Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
З.Энхболд: Х.Энхжаргалын үүрэгт хугацаа нь дууссан, ажлаа ч муу хийж байгаа
Х.Баттулга өнөөдөр АТГ-ын даргад иргэдийн нэр дэвшүүлсэн хүмүүсээс хуулийн шаардлагыг хангаж, хамгийн олон санал авсан хоёр хүнийг Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Их Хуралд уламжилж, Авлигатай тэмцэх газрын даргаар Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлэв.
Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа.
- Санал асуулгын үйл явцыг танилцуулна уу?
- Санал асуулгын дүн мягмар гаригийн орой гарч, лхагва гаригийн өглөө нийтэд зарласан. Д.Даваа-Очир, Ж.Батсайханы нэрийг УИХ-д хүргүүлээд байна. Хамгийн олон санал авсан Д.Даваа-Очирын хувьд ЗХУ-д Дотоод явдлын яамны академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны доктор цолтой, Нийгмийг хамгаалах яаманд болон бусад газарт ажиллаж байсан. Энэ хоёр хүний хувьд шалгуурыг хангаж байгаа. Хамгийн их санал авсан 10 хүний дотор шалгуур хангахгүй хүмүүс байсан. Тухайлбал, би байна. Сүүлийн таван жил улс төрийн алба хашаагүй гэдэг шалгуурт тэнцээгүй учраас би хасагдаж байгаа юм. Дэд даргын хувд Ж.Батсайхан гэж хүнийг нэр дэвшүүлж байгаа. Мөн ОХУ-д боловсрол эзэмшсэн. АТГ-д ажиллаж байсан. Энэ хүмүүсийн дэлгэрэнгүй мэдээллийг Ерөнхийлөгчийн тамгын газрын албан ёсны вэб сайтаас авч болно.
- Дээрх хоё хүнийг олон нийт төдийлөн сайн мэдэхгүй. Гэтэл иргэд энэ хоёрыг яаж мэдэж санал өгсөн юм бол. Энэ санал асуулга шударга болсон гэдэгт итгэж болох уу?
- Би өмнө нь мэдээлэл хийхдээ АТГ-ын даргад тохирох хүн төрийн албанд 15 жил ажилласан, хуульч хүн байх ёстой гэдгийг маш сайн анхааруулсан. Мөн гүйцэтгэх ажлын туршлагатай, удирдах алба хашиж байсан хүнийг нэр дэвшүүлэхийг маш сайн хэлсэн. Олон нийт хэн нэгний нэрийг дэвшүүлэхдээ дээрх шалгуурыг үндэслэхгүй янз бүрийн хүний нэрийг дэвшүүлсэн байгаа юм. Тиймээс бид хаа, хамаагүй оруулж ирсэн хүмүүсийн нэрийг хасч байгаад үлдсэн хүмүүсийг тодруулсан. Яаж шалгаруулсан гэдэг нь чухал биш. Хамгийн чухал нь Үндсэн хуулийн 3.1 дэхь заалтын дагуу Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Ард түмэн энэ мэдлээ шууд оролцож эсвэл өөрийн сонгосон төлөөлөгчийн байгууллагуудаараа дамжуулж хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Ерөнхийлөгч УИХ-д хүргүүлсэн бичигтээ “Миний бие АТГ-ын даргад нэр дэвшүүлдэг бүрэн эрхээ дангаар хэрэгжүүлэхээс татгалзаж ард иргэдээсээ асууж саналаар шийдвэрлэлээ" гэж дурьдсан. Ерөнхийлөгч өнөөдөр Ховд руу явах гэж байна. Ховд, Баян-Өлгий, Увс, Өвөрхангай аймагт ажиллачихвал бүх аймагт ажиллаад дуусах гэж байна. Эдгээр уулзалтуудаар иргэд Ерөнхийлөгчид хандан хувийн амьдралын хүндрэл бэрхшээлээсээ илүүтэйгээр нийгэмд шударга ёс алдагдаж авлига хүнд суртал гаарсныг сануулаад хууль хяналтын байгууллагыг үр дүнтэй, шударга ажиллуулахыг хүссэн.
- Олон нийтээс энэ хоёр хүнийг нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч өөрөө дэмжиж байгаа юм уу. АТГ-ын аргаар ажиллаж чадна гэж үзэж байна уу?
- Энэ хоёр хүнийг Ерөнхийлөгчид танилцуулахад дэмжсэн.
-Ерөнхийлөгч энэ хоёр хүнийг таних уу?
- Ажил төрлийн шугамаар Даваа-Очирыг таних байх.
- АТГ-ын одоогийн даргын үүрэгт хугацаа нь дуусаагүй гэх мэдээлэл байна. Үүнд та тайлбар өгнө үү?
- Нөхөн томилогдсон хүний оронд томилогдсон хүн өмнөх хүнийхээ хугацаагаар явна. Хүний оронд томилогдсон учраас бүрэн эрхийн хугацаа нь дууссан. 10 гаруй хуулиар ингэж зохицуулсан байгаа. Тухайлбал, Хэнтий аймгаас сонгогдсон Д.Гантулгын оронд нэг гишүүн томилогдвол 2020 он хүртэл л УИХ-ын гишүүнээр ажиллана биз дээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил гэж хуулинд заасантай адилхан хүний оронд ажилласан бол өмнөх хүнийхээ хугацаагаар л явна. Хуулийг нэг мөр ойлгох ёстой. Тусгай чиг үүргийн байгууллага байх нь хамаагүй. Хэрвээ томилогдсон хүн бүр зургаан жилээр ажиллавал авлигатай тэмцэх хуулийн 21.5 заалт байхгүй байх ёстой юм. Нөхөн томилогдоно гэдэг гарц байхгүй. Хуулийн маргаан огт байхгүй. Ерөнхийлөгч хуулиар хугацаа нь дууссаныг дурдахын зэрэгцээ ажлаа хийхгүй байна гэж дүгнэж байгаа. Х.Энхжаргалыг АТГ-г удирдаж эхэлснээс хойш манай авлигын индекс маш олон байраар ухарсан. Энэ нь түүнийг ажлаа хийж чадахгүйг илтгэж байгаа юм. Ерөнхийлөгч Үндсэн хуулийнхаа дагуу ажиллаж байна. Ард түмэн төрийн эрх мэдлийг барина гэдэг заалтыг хэрэгжүүлсэн Ерөнхийлөгч буруудах учиргүй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-ын дарга Х.Энхжаргалын нэрийг оруулж ирэхдээ УИХ-ын даргаар ажиллаж байсан надтай зөвшилцөөгүй. Кноп дардаг намын дарга нартай уулзсан байх. Гэхдээ надтай уулзалгүй шууд л нэрийг нь оруулаад ирсэн.
- Энэ хоёр хүнийг УИХ хүлээж авахгүй бол яах вэ?
- УИХ хүлээж авна, авахгүйн сонголт бий. УИХ АТГ-ын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, удирдлагуудыг томилох ёстой байгууллага. Хүмүүс АТГ-ын аргыг Ерөнхийлөгчийг томилдог гэж бодоод байгаа. Ерөнхийлөгч зөвхөн нэр дэвшүүлдэг. Тэгэхээр УИХ л хариуцлагаа хүлээнэ. Авлигын төвшин ямар байгаа билээ. Ил цагаан авлига авчихаад ял шийтгэл авдаггүй тохиолдол их байна.С.Баяр АНУ-д долоон байшин авчихаад зүгээр явж байна. Одоо л нэг сар хоригдож байх шиг байна. Энэ хэрэг 10-аад жилийн өмнө ил болсон. Нэг үгээр хэлбэл, манай хууль хяналтын байгуулгынхан ингэж л ажлаа хийж байна. Ийм байхад АТГ-ын дарга нарыг томилохгүй бол УИХ хариуцлагаа хүлээх ёстой.
- -Ерөнхийлөгчөөс санал болгодог Цэцийн гишүүдийн бүрэн эрх дуусна. Дараагийн хүмүүсийг хэзээ нэр дэвшүүлэх вэ?
- Үндсэн хуулийн Цэцийн Ерөнхийлөгийн нэр дэвшүүлдэг гурван хүний хугацаа тавдугаар сарын 9-нд дуусна. Мөн УИХ-аас томилдог нэг хүний бүрэн эрхийн хугацаа дуусна. Тэгэхээр УИХ нэг хүнээ, Ерөнхийлөгч гурван хүнээ нэр дэвшүүлээд хэлэлцүүлнэ.
- Дараагийн томилох хүмүүсийн нэр яригдаж байгаа юу?
- Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд Цэцийн гишүүний шаардлага хангасан хүнийг олж дэвшүүлнэ. 40 настай, Монгол Улсын иргэн байна. Голдуу эрдэм шинжилгээний ажил хийдэг хүмүүс байдаг. МУИС-ийн Хуулийн сургууль Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг бэлтгэж өгдөг талбар болоод удаж байна.
- Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх хүмүүсийг санал хураалтаад тодруулах уу?
- АТГ-ын дарга, дэд даргын санал асуулгыг анх удаа авсан. Үүнээсээ туршлагажаад дахин санал хураалт явуулах боломжтой. Энэ талаар ярилцаж байна.
АТГ-ын даргад хамгийн их санал авсан Д.Даваа-Очир гэж хэн бэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны www.president.mn цахим хуудсаар АТГ-ын дарга болон дэд даргыг сонгох сагал хураалт 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд явагдсан. Нээлттэй санал асуулгад 6.405 иргэн оролцож, 6.382 иргэн Авлигатай тэмцэх газрын даргад 179 хүнийг, 5.657 иргэн Авлигатай тэмцэх газрын дэд даргад 317 хүнийг тус тус нэр дэвшүүлж, санал өгсөн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр АТГ-ын даргад иргэдийн нэр дэвшүүлсэн хүмүүсээс хуулийн шаардлагыг хангаж, хамгийн олон санал авсан хоёр хүнийг Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Их Хуралд уламжилж, Авлигатай тэмцэх газрын даргаар Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар санал болгосон Даваанямын Даваа-Очир, Жанжаагийн Батсайхан нар нь Авлигын эсрэг хуульд заасан АТГ-ын дарга, дэд даргад тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа хэмээн тодорхойлжээ. Тодруулбал, “Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй”,“Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” зэрэг шаардлагыг бүрэн хангасан хэмээн үзжээ.
Ингээд нэр дэвшсэн хоёр хүний талаар мэдээллийг хүргэе.
Даваанямын Даваа-Очир хувьд 1963 онд төрсөн, нийслэлийн 14-р дунд сургуулийг төгсөж, ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийг Эрх зүйч, хуульч мэргэжлээр төгссөн. Мөн тус улсад Хууль зүйн ухааны доктор хамгаалжээ. Тэрбээр 1981 оноос эхлэн улсад ажиллаж эхэлсэн бөгөөд 2009-2012 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар, 2012-2016 онд Төрийн албаны зөвлөлд Орон тооны гишүүн, 2017 оноос одоог хүртэл Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан аж.
Харин Жанжаагийн Батсайхан нь 1969 онд төрсөн, Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулийг төгсөж, Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Мөн ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1990 оноос улсад ажиллаж эхэлсэн бөгөөд 2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн даргаар, 2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан аж.
Н.Цэрэнбат: Би шонхор шувуутай холбоотой нэг ч асуудлыг ЗГ-ын хуралдаанд оруулаагүй
Өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр байнгын хорооны хуралдааны үеэр Байгаль, орчин аялал жуулчлалын яамны сайд нар 700 гаруй идлэг шонхор шувууг хууль бусаар хил давуулан зарсан гэх мэдээллийг хэлсэн билээ. Тэгвэл энэ асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээллийн эхэнд “Миний бие шонхор шувуутай холбоотой нэг ч асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулаагүй. Мөн Засгийн газрын хуралдаанаар шонхор шувуутай холбоотой ямар нэг асуудал огт хэлэлцээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.
Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Шонхор шувууг жилд тодорхой хэмжээгээр экспортлож, улсын төсөвт тодорхой хэмжээний орлого оруулах асуудал байдаг уу?
