УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж хоёр асуудлаар санал дүгнэлтээ нэгтгэсэн байна. Тодруулбал, нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудлаар Тусгай хяналтын дэд хорооны дарга С.Батболдод албан тоот хүргүүлэхээр болсон байна. Мөн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагыг Засгийн газар хүргүүлэхээр болжээ.
Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өнгөрсөн долоо хоногт нэр бүхий есөн сэтгүүлчийг тагнаж, чагнасан тухай асуудал сөхөгдсөн. Энэ асуудлаар Хууль зүйн сайд өөрийнхөө байр, суурийг илэрхийлсэн. Уг асуудалтай холбогдуулаад нийслэлийн прокуророос мэдээлэл хийхдээ “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажиллагааны тухай хууль тогтоомжийг зөрчиж нэр бүхий сэтгүүлч болон хувь хүний нууцад халдсан асуудлыг Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж холбогдох ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан саналаа прокурорын газарт ирүүлсэн” гэж хэлсэн. Үүнтэй холбогдуулаад УИХ-ын тухай хуулийн 24.24.3 дахь хэсэгт Тусгай хяналтын дэд хороонд хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх хэрэгтэй. 24.3.1-т Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг эрхэлнэ гэж заасан байдаг. Иймээс дээрх асуудал нь хувь хүний нууц болон тагнах, чагнах гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй тул Тусгай хяналтын дэд хороог нэн яаралтай хуралдуулж уг асуудлыг хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж албан тоот хүргүүлсэн” гэлээ.
Тэрбээр мөн “ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дахин шаардлагыг хүргүүлж байна. Бид өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт Засгийн газрын нэр бүхий хоёр гишүүнийг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Үүнээс хойшхи нөхцөл байдлыг харахад Сангийн сайд төсвийн хуулийн 6.2.5 дахь заалтыг дахин зөрчиж Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүллээ. Тэрбээр төсвийн тодотгол хийх тухай асуудлыг үгүйсгэж байна. Тиймээс 2018 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг нэн яаралтай буюу тавдугаар сарын 14-ны дотор өргөн барихыг шаардаж байна. Монгол улсад хууль үйлчлэх ёстой. Засгийн газар нь 11 удаагийн үйлдлээр хуулийг зөрчсөн байгаа. Энэ буруу үйлдлээ засч, залруулах шаардлагатай. Тиймээс төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардаж байна” гэсэн юм.
Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
- Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хууль зүйн сайд, Сангийн сайд нарт хариуцлага тооцож чадахгүй бол Засгийн газрыг бүхэлд нь огцруулах асуудлыг хөндөх үү?
- Бид анхны шаардлагадаа тулгуурлан дараагийн алхмаа хийнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ удаагийн шаардлага хэрхэн шийдэгдэхийг харж байгаад дараагийн асуудлыг сөхнө. Хоёр сайдынхаа асуудлыг цэгцэлж чадахгүй бол Засгийн газрыг бүрэн, бүрэлдэхүүнээр нь огцруулах шаардлагыг тавихад бэлэн байгаа.
- Ямар үндэслэлээр сэтгүүлчдийг тагнасан юм бол. Энэ талаар мэдээлэл байна уу?
- Ямар асуудлаар тагнаж, чагнасныг нь прокурор хянаад тогтоох байх. Хууль зүйн сайд нь энэ асуудлыг нь мэдэхгүй байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Хууль хяналтын байгууллага нь уг хэргийг мөрдөн шалгаад тогтоогоод яллагдагчаар татахаа мэдэгдсэн нь хууль хяналтын байгууллагууд нь үйл ойлголцож буйг харуулж байна. Хууль зүйн сайд нь мэдэхгүй байхад Цагдаагийн байгууллага нь мөрдөн шалгасан гэдэг нь ойлгомжгүй байна. Үүнийг нэг тийш нь болгох хэрэгтэй. Хэрвээ тагнасан байвал сэтгүүлчдийн эрх чөлөөний асуудал, үг хэлэх эрх чөлөөний асуудал үгүйсгэгдэж байна гэж харж байна. Үүн дээр Хууль зүйн сайд тодорхой хариулт өгөхөөс зайлхийж байна гэж үзэж байна. Хууль зүйн сайдад мэдэгдэлгүйгээр ийм үйлдэл хийх нь ноцтой асуудал.
- Та бүхэн хоригдож буй гишүүдтэйгээ уулзсан уу?
- Бүлгийн дөрвөн гишүүн болон намын дарга С.Баярцогт болон Ч.Сайханбилэг нарыг эргэсэн. Асуудал хуулийн дагуу шийдэгдээсэй гэж бид бодож байгаа. Улс төрийн өнцгөөс бус үнэн зөвөөр нь шалгаж шийдвэрлээсэй гэсэн хүсэл бидэнд байна.