8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Майцэцэг: Үйлдвэрлэлээ дэмжихгүй бол хувцасаа аваачиж шатаадаг юм бил үү

2015-11-20 08:00:00

“Эксклюзив” компанийн захирал Г.Майцэцэг болон “Монголд бид үйлдвэрлэв” төрийн бус байгууллагынхан Шийдлийн Засгийн газрыг огцрохыг шаардлаа. “Эксклюзив” компанийн захирал Г.Майцэцэгээс компанийн үйл ажиллагаа болон татварын асуудлаар тодрууллаа. 

- Ямар шалтгааны улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж байгаа юм бэ?

-Бид нар есдүгээр  сарын 19-ны өдөр бараа бүтээгдэхүүнээ үнэгүй тараана гэснээс хойш 2 сар боллоо. Энэ бүх хугацаанд бид нар маш их хүлээттэй байсан. Зарим хүмүүс бид нарыг асуудлаа шийдүүлсэн мэтээр бодож явж байгаа байх. Харин өнөөдөр манай компани дансаа нээлгээгүй бүх юм хэвээрээ байна. Ажлынхаа байрыг авч үлдэх гэсэн хувь хүн, аж ахуй нэгж ямар байдалд хүрч байгааг нийгэм харж байна. Ажилтай орлоготой байхын төлөө тэмцэж байгаа хүнийг ийм байдалд хүргэж байгаа нь төр засгийн алдаатай бодлого. Бид Шийдлийн Засгийн газар хэдэн шаардлага хүргүүлж байна. Хэрвээ чадахгүй юм бол, чаддаг хүнд ажлаа өгөх хэрэгтэй.  Ерөнхий сайд нь өрөөндөө дуудаад бүх асуудлыг шийдсэн мэтээр ойлгож байгаа. Гэтэл амьдрал дээр болж байгаа асуудал нэг ч алга. Дуугай байх тусам дарлаж байна. Ерөнхий сайдын шийдвэр гараад хоёр сар болж байна. Хоёр сарын хугацаа өнгөрсөн ч асуудал шийдэгдээгүй учраас Шийдлийн Засгийн газрыг шийдсэн зүйлгүй олон нийтэд асуудлыг шийдвэрлэсэн дүр үзүүлэхээ больж, огцрохыг шаардаж байгаа юм.

-Хоёр сарын өмнө нэлээд их хэмжээний бүтээгдэхүүн үнэгүй, тараана гэж байгаад больсон. Тэгвэл тэр бүтээгдэхүүний яг хэрэгтэй хүнд нь өгч чадсан уу?

-Хөдөө орон нутаг  болон асрамжийн газар, хараагүйчүүдийн төвөөр явж тараасан. Одоогоор 70 орчим сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн тараагаад байна. Цаашид хотын дүүргүүдээр тараана. Үнэгүй юмыг аваад баярладаг хүмүүст өгнө. Хувцас тараана гэсэн өдөр бид нарын төлөвлөж байснаас маш их хүн ирсэн. Замбараатай тараасан бол 4000 хүнд тараах бараа бүтээгдэхүүн байсан. Тухайн үед уйлмаар хашгирмаар байсан. Хувцасаа цацъя гэхэд цагдаа нар машиндаа суулгаад л аваад явсан.

Тухайн үед Ерөнхий  сайдын өрөөнд агентлагуудын дарга нар бүгд байсан. Татварын бодлого буруу байгаа. Хуулиа баримтлахаар аж ахуй нэгжүүдээ хохироодог, аж ахуй нэгжүүдээ бодохоор хуулиа зөрчих болдог. Баялаг бүтээгчиддээ дэмжээрэй гэсэн үүргийг Ерөнхий сайдаас өгсөн. Гэтэл Б.Ариунсан дарга хуулиа мэддэггүй Ерөнхий сайд хууль зөрч гээд байгаа юм уу, бид нар хуулийнхаа дагуу л шийднэ гэж байсан. Гадаад ертөнцөд хэвийн ажиллах дансыг минь нээгээд өгөөч гэсэн боловч, хуулиндаа тийм заалт байхгүй л гэдэг. Данс хаалттай хэвээрээ л байгаа. Битүүмжилсэн хөрөнгийг хувьд ч гэсэн адилхан. 40 тонны контеонер тоног төхөөрөмж минь байгаа. Яг өдийд хэрэглэх түүх эд байгаа.

-Ойролцоогоор хэдэн төгрөгийн хөрөнгийг тань битүүмжилсэн юм бэ?

-100 сая төгрөгний түүхий эд байгаа. Энэ бүтээгдэхүүн болоод гарвал 400, 500 сая төгрөг болно. Ийм уялдаа холбоогүй ажиллагаанаас болоод жирийн ажилтай байх гэсэн иргэд хохирч байна. Хуулиндаа л захирагдаж байна гэж байгаа. Тэгэхээр энэ 60 хоног дотор хуулиа өөрчлөх, зохицуулж болдоггүй юм уу.

-Одоо үйлдвэрлэл хэвийн явж байгаа юу?

-Хэвийн, бид бол хийсээр л байгаа. Манай компанийг хаагаад, ажилчидыг явуулахгүй юм бол бид хийсээр л байх болно. Би ажлаа мэдэхгүй, зах зээлээ мэдрээгүйгээс болж ийм байдалд орсон бол өөр хэрэг. Хамгийн гол нь хийж чадаж байгаа юмыг нь ингэж боомилж болохгүй.

 -Таны асуудлыг хаа, хаанаа шийдвэрлэхгүй байна. Компанийн дансыг  чинь хүртэл нээгээгүй байна. Одоо та шаардлага хүргүүлж байна. Харин дараа нь яах вэ?

-Хувцасаа аваачиж шатаадаг юм бил үү. Үйлдвэрлэлээ дэмжихгүй юм бол энэ олон хүүхдүүдийг МСҮТ-д сургаж яах юм бэ. Ажлын байраар хангахгүй юм бол энэ олон мэргэжлийн сургалт үйлдвэрүүдээ хаах хэрэгтэй.

-Дансаа нээлгэж чадахгүй байгаа юм чинь 150 сая төгрөгийн татварын өрөө яаж төлөх үү?

-Аж ахуй нэгжүүдэд дансаа хаалгана гэдэг чинь хамгийн хүнд асуудал. Гадаадад бол энэ нотой компани гэж хардаг. Энэ асуудлаас болж 2, 3 том захиалгаа алдсан болохоор шатаад байна. Дуугуй байж чадахгүй байна. Анхнаасаа 150 сая төгрөгний торгуулиа төлнө гэсэн, одоо ч тэр байр суурин дээрээ л байна.

-Ерөнхий сайдтай уулзсаны маргааш та Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга Д.Бадамаас хадаг барин уучлалт гуйсан?

-Хүн яаж ч эсэргүүцлээ илэрхийлсэн бай төр бол бүхний дээр байх ёстой. Тэр утгаараа Бадам гуайгаас цагаан хадаг барин уучлалт гуйсан. Цагаан хадаг бол төрийн хүндлэл гэдэг. Тэр асуудал Бадам гуайд биш системдээ л байсан шүү дээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
enhee
tegeechee yu saad bolsiin.tatwaraa tolooch
2015/12/18 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment