8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ерөнхийлөгч бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжэ авахыг сануулж, Засгийн газар, яамдын алба албан тушаалтнуудын ХОМ-ийг зарласан өдөр

2018-04-20 18:45:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Л.Болд: С.Зориг алагдсаны маргаашнаас л Монгол улсын бүх хөгжил зогссон шүү дээ

УИХ-ын гишүүн Л.Болдтой С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэг болон цаг үеийн бусад асуудлаар ярилцлаа.

"ИЙМ МУУХАЙ ХАЧИН ТОГТОЛЦООТОЙ ОРОНД БАЙСНААС ҮХСЭН ДЭЭР БИЗ ДЭЭ"

-Олон улсын парламентын холбооны хурлаар С.Зориг агсны хэргийг хэлэлцээд дахин нягталж, шалгахыгхүссэн гэсэн. Хэргийг илрүүлж, буруутай гэх хүмүүст ял оноосон ч гэлээ араасаа олон эргэлзээ дагуулж буйтул бодит мэдээллийг өгөхийг шаардаж байгаа юм байна лээ. Мөн энэ хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүсийгшүүн хэлэлцэхдээ эрх чөлөөнд нь халдсан, сүрдүүлсэн гэх зэргээр хүний эрхийг зөрчсөн байж болохтохиолдлууд байгаа учир дахин нягталж шалгах шаардлагатай гэж үзсэн гэсэн. Энэ дагуу ажлын хэсэгбайгуулагдаад ажиллаж байна. Уг ажлын хэсгийг ахалж буй хүний хувьд та мэдээлэл өгнө үү?

-Ажлын хэсэг байгуулагдаад удаагүй байна байна. Бид хурлаа хийж олон эргэлзээг шалгана. Бид хуралдаж шалгалтаа явуулсаны дараагаас мэдээллийг нээлттэйгээр өгөөд явах болно.

-Саяхан та УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хамтаар С.Зоригийн  амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ялэдэлж буй А.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзахаар хоригдож буй шоронд нь очсон. Тэр үед та А.Содномдаржаа, Т.Чимгээ нартай  уулзаж чадсан уу?

-Уулзаж чадсан.Б.Булганыг ч мөн хоригдож байхад нь бид очиж уулзаж байсан. Биднийг хоригдож буй шоронд нь очиход тагнуулын газрын ажилтнууд оруулахгүй хашиж зогсож байлаа. Хэдий тэгсэн ч бид шаардлага тавьж, суулт хийж байгаад Б.Булгантай уулзаж байсан. Эрхийг хамгаалах чиглэлээр ажиллагаа явуулсан, нөхцөл байдалд нь дүгнэлт хийсэн. Сая А.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзсан. Тэдний санал, гомдол болон тулгамдаад буй асуудлуудыг нь сонссон. Түүний дараа тэд эрхээ мэдэж, зоригжиж өөрсдийнхөө асуудлыг УИХ-д албан ёсоор хүргүүлээд байна. Үүнийг шалгах ажлын хэсгийг УИХ дээр гаргаад байна. Бид үүнд маш ач холбогдол өгч байгаа.Энэ хэргийн талаар дэлхийд ч тэр, Монголын ард түмэнд ч, парламентад ч эргэлзээ байна. Ойлгомжгүй нөхцөл байдлыг нэг тийш нь болгох зайлшгүй шаардлага бий. Энэ бол байнгын ажиллагаатай парламентын хийх л ёстой асуудал.

-А.Содномдаржаа, Т.Чимгээ нарын шоронгоос илгээсэн захидлаас үзвэл тэднийг энэ хэрэгт хэлмэгдүүлэнхорьж байгаа юм байна гэж ойлгогдсон. Тэд таньтай уулзахдаа ямар асуудлыг ярьсан бэ?

-Захидалд үнэхээр ноцтой зүйлүүд дурдагдсан байна лээ. Захидлаас үүдэн уг хэргийг олон улсын парламент анхааралдаа авсан байна. Энэ бол олон улсын хүний эрхийн бүхий л гэрээ конвенцийг зөрчсөн асуудал болох гээд байна шүү дээ. Тиймээс ч ажлын хэсэг үнэн мөнийг тогтоолгохын төлөө шаардлагатай бүхий л зүйлийг хийнэ. Бид тэдэнтэй нууц нөхцөлд уулзсан учраас мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ өөрсдийнхөө нөхцөл бололцоог илэрхийлсэн. Мөн олон нийтэд нээлттэйгээр илэрхийлсэн захидалд дурдагдсан бүхий л зүйлүүдийг бидэнд илэрхийлсэн.

-Энэ хэрэгтэй холбогдуулан таны гэрт нэгжлэг хийсэн гэдэг үнэн үү?

-Нэгжлэг, үзлэг ч гэж хэлэх  юм уу бүү мэд. Ямартай ч  шинэ жилээр гадагшаа гарчихаад гэртээ орох гэхэд хаалга онгорхой байсан. Тэгээд камерын бичлэгт юу ч бичигдээгүй байгаа юм. Гэр бүлийн хүний ажлын газарт ороод ажилчдаас нь миний талаар мэдээлэл авсан байна лээ. С.Зоригийн хэрэг гэлтгүй намайг буруутгаж болох бүхий л мэдээллийг асууж, тулгасан байна лээ. Тагнуулын байгууллагын ажилтаныг манай гэр бүлийн хувийн компанид худлаа намтар бичүүлээд ажилд оруулсан тохиолдолд ч гарлаа. Энэ мэтээр ардчилсан улсад байж боломгүй үйлдэл гаргаж байна. Би зөрчигдсөн эрхээ хамгаалахаар зургаан сар шүүхийн үүд сахиж байна.Гэтэл миний өргөдлийг шалгахгүй өөр шалтаг хэлээд намайг мөрдөж, мөшгиж байна. Буруутгах зүйл л хайгаад байна. Тэгсэн ч би ухрахгүй.

-С.Зориг агсны эхнэр Б.Булган С.Зоригийн амь насыг хөнөөхөөр захиалсан хэрэгт яллагдагчаар татаж буйгпрокруроос өчигдөр мэдэгдлээ. Б.Булганыг яллагдагчаар татах үндэслэл бий юу?

-Б.Булганыг яллагдагчаар татах болсон талаар мэдээлэлгүй байна. Ажлын хэсгийн ажлаар л тодорхой болох байх. Ер нь бол энэ хэргийг дагасан олон хардалт байдаг. Өнөөдрийг хүртэлх 20 жилийн хугацаанд энэ хэрэг маш их улс төрийн өнгө аястай байсан. Олон ч сонгуулийг энэ хэргээр хийлээ. Ардчилсан нам хамгийн их хохирсон. Анх манай намын гурван гишүүнийг энэ хэрэгт холбогдуулан байцаах гэж байна хэмээн худал хэлж хорьж авч явж байсан. Үүнээс хойш энэ хэрэг дээр дөрөөлж Монголын улс төрийн бүхий л эрх мэдлийг өөрийнхөө дохио зангаагаар байлгадаг улс төрийн бүлэглэл байна уу гэдэг хардлага явж байна. Энэ үнэн үү үүний цаана юу нуугдаж байна гэдгийг бид тодруулна.  

ЕРӨНХИЙ САЙДЫГ УРД ХӨРШИД АЖИЛЛАЖ БАЙХ ХООРОНД ХАА БАЙСАН 10 ЖИЛИЙН ӨМНӨХ АСУУДЛААР ТЭР ХҮМҮҮСИЙГ ХОРЬЖ БАЙНА

-Үүнээс арай өөр сэдэв рүү яриагаа шилжүүлье. Саяхан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сангийн сайдС.Баярцогт нарын хэд, хэдэн хүнийг хорилоо. Та хувь гишүүнийхээ хувьд ямар бодолтой байгаа вэ?

-Нэг намын гишүүдийг бариад байна. 461 дүгээр ангид байна гэсэн. Би тэднийг очиж эргэнэ. Нэг нам нөгөө намаа ангуучилж хуулийн байгууллага түүнийг гүйцэтгэж байгаа юм шиг харагдаад байхаар нь С.Баяр гэдэг хүнийг хорьсон. Энэ бол нэг талдаа УИХ-д өгч буй сануулга. Та нарын хэнийг ч ингэж чадна гэдэг сануулгыг өгч байна. С.Баяр бол Ерөнхий сайд байсан Монголын хамгийн нөлөө бүхий улс төрч. Энэ хүнийг хорьж байна гэдэг нь эрх баригчдад мөн өгч буй сануулга. Аль нь ч байсан хэргийг нь маш сайн шалгаад эцсийнх нь хариуг гаргаасай гэж бодож байна.

-Оюутолгойн гэрээтэй холбоотойгоосоо илүү улс төрийн акц байна гэж та хэлэх гээд байна уу?

-Тийм. Ерөнхий сайдыг урд хөршид ажиллаж байх хооронд хаа байсан 10 жилийн өмнөх асуудлаар тэр хүмүүсийг хорьж байна. Өөрсдөө шалгуулъя гээд гадна, дотноос ирж байхад нь хорьж байна. Барьж, хорихоор тэдний ямар мэдүүлэг өөрчлөгдөх юм. Эсвэл тамлаж зовоож байгаад хуурамч мэдүүлэг өгүүлэх гээд байгаа юм уу. Ойлгомжгүй байна. Асуудлыг хууль шүүхийн хүрээнд шийдэж болно шүү дээ. Монгол улсын гадны хөрөнгө оруулалт, хөгжлийн чиг хандлагыг өөрчлөх гэсэн маш том ажиллагаа ч байж мэднэ. С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар их эргэлзээ байдаг. С.Зориг алагдсаны маргаашнаас л Монгол улсын хөгжил зогссон шүү дээ. Бидний хөгжил 20 жилээр хойш нь хойшлогдсон. Ерөнхий сайд нь урд хөршид томоохон асуудлыг шийдэхээр явж байх хооронд хуучин Ерөнхий сайд байсан хоёр хүнээ барьж хорьж буй нь ямар учиртай вэ гэдгийг бодох хэрэгтэй.

С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг Оюутолгойн гэрээг монголчуудад ашиггүй хийсэн гэдэг хэрэгтбуруутгаж байгаа. Энэ гэрээ үнэхээр тийм муу гэрээ юм уу?

-Энэ гэрээнд хууль зөрчсөн асуудал байвал бид дотроо шүүх ёстой. Гадна талдаа түүнийг харагдуулж болохгүй. Хувь хүн алдаа гаргасан бол хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ тэр бол бидний дотоодын асуудал. Зүгээр явж буй төсөл болон хөрөнгө оруулагчтайгаа холбож болохгүй. Үнэхээр гэрээ хийх явцдаа авлига энэ тэр авсан бол шүүх хуулийн байгууллага нь илрүүлэх ёстой. Хөрөнгө оруулагч явна, бид үлдэнэ. Эрдэнэт үйлдвэр ажиллаж эхэлсэн эхний 30 жилээ Монголын ард түмэнд оруулсан хөрөнгө байхгүй. Гэхдээ Эрдэнэт Монгол улсыг өөрчилсөн. Оюутолгой мөн түүнтэй адил. Ашиг орлогыг чамлаж болно. Гэхдээ Монгол улсыг бүхэлд нь өөрчилсөн том төсөл юм.

-УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байна. Үүгээр ёс зүйнноцтой алдаа гаргасан УИХ-ын гишүүн Л.Гантулгын түдгэлзэх өргөдлийг УИХ-аар хэлэлцэх боломжгүй болжбайх шиг байна. Цаашилбал УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баривчлагдсан тохиолдолдпрокурорын саналаар түдгэлзүүлнэ гэсэн хуультай  болох гэж байна. Та үүнийг дэмжиж байгаа юу?

-Хуулийг гуйвуулж байна. Цэцийн шийдвэр маш ойлгомжтой гарсан. Өмнө нь маш буруу хууль үйлчилж байсан нь үнэн. УИХ-ын гишүүнийг хэргийн газарт нь баривал түдгэлзүүлэх асуудлыг ярина гэж байгаа юм. Хэргийн газарт баривал УИХ-ын гишүүн мөн, биш гэдгийг тогтоох боломжгүй, шууд баривчилна. УИХ-ын гишүүн гэж мэдэнгүүтээ буцаагаад суллачих юм уу. Хэрэгжих боломжгүй хуулийн заалт байсныг Цэцээс хассан юм. Энэ заалт хүчингүй болонгуут УИХ-ын гишүүн жирийн иргэн болсон юм. Тэгэхээр УИХ-ын гишүүн хэрэгт холбогдох юм бол шууд хэргийг нь шалгадаг болох ёстой. Барих, хорихыг бол УИХ-аас зөвшөөрөд авч байж хийх ёстой. Хууль дуудахад зангиагаа зүүгээд очихгүй байгаа хүнийг УИХ-д түдгэлзүүлэх саналыг оруулж ирээд хэлэлцэх ёстой. Харин шүүхээс гэм буруутайг нь тогтоовол тэр УИХ-ын гишүүн биш болчихож байгаа юм. Маш ойлгомжтой үйл явцыг гуйвуулаад байна. Д.Гантулгын хувьд холбогдсон хэргийг нь нотлох боломжгүй болсон. Түүний гэм буруутайг УИХ биш шүүх тогтооно. Өнөөдөр шүүхийн шийдвэр гараагүй учраас гэм буруугүй гэж явж байгаа. Хуулийн байгууллагаар асуудлыг шалгаж байна. Энэ хүн хуулийн байгууллага дуудахад очихгүй байгаа учраас түтгэлзүүлэх ёстой. Тэгэхээр УИХ өчиггүй шийдвэрээ гаргаад түтгэлзүүлэх ёстой. Эсвэл тэр хүн өөрөө очоод мэдүүлгээ өгөөд нотолгоо баримтаа гаргах ёстой.Тэгээд шүүх шийдвэрээ гаргасны дараа УИХ-ын гишүүн байх, эсэхийг хэлэлцэх ёстой юм. Үүний цаана эрх мэдлийн тэмцэл бий.

-УИХ-ын гишүүдийг дураараа барьж, хорьж болохгүй. Хэрвээ ингэдэг болчихвол тэр гишүүнийг барьцаалж улстөрийн шийдвэр хүчээр гаргуулдаг хүсээгүй үйлдлийг нь хийлгүүлдэг болж магадгүй гэж ярих гишүүд ч байна. Та үүнд ямар саналтай байгаа вэ?

- Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахад яг л тэгсэн. УИХ-ын гишүүдийн заримыг нь хуралд битгий суу гэсэн бол мөн заримыг нь эсрэг санал өг гэж тулгасан. Нэрсийн жагсаалт гаргаад өөрсдөд нь болон ойрын хамаатан садан дээр нь хэрэг нээнэ гэж сүрдүүлж санал өгүүлсэн.Ийм байвал Монгол улс цааш байх уу. Ийм муухай хачин тогтолцоотой оронд байснаас үхсэн дээр биз дээ.

Маргаанаа зогсоохгүй бол бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авна гэж Ерөнхийлөгч сануулжээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр дархан аварга Х.Баянмөнх, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж нарыг тус тусад нь хүлээн авч уулзаж, МҮБХ-ны тэргүүнийг сонгохтой холбоотой маргааныг яаралтай эцэслэх талаар ярилцлаа.

Ерөнхийлөгчид Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэлд бөхчүүдийн холбоогоо булаацалдсан маргаан хэрээс хэтэрч, цөөнгүй хүн эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөхчүүд хоёр хуваагдаад учраа олж чадахгүй болсон, түүнчлэн бөхийн өргөөг хэн нь авах вэ гэдэг тэмцэл өрнөж байна гэх мэтээр мэдээлэгдэж байгаагаас үүдэн талуудад уг маргаанаа яаралтай эцэслэн шийдэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч сануулсныг маргалдагч талуудад З.Энхболд уламжиллаа.

МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон хэмээн өөрсдийгөө зарлаад байгаа хоёр хүнийг хоёулаа уг албан тушаалаас татгалзаж, хурлаа шинээр хийхийг Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон байна. Үндэсний их баяр наадмын бэлтгэлд гарахаас өмнө 30 шахам жил үргэлжилсэн хагарал хуваагдал, маргааныг эцэслэж, эв эетэйгээр наадамдаа зодоглож ард түмнээ цэнгээн баясгахыг бөхчүүд хүсч байгаа хэмээн уулзалтын үеэр мөн ярьсан юм.

Уг үл ойлголцсон байдлаа таслан зогсоохгүй улам бүр газар авахуулах юм бол бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авах боломжтой гэдгийг ч Монгол Улсын Ерөнхийлөгч тэдэнд сануулсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уулзалтын үед дурдлаа.

Монгол үндэсний бөхийн холбоо хоёр хуваагдаж, маргаан үүсээд буй. Тэдний маргаан хурцдаж, цагдаагийн байгууллагад дуудагдаж, энэ асуудал нь Ерөнхийлөгчид бичгээр ирсэн байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Бөхийн холбооны удирдлагуудыг ирэх тавдугаар сард багтаан маргаанаа шийдэхгүй бол Монгол бөхийн өргөөг улсын өмчид авна гэдгээ мэдэгдсэн юм. 

Энэ талаар тэд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе. 


Х.БАЯНМӨНХ: БИ ТӨРИЙН НААДМЫН 10 БАЙ ШАГНАЛЫНХАА САНГ БӨХИЙН ӨРГӨӨНД ӨГЧ БАЙСАН

- Монгол Улсын аваргуудын зөвлөлөөр Бөхийн холбооны шинэ хурлыг хийж, энэ маргааныг цэгцлэх шаардлагатай гэсэн саналаа илэрхийллээ. Энэ хурлаар хоёр хуваагдсан хүмүүс нэг болж, цаашид нэг холбоо болж явах ёстой гэдэг саналаа хэлсэн. Ерөнхийлөгчийн зүгээс ийм саналтай байгаа гэлээ. Түүнээс гадна Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, Д.Данзан нарыг холбооны удирдлагад оруулахгүй гэдэг саналаа ч мөн хэллээ. Монголын бөхчүүд эвээ олж, зүгээ олох ёстой гэдэг байр суурьтай л байна. Монгол бөхийн өргөө бол ард түмний өмч, улсын хөрөнгөөр боссон. Энэ бол Үндэсний бөхийн холбооны өмч байх ёстой гэж дүрэмдээ заасан байгаа. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Бөхийн өргөөний өмчлөлийн талаар хайгаад олдохгүй, хэний өмчид байгаа нь мэдэгдэхгүй байна. Монгол бөхийн өргөөг анх 5000 метр квадрат газартай байсан бол өнөөдөр 2500 метр квадрат газартай л болсон байна. Энэ хөрөнгө өнөөдөр өмч нь хаана байгааг хэн ч мэддэггүй, энэ талаар төрийн байгууллагаас асууж, сураглаад явж байна. Бөхийн өргөөг түр битүүмжилсэн байгаа. Тиймээс энэ асуудлыг төр шийдэж, хэн нь эзэмшихээ тодорхой шийдэх хэрэгтэй. Би төрийн наадмын 10 бай шагналынхаа санг Бөхийн өргөөнд өгч байсан хүн. Би энэ Бөхийн өргөөнд орох эрхтэй хүн гэж бодож байгаа ч дөрвөн удаа хөөгдөж гарлаа. 


Р.НЯМДОРЖ: ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНЭ АСУУДАЛД АНХААРАЛ ТАВЬЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА

- Бөхчүүдийн хоорондын маргаан Ерөнхийлөгчийн түвшинд хүрсэн нь Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон бөхөд маш том хохиролтой. Ерөнхийлөгч энэ асуудалд анхаарал тавьж байгаад баяртай байна. Ерөнхийдөө бөхийн холбооны маргаан Бөхийн өргөө гэх байгууллагатай холбоотой гэж үзэх юм бол Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой шийдвэр гаргаж, Бөхийн өргөөг улсын өмчид авч болно гэсэн саналаа илэрхийлж байна. Мөн хууль дүрэмд захирагдахгүй, ёс бус үйлдэл хийж байгаа, журамд захирагдахгүй байгаа хүмүүсийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авах бодолтой байна гэдгээ илэрхийлж байна. Тиймээс бөхчүүд дахин хурал хийж, яаралтай эв эеэ олж, бөхөө хөгжүүлэх нь зүйтэй гэсэн шаардлага тавьж байна. Бөхийн өргөө Монголын үндэсний бөхийн холбооны нэр дээр байгаа. Тус өргөө 2,5 тэрбум төгрөгөөр боссон барилга. Бүртгэлд байхгүй байна гэдэг нь дахин үнэлгээ хийгдээгүй байгааг ярьж байгаа болов уу гэж бодож байна. Дүрэмд заасны дагуу Монголын үндэсний бөхийн холбооны өмчид бүртгэлтэй, сар бүр үндсэн хөрөнгийн татвараа улсад төлөөд явж байгаа. Бүртгэлгүй байна гэдэг нь ташаа мэдээлэл. Ер нь хэрүүл маргааны хажуугаар худал зүйлс маш их тарааж, гүжирдэж байна. Тэр асуудлыг нь зогсоохгүй бол улам бие биенээсээ давах гэсэн энэ үйлдлүүд улс оронд ч хортой байж болзошгүй нь гэж харж байна. Одоогийн ийм байдал цаашид үргэлжилбэл Ерөнхийлөгч улсын өмчид авах шийдвэр гаргана гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ярианаас ойлголоо.

Монгол залуу Солонгост хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ

Монгол залуу Өмнөд Солонгост хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Тодруулбал, Өмнөд Солонгос улсын Гуанжү хотын цагдаа нар энэ сарын 14-ны өдөр согтуугаар хулгай хийж байсан тус улсад хууль бусаар оршин суудаг ”А“ гэгч Монгол залуус баривчилжээ. А-нь үүрийн 03:00 цагийн үед Гуанжү хотын нэгэн автомашины зогсоол дахь 5 машины цонхыг хагалж, дотроос нь бэлэн мөнгө, цаг, зээлийн карт зэргийг хулгайлсан гэдгээ цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Мөрдөн байцаах явцад  Монгол залуу ”А” нь 2016 онд гурван сарын аялалын визээр Солонгос улсад очсон боловч цаг хугацаандаа эх орондоо буцалгүй, харин өнөөг хүртэл хууль бусаар амьдарч байсанг илрүүлжээ.

 Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт үйлдвэр”-ийн цаана намын санхүүжилт нуугдаж байгаа

“Улс төрийн санхүүжилт ба өндөр түвшний авлигаас хэрхэн сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын Авлигын эсрэг лобби бүлэг, Герман, Британи улсын элчин сайд, эрдэмтэн судлаачид оролцлоо. Улс төрийн санхүүжилт ба өндөр түвшний авлигаас хэрхэн сэргийлэх талаар Авлигын эсрэг парламентийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй  ярилцлаа.

-НАМЫН САНХҮҮЖҮҮЛЭЛТ НЭРЭЭР АЮУЛГҮЙ АВЛИГЫГ ЦЭЦЭГЛҮҮЛДЭГ-

 -Монголын улс төрийн намуудын санхүүжилт ил тод байлгах тал дээр илүү бодьтой ямар алхамууд хийх ёстой вэ. Цаашид  өндөр төвшний авлигаас хэрхэн сэргийлэх вэ?

-Авлигын эсрэг парламентийн бүлэг байгуулагдсан цагаас хойш намуудын асуудлыг хөндөж байгаа. Авлигаас ангид энэ нийгмийг байгуулъя гэвэл боловсон хүчний бодлогыг тодорхойлдог улс төрийн нам өөрөө цэвэршэхээс өөр арга байхгүй. Герман, Их Британи улсууд авлигатай байж байгаад энэ зарчмаар шийдсэн байдаг. Хамгийн төгс арга бол төрөөс улс төрийн намууд санхүүждэг схем рүү орох ёстой. Ингэхээр олон нийт дургүйцдэг. Яахаараа татвар төлөгчдийн мөнгөөр намуудыг санхүүжүүлэх ёстой гэж гэсэн маргаан гардаг. Ингэхгүй болохоор түүнээс их хэмжээний мөнгийг авлигаар бий болгодог. Нэг үгээр намын санхүүжүүлэлт нэрээр аюулгүй авлигалыг цэцэглүүлдэг. Энэ өөрөө Монгол улсад бодьтой нүүрлэсэн. 10 жилийн өмнө гаалийн байгууллага авлигалын индексээр 1-т жагсдаг байсан. Өнөөдөр улс төрийн нам өөрөө хамгийн их авлигатай гэдэг судалгаа гарчихсан. Үүнийг таслан зогсоодог шүүхийн байгууллага өөрөө авлигалд автсан. Ингээд манай улсын авлигалын индекс жилээс жилд нэмэгдэж байна. Энийг хаврын чуулган дээр ажлын хэсэг гарч үзэл баримтлал болгож хэлэлцүүлэг хийе гэж бодож байна.  Яагаад гэхээр 1 сая төгрөгийг хувьд хүнээс 10 сая төгрөгийг ААН-ээс авна гээд хуулийн заалт орчихоор саяыг 10 сая, 10 саяыг нь тэрбум төгрөг болгоод компаниудаас авчихдаг. Үүний дараа "Эрдэнэт" үйлдвэрийн 49, 51 хувийн цаана намын санхүүжилт гэдэг юм нуугдсан байгаа. Том ордуудтай холбоотой асуудлууд эхлээд намд хандив өгөх нэрээр намын удирдлагуудтайгаа уулзсан байдаг. Үүний дараа буцаагаад авлига өгсөнөө орд газар болгож авах ч юм уу. Манай улсын  эдийн засгийн 90 хувь нь уул уурхайтай холбоотой байдаг. Уул уурхайн компаниуд гарч ирсэнээс хойш улс төр эмх цэгцээ алдсан статистик мэдээг харж болно.

-Нэгэнт уул уурхайгаас хараат болсон учраас үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

-Үүнээс 10-15 жилийн хугацаанд сэргийлэх хуулийн уутыг байхгүй болгох. Нэр дэвшигч хамгийн хямд зардлаар төрөөс мөнгө авч сонгуульд нэр дэвшдэг болох ёстой. Өөр ямар нэгэн байдлаар тайлан авах юм бол шууд авлига гэж үзэж эрүүгийн хуулинд ордог ийм байх ёстой. Ингэж зохицуулалт хийж, 10-15 жил явж байж өөрчлөгдөх болов уу гэсэн бодолтой байна. Улс төрийн намуудын тухайн хуулийг шинэчлэх ажлыг өргөн барихаар ажиллаж байна. Олон нийтэд хандсан үйл ажиллагааг хийгээд байхаар эхнээсээ үр дүн гарч ирж байна. Өмнө нь нээлттэй "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлыг ярьж чаддаггүй байсан. Харин одоо олон нийтийн анхаарлыг татсан хэргүүд болон 268 мянган тонн нүүрс алга болсон асуудлыг шалгаж олон нийтэд ил болгоно. Хэн нэгнийг шүүж мууг үзэх гээд байгаадаа гол нь биш. Тамгатай бичигтэй нь ил болгох замаар нийгмийг авлигалыг үл тэвчих сэтгэлзүйд хувь нэмэр оруулах нь зөв юм.

-Улс төрийн намуудын санхүүжилт ил тод байж чадаж байгаа юу. Өнгөрсөн сонгуулиар МАН хэдэн төгрөг зарцуулсан, хаанаас санхүүжилтээ босгосон талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Аль ч намуудын хувьд сонгуулийн санхүүжилт ил тод байдаггүй. Тайлан нь худлаа гардаг. Энийг нуугаад байх юм байхгүй. Сонгуулиар намууд МУ-д үйл ажиллагаа явуулж байгаа “топ 20” компаниас хандив авч байгаа. Нүүрсний эргэн тойронд байгаа төрийн өмчит үйлдвэрийн газруудаас мөн хандив авч байгаа. Энийг ил тод болгож зогсоох ёстой. Тун удахгүй “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой баримт дэлгэхээр ажлын хэсэг гарган  ажиллаж байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэс молибден дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга квот гэдэг байдлаар гэрээг авах давуу эрх олгодог байсан. Зэс молибден нь  100 ам долларын үнэтэй байлаа гэхэд тэрийг 150 ам. доллараар гаргах эрхийг өгдөг. Үүнийг шалгах ёстой.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн үе үеийн дарга нарын  үед  шахаж байсан бараа бүтээгдэхүүний үнэ ханш ямар байв гэдгийг тухайн үеийн брижээс олоод тэрийг дотоодын зах зээлтэй харьцуулахад ямар хэмжээний зөрүү авлигал гарч ирж байгаа вэ гэдэг нь харагдана. Сая УИХ-ын гишүүн Л.Энхболдын гаргаж тавьж байгаа Өмнөговь аймгийн нүүрсний хулгайн асуудал байна. Гаалийн бүрдүүлэлт хийхдээ тонн өөр, гарсан  тонн нь бас өөр байна. Үүний цаана юу байна. Үүний цаана сонгуулийн хандив нэрээр авсан авлигал байв уу, эсвэл хувь хүмүүсийн алдаатай зүйл байв уу.

Ийм байдлаар цоорхой сав шиг явах юм бол уул уурхайн баялагийн ашиг нийгмийн дундаж давхрагадаа үр бүтээлгүй байна. Негир, Аргентины жишиг рүү орно гэсэн үг. Нийгэм өөрчлөгдсөн байна. 25 жилийн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал том мөнгөн бүстэй, өдрийн хоолоо нисдэг тэргээр энэ тэнд очиж иддэг гэхэд хэн ч шүүмжилдэггүй байсан. Харин өнөөдөр аль нэг төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлыг үнэтэй машин унахыг авлигал гэж үздэг болсон. Тусгай дуут дохиотой машин унаад гэрэл улалзуулаад явдаг даргыг 25 жилийн өмнө хүндэлдэг байсан. Одоо үүнээс залхаж байна. Нийгэм өөрөө бэлэн болсон. Нийгмийнхээ сэтгэлзүйг дагаж байгаа төр, намын механизм үлдчихээд байна. Үүнийг шахаж өөрчлөх ёстой.

-Авлига хээл хахуулийг цэцэгжүүлж байгаа гол хүчин зүйлийг та юу гэж харж байна вэ?

-Үндсэн хуулийн хагас парламент, хагас Ерөнхийлөгчийн засаглал. Өнөөдөр судалгаагаар  хэн манай улсын 1 номерын  улс төрийн албан тушаалтан бэ гэхээр тал нь Ерөнхий сайд, тал нь Ерөнхийлөгч гэж хариулдаг улс байхгүй. Жишээ нь Герман Меркель, урд хөрш Ерөнхийлөгчөө, хойд хөрш Путиныг гэж хариулна. Манай улс 50 хувь Ерөнхийлөгч ард түмнээс сонгогддог засаглал, 50 хувь парламенийн засаглалтай Ерөнхий сайдтай. Энэ тогтолцоогоор 25 жил явж ирсэн. Энэ тогтолцооны гажуудлыг ашиглаж хувийн хэвшлийнхэн эвтэйхэн ажилласан нь авлига цэцэглэсэн гол хөрс суурь болсон. Яг үнэндээ дэлхий дээр манайтай адил үндсэн хуультай улс Польш, Чех хоёр л байдаг. Энийг хүмүүс төдийлөн олж хардаггүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг нийгэмд ярьж ойлгуулах нь маш чухал.

-Сүүлийн үед Дубайн гэрээтэй холбогдуулаад нэлээд хэдэн хүмүүсийг шалгаж байна. Та үүнийг хувь гишүүнийхээ зүгээс хэрхэн  харж байна вэ?

-Дубайн гэрээтэй холбоотой асуудал дээр ажлын хэсэг гараад шалгаж байна. Миний хувьд нэг зарчимыг баримталдаг. Яг цаасаар гаргаж ирээд дүгнэлт гарсаны дараа би өөрийнхөө байр суурийг илэрхийлье гэж боддог. Дубай, Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Тэр дүгнэлтийг гарсаны дараа хэвлэлийнхэнд тарааж өгөөд өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ. Манайд маш буруу нэг жишиг тогтоод байна. Оюутолгойн гэрээний асуудал маш олон тооны бичиг баримт байгаа. Тэрний 10 хуудсыг ч уншаагүй байж дүгнэлт өгч парламетийн индэр дээрээс ярихаар хариуцлагагүй алхам болно гэж боддог. Ер нь УИХ-ын гишүүд гарч ирээд буу халаад байж болохгүй. Тийм учраас энэ асуултад хариулахад хангалттай мэдээлэлгүй байна.

-УЛС БОЛОН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР 109 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ТӨЛЖ БОЛОХГҮЙ-

-Сүүлийн үед Арбитрын шүүхэд Эрдэнэт үйлдвэрийг санаатайгаар ялагдуулсан баримтууд ил боллоо гэсэн мэдээлэл гараад байгаа. Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан Жастын Ш.Батхүү мөн Арбитрын шүүхэд Эрдэнэт үйлдвэрийг санаатайгаар ялагдсан гэсэн байна лээ. Ийм байх боломжтой юу?

Үүнийг нотлох ёстой. Нотлогдсон баримт бичигүүдийн хүрээнд хоёр зүйлд анхаарах хэрэгтэй.

1.    Юу ч болсон улс болон Эрдэнэт үйлдвэр 109 сая ам.долларыг төлж болохгүй.

2.    Жастын Ш.Батхүү хуурамч гарын үсэг зурсанч бай, зураагүй ч бай хариуцлага хүлээх ёстой. Хэн гэдэг албан тушаалтан дээр энэ хэргийг нуун дарагдуулав гэдгийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой.

Хуурамчаар гацаасан ч юм уу. Логикийн хувьд таарамжгүй санагдаад байгаа. Албаар шүүхэд ялагдах гээд эсвэл Жастын Ш.Батхүү хуурамчаар гарын үсэг зураад өчнөөн сая ам.доллар Эрдэнэтийн дансаар эргэлдэж байхад яагаад мэдэхгүй байна. Үүнийг бол доромжлол гэж ойлгож байгаа. Иргэдээ дутуу мэдээлэлтэй гэж  хуурч явсан өмнөх үеийн улс төрчдийн болчимгүй алдаа. Дахиж ийм хэрэг МУ-д болох ёсгүй. Үүний төлөө УИХ-ын Авлигын эсрэг лобби бүлэг ажиллах болно.

Б.Ууганбаяр: 5,6 дугаар сард олон жилийн дунджаас дулаан байх учир түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Онцгой байдлын ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.  Он гарсаар 7 аймгийн 15 суманд ой хээрийн түймэр гарч нийтдээ 24 га ой, 31984 га хээр тал нийтдээ 32008 га талбай шатжээ. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн  “Горхины- Эх, Ухантын даваа” гэдэг газарт гарсан ойн түймрийн унтраахаар ажиллаж байна.

Мөн онцгой байдлын албанд туслах иргэдийн санаачлагаар өнгөрсөн оны долдуuаар сараас эхлүүлсэн хандивын аянд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд аж ахуйн нэгж байгууллага нэгдаж өнөөдрийн байдлаар 1,4 тэрбум төгрөг цуглаад байгаа аж.

Түүнлэн Ус, цаг уур орчны хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр ирэх 5 сар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа аж. Энэ үеэр хуурайшилт ихэсч, гал түймэр гарах эрдсдэл нэмэгдэх тул иргэд та бүхэн дор бүртнээ анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ-аас анхаарууллаа. Мөн ЦУОШГ-аас 5,6 дугаар сарын цаг агаарын нөхцөл байдлын талаарх мэдээллийг авсан. Эдгээр саруудад олон жилийн дунджаас 0.5-1.5 градусын дулаан байх төлөвтэй байна гэв. 

Мэдээллийн chuhal.mn сайт шууд дамжуулж байна.Мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Г.Занданшатарын шад маданд Рио Тинто 11 тэрбум буюу 11 цэцэрлэг барих мөнгийг Засгийн газарт өгчээ

Монгол Улсын Татварын Ерөнхий газар энэ оны эхээр Оюутолгойд 155 сая долларын татварын акт тавьсан. Гэсэн ч Рио Тинтогийн удирдлагууд Дубайн гэрээгээр бол энэ мөнгийг төлөх үндэслэлгүй, шаардлагагүй гэсэн тайлбар зүүж гэдийж байсан нь саяхан.

Эрэг нь усаа хашиж, эзэн нь юмаа мэддэг гэгчээр Засгийн газраас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. “Төрийн уурга урт, хуйв нь уужуу. Монголын төрийн байгууллагын тавьсан актыг хэрэгжүүлэх нь зүй ёсны асуудал” гэдгийг Г.Занданшатар сайд Оюутолгойн удирдлагуудад удаа дараа сануулж байсан гэдгийг эх сурвалж хэлж байна.  

