8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлаар хэлэлцүүлэг хийлээ

2018-05-02 16:20:00

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ахалсан Ажлын хэсэг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж дууссан байна. Хуулийн төсөл Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг илүү тодруулж утга агуулгыг шинэчлэхэд чиглэгджээ. 
Хамгийн гол нэг заалт бол чуулганы хуралдааны нийт цагийн гуравны нэгээс илүүд нь суугаагүй , хуралдаа ирдэггүй гишүүнийг эргүүлэн татаж, бүрэн эрхийг нь дуусгавар болгохоор хуульчилжээ. Түүнчлэн гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдыг илтэд санаатайгаар гүтгэн доромжлохыг хориглож, хуралдааны дэг зөрчсөөр байвал хуралдаанаас хөөж танхимаас гаргах хариуцлагын зохицуулалт нэмсэн байна.
Товчхондоо бол гишүүдийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, ирц болон санал хураалтын босгыг өндөрсгөж, хуралдаа суудаггүй гишүүнийг эргүүлэн татах асуудлыг энэ хуулийн төсөлд суулгасан. Хариуцлагагүй, ёс зүйгүй гишүүдийг дэгэнд нь оруулж, хуулийн мухардалд ордог асуудлыг хуугаар нь цэгцлэх зүйл заалт чамгүй туссан талаар гишүүн С.Бямбацогт дуулгасан. Тухайлбал гишүүд бусдын өмнөөс кноп дардаг буруутай үйлдлийг таслан зогсоож, төрийн түшээд "төгөлдөр хуурддаг" гажуудлыг засах заалт оруулсан байна. Ингэснээр худлаа ирц бүрдүүлж хууль батладаг, ирээгүй нэгнийхээ өмнөөс эрхэнд нь халдаж санал өгдөг явдлыг хална гэж үзэж байна. Түүний тулд биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээгээр ирцэнд ордог, саналаа өгдөг байхаар зохицуулжээ. 
УИХ-ын гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд зөвхөн цахим карт ашиглах бөгөөд цахим тоолуураар санал хураалт явуулах үед гишүүн цахим картаа зөвхөн өөрөө эзэмших бөгөөд бусдад шилжүүлэхийг хориглосон заалт нэмсэн байна. 
Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл хэлэлцэх ирцийн босгыг өндөрсгөж, саналын шалгуурыг нэмсэн. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотойгоор УИХ хуулийн мухардалд ордог хуумгай байдлыг халах болсон байна. Тухайлбал Цэцийн тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хүчингүй болгосон бол түүнийг ёсчилсноос хойш 24 цагийн дотор Улсын Их Хуралд ирүүлэх, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хүчингүй болгосон Цэцийн тогтоолыг чуулганы үеэр хүлээн авсан бол ажлын 10 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш ажлын 10 өдрийн дотор тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар хуулийн төсөлд тусгаад байна. Энэ нь төрийн ажлын гацааг арилгаж, асуудлыг цаг алдалгүй шийдээд явах эрх зүйн боломжийг бүрдүүлж байгаа юм. 
Түүнээс гадна холбогдох байгууллага албан тушаалтан УИХ-д үнэн зөв мэдээлэл өгөх ёстойг хатуу хуульчилсан байна. Тайлбар хийж, асуултад хариулж байгаа албан тушаалтан бодитой, үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад бүрэн хариулах үүрэгтэй бөгөөд хэрэв санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол энэ нь түүнийг огцруулах, төрийн албанаас халах үндэслэл болох юм байна. Ийнхүү Их хурлын гишүүд болон бусад холбогдох албан тушаалтныг дэгэнд нь оруулах Дэгийн хуулийн төсөл бэлэн болжээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл