ICES буюу “International cake exploration societe” оролцож III-р байрын шагнал хүртсэн
Урлаг гэж юу вэ?... Урнаар бүтээн туурвиж сайхныг цогцлоон бүтээж, уран сайхан зүйлээр мэлмийгээ баясгаж, сонороо мялаан, сэрж мэдэрч, таван мэдрэхүйгээрээ гоо зүйн таашаал хүртэх тэр л үйлийг бүхэлд нь илэрхийлсэн утга хэмээн тайлбарлавал нэг их хол зөрөхгүй болов уу. Орчин үед хүн төрөлхтөн урлагийг, урлагийн бүтээлийг юу л бол юугаар бүтээн туурвиж байна. Харин тэдгээр урлагийн бүтээлүүд дотроос хамгийн амттай, амтлах, таашаах мэдрэмжийг зэрэг мэдрүүлдэг нь юу вэ. Мэдээж бялуу гэдэгтэй олон хүн санал нийлэх бизээ. Мода монголоор дуусдаггүй харин эхэлдэг болсон. Монголчууд Олон улсын хэмжээнд өрсөлдөж, ур чадвараа гайхуулж яваагийн нэгэн илэрхийлэл болсон бүтээлч бүсгүйтэй уулзаж ярилцсан юм. Өнгөрсөн долдугаар сард АНУ-ын Небраска мужийн Омаха хотод болсон ICES буюу “International cake exploration societe” гэх 40 дэх удаагийн уулзалт, шоунд Монголоо төлөөлж оролцоод гуравдугаар байрын шагнал хүртсэн М.Наранчимэг зөвхөн бялуу сонирхогчид төдийгүй гэрийн эзэгтэй нарын хэдийнэ танил болсон хүн юм.
-Тэмцээний талаарх мэдээлэл цахим ертөнцөд багагүй байна. ICES-т 2005 онд Азиас анх удаа Филиппин улс бүртгүүлж байж. Түүний дараа Хятад, Солонгос, Монгол гэсэн улсууд бүртгэлтэй болж, анх удаа оролцсон тэмцээнээсээ гуравдугаар байрын шагнал хүртсэн байна. Тэмцээний талаарх дурсамжаасаа хуваалцаач?
-Тэмцээн маань АНУ-ын Небраска мужийн Омаха хотод болсон л доо. Тэмцээндээ оролцохын тулд таньдаг айлд байрлах зайлшгүй шаардлагатай болсон. Учир нь бүтээлийнхээ зарим чимхлүүр ажлыг нь нэг газар хийчихээд шоундаа оролцохгүй бол зочид буудалд байрлаж кекээ хийж чадахааргүй байсан л даа. Тэгээд цахим хуудсаараа үзэж байтал нэг найз дүүгийнхээ зоо парк дээр авахуулсан зургийг хараад “Омаха хотод амьдардаг юмуу” гэж асуутал “Чимгээ эгчээ та ирэх гэж байгаа юм уу, ирвэл манайд ирээрэй” гээд маш уриалагхан хүлээж авсан. Огт танихгүй хүн “Чимгээ эгчээ” гээд хүлээж авсан нь надад маш гоё санагдсан.
Би тэмцээний үеэр өөрийн гэртээ байгаа юм шиг л, нэг дүүгийндээ оччихсон мэт л сайхан байсан. Энэ дашрамд надад маш их тусалсан Энхмаа, Жаргал хоёртоо маш их баярлалаа гэж хэлмээр байна.
- Таны оролцсон энэ удаагийн уулзалт тэмцээн ихээхэн онцлогтой болсон юм шиг санагдсан?
- Харин тийм. ICES буюу Олон улсын торт урлаачдын холбооны 40 насны төрсөн өдөр нь тохиож таарсан. Мөн энэ үеэр холбооныхоо Ерөнхийлөгчийг сонгосон. Ерөнхийлөгчөө сонгохдоо гишүүдээсээ санал авдаг юм билээ. Ер нь уулзалт, тэмцээн нь их өргөн болсон. ICES –ийн ивээн тэтгэгчээр Wilton зочид буудал 38 дахь жилдээ хамтран ажиллаж, Hilton зочид буудалд дөрөв хоног зохион байгуулагдсан.
- Тэмцээнд нийт хэдэн орон оролцсон бэ?
-Холбооны маань уулзалт, хурал дууссаны дараа шоу болсон л доо. Тэмцээнд нийт 28 орны бялуу урлаачид оролцсон. Мөн дээр нь АНУ мужууд их идэвхитэй оролцдог юм билээ. Харин Ази тивээс Азиас 2005 онд Филиппинээс хүн оролцсоноос хойш Монгол улс энэ холбоонд элссэн Азийн тав дахь орон болсон. Монголын анхны гишүүн нь.
