Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр “Ил тод, хариуцлагатай уул уурхай” уул уурхай сэдвээр өнөөдөр мэдээллээ хийлээ. Хуралд УУХҮ-ын сайд Д.Сумъяабазар болон газрын дарга нар оролцсон юм. Мэдээллийн эхэнд УУХҮ-ын сайд Д.Сумъяабазар "Казакстан улс хоёр том баялгийн сангаар дамжуулан дэлхийн зах зээл дээр хувьцаа гаргаж, худалдаж авдаг. Үүний адил бид, Монгол улс ч гэсэн баялгийн сангийн тухай ярих цаг болсон. Олон орны баялгийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцсон. Баялгийн сан гэдэг нь Үндсэн хуульд заасан байгалийн баялаг бол ард түмний өмч гэдэг заалтыг хэрэгжүүлэх, гол үндэс нь. Тиймээс баялгийн сангийн тухай хуулийг боловсруулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Харин өнөөдрийн бидний ярьж буй энэ Баялгийн сан бол хуримтлалын сан гэж ойлгох хэрэгтэй. Үндсэн хуулийн 6.1-д зааснаар Улс орны баялаг ард түмний өмч мөн гээд заасан байдаг. Тиймээс Баялгийн сангийн тухай хуулийг бид яаралтай санаачлан хэлэлцэхээр хэд хэдэн улсын туршлагыг судлаж үзлээ. Бид уул уурхайгаас олж байгаа орлогуудаа ирээдүйн өв сан болгож үлдээх ёстой. ДНБ-ий 10 хувиас давсан хуримтлал үүсгэхэд бид анхаарах хэрэгтэй болжээ. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүн болон ашигт малтмалын үнэ өсөлттэй байна. “Эрдэнэс Монгол” дээр суурилж баялгийн сан, үндэсний хуримтлалын санг бий болгохоор зорьж байна. Үндэсний хуримтлалын сангийн тухай болон баялгийн сангийн хуулиудыг УИХ-ын гишүүн болон Засгийн газрын түвшинд ч дэмжиж байгаа" гэв.
Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
-Сая айлчлалын үр дүн. Мөн БНХАУ-ын Петрочайна компанийн удирдлагуудтай бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар тодорхой мэдээлэл солилцсон зүйл бий юу?
-Айлчлалын хүрээнд БНХАУ-ын тал бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр бид хөрш, зэргэлдээ орнууддаа ашигтай байдлаар цааш явах ухаанаар бодлогоо гаргаж явах ёстой гэж бодож байна. Өчигдрөөс эхлэн Гашуунсухайт боомтоор хил нэвтрэх нүүрс тээвэрлэгч машины тоо эрс нэмэгдэж эхэлсэн. Энэ тоо ч цаашид ч нэмэгдэх байх. “Петрочайна” ХХК-тай хийсэн газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг анх 1993 онд бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах ажлын хэсэг ажиллаж байгаа.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрснээс 268 мянган тонн нүүрс дутагдсан гэх мэдээлэл гарсан. Нүүрс дутагдсан шалтгаан юу байв?
-268 мянган тонн нүүрс алга болсныг мэргэжлийн байгууллагууд судалж, ажиллахаар ажлын хэсэг байгуулна. Ийм хэмжээний нүүрс яагаад дутсаны олж тогтоох хэрэгтэй. Мөн түүний шалтгааныг олох ёстой.
-Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг цагдан хорьж хэргийг нь шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Рио Тинто компаниас Засгийн газарт ямар нэг мэдээлэл ирүүлж байр сууриа илэрхийлсэн зүйл байгаа юу?
-Оюутолгойтой холбоотой энэ асуудыг хүмүүс өөр өөрсдийнхөөрөө таамаглаж байна. Оюутолгойн анхны гэрээтэй холбогдуулан хуулийн байгууллага холбогдох шийдвэрээ гаргах байх. Ер нь бол Оюутолгойн гэрээ ямар нэг байдлаар гацах, саад бэрхшээл тулгарч болохгүй гэж би хувьдаа бодож байна.