Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас "Хотгор шанага" тойрсон асуудлаар дараах зүйлийг тодрууллаа.
-Таны гэр бүлийнхний нэр дээр Хотгор шанагын лиценз байгаа талаарх нэвтрүүлэг гарсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Тэр нэвтрүүлгийг үзсэн. Нийт мэдээллийн 80 хувь нь худлаа мэдээлэл байсан. Би Солонгосын төрд нөлөөлөөд шийдвэр гаргуулаад байна ч гэж юу байх вэ. Солонгос бол хуулиа хатуу мөрддөг улс. Үүний дараа Солонгосын виз гаргаж өгөөч, гаргахад туслаж өгөөч гэсэн зүйлүүд их гарч ирж байгаа шүү дээ. Солонгосын төрд нөлөөлнө гэсэн ойлголт байхгүй. Дээр нь тэр арилжаа, наймааг хийсэн жинхэнэ эзнээс нь яагаад бултуулаад байдаг юм бэ. Бид энэ асуудалд огт оролцоогүй. Би Солонгосын төрд их нөлөөтэй хүн юм гэдгээ мэдэж авсан.
-Та Сангийн сайдаар томилогдохдоо надад болон манай ах нарт ямар ч уул уурхайн лиценз байхгүй гэж хэлсэн. Гэвч таны хоёр ах болон зөвлөхийнх нь нэр дээр Хотгор шанагын хэд, хэдэн лиценз байна гэж байна шүү дээ?
-Хэзээ ч лиценз байгаагүй. Хотгор шанага гэдэг компанийн захирал нь өөрөө мөнгө зээлж авсан. Үүний талаар маш тодорхой мэдээллийг баримттайгаар би өөрийн цахим хуудсандаа тавьсан. Зээлийн гэрээ байгуулж зээл аваад, богино хугацаанд төлнө гэж байсан боловч гурван жил болж байгаад төлсөн. Ийм л асуудал байгаа. Лиценз, концесс, тендерт манай гэр бүлийнхэн оролцдоггүй, тусдаа бизнесээ эрхлээд явдаг.
-Та энэ талаар мэдүүлгийг АТГ-т өгсөн үү?
-Өгөлгүй яах вэ. Би өөрөө гомдол гаргасан шүү дээ. Хэсэг бүлэг хүмүүс бодитой зүйлийг гажуудуулаад, гүтгэлэг хийгээд, улс дамжин явж телевизийн нэвтрүүлгүүдийг хийж байгаа. Энэ бүгдийг бид мэдэж байсан. Санхүүжүүлж байгаа эздүүд нь улс төрийн зорилготой, мөнгөтэй хүмүүс байгаа нь ч ойлгомжтой. Тиймээс би өөрөө энэ асуудлыг шалгаж өгөх хүсэлт тавьсан. Одоо шалгагдаад явж байгаа.
-Хүүхдийн мөнгийг 100 хувь олговол мөнгө байгаа юу?
-Үүн дээр хуулийн их том зөрчил гарч ирээд байгаа юм.Яагаад гэвэл одоо байгаа батлагдсан төсвийнхөө хүрээнд хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох боломж нь байгаа.100 хувь болгохоор мөнгө байхгүй. Төсөв тодотгох хуулийн заалттай. Тэр хуулийн шаардлага нь ерөөсөө байхгүй байгаа. Тодруулбал, төсвийн орлого буурсан тохиолдолд төсөв тодотгох хуулийн заалттай. Орлого нэмэгдэж байгаа үед төсөв тодотгох шаардлагагүй байдаг. Энэ оны эхний гурван сарын байдлаар төсвийн орлого даван биелж байгаа. Тиймээс төсөв тодотгох ямар ч нөхцөл үүсэхгүй. Төсөвт тодотго, хүүхдийн мөнгийг 100 хувьд олго гэж шаардлага тавьж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл.