8o
Улаанбаатар хот
mobile menu

Арбитрын шүүхэд Эрдэнэт үйлдвэрийг санаатайгаар ялагдуулсан баримтууд ил болж эхэллээ

2018-04-19 10:04:00

“Жаст”-ын  Ш.Батхүү “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо “Эрсдэл учирахад Эрдэнэт үйлдвэр санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэх гэрээ бий. Энэ гэрээг Эрдэнэт үйлдвэрээс арбитрын шүүхэд гаргаж өгсөн бол ялагдахгүй байсан. Тэр гэрээг гаргаж өгөөгүйд би гайхаж байгаа. Хэрвээ эх хувийг нь гаргаж өгсөн бол Арбитрын шүүхэд ялагдахгүй байсан” гэсэн утга бүхий зүйлийг ярьсан.

Тодруулбал, Ш.Батхүү нь “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 51 сая доллар зээл авсан. Стандарт банк Жастын Ш.Батхүүд өгсөн мөнгөө нэхэмжилж арбитрын шүүхэд хандсан. Ш.Батхүү нь мөнгөгүй учраас түүнд зээл авахад нь батлан даалт хийсэн Эрдэнэт үйлдвэрээс мөнгөө нэхэмжилж байна. Зээлийн үндсэн төлбөр болох 51 сая доллар хүү, алданги болон бусад төлбөртэйгээ нийлээд 106 сая доллар болон нэхэгдээд буй. Хүү өдрөөс өдөрт өссөөр буйг бид санах учиртай. 

Нэгэнт Ш.Батхүү зээлээ төлж чадахгүй болсон учир түүнийг улсыг хохироосон хэргээр цагдан хориод байна. Хоригдож буй түүний бие тааруу байгаа гэсэн мэдээлэл өчигдөр хэвлэлүүдээр гарсан. Түүнтэй хамт Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн дарга асан Г.Амарбат нарыг цагдан хориод байгаа юм.

Харин “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү нарыг шалгахгүй л байсаар. Уг нь тэд тухайн үед энэ хэрэгт чухал оролцоотой оролцсон хүмүүс. 

“Стандарт” банктай байгуулсан гэрээнд тухайн үед тус үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нар гарын үсэг зурсан. Гэвч тэд өөрсдийнх нь гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна лээ гэсэн тайлбар хэлээд өнөөдрийг хүргэв.

 Харин арбитрын шүүхээс тэдний гарын үсгийг хуурамч биш гэдгийг тогтоогоод байгаа билээ. Хамгийн ноцтой нь тэднийг хуулийн байгууллагаас шалгахгүй байгаа нь хачирхалтай.  Ч.Ганзоригийн гарын үсгийг хуурамч биш гэж гэдгийг Б.Мөнхжаргал баталгаажуулан гарын үсэг зурсан баримт АТГ-т байгаа гэдэг. Үүнээс гадна “Махионы лиотто” гэх хуулийн фирм нь Арбитрын шүүх ажиллагаанд “Стандарт” банкны талд ажиллахдаа Б.Мөнхжаргалтай утсаар ярьсан, гэрээний бүртгэл хийсэн гэх мэдүүлэг өгсөн байдаг гэнэ. Эндээс үзвэл “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа нэлээд нухацтай ахицтай явагдаж байгаа нь харагдаж байна. “Эрдэнэт” үйлдвэр, “Стандарт” банктай хийсэн гэрээ манай улсын хууль хяналтын байгууллагад олдоогүй. Харин Арбитрын шүүхэд дээрх гэрээний нэг хувь нь байсан билээ.

Тэгвэл АТГ-ынхан алга болсон энэхүү гэрээг Б.Мөнхжаргалыг цагдан хорих үеэр гэрт нь үзлэг шалгалт хийх үеэр олжээ. Тодруулбал, түүний гэрийн сейфнээс 28 хуудас бүхий "Эрдэнэт" үйлдвэр "Стандарт" банктай хийсэн "Барьцааны эрх, үүрэг шилжүүлэх" тухай  гэрээний эх хувилбар гарч иржээ. Мөн богино хэмжээний нэг бус гурван ч гэрээний эх хувь байсан гэх мэдээлэл байна. Чухам энэ нь дээр Ш.Батхүүгийн яриад байсан гэрээ юм. Уг гэрээг Арбитрын шүүхэд гаргаж өгсөн бол Эрдэнэт ялагдахгүй байсан гэдэг.

Гэтэл энэ гэрээг Б.Мөнхжаргал нь гэртээ сейфэндээ хадгалж байж. Б.Мөнхжаргал нь 2010 оны найман сард байгуулсан “Барьцааны эрх үүрэг шилжүүлэх тухай” гэрээг дараа жил нь буюу 2011 оны нэгдүгээр сард “Эрдэнэт үйлдвэр” компанийн холбогдох хуулийн ажилтанд үүрэг өгч, 2010 оны арванхоёдугаар сарын 30-ны өдрийн хамгийн сүүлийн дугаараар бүртгүүлсэн нь нотлох баримт гэрчийн мэдүүлгээр тогтоогддог гэнэ. Өөрөөр хэлбэл, байгуулсан гэрээг дараа жил нь бүртгүүлсэн нь ноцтой үйлдэл болоод байгаа аж. Б.Мөнхжаргалын АТГ-т өгсөн тайлбар мэдүүлгүүд, бодит байдал, “Эрдэнэт” үйлдвэрт хадгалагдаж байсан баримтууд зөрсөн нь Арбитрын шийдвэр “Эрдэнэт” үйлдвэрийн эсрэг шийдвэр гарахад нөлөөлсөн хүчин зүйл болсон гэж үзэж болохоор байгаа аж.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан хэргийг шалгах УИХ-ын ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна. Тэрбээр энэ талаар ярихдаа "Эрдэнэт үйлдвэр ялах үйлдлийг хийгээгүй. Ялах боломжтой байхад өөрсдийгөө дайчлахгүй хэргээр ялагдчихаад төлбөрийг нь төрөөр төлүүлэх гэсэн байж болзошгүй гэж би үзэж байгаа . Үйл явцыг харахад Лондонгийн арбитрын шүүхэд Эрдэнэт үйлдвэр ялах бүрэн боломж байсан. Өөрөөр хэлбэл, хуурамч гарын үсэгтэй холбоотой асуудлаа дотоодынхоо хууль хяналтын байгууллагаар шийдүүлээд буруутай этгээдүүдэд хариуцлага тооцсоноо Арбитрын шүүхэд илэрхийлсэн бол манай тал ялах боломжтой байсан" гэж хэлсэн юм. 

Энэх бүхнээс үзвэл Эрдэнэт үйлдвэрийг Арбитрын шүүхэд санаатайгаар ялагдуулжээ гэж харахаар байна.

Т.Саран

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Ene hkun unen zebiig il tod gargaj chadahkgyi dee Dandaa nam geed l hkeruul hkiigeed baidag
2018/04/19 103.26.193.9
zochin
Erdenet, OT, TT talaar anhk gargaj ard tumend il bolgoson Nyamdorj bolon busad zaluust bayar hkurgie .
2018/04/19 103.26.193.9
  • Recent
  • Most Read
  • Most Comment