-Өмнө нь 2011 оныг хүртэл идлэг шонхор шувууг арилжааны шугамаар гадагш нь гаргадаг байсан. 2013 оны Н.Алтанхуягийн Засгийн газрын тогтоолоор идлэг шонхор шувууг арилжааны шугамаар гаргахыг хориглосон тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөг үйлчилж байгаа.
-Ж.Энхбаяр Засгийн газрын нууц тогтоолоор 750 шонхор шувууг зарсан байна гэх мэдээллийг байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдэд өгсөн шүү дээ?
-Энэ тоог яаж гаргаад байгааг мэдэхгүй байна. Ж.Энхбаяр гишүүн энэ тооныхоо задаргааг өөрөө хэлэх байх. Миний бие Засгийн газрын гишүүнээр томилогдсоноосоо хойш өнөөдрийн 11 цаг 43 минут хүртэл шонхор шувууны асуудлаар Засгийн газрын хуралдаанд оруулаагүй.
-Ийм асуудал болсныг Засгийн газар мэдэхгүй байх боломжтой юу. Өмнөх Засгийн газрын үед гарсан асуудал байж болох уу?
-Албан ёсоор арилжааны шугамаар гараагүй.
-УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэлэхдээ “Жилд 250-270 орчим Шонхор шувуу барих зөвшөөрлийг олгодог байсан. Одоо ч иймэрхүү хэмжээнд л олгож байгаа” гэж хэлсэн. Энэ нь ямар шугамаар гарч байгаа гэсэн үг вэ?
-1994 оноос хойш Арабын улс орнуудтай дипломат харилцааны хүрээнд гаргаж ирсэн байгаа.
-Арилжааны хэлбэрээс бусад хэлбэрээр гараагүй гэсэн үг үү?
-Би байнгын хороон дээр ч хэлсэн. Нууцын журмынхаа дагуу мэдээлэл авах эрхтэй субьектууд нь авах ёстой.
-Одон орон судлалын төвийн газрыг хувийн хэвшлийнхэнд олгосон гэдэг асуудал байгаа. Одон орон судлалын төвийн эргэн тойрон дахь газрыг чөлөөлөх боломж ер нь байгаа юм уу?
-Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль журмын дагуу аж ахуй нэгжүүдийн зөвшөөрөлгүй барьсан газрыг чөлөөлөх болон цуцлах үйл ажиллагаанууд явагдаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Цаашид ч мөн энэ үйл ажиллагаа үргэлжлэх учраас буруутай аж ахуй нэгжүүд буруугаа хаацайлахын тулд яамны ажилтан, албан хаагчидтай маргаан үүсгээд байгаа. Миний хувьд хуулийн дагуу аж ахуй нэгж гэрээгээ биелүүлнэ гэж заасан. Гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй бол цуцлаж байгаа гэдгийг ойлгох ёстой. Өнөөдрийн байдлаар хууль бусолон материал бүрдүүлж газар авсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг цаашид ч цуцлах болно. Байгаль орчны салбарт улс төржөөд байх шаардлагагүй гэдгийг хэлмээр байна.
Бурхантай хөшөөний ард зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгаж эхэллээ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнгөрсөн хоёрдугаар сард Тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөл авалгүйгээр барьсан барилга, хашааг буулгах тушаалыг гаргасан. Тус шийдвэрийн дагуу Зайсангийн аманд байрлах, Бурхантай хөшөөний ард зөвшөөрөлгүй барьсан таван давхар барилгын карказыг өчигдрөөс буулгаж эхэлсэн байна.
Уг ажлыг гүйцэтгэхэд 5-7 хоног шаардах гэнэ. Цаашид Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Яармагийн гүүрнээс Хүрхрээгийн амны чиглэл, Туул голын эрэг дагуу хашаа, барилга байшин барьсан 28 иргэн, аж ахуйн нэгж байгаа бөгөөд бүгдийг нь буулгах юм байна.
“Барс”, “Баянзүрх” зэрэг захуудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргажээ
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтын дүнг Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж. Чүлтэмсүрэн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд мэдээллээ. Онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын хамтарсан шалгалтад 50 обьект хамрагдахаас 49 барилга байгууламжийг хамруулсан байна. Худалдааны төв 38,соёл урлаг, үзвэр үйлчилгээний газар 11 хамрагджээ. Шалгалтад хамрагдсан аж ахуй нэгж байгууллагын 18 барилга байгууламж буюу 36 хувь нь барилгын ажлын зургаа Онцгой байдлын байгууллагаар хянуулаагүй байсан аж.
Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, норм нормативын баримт бичгийн шаардлага хангаагүй 386 зөрчил илрүүлж, 43 зөрчил буюу 11.1 хувийг газар дээр нь арилгуулж, гал түймрийн улсын байцаагчийн албан шаардлага 36, мэдэгдэл 14-ийг өгсөн байна. Мөн мэргэжлийн хяналтын газраас албан шаардлага 20, зөвлөмж 47-г дээрх байгууллагуудад өгсөн байна. Олон хүн нэг дор цуглаж, үйлчлүүлдэг худалдааны төв, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газрууд нь галын аюулгүй байдлыг хангасан эрх бүхий албан тушаалтан томилоогүй, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, техникийн үйлчилгээ, ашиглалтын бэлэн байдал бүрэн хангагдаагүй, нөөц гарцуудыг тоноглоогүй, зам гарцын чиглэл заасан анхааруулах тэмдэг, тэмдэглээг хийгээгүй, гамшгийн үед тусламж авах орц, гарцыг хаасан зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.
Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хангалтгүй байна. Эрсдэлийн үнэлгээ хийсэн аж ахуй нэгжийн тоо 0.4 хувь, аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулсан нь 12 хувь байна. Монгол бөхийн өргөө өмчийн маргаантай байгаа учраас энэ удаагийн шалгалтад хамруулаагүй. Асуудал, маргаан дууссаны дараа хамтарсан ажлын хэсэг тус өргөөний галын аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, нормативын шалгалтыг хийх аж.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас уг шалгалтын дүнг хэлэлцээд зарим худалдааны төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. Гал түймэр гарах өндөр эрсдэлтэй, галын аюулгүй байдлын хууль тогтоомж, дүрэм стандартыг зөрчсөн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс-1” худалдааны төв, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МВС групп” ХХК-ийн “Барс-2” худалдааны төв, “Драгон худалдааны төв”, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Хан талст” ХХК-ийн Баянзүрх худалдааны төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчил дутагдалыг арилгуулах үүрэг даалгавар өглөө. Мөн соёл урлаг, үзвэр үйлчилгээний газар, зах, худалдааны төвүүдийн барилга байгууламжид тавигдах хяналт шалгалтын ажлыг тогтмолжуулах шийдвэр гаргажээ.
НӨАТ-ын тайлан хүлээн авах хугацаа дуусахад зургаан хоног үлджээ
НӨАТ-ын тайлангаа тавдугаар сарын 10-ны дотор тайлагнаж, татварын тооцоогоо хийх ёстой.
Татвар төлөгч та тайлангаа хэзээ, хэрхэн ирүүлэх талаар мэдээллийг хүргэе.
- Та тайлангаа өөрийн биеэр болон цахим хэлбэрээр, мөн шуудангаар ирүүлж болно.
- Та татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд гаргаж татварын албанд ирүүлнэ. Жишээлбэл: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын улирлын тайланг улирлын дараа сарын 20-ны дотор, тухайн жилийн эцсийн тайланг дараа жилийн 2 дугаар сарын 10-ны дотор, НӨАТ-ын тайланг дараа сарын 10-ны дотор, онцгой албан татварын тайланг дараа сарын 5-ны дотор татварын албанд тушааж, татварын тооцоо хийнэ.
- Татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байдаг. Энэ нь тайлан хүргүүлэхдээ татвараа төлсөн байх ёстой гэсэн үг.
- Татвар тайлагнах хугацаа долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын өдөртэй давхацвал түүний өмнөх ажлын өдөр татварын тайлангаа ирүүлнэ.
- Та татварын хуулийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах бол тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг тайлан нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно. Энэ нөхцөлд та тайлангаа тайлбарын хамт өөрийн биеэр татварын албанд ирүүлэх ёстой гэдгийг анхаарна уу.
- Та татварын албанд ирүүлсэн тайлангаа тайлагнах эцсийн хугацаа хүртэл засварлах эрхтэй ба засварлах тухай хүсэлтээ бичгээр илэрхийлэх ёстой.
- Татварын алба тайлан хүлээн авсан хугацааг татвар төлөгч өөрийн биеэр ирүүлсэн тайлангийн хувьд уг тайланг татварын албанд хүлээн авч баталгаажуулсан өдрөөр, шуудангаар ирүүлсэн тайлангийн хувьд илгээсэн өдрөөр, интернетээр ирүүлсэн бол цахим мэдээллийн системд илгээсэн өдрөөр тооцох аж.
Нэгдүгээр эмнэлэг элэг шилжүүлэн суулгах 48 дахь хагалгааг амжилттай хийлээ
90 жилийн түүхтэй Улсын нэгдүгээр төв эмнэлэг он гарснаас хойш дөрөв дэхь удаагийн элэг шилжүүлэн суулгах хагалгаагаа хийж байна. Манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 85 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж ирсэн. Жилд дунджаар 30 орчим хүн санхүүгийн болон донорын хүртээмжгүй байдлаас болж мэс засалд орж чадахгүй байжээ.
Харин элэг бөөр шилжүүлэн суулгах зардлыг төр хариуцдаг болсноор иргэдийн нуруунаас нэг ачааг авч, төр иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч байгаагийн нэг илрэл болохыг эмч нар онцолж байлаа. Мөн элэгний хатуурал, хавдар, вирусээс элэг шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн тоо нэмэгдэж байна. Элэг шилжүүлэн суулгахад донор чухал байдаг. Иймээс шинээр гарсан донорын тухай хуулиар тархины үхжилтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах боломжийг бүрдүүлжээ.
Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Элэг шилжүүлэн суулгах мэс заслын алтан гарт эмч нар 48 дахь хагалгааг өнөөдөр амжилттай хийлээ. Тус эмнэлэг БНСУ-ын Асан төвийн элэг шилжүүлэн суулгах багтай хамтран ажиллаж, Монгол улсын элэг шилжүүлэн суулгах баг нь 2011 оны 9 сард анх удаа амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хамтарч амжилттай хийж гүйцэтгэсэн.
Одоогоор нийт 48 эмчлүүлэгчдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж гүйцэтгээд байна. УНТЭ-ийн эмч нар 2016 оноос энэ хагалгааг бие даан хийж гүйцэтгэж эхэлжээ.
Ийнхүү 48 дахь хагалгаанд орж байгаа өвчтөн 4 настай хүүхэд орж байгаа бөгөөд Ш.Энхтөр даргатай Эх нялхасын хамт олон эмчилгээ, сувилгаанд хамтран ажиллаж байна.
Монголбанк мөнгөний бодлогын хорооны гишүүдийг томиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монголбанк нь Мөнгөний бодлогын хороотой байх, уг хороо нь Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвшүүлж, УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилсон орон тооны бус дөрвөн гишүүнээс бүрдэх тухай зүйл, заалтыг нэмж оруулсан. Хуулийн дээрх заалтыг үндэслэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр Цэрэндоржийн Батсүх, Цэдэвсүрэнгийн Мөнхбаяр, Чулуундоржийн Хашчулуун нарыг нэр дэвшүүлсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр бүхий гишүүдийг томилохыг дэмжлээ.
БНХАУ-ын хилийн боомтуудад гадаадын иргэдийн хурууны хээг авч эхэллээ
БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс тус улсад ирж буй 14-70 насны гадаадын иргэдийн хурууний хээ болон биометрийн мэдээллийг бүртгэн хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх журмыг баталсан бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 1-нээс Шеньжэн хотын нисэх онгоцны буудал дээр туршилтын журмаар эхлүүлсэн бол 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс Бээжин хотын олон улсын нисэх онгоц, галт тэрэгний буудалд, 5 дугаар сарын 1-нээс Гуандун мужийн Жүхай боомт, Макаогийн хилийн шалган нэвтрүүлэх бүсэд хэрэгжүүлж эхлэсэн байна.
Энэ журам нь дипломат паспорттай гадаадын иргэд болон албан ёсны айлчлал, албан ажлаар ирж буй гадаадын иргэдэд хамаарахгүй.
БНХАУ-ын хилээр орж, гарч буй гадаадын иргэдийн хурууны хээ, биометр мэдээллийг бүртгэснээр цагаачлалын хяналтыг бэхжүүлэх, нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг хангах, хилийн боомтын шалган нэвтрүүлэх бүс дэх гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээг цаашид хятадын олон улсын хилийн бүх боомтод нэвтрүүлэх юм байна.
Тусгай зөвшөөрөлтэй санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх нь олон давуу талтай
Банкнаас бусад санхүүгийн байгууллагууд буюу хөрөнгийн зах зээлийн арилжаа эрхлэгч, зуучлагч нар, ердийн болон урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэгчид, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын талаарх олон нийтийн мэдлэг, мэдээлэл ихээхэн хомс байна. Үүнээсээ болж иргэд эрх, зөвшөөрөл олгогдоогүй, хууль бус, зохицуулалтгүй, баталгаагүй этгээдүүдээр үйлчлүүлэх, үүнээсээ болж зальдуулж мэхлүүлэх, хөрөнгө мөнгөөрөө хохирох эрсдэлд өртөж болзошгүй байдалд орох нь бий. Иймд хуулийн хүрээнд албан ёсоор тусгай зөвшөөрлөө авсан, төрийн зохицуулагч байгууллагын зохицуулалт, хяналтанд орсон санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх нь чухал юм.
Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгосны үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ууд нь “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай” хууль, Хорооноос батлан мөрдүүлж буй журам дүрэм, зааврыг мөрдөж, улирал, жил, сараар тайлан мэдээллээ хянуулж ажилладаг. Өнөөдрийн байдлаар ББСБ-ууд зээл, факторингийн үйлчилгээ, төлбөрийн баталгаа гаргах, төлбөр тооцооны хэрэгсэл гаргах, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, гадаад валютын арилжаа, итгэлцлийн үйлчилгээ, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбоотой санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа гэсэн 10 төрлийн санхүүгийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулж байна. Тодруулбал, эдгээр үйл ажиллагаа бүрт Хороо тусгай зөвшөөрөл олгодог бөгөөд нэг ББСБ эдгээрээс 1-4 үйл ажиллагааг эрхэлж байна.
ББСБ-уудын хамгийн нийтлэг эрхэлж буй үйлчилгээ нь зээл юм. Арилжааны банкнаас зээлийн үйлчилгээ авч чадахгүй байгаа, харьцангуй эрсдэлтэй зах зээлийн бүлгүүдэд үйлчилдгээс гадна хадгаламж төвлөрүүлэхгүй, эрсдэлээ дангаараа дааж ажилладагт энэ салбарын онцлог оршдог юм.
Банк бус санхүүгийн салбар хууль болон журам, дүрмүүдээр тогтоосон нэгдсэн зохицуулалт, хяналтад байхын зэрэгцээ өөрсдийн эвлэлдэн нэгдсэн холбоотой. Холбоо болон Хорооны зохицуулалтын хүрээнд ББСБ-ууд мэдлэг мэдээллээ солилцож, холбогдох сургалт, семинарт оролцож мэдлэгээ дээшлүүлэхээс гадна тулгамдаж буй асуудлаараа уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж ажилладгаараа давуу талтай, нээлттэй салбар юм.
Хороо сүүлийн жил гаруйн хугацаанд тус салбарын аж ахуйн нэгжүүдийг улам чадавхжуулах бодлого хэрэгжүүлсний үр дүнд ББСБ-уудын санхүүгийн болон үйл ажиллагааны чадвар ихээхэн дээшилж байна. Ингэснээр салбарын тогтвортой байдал, харилцагчдын итгэлийг алдахгүй найдвартай ажиллах нөхцөл зохих хэмжээнд хангагдаад байна.