Монгол улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат нар олон жилийн өмнөөс Монгол бөхийн өргөөг өөрсдийн болгохоор хөдөлж эхэлснийг хүмүүс мэднэ. Тэдний санаа өнөөдрийг хүртэл бүтэлгүйтсэн хэвээр байна.
Тэд Монгол бөхийн холбоог өөрсдийн болгохоор Их эе хурлыг өөр газарт тусад нь хуралдуулж шүүхийн шийдвэр гаргуулан зүтгэж буй.
Харин нөгөө талд Бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар холбоогоо өгөхгүй хэмээн бүхий л талын арга хэмжээг авсаар. Тэд ч мөн шүүхдэж шүүхийн шийдвэрийг өөрсдийнх нь талд гарсан хэмээн тайлбарлаж байгаа юм. Мөн "Их эе" хурлыг саяхан зохион байгуулж тэргүүнээрээ дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилсон юм.
Энэ зөрчил хурцдаж хэрүүл, маргаан зодоон цохиондоо туллаа. Чухам тэдний хэнийх нь зөв эсэхийг шүүх ч өнөөдөр тодорхой болгож чадаагүй байна. Ямартай Р.Нямдорж өөрийн санаачлан, үүсгэн байгуулсан Үндэсний бөхийн холбоо, бөхийн өргөөгөө өгөхгүй гэж гүрийж байгаа бол Х.Баянмөнх, А.Сүхбат нар холбоог нь авна гэж тус, тусдаа шүүх хуулийн байгууллагаар явж ирэв. Тэдний ард Гацууртын Л.Чинбат байгаа гэх мэдээлэл бий. Ямартай ч Үндэсний бөхийн холбоо Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ гэх хоёр тэргүүнтэй болоод байна. Эцэстээ энэ хэрүүл нь хурцдаж өөрсдөө ил гарч зодолдох боллоо. Хамгийн гол нь тэднийг даган бөхчүүд хоёр хуваагдаад байна.
Баасан гаригаас Бямбад шилжих үдэш Х.Баянмөнх аваргын хүү Б.Гантогтох гарьд, хүргэн А.Сүхбат аварга болон Ч.Бүрэнтөгс, Н.Батсуурь Ө.Бат-Орших нарын Увс нуур дэвжээний бөхчүүд Бөхийн өргөөнд очиж бужигнаан үүсгэжээ.
Болсон явдлын талаар Үндэсний бөхийн холбооноос "Бөхийн өргөөнд хамгийн түрүүнд А.Сүхбат аварга тоглолт үзнэ хэмээн туслахынхаа хамт орж ирсэн. Түүний араас Б.Гантогтох гарьд Ч.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Ө.Бат-Орших, Т.Баасанхүү нар орж ирж, үймээн дэгдээсэн. Баянзүрх дүүргийн цагдаа нар ирж зохицуулсан. Цагдаа нар үймээн үүсгэсэн бөхчүүдэд шаардлага тавьж, Бөхийн өргөөнөөс тэднийг гаргасан ч А.Сүхбат аварга, Бүрэнтөгс арслан хоёр үлдсэн" гэх тайлбарыг өгчээ.
Дүүргийн цагдаагийн хэлстийнхэн Бөхийн өргөөг битүүжлэн үүсээд буй нөхцөл байдлыг зохицуулжээ. Цагдаа нар УИХ-ын гишүүн А.Сүхбатыг гаргах гэхэд тэрбээр эсэргүүцэл илэрхийлж "Би эндээс явахгүй" гэж ихээхэн бужигнаан үүсгэсэн бололтой. Тэрбээр үүр цайтал үзэж, тарж байгаад гэртээ харьсан сураг байна.
Х.Баянмөнх аваргыг Бөхийн өргөөний гадаа байх үед нь Г.Өсөхбаяр аварга түүнтэй уулзаж, эе эвээ хичээх санал тавьсан тухай мэдээлэл байна. Тэрбээр "Бөхийн өргөө рүү дайрна довтолно гээд хүмүүс цуглуулсан мэдээлэл байна. Ийм байж болохгүй. Та хэлж болиулна уу' гэжээ. Х.Баянмөнх аваргын зүгээс "Бид урьд шөнө 05 цаг хүртэл энд суулаа. Хэл амаа ололцохгүй бол ийм байдалд ахиад хүрнэ. Нэг юмны зөрчил гэдэг чинь тийм айхтар байдалд хүргэж байгаа юм. Би болиулж чадахгүй" гэсэн байна.
Үндэсний бөхийн холбооны талцал ийм дээрээ тулсанд зарим бөхчүүд эмзэглэж байгаагаа нуухгүй байна. Үндэсний бөхийн домогт авара нас бараад долоо ч хоноогүй байхад шөнө дөлөөр Бөхийн өргөөг булаацалдсан хэрүүл үүсгэсэнд УИХ-ын гишүүн А.Сүхбат болон Увс нуур дэвжээнийхэнд олон нийтийн сүлжээнд шүүмжлэлтэй хандах хүмүүс цөөнгүй байна.
Төрийн бус байгууллагын хэрүүлд төрийн байгууллага оролцсонд зарим бөхчүүд шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэвлэлийн хурлаараа мэдэгдсэн. Тодруулбал, Л.Чинбатад Улсын бүртгэлийн газар гэрчилгээ, тамга тэмдэг хийж өгсөн нь улстөрчдийн гар хөл оров уу гэх хардлага дагуулаад байгаа. Өөрөөр хэлбэл, энэ бүх үйл явдлын ард Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байгаа гэсэн хардлага ч явж байна. Урьд шөнө болсон энэ дайралтыг өнөөдөр дахин гарахаас сэргийлж, цагдаа нар Бөхийн өргөөг хамгаалалтад авсан байдалтай байна.