Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-нд баривчилан 500 сая төгрөгийн хахууль авсан хэргээр шалгаж байгаа. Тэрбээр өчигдөр нэвтрүүлэгт оролцохдоо МАХН-ын удирдлагууд намайг энэ асуудалд хувийн ашиг сонирхлоор хандсан мэтээр харагдуулах гэж Шадар сайд Ц.Оюунбаатараар албан бичигт гарын үсэг зуруулсан хэмээн ярьсан. Энэ талаар Шадар сайд Ц.Оюунбаатараас тодрууллаа.
-Ц.Оюунбаатар худал албан бичигт гарын үсэг зуруулсан хэмээн ярьсан. Та хэзээ гарын үсэг зуруулсан бэ?
-Нэгдүгээрт ямар ч бланкан дээр би гарын үсэг зуруулаагүй. Тэгээд ч гарын үсэг зурах цаг хугацаа байгаагүй. Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгч байх үед нь Г.Шийлэгдамбатай нэг уулзаж, ажил төрлийн асуудлаар санал солилцсон. Тэгж гарын үсэг зуруулсан асуудал байхгүй.
- МАХН-ын дарга Н.Энхбаяр нөлөө бүхий гишүүдээ намдаа хандив өг гэдэг гэсэн. Таныг Н.Энхбаяр мөнгө олж ир гэж байсан уу?
-Үгүй. Би өнөөдрийг хүртэл 40 жил монголын төрд ажилласан. Хэнээс ч юм гуйгаагүй, хэнд ч мөнгө өгөөгүй.
-Таниас Н.Энхбаяр санхүүжилт хүсэж байгаагүй гэж үү. Та хандив цуглуулж байсан уу?
-Би 40 жил цалингаараа амьдарч байна. Би хуулиа биелүүлдэг хуулийн хүн. Би өнөөдрийг хүртэл хуулийн хүрээнд ажиллаж ирсэн. Тийм учраас ямар нэгэн мөнгө төгрөгний асуудал болон ямар нэгэн бланкан дээр гарын үсэг зуруулсан юм байхгүй.
Б.Анх