Г.Шийлэгдамба: Намын даргын тушаалаар намдаа санхүүжилт авчирсан
Сонгууль дөхөж буйтай холбогдуулан авлигын хэд хэдэн томоохон хэргүүд шалгагдаж байгаа. Тэдний нэг анхаарал татсан хэргүүдийн нэг бол Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын хэрэг юм. Түүнийг АТГ өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-нд баривчилсан. Тухайн үед баривчлах үед 500 сая төгрөгийн хахууль авах гэж байгаад үйлдэл дээр нь баривчилсан гэж тухайн үед мэдээлж байсан юм. Тэгвэл Г.Шийлэгдамба энэ талаар өөрөө ам нээлээ. Тэрбээр хэргийн талаар “Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ЭМСЯ-ны байранд байхад АТГ-ын нөхдүүд иргэн Даваасүрэнгээс тодорхой хэмжээний мөнгө авсан гэх мэдээллийн мөрөөр шалгаж байна гэж ирсэн. Тэд намайг үйлдэл дээрээ мөнгө авч тоолж байхад баривчлаагүй. Хэвлэл мэдээллээр 500 гаруй сая төгрөг гэж мэдээллээд байсан. Гэвч тийм биш.
Асуудлыг шүүх дээр шийдэх ёстой. Зарим хүмүүсийн хэлсэн шиг би ширээн дээрээ мөнгө тавьчихаад тоолоод сууж байсан зүйлгүй. Мөнгө авч, өгсөн хүн бол Осорын Даваасүрэн гэх хүн. Надтай ойр дотно явдаг. 50 гаруй насны хувийн бизнес эрхэлдэг ах маань.
Түүнээс биш аль нэгэн ААН, компанитай тохиролцож, тендерийн зорилгоор авсан мөнгө биш. Энэ бол цэвэр намын санхүүжилттэй холбоотой, хандив тусламж. Түүнчлэн олон нийтэд хаягласан ил захидал өөрийнх нь гараар бичсэн захидал мөн” хэмээн мэдэгдлээ. Түүний ярианаас тэрбээр өөрийн хувийн хэрэгцээнд бус харин намын даргын тушаалаар намдаа санхүүжилт авчирч байгаад саатуулагдаад байсан аж.
Г.Шийлэгдамба өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд батлан даалтаар гарсан. Түүнийг баривчлагдсаны маргааш нь МАХН-ын байранд МАХНын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Э.Эрдэнэжамъян, тус намын дэргэдэх Ардчилал, шударга ёс-Монголын залуучуудын холбоо”-ны тэргүүн О.Буяннэмэх нар хэвлэлийн хурал зарлаж байсан. Хурлын үеэр тэд МАХН-ын эсрэг цэвэр улстөрийн шинжтэй үйл ажиллагаа явж байна гэх мэтээр тайлбарлаж байсан. Төд удалгүй Г.Шийлэгдамба намын ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайдын суудлаас татгалзаж өргөдлөө хорих 461-р ангиас бичсэн байсан. Тэгвэл албан тушаалаа өгөх хүсэлт нь өөрийнх нь хүсэл биш байсан бололтой. Учир нь Шадар сайд Ц.Оюунбаатар өөрийн бэлтгэж ирсэн огцрох хүсэлт дээр гарын үсгийг нь зуруулж авсан байна. Түүнийг ингэж хүсэлт гаргасны дараа Шадар сайд Ц.Оюунбаатар огцрох өргөдлөө өгсөн. Энэ нь цаанаа Шадар сайдын суудалд МАХН-ны дарга Н.Энхбаяр сууж, өөрөө Эрүүл мэнд, спортын яамны сайдаар томилогдох тохироо гэдгийг хэлж байна. Уг тохирооны дагуу явах гэсэн боловч олон нийт Н.Энхбаярт тийм ч дуртай хандаагүй. Мөн улс төрийн намуудын эсэргүүцэл тэр дундаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таалаагүйтэй холбоотой. Түүнийг төрийн өндөр албан тушаал хаших хуулийн хугацаа болоогүй гэсэн шалтгаанаар Шадар сайд болох тохироог нь өнөөг хүртэл гацаанд оруулаад байгаа юм. Тэгвэл МАХН-ны дарга энэ удаа ээлжит Шадар сайд болох дайралтаа энэ долоо хоногт хийх нь. Учир нь Намбарын хүү Засгийн газрыг авч үлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул энэ удаа ногоон гэрлээр Шадар сайд болох нь гарцаагүй болж байна. Цаашлаад Шадар сайдаасаа огцрох өргөдлөө өгсөн Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спорын яамны сайдаар томилогдох юм.
Ц.Оюунбаатар намын нөхөр Г.Шийлэгдамбад тус болсон уу ус уу?
Шадар сайд Ц.Оюунбаатар Г.Шийлэгдамыг хоригдсоны дараа өмгөөлөгч олж өгчээ. Гэхдээ энэ бол мэдээж МАХН-ын даалгаврын дагуу. Гэвч уг өмгөөлөгч нь 60 сая төгрөгөөр өмгөөлж байгаа бөгөөд Г.Шийлэгдамын гэр бүлийнхэн тухайн өдөр нь 100 хувь төлбөрийг нь төлсөн байна. Шийлэгдамбын аав Ганзориг гуай хүүгийнхээ хувийн хэрэгцээнд зориулагдаж байсан машиныг ломбардаж уг мөнгийг өгчээ. Гэхдээ 60 саяын үнэтэй уг өмгөөлөгч нь өөрийн өмгөөлөх бус харин намын эрх ашгийн төлөө, намын даалгавраар хянаж байгаа гэх. Учир нь тэрбээр суллагдаж гарч ирсэнийхээ дараа олон нийтэд зөв ойлголт өгмөөр байна гэхэд “Та одоо яаж тайлбарлаад нэмэргүй. Нэгэнт та хувийн хэрэгцээнд зориулсан мөнгө гэдгээ тайлбарлачихсан" гэсэн байна. Энэ мэт зөвхөн намын төлөө үйлчилж байгаа гэх.
Н.Энхбаярын ээлжит золиос Г.Шийлэгдамба мөн үү?
Гэвч Н.Энхбаяр энэ удаа хуурай дүү, Г.Шийлэгдамбаар туг тахихаар шийдсэн бололтой. Учир нь намын ерөнхий нарийн бичгийн дарга гэх албан тушаал нь тухайн намын санхүүжилтийг авчирдаг хүн аж. Түүнчлэн тухайн намаас төрийн өндөр албан тушаалд суусан эрхмүүд намдаа их, бага хэмжээгээр санхүүжилт хийх үүрэгтэй. Энэ бол Монголын улс төрийн бичигдээгүй хууль гэлтэй. Одоо л олон нийтэд ил болж байгаа болохоос энэ бол сүүлийн 20 гаруй жил жирийн үзэгдэл мэт явж ирсэн зүйл юм. Тиймээс л улс төр жирийн иргэний хүү биш харин баячуудын хүүхдүүд амжилт олдог нь ийм учиртай аж. Г.Шийлэгдамба батлан даалтаас гарсныхаа дараа Н.Энхбаяр даргатай нэг удаа уулзахад эр хүний ёсоор тэврэлдээд, МАХН-ын байран дээр ахиж ирэхгүй байхыг хүсчээ. Өөрөөр хэлбэл хүнд хэцүү бүх үеийг давж туулсан түүнийг нам нь, намын дарга Н.Энхбаяр хэрэгт холбогдсон даруйд нь өөрөөсөө холдуулахыг хүссэн бололтой. Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг “Шадар сайд боллоо гээд айхгүй байна. Би үнэнийг тогтоохыг хүсч байна. Хэрэв үнэнийг тогтоож чадвал намын бусад нөхдөд зөв зам болно. Уг нь би Н.Энхбаяр даргыг БНСУ-аас ирэхэд намаа нэгтгээд удирдаад явах нь гэж маш их баярлаж байсан. Гэвч эсрэгээрээ намыг хагалан бутаргаж, хүчийг нь сулруулсан” гэлээ.
Б.Дорж