- Тэгэхээр ирэх жил ч гэсэн тэмцээнд нь оролцоно гэсэн үг үү?
- Холбооных нь гишүүн болохоор жил бүр тэмцээн уралдаанд оролцох эрх нь нээлттэй байдаг. Анх удаа оролцохдоо багагүй амжилт гаргасан юм чинь ирэх жил ч гэсэн оролцох бодол байна. Гэхдээ сайн шийдээгүй байна.
-Сүүлийн жилүүдэд манай улсад торт хийдэг хүмүүс цөөнгүй тоогоор нэмэгдэж байна. Тэдгээр хүмүүс гишүүн нь болж, энэ тэмцээнд орохыг хүсвэл орж болох уу?
-Мэдээж болно. Надтай эсвэл холбоотой шууд холбогдоод орж болно.
Ээжийгээ амьд байхад нь хамт бялуу хийж үздэг байж гэж их боддог
-Эргээд “амттай” яриа руугаа оръё. Яагаад чухам бялуу хийх болов?
-Ээж маань тогооч мэргэжилтэй хүн байсан л даа. 2000 оноос хойш хотод нарийн боовны цех ажиллуулж байсан юм. Тухайн үед ээжийнхээ энэ ажлыг сонирхдоггүй, тоодог ч үгүй байлаа. Учир нь би өөр мэргэжилтэй хүн. Нягтлан бодох мэргэжилтэй Голомт банкинд ажилладаг байсан юм. Гэвч ээж минь 2009 онд өөд болсон. Мэдээж энэ хугацаанд эхнэр болж, эзэгтэй нь ажлыг гардан хийх болсон. Тэгээд 2013 оноос хойш хийж үздэг юм бил үү гэж бодоод оролдож эхэлсэн маань энэ л дээ. Түүнээс хойш “sarancake” гээд ээжийнхээ нэрээр сайт ажиллуулж эхэлсэн. Ээжийгээ байхад нь бялуу хийж үздэг байж дээ гэж их бодогдсон. Тиймээс ээжийнхээ үргэлжлэл больё, хийж байсан зүйлийг үргэлжлүүлж хийе гэж бодоод нягтлангийнхаа ажлыг хойш тавьж энэ салбар луу орсон доо.
-Та энэ чиглэлээр ямар нэг сургууль, дамжаа төгссөн үү?
-Төгсөөгүй. Зөвхөн өөрийнхөө оролдлогоор л сурсан. Хүүхэд байхдаа загвар зохион бүтээгч болохыг хүсдэг байсан. Тэр утгаараа их зураг зурдаг байсан нь нөлөөлсөн байх.
- Яг энэ талаар асуух гэж байлаа. Бүтээлээс зураач хүн болов уу гэж харагдахаар зүйл их байдаг?
- Ээжийн минь ах их сайхан зурдаг хүн байсан. Ахын минь авьяас бага зэрэг байдаг юм болов уу гэж боддог юм.
Би жигнэмэгэн дээр голчлон үлгэрийн сэдвээр зурах дуртай.
- Жигнэмэгэн дээр зурдаг юм байна. Цаасан дээр зурах, чихрэн дээр зурах хэр ялгаатай вэ?
-Ялгаатай. Хоёр өөр л дээ. Чихэр дээр ус хүрэхээр яадаг билээ яг тийм байдал үүснэ. Тиймээс арга эвээр л зурж будна даа. Би жигнэмэгэн дээр голчлон үлгэрийн сэдвээр зурах дуртай.
-Үнэхээр хараад байхад үлгэрийн баатрууд цөөнгүй байна шүү?
-Үлгэрийн ертөнцөд их дуртай. Хүүхдүүдтэйгээ нийлж байгаад хүүхэлдэйн кино үзээд суучихдаг. Дараа нь захиалга авлаа гэхэд үлгэрийн баатруудаар хийхэд ямар өмсгөл өмссөн байсан, ямар өнгөтэй байсан гэх мэтээр хэрэг болдог юм. Бүх юмыг нь сайн ажигладаг. Ер нь торт хийхэд ажиглалт их чухал.
-Сүүлийн үед бялуу урлалыг урлаг боллоо гэцгээж байна. Энэ тал дээр таны бодол?
-Яах аргагүй урлаг болтлоо хөгжиж зүйл. Цаашдаа ч хөгжсөөр байх болно. Бялуу бол зөвхөн идэх бус ширээний чимэглэлийн нэг хэсэг болж, айл бүрт гэрэл гэгээ нэмж байна. Өмнө нь торт гэхээр нэг л хэвийн зүйл байдаг байсан бол одоо фондант бялуугаар юу л бол юу хий байна. Учир нь фондант бялуу нь баримлын шавар шиг ямар ч хэлбэр, хэвэнд орж болдог. Тиймээс юу л бол юуг хийж, урлаж болдог болохоор бусдаас илүүд үздэг л дээ. Сүүлийн үед чихрэн урлал бас хүмүүсийн сонирхолыг их татаж байна.
- “Хийсэн бүтээл нь тухайн хүнийг илэрхийлж байдаг” гэж та яриандаа дурдсан байсан?
- Тийм шүү. Би гэдэг ямар хүн бэ гэдгийг миний хийсэн тортоос харагддаг юм шиг. Учир нь хүн болгоны юмыг харах өнцөг өөр байдаг. Тухайлбал би энэ талаас нь харсан байхад өөр хүн өөр талаас нь харж бүтээлээ хийх жишээний. Тиймээс хийсэн бүтээл нь тухайн хүнийг илэрхийлж байдаг гэж боддог.
-Таны бүтээлүүд ихэвчлэн маш их нарийн ажиллагаа шаардсан юм байна?
-Би аливаа зүйлийг сэтгэлээсээ хийхийг хүсдэг. Тиймдээ ч хийж байгаа зүйлдээ сэтгэлээ гаргаж чаддаг. Арай үнэтэй юмаар хийчихлээ гэж ерөөсөө боддоггүй. Аль болох захиалсан хүн маань ямар гоё юм бэ гэж хэлтэл нь л хийхийг хүсдэг. Зөвхөн торт биш доод талын сууриа хүртэл ямар өнгөөр хийх үү, туузаа яахуу гэх мэт бүх л зүйл дээр анхаарлаа хандуулж ажилладаг.
-Тэгэхээр таны хамгийн урам авдаг зүйл?
-Мэдээж үйлчлүүлэгчдийн маань “Баярлалаа” гэдэг үг. Би энэ үгнээс маш их урам авдаг. Бас бас үйлчлүүлэгчдийн маань сэтгэл. Бүтээлийг минь хараад нүдэнд нь инээмсэглэл тодрох тэр агшин үнэхээр гайхалтай. Мөн бүтээлийнхээ интернэтэд зургийг нь тавихаар маш олон хүн урмын үг хэлдэг. Хүн ер нь сэтгэлийн амьтан шүү дээ. Би бүтээлээ хийж суухдаа Игорь Kрутойн аялгуу сонсдог. Бүтээлээ хийж дууссаныхаа дараа зургийг нь дарж зогсох тэр мөч бас л сайхан мэдрэмж шүү.
- Зураг их сайн авдаг нь бүтээлээс чинь бас л харагдаж байна шүү?
- Бүтээлдээ орсон, нэг бүрчлэн хийсэн ажиллагаа болгоныг харуулахыг хичээдэг. Яг л дэргэдээс нь ойртуулаад харж байгаа юм шиг мэдрэмжийг өгөхийг хичээдэг.
-Таны хийсэн бялуу бол үнэхээр тансаг харагдаж чаддаг шүү. Харин амтанд нь та хэр анхаардаг вэ?
-Ихэвчлэн орос технолигоор хийдэг. Хэрвээ дотор нь зөөлөн маягийн орцнууд тухайлбал сүүн крем зэрэг зөөлөн орцнуудыг хийчихвэл бялуу маань доошоо суучихдаг. Учир нь гадуур нь бүрдэг учраас орос технолигоор ихэвчлэн хийдэг.
-Сүүлийн үед эмэгтэйчүүд хүнсний будгийг хүнсний хэрэгцээндээ их хэрэглэж байна. Таны хувьд материалуудаа хаанаас авч хэрэглэж байна вэ?
- Би бараа материалаа АНУ-аас авдаг. Фондантны бэлэн зуурмагийг хэрэглэдэг юм. Зуурч хэрэглэхээс ялгаатай нь нялуун байдаггүй. Зуурахаар сахарын пудр их ордог учир илүү чихэрлэг болчихдог. Гэхдээ хүн бүрийн амтлах мэдрэмж өөр өөр болохоор хүсвэл өөрсдөө зуурч хэрэглэж болно л доо. Тэрнээс бол давуу тал гээд байх юм байхгүй. Амт нь л ялгаатай. Бэлэн авах нь илүү үнэтэй, зуурч хэрэглэх нь бага зардалтай тусдаг. Гэрээтэй газартаа кодо хэлээд л Америкаас авчируулдаг. Бусад материал, багаж хэрэгслүүдээ бялууны тусгай брэндүүдийнхийг хэрэглэдэг.
- Ер нь фондант бялууг хийхэд хэр их цаг хугацаа шаарддаг вэ?
-Бялуу хийхэд хамгийн эхэнд чимэглэлийг нь хийж хатааж бэлдэнэ. Би бол захиалгаа долоо хоногийн өмнө авч бэлдэж эхэлдэг. Зарим хүмүүс хугацаагаа тулгаж захиалдаг. Гэхдээ би тийм захиалгаас аль болох татгалзахыг хичээдэг. Учир нь би бялуугаа өөрийн сэтгэлд хүртэл нь хийхийг боддог болохоор яарч бүтээл гаргахыг хүсдэггүй. Жишээ нь үлгэрийн ертөнцөөр хийвэл чимхлүүр ажил ихтэй хугацаа их ордог. Миний хувьд гол анхаарах зүйл бол маш цэвэрхэн хийх нь чухал.
- www.sarancake.mn гэсэн сайтыг тань хараад хүмүүс таны нэрийг л Саран гэсэн үг орсон байх? Харин ээжийнхээ нэрээр нэрлэжээ?
- Харин тийм. “sarancake” гэхээр хүмүүс Сараа юу гээд л их залгадаг. Миний ээж Дархан –Уул аймгийн дөрөвдүгээр цэцэрлэгт олон жил тогооч хийсэн хүн. Ээжийнхээ үргэлжлэл болж, ээжээ овоглоод л явж байна даа. Цаашдаа өөрийн гэсэн урлантай болгох зорилготой ажиллаж байна. Гэхдээ үйлдвэрийн хэмжээнд олон бүтээл гаргах боломжгүй болохоор зөвхөн захиалга өгсөн хүмүүстээ үйлчилдэг байх тийм урлантай болохоор төлөвлөж байна даа.
-Мэдээж та өөрөө ээж, эмээгийнхээ үргэлжлэл. Тэгэхээр үр хүүхдүүдээ ч гэсэн энэ сайхан уламжлалыг аваад яваасай гэж хүсч байгаа биз?
-Том хүү маань Тайваньд сурч байгаа. Энэ жил төгсөнө. Охин маань сурагч. Битүүхэндээ охиныгоо энэ үйлийг маань үргэлжлүүлэхийг хүсч явдагаа нуухгүй ээ. Гэхдээ охин маань бага байна. Одоохондоо миний багийн төрх шиг л хийж байгаа зүйлийг төдийлөн сонирхдоггүй. Заримдаа “Ямар байна миний охин” гэж асуухаар “Ээжээ угаасаа л гоё байдаг шүү дээ” л гэдэг.
-Таны хамгийн том торт, хамгийн их урамж авсан тортнуудыг чинь сонирхвол?
-Хамгийн том гэвэл хуримын тортнууд л байна даа. Таван давхар тортноос эхлээд бий бий. Харин урам авсан гэвэл шагнал авсан торт минь юм уу даа.
-Сүүлийн үед баяр болгоноор ширээ нь дээрээ торт тавихийг боддог болсон. Цагаан сараар хэр их ачаалалтай ажилладаг вэ?
-Сүүлийн үед Цагаан сараар торт захиалдаг болжээ. Хэд хэдэн захиалга ороод ирчихсэн байна. Монголынхоо хэв маягийг агуулсан торт хийхээр бэлтгэж байна даа.
-Магадгүй үнэ ханшийг нь сонирхож байгаа үйлчлүүлэгчид олон байгаа байх?
-Хэмжээнээсээ шалтгаалаад өөр л дөө. Манайх ихэнх бүтээгдэхүүнээ америкаас авчирдаг болохоор хамгийн бага нь 170 мянгаас эхэлдэг. Ажиллагаа, цаг хугацаа, хөдөлмөр шаарддаг болохоор бага зэрэг нь өртөг өндөртэй.
- Цахим ертөнцөд “Sweetkitchen” групп маш олон гишүүнтэй. Та ч гэсэн группын томоохон гишүүдийн нэг байхаа?
- Анх найзууд маань “Sweetkitchen” группийг санал болгоод 2012 онд нэгдэж байсан санагдаж байна. Би жил бүр шинэ жилийнхээ ширээг засдаг юм. Тэгсэн группээс зарлагдсан ширээ засалтын тэмцээнд 1-р байр эзэлж, “Cosmopolitan” сэтгүүлд ярилцлага өгч байсан шүү. Групп маань энэ жилээс өдөр бүрийн хөтөчтэй болсон байна билээ. Энэ нь эмх цэгцтэй их таалагдаж байгаа.
- ICES буюу Олон улсын торт урлаачдын холбооныхонтойгоо хэр холбоотой байдаг вэ?
- Холбоотой байдаг. ICES Сэтгүүлийн хамт олон дугаар гарах бүрд гэрлүү илгээмжээр явуулдаг. Мөн ICES Сэтгүүлийн хамт олон хийсэн бүтээлийг минь нийтлэх санал тавьсан. Бас сургалт явуулах санал тавьсан. Удахгүй сургалтаа явуулна.
Ярилцсанд баярлалаа.
Б.Ариун