УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр "Мөнгө хүүлэлттэй тэмцэх болон Зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төсөл"-өө УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг жилийн 18 хувь, цалин, тэтгэврийн зээлийн хүүгийн дээд хязгаарыг жилийн 12 хувь байхаар хуулийн төсөлд тусгажээ.
Хуулийн төсөл өргөн барьсан талаараа тэрээр мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож, түүнээс дээгүүр зээлийн хүү тогтоосон тохиолдолд хууль зөрчсөн гэж үзэж, мөнгө хүүлсэнд тооцох, хариуцлага хүлээлгэх боломжтой. Мөнгө хүүлэлтийн талаар өмнө нь тодорхой хууль эрх зүйн ойлголт байхгүй байсан. Энэ хууль хэрэгжсэнээр Монголд бизнес эрхлэхэд таатай орчин бүрдэх, зээлийн хүүгийн дарамтаас ангижрах гол эрх зүйн зохицуулалт болно. Өнөөдөр арилжааны банкны дундаж хүү 20-30 хувь байдаг. Банк болон банк бус санхүүгийн байгууллага 40-60 хувьтай байдаг. Ийм өндөр хүүтэй зээлийн орчинд амжилттай бизнес эрхлэх, үйл ажиллагаа явуулахад хэцүү. Сүүлийн найман жил Монголын банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг төрөөс дэмжиж ирсэн. Дэлхийн 79 улс оронд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоосон зохицуулалтууд байдаг. Энэ зохицуулалтын хүрээнд хуулийн төслөө өргөн барилаа” гэсэн юм.
Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоовол банкууд зээлээ зогсоох эрсдэлтэй юм биш үү?
-Банк зээлээ зогсоовол амьдарч чадахгүй болно. Төрийн мөнгөөр амьдраад байгаа банкууд байгаа бол амьдраад явах л байх. Ямар ч эх үүсвэрээс зээлээ гаргасан байсан 18 хувийн хүүнд л захирагдана.
-Зээлийн хүүг бууруулвал дагаад хадгаламжийн хүү буурах уу?
-Хадгаламжийн хүү буурах ёстой. Өнөөдөр хөрөнгийн зах зээл зогсонги байдалд байгаа. Үүний гол шалтгаан нь банкны өндөр хүүтэй хадгаламж. Тэгэхээр хууль хэрэгжвэл банкны хадгаламжид буй мөнгөний тодорхой хувь нь хөрөнгийн зах зээл рүү урсах боломж бүрдэнэ.
- Танай намынхан хоригдож буй гишүүдээ эргэж очих уу?
- Ч.Сайханбилэгийг эргэх хүсэлтээ АТГ-т хүргүүлсэн байгаа. Хэрвээ АТГ-аас хариу ирвэл очиж эргэнэ.
Т.Энхэлээ