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Жан Себастъян Жактай энэ оны нэгдүгээр сарын 23-нд уулзсан. Тэр уулзалтын үеэр энэ асуудал хөндөгдөж, Ерөнхий сайд ч зарчмын шаардлагууд тавьжээ.

Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн РиоТионтогийн удирдлагуудтай хийсэн удаа дараагийн уулзалтуудын үр дүн эхнээсээ гарч эхэлжээ. Оюутолгой татварын маргаанаа эцэслэж эхний ээлжинд 11 тэрбум төгрөг шилжүүллээ. Нэг цэцэрлэг барих дундаж зардал нэг тэрбум төгрөг гэж үзвэл Г.Занданшатар сайдын ахалсан ажлын хэсгийн эхний үр дүн 11 цэцэрлэг барих хөрөнгийг шийдвэрлэж чадлаа.

Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг. Үлдсэн мөнгийг богино хугацаанд төлж барагдуулахын төлөө Засгийн газрын “Рио Тинто”-той “хэл амаа ололцох” хувь нийлүүлэгчдийн хамтарсан ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж таарна.

Бусдын ажил, амжилт, үр дүнг өөртөө нааж нэр хүнд олох гэсэн хүмүүс ч одоо дуугарч эхэлнэ дээ.

 Татварын буцаан олголтыг өнөөдрөөс эхэлнэ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлдэг. Мөн  дээрх хуулийн 24.6-д зааснаар албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр, татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэн албан татварын хөнгөлөлт эдэлдэг юм.

Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтоор энэ жил 68 мянган иргэн 40 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт авахаар материалаа бүрдүүлэн өгөөд байгааажээ. Татварын ерөнхий газраас буцаан олголтыг энэ сарын 20-ноос эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Өнгөрсөн жил 74 мянган иргэн 44 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан байна

Засгийн газар, яамдын алба албан тушаалтнуудын ХОМ-ийг зарлажээ

АТГ нийтийн албан тушаалтнуудын ХОМ-ийг үе шаттайгаар зарлаж байгаа билээ. 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Ерөнхийлөгчийн харьяа байгууллагууд, УИХ-ын харьяа байгууллагууд, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, тэдгээрийн харьяа байгууллагуудад ажилладаг албан тушаалтнуудын ХОМ-ийг зарлана.

Өмнө нь төрийн өндөр болон тэдгээртэй адилтгах 236 албан тушаалтан, мөн Ерөнхий сайдын эрхлэх өмчийн бодлого зохицуулалтын газар, Үндэсний хөгжлийн газар, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Цагдаагийн ерөнхий асуудлын хүрээний агентлаг болох Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Төрийн газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор зэрэг төрийн 17 байгууллагын 10 мянга орчим албан тушаалтнуудын 2017 оны ХОМ-ийг зарласан билээ.

С.Оюун: Хэргийг захиалсан  хүмүүс ял битгий завшаасай

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Өнөөдөр түүний хөшөөнд нь гэр бүл болон Ардчилсан намын гишүүд нь хүндэтгэл үзүүлсэн юм.  Энэ үеэр С.Зориг агсны дүү С.Оюун "Гурван шатны шүүхийн талаар манай гэр бүл тодорхой байр сууриа илэрхийлсэн. Шүүх хурлыг нээлттэй саналыг тавьсан ч хаалттай болсон. Хэргийн материалыг нээлттэй болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан ч одоо болтол нууцын зэрэглэлд байлгаж байгаа. Алдсан хүн арван тамтай. Тэр нууцын зэрэглэлд байгаа материалууд ил болж байж, эргэлзээг тайлна. Гурван шатны шүүхээр шийдсэн хэрэгт бид эргэлзсэн хэвээр байгаа учраас зөв, бурууд санаа зовж байна. Захиалагч нь олдоосой. Хэргийг захиалсан  хүмүүс ял битгий завшаасай. Хэрэг хийгээгүй хүмүүс битгий хэлмэгдээсэй гэж санаа зовж байна" гэсэн юм.

Ж.Батзандан: Яагаад жирийн иргэдэд газар олддоггүй хэрнээ том компаниудад газар олдоод байдаг юм бэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас санаачилсан “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.
 
Хуулийн төсөлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгах тусгасан юм. Газар өмчлүүлэх тухай хуулийг 2002 онд баталж байсан. Өнгөрсөн хугацаанд хуулинд 7 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд үүний гуравт нь гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх хугацааг тус бүр 5 жилээр сунгасан байна. Хууль хэрэгжиж, газар өмчлүүлэх ажил эхлэхэд иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өрх дундаа хамтран өмчилж байсан бол 2008 онд газрыг иргэн бүрт өмчлүүлэх, мөн өмнөх 5 жилийн хугацаанд иргэний дундаа хамтран өмчилсөн газрыг гэр бүлийн нэг гишүүнд өмчлүүлж, бусад гишүүдэд шинээр газар өмчлөх эрх үүсэхээр нэмэлт өөрчлөлт оруулсан юм.
 
Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар үнэгүй өмчилж авчээ. Хэлэлцүүлгийн шатанд зарим гишүүн хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэний зэрэгцээ хугацаа заалгүй хуулиа батлах хэрэгтэй гэсэн бол төслийг огт дэмжихгүй гишүүн ч байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Газар өмчлөлийн хугацааг сунгахаас гадна эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй. Аж ахуй нэгжүүдийн газар эзэмших хугацаа 15 жил. Гэтэл гэрчилгээг нь 5 жилээр бичиж байна. Энэ бол авлига цэцэглэх үндэс болж байна. Арван таван жилээр бичих гэрчилгээг таван жилээр сунгах хэрэг байна уу. Мөн байшинг нь нэг, газрыг нь  бас өөр нэг бүртгэлд бүртгэдэг. Өнөөдөр бид технологийн ямар цаг үед амьдарч байгаа билээ. Энэ мэт засч сайжруулах асуудал байна” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Газрыг иргэддээ өмчилдөг болоод 10 гаруй жил болоход 20 хүрэхгүй хувь нь газраа өмчилж авчээ. Энэ бол харамсалтай тоо. Яагаад Газрын бирж байгуулахгүй байна вэ. Жирийн иргэдэд газар олддоггүй хэрнээ том компаниудад газар олдоод байдаг юм бэ. Иргэд газраа чөлөөтэй эдийн засгийн эргэлтэд оруулдаг болох хэрэгтэй. АН ийм хуулийн төслийг боловсруулж байсан ч МАН дэмжээгүй. Бүх хүнд газрын эрхийг өг. Эргэлтэд ордог газрын тоогоо нэмэгдүүл” гэлээ.

Ажлын хэсгийнхний өгч буй мэдээллээр бол, “Газрын үнэлгээ 1997 оныхоороо байгаа. Иймд үнэлгээг шинэчилж, Засгийн газарт оруулахад "Иргэдээр хэлэлцүүл" гэсэн чиглэл өгсөн тул хэлэлцүүлэг үргэлжилж байна. Өмнө нь газрыг 4 бүсэд авч үздэг байсан. Одоо бүсчлэлийг газрын үндсэн шинж чанар, зориулалтаас хамаарч  31 бүсэд хуваасан” гэсэн тайлбарыг хийж байлаа.

Мөн үеэр гишүүдээс Улаанбаатар хотод газар олдохгүй байгаа асуудлыг шийдэх хэрэгтэй. Өмчлөлийн ажил зөвхөн Улаанбаатарт өндөр, аймгуудад дундаж, сумдад огт байхгүй байна. Иймд хуулийн төслийг Засгийн газар өргөн хүрээнд оруулж ирэх байсан юм хэмээн шүүмжиллээ. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

С.Бямбацогт: Энэ хэвээр байвал намууд дотроосоо ялзраад дуусна

  "Улс төрийн санхүүжилт ба өндөр түвшний авлигаас сэргийлэх нь" сэдэвт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт оролцож үг хэлсэн юм. Тэрээр энэ үеэр Монгол Улс 78 Ерөнхий сайдтай болчихсон юм шиг улс төрийн тогтолцооны гажуудлыг Үндсэн хуулийг өөрчлөх замаар л засна гэдгийг тодотгосон юм. Түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Улс төрийн намуудад итгэх олон түмний итгэл илт суларч байна. Та Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсгийн гишүүний хувьд энэ бүхнийг чухам яаж  засч залруулах ёстой гэж үзэж байна вэ?  

-Өнөөдөр улс төрийн нам тойрсон олон ээдрээтэй асуудал байна. Намуудад байгаа энэ асуудал эргээд зөвхөн намд төдийгүй төрд итгэх олон түмний итгэлийг сулруулж байна. Ийм байхад улс төрчид гар хумхин сууж таарахгүй. "Тос дотроосоо өтдөг" гэдэг шиг энэ хэвээр явсаар байвал намууд дотроосоо ялзраад дуусна. Зүгээр хоосон шүүмжилж дэмий яриад яваад байх биш аль болох гарц шийдэл олж л асуудлыг шийдэх ёстой. Яах аргагүй таны хэлдэг шиг өнөөдөр улс төрийн намууд бүр болохоо больчихсон байна. Улс төрийн намыг ард иргэд юу гэж харж байна вэ гэхээр эрх мэдэл, мөнгө, албан тушаалын төлөөх хэсэг хүмүүсийн бөөгнөрөл, бүлэглэл гэж л харж байна. Ийм бөөгнөрөлд итгэх хэрэг байна уу?, ингэж бөөгнөрсөн улсуудыг дэмжих хэрэг байна уу?, ийм зорилготой намууд байх шаардлага бий юу? гэдэг асуудал олон нийтийн дунд хүчтэй яригдах болсон. Зөвхөн өнөөдөр ч яригдаж байгаа юм биш. Үндсэндээ 2010 оноос хойш яригдаж байна. Үе үеийн судалгаагаар улс төрийн намд итгэх ард иргэдийн итгэл байнга буурч байгаа. Тийм болохоор улс төрийн намууд ямар байх, үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагаагаа юунд чиглүүлэх ёстой вэ гэдгийг тал талаасаа ярьж шийдэх цаг нь нэгэнт болсон. Нам гишүүд дэмжигчидтэйгээ яаж харилцах ёстой, санхүүжилтийг нь хэрхэн ил тод, хариуцлагатай болгох вэ гээд асуудлыг цогцоор нь, том зургаар нь харах учиртай. Чухам энэ л үүднээс Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна.

-Улс төрийн намд авлига хамгийн их байна гэх асуудал хүчтэй яригдах болсон. Үүнийг тэгээд засах боломж байгаа гэж үү?

 -Хэн нэг мөнгөтэй хүн намд хандив нэрийдлээр их хэмжээний мөнгө өгөөд хойморт нь гараад суучихдаг асуудал үнэндээ хавтгайрсан. Насаараа тухайн намд зүтгэсэн, итгэл үнэмшилээ өгсөн, амьдралаа зориулсан хүмүүс, мэдлэг боловсролтой, улс орноо гэсэн чин сэтгэлтэй залууст намд орох, дэвших боломж энэ хэрээр хаагдсан. Өнөөдөр хэн намд орж байна вэ гэхээр ерөөсөө л эрх мэдэлд хүрэх гэсэн, албан тушаалд очих гэсэн адын шуналтан, эсвэл намаар дамжиж албан тушаалтай болж аваад авлига авах гэсэн овжин этгээдүүд л намд шургалдаг, намын далбаан дор төр лүү зүтгэдэг, зүүгддэг болчихлоо. Энэ гаж буруу хандлагыг яаж засах залруулах вэ гэдэг хамгийн чухал. Нам өөрийн үзэл баримтлалтай, үнэт зүйлтэй, тэрхүү үзэл баримтлал, үнэт зүйлийнхээ төлөө үйл ажиллагаа явуулдаг, гишүүд нь тэрнийг нь дэмждэг, тойрон хүрээлж чаддаг, намынхаа  төлөө гишүүд нь зүтгэдэг, гишүүний татвараа өгч чаддаг тийм л эрүүл тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ялсан мандсан үед нь явуулын хоноц ирж найрлаж байгаад явчихдаг, ялагдсан ядарсан үед нь хар буурин дээр нь хаяад зугтаагаад явчихдаг хуншгүй байдал ердийн үзэгдэл болсон. Үүнээс чинь болж намын нэр хүнд шалдаа хүртэл унаж, намд итгэсэн түмний итгэл талаар болж байгааг одоо л засахгүй бол оройтох гээд байна. Энэ тал дээр зайлшгүй өөрчлөлт хийх цаг нь болсон. Улс төрийн намуудын гол зорилго нь сонгуульд оролцож төрийн эрх барих явдал. Гэтэл энэ зорилгодоо яаж хүрч байна гэхээр ерөөсөө л сонгогчдыг худалдаж авдаг, сонгогчдод мөнгө өгдөг, тараадаг, амладаг тийм байдлаар л хүрдэг болсон. Сүүлдээ одоо бүр улс төрийн нам дотроо эрх мэдэлд хүрэхийн тулд, намын дарга болохын тулд, намын сонгуульт албан тушаалд хүрэхийн тулд намынхаа гишүүдийг худалдаж авдаг зохисгүй байдал газар авлаа. Ийм байдлаар цаашдаа явж хэрхэвч болохгүй. Тийм болохоор Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага байна гэж хэлээд байгаа нь энэ юм.

-Энэ хаврын чуулганаар Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай гээд олон хуулийн төсөл хэлэлцэх асуултын жагсаалтад орсон. Тэгвэл улс төрийн тогтолцооны энэ гажуудлыг өөрчлөх асуудал чухам хаанаас эхлэх ёстой вэ?

-Яг зөв. Юун түрүүнд эхлээд бид Үндсэн хуульд  өөрчлөлт оруулах нь зайлшгүй болсон. Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэдэг асуудал бүр 2008 оноос хойш 10 жил яригдаж байгаа. Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр урагшаа гишгэхэд бэрх болчихлоо. Засаглалын эрх мэдлийн хувьд УИХ, Ерөнхийлөгч, ЗГ, тэр байтугай шүүх бие биесээ хааш нь ч хөдөлгөхгүй баглаж, багалзуурдчихаад байна. Хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засаглалдаа, хууль хэрэгжүүлэх ажилд нь хяналт тавихын оронд өдөр тутмын үйл ажиллагаанд нь шууд хутгалдан ордог болчихлоо. Ерөнхийлөгч нь ч бас Ерөнхий сайд шиг, Их Хурлын 76 гишүүн нь ч бүгдээрээ Ерөнхий сайд шиг эрх мэдэл эдлэх гэж дур зоргоороо загнаж байна. Өнөөдөр Монгол Улс 78 Eрөнхий сайдтай болчихсон энэ гажуудлыг даруй засах ёстой. УИХ-ын гишүүдийн хэтийдсэн эрх мэдлийг хумих ёстой. Хүчтэй Ерөнхий сайд, хөгжлийн бэрхшээлгүй Засгийн газартай болохын тулд Үндсэн хуулиа өөрчлөхөөс өөр арга алга. Гишүүд энд Засгийн газрын ажлыг зааж зурдаг, тэнд сум багийн ажилтай зууралддагесөн шид нь бүрдсэн алмай хуумгай байдлаас болж хөгжлийн бодлогод байнга тээг садаа учирч байна Хууль тогтоогч нь хуулиа баталдаг, бас хуулийн хэрэгжилтэд хяналт тавидаг байхад л гүйцээ. Түүнээс биш Засгийн газраа шантаажилдаг, амин хувийн ашиг сонирхлын үүднээс асуудалд хандаж барьцаалдаг байж хэрхэвч таарахгүй.

