Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэх хэргээр саатуулагдаж байгаад оны өмнө батлан даалтад гарсан билээ. Тэрээр 461 дүгээр ангид саатуулагдаж байгаад бие нь муудаж Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт хэвтэж байгаад гарсан юм. Тэгвэл тэрээр өнгөрсөн долоо хоногт өөрийг нь торны цаана суулгах шахсан 500 сая төгрөгийн эзнийг илчилсэн захидлыг олон нийтэд хүргэсэн.
Тодруулбал, Г.Шийлэгдамбын ажлын өрөөний сэйфнээс илэрсэн 500 сая төгрөгийг өөрт нь хэн өгсөн, тэр мөнгийг хэн авах байсан зэргийг захидлаараа дамжуулан илчилсэн юм. Уг захианд “Г.Шийлэгдамба нь Ерөнхий сайдад Эрүүл мэндийн сайдаас огцоръё гэх өргөдлийг өөрийн хүсэл эрмэлзлээр бичээгүйгээс гадна өрөөндөө хадгалж байсан 50 мянган ам.долларыг намын дарга Н.Энхбаяртаа өгсөн. Хэрэв баривчлагдаагүй бол нэмж 120 мянган ам.долларыг нэмж өгөх гэж байсан” тухай дурдсан байсан юм.
Ингэхдээ “Миний бие иргэн О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж авсан мөнгөний 50 000 $-ыг 2015.11.4-ний өдрийн өглөө Н.Энхбаярт МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно. Харин уг өдрийн орой ЭМС-ын Яамны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120 000 $-ыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон байсан боловч тус өдөртөө АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан юм. Эцэст нь уг асуудал шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад журмын зарим нөхөд маань бодит үнэнийг илт гуйвуулан ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна” хэмээн захиандаа бичсэн.
МАХН-ын ерөнхий нягтлан Ц-г өнгөрсөн баасан гаригт буюу нэгдүгээр сарын 29-нд АТГ-аас баривчилжээ.
Тэгвэл энэ Г.Шийлэгдамбын захианаас болж МАХН-ынханд нэлээд асуудал үүсээд байгаа сурагтай. АТГ-ын алба хаагчид тус намын байранд очиж нэгжлэг хийсэн байна. Улмаар ерөнхий нягтланг нь баривчилсан бөгөөд шөнө болтол байцааж байгаад явуулжээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр:
- Энэ жүжгийн гол дүрд би тоглохгүй.
Захианы талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр: “-Би тэр захиаг олж уншлаа. Гэхдээ манай Г.Шийлэгдамба шиг хүн арай тийм захиа бичихгүй. Ний нуугүй хэлэхэд би намын дарга нь. Манай Г.Шийлэгдамба намын Ерөнхий нарийн бичгийн дарга. Бас миний хайртай дүү. Урьд нь ч гэсэн Г.Шийлэгдамбыг дэмжиж Эрүүл мэндийн сайд болгосон гээд яриад байвал их юм байна. Чадалтай, хүн чанартай гэж бодож хамгийн итгэлтэй хүмүүсийнхээ нэгээр боддог.
Захиаг нь би хуурамч захиа гэж бодож байна. Би Г.Шийлэгдамбынхаа гарын үсгийг шинждэг хүн биш. Ямар ч байсан хуурамч захиа гэж бодож байна. Зарим нэг хэллэг нь Г.Шийлэгдамбынх биш байна лээ. Эсвэл маш их сэтгэл санааны хүнд дарамтанд ороод бичсэн байж магадгүй гэж бодож байна.
Уг нь Г.Шийлэгдамба дарга намын санхүүжилтийн хандивыг цуглуулах ажлыг хийдэг хүн л дээ. Үүгээр далимдуулж Н.Энхбаяр болон МАХН руу дайрах гэж байгаа бол ёстой хуучирсан пянз л байна. Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй гэж байгаа бол энэ жүжиг ахиад газар авахгүй.
Би хувьдаа нэг ч төгрөг аваагүй. Магадгүй Н.Энхбаяр намаа толгойлоод сонгуульд оролцвол сонин үр дүн гарч болно гэж ард түмэн хараад байгаа болохоор үүнийг зогсоох гэж байгаа бололтой юм. Одоо бол МАН-ын ч тэр АН-ын ч тэр нэр хүнд их муу байна” хэмээсэн.
Тэгвэл энэ дуулианы гол баатар болоод байгаа Г.Шийлэгдамбад авлига өгсөн О.Даваасүрэн гэж хэн бэ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр О.Даваасүрэн нь УИХ-ын гишүүн Ч.Улааны эхнэрийн дүү хэмээн мэдээлж байна. Гэвч дуулианы эзэн нь Гааль, Татварын ерөнхий газрын Татвар хариуцсан орлогч дарга Оросоогийн Даваасүрэн биш аж. Г.Шийлэгдамбад авлига өгсөн гэх О.Даваасүрэн нь Осорын Даваасүрэн гэх хүн бөгөөд IT-гийн бизнес хийдэг нэгэн.
Мөн тэрбээр Г.Шийлэгдамбын аавынх нь найз, дотны хүн нь гэнэ. Осорын Даваасүрэн нь 1958 онд төрсөн 58 настай хүн юм байна.
Тухайн үед Эрүүл мэндийн яаманд IT-гийн томоохон тендер зарлагдах гэж байсан тул түүнийг ийнхүү их хэмжээний авлига өгөх гэж байсан гэж байж болзошгүй аж.
Б. Тайван