одоо Цагаан сараар амрахгүй ажиллана. Амарч байгаа өдрөө хоёр хүүхэдтэйгээ кино үзэх, гарын хоолоо хийж өгөхийг хичээдэг. Хоёр хүүхэддээ ажлаасаа хэдэн цагт буугаад хэзээ ирэхээ хэлдэггүй. Өөр ажил гараад өөр тийшээ явах үе гардаг болохоор хэлсэн цагтаа очиж чадахгүй тохиолдол гардаг юм.

Шинийн нэгний өглөө мөрөө гаргаад ажилдаа явдаг

- Цагаан сараар ажлаа хийдэг гэлээ. Хэдийд настай хөгшчүүл дээрээ очиж золгодог вэ?

- Шинийн нэгний өглөө гэрээсээ гарахдаа мөрөө гараад л ажил руугаа явдаг даа. Энэ жил хэдэн цагт цугларахыг мэдэхгүй байна.  Ер тав, зургаан цагаас цуглаад аль аль хэсэгт зохицуулалт хийх чиглэлээ аваад л гардаг юм. Хэсэг чөлөө гарвал  гэрийнхэн болон ээжрүүгээ ярина. “Одоо очиж байна шүү. Хальт ороод гарна” гээд л. Одоо ч манайхан мэддэг болсон  доо. Ирж байна гэнээ гээд аягатай цай хөргөөд тавьчихсан, буузаа гаргачихсан сууж байдаг юм. Орж золгоод цайгаа уугаад, буузаа идээд буцаад гараад явна даа. Ер нь халуун цай ойчоод, бууз гарахыг хүлээгээд сууна гэж байхгүй шүү. /инээв/

Ямар ч юм тохиолдсон амандаа уншчихдаг тарни уншлагатай

- Шинийн нэгний өглөө мөрөө гаргачихаад ажилдаа явдаг гэнэ. Хэр шүтлэгтэй вэ?

- Монгол хүн юм чинь ер ёс төрөө дээдлэнэ. Хааяа нэг сэтгэлд эвгүй  зүйл тохиолдвол уншчихдаг тарни байдаг. Бидний ажил шүү дээ. Зөрчил гаргаад торгуулсан жолооч энэ ямар сайн цагдаа вэ миний зөрчлийг хэлээд өглөө гэж хэн ч боддоггүй. Муу цагдаа намайг торголоо гэж хараадаг. Мөн хүний амь нас эрсдсэн нүд халтирмаар газарт очих үеп анхны тусламж үзүүлнэ. Нас барьсан хүний гар хөлд хүрнэ. Тийм газар очоод ирэх үедээ аль болох хүүхдүүддээ ойртохгүй, хол байхыг хичээдэг. Тэгээд уншдаг тарниа амандаа уншина шүү. 

"Эрийн муу цагдаа, эмийн муу сувилагч" гэж хэлдэг хүмүүс дээрээ хамгийн түрүүнд очдог

- Аливаа болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлж намайг торголоо гэж боддог хүн бараг байхгүй байх?

- Жолооч нарыг зөрчил гаргаад ямар нэгэн аваар осол гаргах вий гэсэндээ сануулж торгууль бичдэг. Гэвч жолооч нар “Муу цагдаа нар дандаа л торгож байна" гэдэг. Бид торгож байгаа нь үнэн боловч торгуулийн мөнгө улсын төсөвт ордог. Бид нэг ч төгрөгийг өөрсдийн халаасандаа хийдэггүй шүү дээ. Манай зарим нэг найз нар болон "Эрийн муу цагдаа, Эмийн муу сувилагч" гэдэг.  Гэтэл энэ хүмүүст чинь өвчин зовлон тохиолдож, шаналаж байхад хэн таныг асарч сувилдаг юм. Зодоон цохион, осол аваар гарахад хамгийн түрүүнд цагдаа гэдэг байж яагаад ингэж хэлдэгийг нь ойлгодоггүй юм. Олны дотор сайнтай муутай зөндөө л хүн байгаа.  Ганц нэг хүний гаргасан ааш зангаар бүхэл бүтэн цагдаагийн байгууллага, тасгийг тэр чигээр нь хамааруулж хэлж байгаад гайхдаг.

Сургууль, цэцэрлэгтэй хамтран ажилладаг

- Та ажлаа тараад судалгаа хийдэг гэсэн яг ямар судалгаа хийдэг юм бэ?

- Хариуцаж авсан дүүрэг хороон дээр очоод осол аваар гарсан бол яагаад осол аваар гарсан бэ, Замын халтиргаа гулаанаас болсон уу эсвэл замын тэмдэг тэмдэглэгээ байхгүйгээс болсон байна уу гэдгийг шалгаж нягталдаг. Хэрвээ халтиргаа гулгаанаас болсон бол тэр хэсэг газрыг ямар байгууллага хариуцаж ажиллаж байгааг олж тогтоон зөрчилийг арилгуулах албан бичиг өгдөг.

- Сүүлийн үед замын тээврийн осолд бага насны хүүхдүүд өртөх нь их байна?

Миний хувьд Баянгол дүүргийн 16-р хороо 41 дүгээр сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг. Энэхүү гэрээнд бага насны хүүхдүүдийг “Эцэг эхийн гараас-Багшид, Багшийн гараас- Эцэг эхэд” хамтын ажиллагаа байдаг. Бага ангийн хүүхдүүд сургуульдаа явах замд, сургуулиасаа тараад гэрлүүгээ явах үедээ осол аваарт өртөх нь их байдаг. Тиймээс хүүхдүүдээ хичээл тарахад нь багш нь заавал эцэг, эх, асран хамгаалагч нарын гарт хүүхдийг өгч явуулах. Хэрэв хүүхэд ганцаараа явж байгаад осолд орсон бол тухайн сургууль багшид хариуцлага тооцох арга хэмжээ авч ажилладаг.

Байнга осол аваар гардаг газрыг “Хар цэг” гэж нэрлэдэг

-Баянгол дүүргийн хувьд байнгын түгжрэл үүсдэг, осол гардаг зам хаана байдаг вэ?

- Байнгын түгжрэл үүсэх, осол аваар гардаг газар бий. Өмнө нь Саппорагийн тойрог гэж хэдэн мянган машин түгжирдэг тойрог байсан. Харин одоо түүний жижигрүүлсэн хуулбар нь “Гранд плаза”-гийн хажуу талын тойрог болоод байна. Мөн  Баруун 4 замын уулзвар, Алтай хотхоны уулзвар, Нарны хороолол гэх мэт нилээн хэдэн газрууд хар цэгүүд болоод байна.

- “Хар цэг” гэж осол аваар их гардаг газрыг ингэж хэлдэг юм уу?

- Тийм ээ. Байнга л осол аваар, түгжрэл үүсдэг газрыг бид “Хар цэг” гэж нэрлэдэг юм. Гэхдээ зам засч уулзвар хийдэг. Гудамж төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүс судалгаа хийж байгаа байхаа. Ямартай ч энэ уулзварыг ингээд засчихгүй дээ гэсэн хэд хэдэн газрууд байдаг шүү.

Хамгийн анх 47 мянган төгрөгийн цалин авдаг байсан

-Цагдаагийн байгууллагын албан хаагчдын цалин хэдэн төгрөг байдаг юм бэ?

- Миний хувьд анх 2004 онд цагдаагийн байгуулагад  орж ажиллаад 47 мянган төгрөгийн цалин авч байлаа. Эхлээд урьдчилгаа цалин гэж 20-иод мянган төгрөг авсан.Дараа нь бас 20 гаруй мянган төгрөг авч байлаа. Нийлээд 47 мянган төгрөг авч байсан шиг санаж байна. Анх орж ажиллаж байгаа хүний цалин мэдээж бага байдаг. Одоо  бол миний хувьд боломжийн цалинтай. Оны өмнө манай цалин бүтэн буусан.  Тэр үед яг гар дээр 965 мянган төгрөг авсан. Ажилласан жил, хэрэг илэрүүлэлт, цолноосоо хамаараад цалин боддог.

- Цагдаагийн албан хаагчдыг торгууль их тавьсанаар нь урамшуулдаг гэсэн энэ үнэн үү?

- Тийм зүйл байхгүй ээ. Их торгууль тавилаа гээд миний цалин нэмэгдсэн зүйл алга байна. Ер нь хүмүүс торгуулийг бидний халаасанд ордог гэж боддог. Торгож байгаа нь бид болохоос биш тэр мөнгө бүгд улсын төсөвт ордог. Зарим нь миний татвараар цалинжиж байгаа муу цагдаа гэдэг. Би ч бас ялгаагүй татвар төлдөг хүн шүү дээ.

 “Муу муухайг мартаж, Сайн сайхныг санаж явдаг”

Өвөл, зун, өглөө үдэш ялгалгүй ажиллаж, машины утаа тортог, сигналын дуу, машины дугуйнаас үүсэх тоосонцор, ууртай ширүүн жолооч нарын дунд ажил үүргээ гүйцэтгэж яваа замын цагдаатай хагас өдрийг хамт өнгөрүүлж тэдний ажил мэргэжил, хүнд хэцүү, бэрхшээл бүхний тухай ийнхүү хэсэгхэн ярилцлаа. Зогсоо зайгүй хөврөх машины цувааны адилаар замын цагдаагийн ажил ч бас цаг нар, өдөр шөнийг ялгалгүй хөвөрсөөр. Энэ удаагийн маань зочин Баянгол дүүргийн Замын Цагдаагийн тасгийн, Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зохицуулагч, Цагдаагийн ахмад Д.Энхзориг байлаа. Түүний хувьд “Муу муухайг мартаж, Сайн сайхныг санаж явдаг”-даа хэмээн ярьдаг төрдөө тангараг өргөсөн эгэл жирийн төрийн албан хаагч юм.

 Сэтгүүлч Д.Дорждэрэм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
Tsagdaagiin ajilchid denduu olon tsag ajildag .tsalin denduu baga yum baina lee. Tsagdaagaa demjdeg shuu.
2016/02/24 103.17.108.42
Хуучирсан үг байна. Социализмын үетэйгээ халагдсан үг. Одоо харин эсэргээрээ. Ямар ч аргаар хамаагүй баяжчих хүсэлтэй олон хүмүүсийн дунд амьдарч байгаа ганц хүнд хамгийн түрүүнд цагдаа л бодогдоно шүү дээ.
2016/02/05 103.17.108.42