-УИХ-ын гишүүдийн ирц, ёс зүйтэй холбоотой асуудлыг иргэд маш их шүүмжилж байна. Их хурлын гишүүнийг эргүүлэн татах, хариуцлагыг гишүүд өөрсдөөсөө эхлүүлэх асуудал зайлшгүй байх ёстой гэсэн хандлага давамгайлах боллоо.

-Гишүүдийн эрх нь ихдэж, үүрэг нь хөнгөдөөд ирэхээр ийм юм болоод байна. Ард түмний элч нь байна гэж сонгогдчихоод чуулган, байнгын хорооны хуралдаандаа суухгүй алга болчихдог, үүрэг хариуцлагаа хаяж гээчихсэн нөхдүүд цөөнгүй боллоо. Үүнээс үүдээд эзгүй гишүүдийн өмнөөс кноп дарж, сэтгүүлчдийн шоглон хэлдгээр "төгөлдөр хуурддаг" байдал гаарч байна. Энэ чинь наанадаж нэг гишүүн нөгөө гишүүнийхээ халдашгүй эрхэнд халдаж байгаа, цаанадаж хууль зөрчиж байгаа, төрийн бодлого шийдвэрт хууль бусаар нөлөөлж байгаа асуудал шүү дээ. Гишүүд өөрсдөө ёс зүйтэй хариуцлагатай байж дараа нь бусдаас, төрөөс, төрийн бусад албан хаагчдаас хариуцлага нэхэх ёс суртахууны эрх нь үүснэ гэж би боддог. Тиймээс хуралдаа ирдэггүй, ирц нь хүрдэггүй, иргэд сонгогчдынхоо итгэлийг уландаа гишгэсэн гишүүнийг эргүүлэн татах, хариуцлага тооцох зохицуулалтыг эцэг хуулиндаа оруулж байж эмхэнд нь оруулна гэж боддог. Дахиад хэлэхэд засаглалын зааг ялгааг илүү нарийвчилж, тогтолцооны эмгэгийг эмчлэхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг бид яриад байгаа юм. Үндсэн хуулиа өөрчилж байж сум хорооны Засаг даргыг намаас биш иргэдээс нэр дэвшүүлж, иргэд өөрсдөө сонгодог болох боломж бүрдэнэ. 21 аймгийн төв жинхэнэ утгаараа хот болон хөгжих үндэс суурийг тавьж чадна. Төсвийн зардлыг УИХ дээр гишүүд дураараа нэмэгдүүлдэг, үүнээс болж улс оронд хэмжээ хязгааргүй өр нэмдэг байдлыг эцэс болгоно. Гүйцэтгэх засаглал нь гүйцэд эрхтэй болж, Ерөнхий сайдаас бусад нь "давхар дээл"-гүй байх эрх зүйн эрүүл орчныг сая бүрдүүлж чадна. Ерөнхий сайд нь танхимынхаа гишүүдийг өөрөө сонгодог, томилдог, чөлөөлдөг, огцруулдаг эрхтэй байж гэмээнэ өнөөдүүлдээ үг хэлдэг, хатуухан шаардлага тавьдаг, ажил хийлгэдэг, болохгүй бол сольдог болно шүү дээ. Ингэж чадахгүй байгаагаас болж, Засгийн газар нь УИХ-ын, гишүүдийн барьцаанд орж, үүнээс болоод сүүлийн 28 жилд бид хөгжлийн том асуудлуудаа ерөөсөө шийдэж чадсангүй.  Барианаас зэрэг гарсан бусад улс орнуудыг хар. Тэд харагдах бараагүй болтлоо биднийг гүйцчихээд байгаад дүгнэлт хийх ёстой.          

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөс үүдээд Улс төрийн намын тухай хуулийн төслийн үзэл баримтлалд өөрчлөлт орох уу?

-Мэдээж орж таарна. Өнөөдөр Улс төрийн намыг хэрэвзээ машинтай зүйрлэвэл эвдэрхий сарампай, өнгө нь гундсан гандсан, дугуй нь хагарсан, тийм л хэмхэрхий машин шиг болчихоод байна. Тэгэхээр үүнийг засах арга нь яах аргагүй Үндсэн хуулийн өөрчлөлт. Үүнтэй уялдаж Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл зөв хийгдэх ёстой. Намууд зөв болж байж төр зөв болно. Намууд улс төрийн авлигаас ангид байвал төрд авлигал үгүй болно. Иргэд олон нийт ч эргээд намуудад, бас төрдөө итгэх итгэл нь сэргэнэ. Эцсийн эцэст энэ бүхнийг хийж чадвал хэн нэгэн биш, хэсэг бүлэг биш бид бүгдээрээ, улсаараа хожно. Одоо яриад, шүүмжлээд халаглаад суух биш зөв замд нь оруулахын тулд ханцуй шамлан орох, хамтаараа хэлэлцэж зөв шийдэл олох, бодитой ажил хийх цаг нь ирчихээд байна. Алгуурлаж алхайж суух хугацаа одоо байхгүй.

АТГ: Хуульд заасан үүргээ биелүүлсэн албан тушаалтнуудыг буруутгаж болохгүй

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу өөрийн болон хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг бусдад шилжүүлсэн, өөрийн албан үүргийн хүрээнд эзэмшиж байсан дансыг хаалгасан албан тушаалтнуудын нэрсийг Авлигатай тэмцэх газар нийтэд зарласан билээ.

Тэдгээр албан тушаалтнуудын нэг болох Цагдаагийн ерөнхий газрын харьяа Дотоодын цэргийн штабын дарга С.Ганбат нь Авлигатай тэмцэх газарт хандан гомдол гаргалаа. Тэрээр “Би Хонконг дахь Консулын газарт ажиллаж байх хугацаандаа албан үүргийн дагуу эзэмшиж байсан дансаа хаасан тухай мэдүүлсэн байтал намайг оффшор данстай мэтээр зарласанд гомдолтой байна” гэжээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4, 101.5 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлсэн нэр бүхий дипломат ажилтнуудаас С.Ганбат нь албан ажлын шугамаар эзэмшиж байсан дансаа хаалгасан талаар мэдүүлж бүртгүүлсэн байна.

Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтныг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албаны ил тод байдлыг хангах хуулийн зорилтод нийцүүлэн албан тушаалтнуудын оффшор бүс дэх хөрөнгийн талаарх мэдүүлэг, мэдэгдлийг нийтэд мэдээлсэн болно.

Иймд хуульд заасан үүргээ биелүүлсэн дээрх нэр бүхий албан тушаалтнуудыг оффшор бүсэд хөрөнгө эзэмшиж байгаа гэж дүгнэн буруутгах үндэслэлгүй бөгөөд оффшор бүс дэх хөрөнгийн талаар мэдэгдэж бүртгүүлэх нь шинээр батлагдсан хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл