8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм:Тэмээгээр аялагч Н.Байгальмаа Булганы Ярант боомт дээр ирж, Шүүгчдийн ХОМ-ийг ирэх сард зарлахаар болсон өдөр

2018-03-29 18:40:00

Хаврыг олон ааштай гэлцдэг. Гэхдээ хавар хүн бүрийн сэтгэлд тод дурсамж, хайр оргилсон их хүсэл эсвэл уйтгар гуниг гэх мэт олон аашийг төрүүлж байдаг шидтэй. Магадгүй хавар биш бид олон ааштай болдог байж магадгүй шүү. Юутай ч хавар гэдэг шинэ бүхний эхлэл байж чадах тийм л улирал. Өдөрт хэд хэд хувирах "муухай ааштай" цаг агаар таныг бага зэрэг бухимдуулж байгаа бол хаврын тухай эрч хүч өгөх ишлэлүүд уншиж эрч хүч ороорой. 

"Чи бүх цэцгийг тасалж чадах ч хавар ирэхийг хэзээ ч болиулж чадахгүй" Пабло Неруда
Хавар гэдэг байгалийн хэлээр “Алив цэнгэцгээе” гэсэн үг.  Робин Уиллиамс
"Хаврын улиралд би 24 цагийн дотор цаг агаарын 136 өөрчлөлтийг мэдэрсэн"​ Марк Твэйн
Хавар бол бурханы хэлээр “Ахин нэг боломж” гэсэн үг.​ Роберт Орбен
"Хавар бол үнэхээрийн шинэчлэн байгуулагч"​ Хенри Тимрод
"Амьдрал миний өмнө шив шинэхэн өнгөлөг хувцастай мөнхийн хавар шиг зогсож байна"​ К.Ф.Гаусс
"Хавар ирлээ. Хорвоо дэлхий яг л шүлэг мэддэг хүүхэд шиг боллоо" ​Рэйнер Мариа Рилк. Үргэлжлүүлэн Монголын нэг өдөр тойм булангаа хүлээн авна уу. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

ХОМ: У.Хүрэлсүхийн Засгийн Газрын сайд нарын орлого өнгөрсөн жилийнхээс хэд дахин буурчээ

Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас олон нийтэд ил болгоод байнаЧухал.мн сайт У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Ардын Засгийн газрын сайд нарын хэн нь хэдэн төгрөгийн орлого, хөрөнгөтэйг танилцуулж байна. Цаашлаад хадгаламжиндаа хэдэн төгрөгтэй, үнэт эдлэл, үл хөдлөх хөрөнгийнх нь хэмжээ болох мөн хэнийх нь орлого өсч, хэнийх нь хасагдав гэдэг мэдээллийг хүргэе.

Хамгийн сонирхолтой нь сайд нарын жилийн орлого 2016 оныхоос даруй хэд дахин буусан нь олны анхаарлыг татаж байна. 


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд өнгөрсөн жил Шадар сайдаар ажиллаж байсан бол энэ жил Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байна. Түүний жилийн орлого нь өнгөрсөн оныхоос 15 сая төгрөгөөр өссөн байна. Харин гэр бүлийн нийт орлого нь 2.7 сая төгрөг хэвээр байна. Мөн 1 тэрбум 756 сая төгрөгийн хадгаламж, 284 саяар үнэлэгдэх тээврийн хэрэгсэл болох Harley Davidson, Lexus-570, Mersedes Benz болон бусад төрлийн хөрөнгийн өөрчлөлт гараагүй болохыг мэдүүлсэн байна.  Тэрбээр Эрдэнэс тавантолгойд 1072 хувьцаатай аж.


Шадар сайд Ө.Энхтүвшингийн жилийн орлого өнгөрсөн жилийнхээс 60 сая төгрөгөөр өссөн байна. Түүний нэг жилийн орлого  225 сая 380 мянган төгрөг байна. Харин гэр бүлийн орлого нь мөн 16 сая төгрөгөөр өсчээ. 900 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай, 40 сая төгрөгийн Lexus,470- 1 машинтай, 15 сая төгрөгийн хурдан удмын хоёр адуутай, 0,07 га газартай, 50 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 235 мянгөн төгрөгийн хадгаламжтай, 290 сая төгрөгийн зээлтэй, Собу ХХК-д хувь эзэмшдэг байна.


ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нь жилийн орлогоо 166 сая 288 төгрөг хэмээн мэдүүлжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос долоон сая гаруй төгрөгөөр буурчээ. Харин гэр бүлийн орлого нь 90 гаруй сая төгрөгөөр буурчээ. Түүнд 722 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц 1, үйлдвэрлэл үйлчилгээ 1 байна. Мөн 55 сая төгрөгөөр үнэлэгдэх Nissan,Murano- 1,Volkswagen,Passat- 1 машинтай аж. 130 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй, хадгаламжиндаа 77 сая төгрөгтэй байна. Түүний хадгаламж дахь мөнгө ч мөн 60 гаруй сая төгрөгөөр буурчээ. Монголиан силикон валлей ХХК-д 30 хувийг эзэмшдэг.


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар жилийн орлогоо 44 сая төгрөг гэж мэдүүлжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 80 гаруй сая төгрөгөөр буурсан үзүүлэлт байна. Харин гэр бүлийн орлого нь 50 гаруй сая төгрөгөөр өсчээ. Тэрбээр 313 сая төгрөгөөр үнэлэгдэх 4 орон сууцтай. 40 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus,470- 1 машинтай, хурдан удмын хоёр адуутай, хадгаламжиндаа 438 сая төгрөгтэй аж.


Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн жилийн орлого 171 сая төгрөгөөс 23 сая төгрөг болтлоо буурчээ. Харин гэр бүлийн орлого 6 сая 498 мянган төгрөг хэвээр байна. 150 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай, 29 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota,Venza- машинтай, 0.7 га газартай, 7 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол хадгаламжиндаа 5 сая төгрөгтэй аж.


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъябазарын жилийн орлого нь 18 сая төгрөг байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 140 гаруй сая төгрөгөөр буурсан үзүүлэлт байна. Гэр бүлийн гишүүдийн орлого 3 сая төгрөг бөгөөд 1 нэг тэрбум 929 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай, 160 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus,570 машинтай, 227 адуу, 220 хоньтой, 618 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, Үндэсний хөрөнгө оруулалт банк, Баянгол Зочид буудал ХК, Эрдэнэс таван толгой ХК, Нэйшнл Фанд Менежмент ХХК, Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк ХХК-д хувьцаа эзэмшдэг бөгөөд газаргүй юм байна.


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нь жилийн 23 сая төгрөгийн орлоготой. 2015 онтой харьцуулахад түүний орлого 10 дахин буурчээ. Гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 85 сая төгрөг бөгөөд 934 сая төгрөгөөр үнэлэгдэх 4 орон сууцтай, 289 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota,Land Cruiser 200- 1,Lexus,RX 400- 1 машинтай байна. Мөн 30 адуутай, 30 орчим компанид хувь эзэмшдэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй аж.


Боловсролын сайд Ц.Цогзолмаагийн жилийн орлого 187 сая төгрөгөөс 29 сая төгрөг хүртлээ буурчээ. Нэг тэрбум 740 сая төгрөгийн нийт гурван орон сууцтай, 150 сая төгрөгөөр үнэлэгдэх Mercedes Benz,1017F0- 1 машинтай. Хонь-53, Үхэр-35, нэг тэрбум 750 сая төгрөгөөр үнэлэгдэх Эзэмших, 503-1, Эзэмших, 504-2 газартай, 65 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, хадгаламжиндаа 27 сая төгрөгтэй, 20 сая төгрөгийн зээлтэй аж.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын жилийн орлого 193 саяас 31 сая төгрөг хүртлээ буурсан бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 243 саяас 377 сая болж өссөн байна. Нэг тэрбум 555 саяар үнэлэгдэх дөрвөн орон сууцтай, машингүй, малгүй,  700м2-1 эзэмшлийн газартай, 10 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 200 орчим сая төгрөгийн зээлтэй бөгөөд есөн компанид хувьцаа эзэмшдэг аж. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

“СТАНДАРТ” банкинд төлөх хүү сар бүр 870-900 мянган ам.доллаар өссөөр

Өнгөрсөн сарын эхээр буюу хоёрдугаар сарын 1-ны өдөр Монголын Засгийн газар Арбитрын хоёр шатны шүүхэд ялагдаж Өмнөд Африк дахь "Стандарт" банкны мэдэлд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр очих шийдвэр гарсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн билээ. Уг мэдээлэл гарсан даруй олон нийтийн яриа сэдэв болж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тэргүүн нүүрэнд хэдэнтээ нийтлэгдсэн. Сайн, муу аль аль талаасаа. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэр хоёр үйлдлээр Олон улсын арбитрт ялагдсан тухай шийдвэрийг уг мэдээлэл гарахаас хэд хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар хүлээж авсан гэдгийг эх сурвалж онцолсон.

Бяцхан түүх сөхвөл одоогоос 5-6 жилийн өмнө “Жаст” компанийн захирал Ш.Батхүү нь 2010-2012 онд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалан, үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг ашиглаж “Стандарт” банкнаас нийт 109 сая доллар зээлсэн гэдэг Энэ маргаанаар Лондоны Арбитрын шүүх хуралдаан дөрвөн удаа болж, “Стандарт” банк ялж, “Эрдэнэт” үйлдвэр ялагдал хүлээсэн байдаг.

Үүнээс улбаалан Эрдэнэт үйлдвэрээ “Стандарт” банкинд алдах уу, өдөртөө 75 сая ам долларын өрийг төр төлөх тухай яригдаж эхэлсэн. Хатуухан хэлбэл монголчууд саалын үнээгээ алдахгүйн тулд өдөртөө 75 сая ам.доллар төлөх дээрээ тулсан. Тэгвэл энэ хэргийн шалгалтын үйл явц болон хүү төлөх асуудал юу болов.  

“СТАНДАРТ” БАНКИНД ТӨЛӨХ ӨР НЭГДҮГЭЭР САРЫН БАЙДЛААР 101 САЯ АМ.ДОЛЛАР БОЛООД БАЙНА-

Монгол Улс Арбитрын шүүхэд ялагдсан шийдвэр гарсан өдрөөс “Стандарт” банкинд төлөх хүү бодогдож эхэлсэн гэж болно. “Стандарт” банкинд олгох төлбөр болон одоо үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Английн Олон Улсын арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу 2009, 2010 оны үндсэн зээлийн гэрээний төлбөрт нийт 50,988,425.60 ам.доллар /цаашид өсөн нэмэгдэх хүүгийн хам/, шүүхийн ажиллагааны зардал болон хүүнд нийт 44,362,608 ам.доллар /цаашид өсөн нэмэгдэх хүүгийн хамт/, нийт 95,351,033.60 ам, долларыг "Стандарт" банкинд төлөх юм байна.

Тэгвэл уг төлбөрийн хүү сар бүр 870,000-900,000 мянган ам.доллараар өсч байгаа аж. Үүнээс харахад “Стандарт” банкинд төлөх хүү өссөөр энэ оны нэгдүгээр сарын байдлаар 101,000,000 ам.доллар болоод байна.

АТГ: “СТАНДАРТ” БАНКНААС ЯМАР ХЭМЖЭЭНИЙ ЗЭЭЛ, ЯМАР ДАНСААР, ЯМАР ЗОРИУЛАЛТААР ОРЖ ИРСНИЙГ НЭГ БҮРЧЛЭН ШАЛГАЖ БАЙНА

Өнгөрсөн 7 хоногт АТГ сар бүр хийдэг мэдээллийнхээ үеэр “Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудлын шалгалтын явц ямар шатандаа байж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Уг мэдээлэлд “Жаст” компани олон улсын “Стандарт” банкнаас зээл авсан асуудалд “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан гэх хэрэгт 2013 оноос хойш эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. АТГ дээр мөрдөн шалгах ажиллагаа явж байна. Анх гэрээ байгуулах үед Монгол Улсын Ерөнхий сайд хэн байсан, Төрийн өмчийн хорооны дарга хэн байсан, Монгол-Оросын советын хэсгийн дарга нар нь хэн байсан, “Эрдэнэт” үйлдвэрийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд хэн байсан гэх мэт бүгдийг нарийвчлан шалгах ажиллагаа хийж байгаа. Нэлээд гүнзгий, анхаарал татахуйц асуудлууд байгаа.

Энэ асуудал дээр хэрэг үүсээд одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулиар Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг гэрчээр байцаасан. Одоогоор яллагдагчаар татаагүй. Жаст” компани, Ш.Батхүү гэдэг хүн хэзээнээс ямар бизнес хийж эхэлсэн, хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулж, хэдэн компани, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан бэ, “Стандарт” банкнаас ямар хэмжээний зээл, ямар дансаар, ямар зориулалтаар Монгол Улсад орж ирсэн бэ гэдгийг нэг бүрчлэн шалгаж байна.

Шалгах ажиллагаанд эдийн засгийн тусгай мэдлэг бүхий эдийн засагч, аудитын эрхтэй хүмүүс оролцуулж байна. Нарийвчилсан шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа. Ш.Батхүүтэй холбоотой, хамаарал бүхий этгээдүүдийн аж ахуйн нэгжийн өмч хөрөнгө, нуугдмал хөрөнгийг битүүмжлэх, хоорондоо өмч хөрөнгөө бэлэглэсэн, илт бага үнээр бие биедээ худалдсан гэх мэт сэжигтэй үйлдлийг илрүүлэх, захиран зарцуулах эрхийг хязгаарлах, өөр бусдаас авах авлага, өглөг энэ бүх асуудлыг өмч хөрөнгө тус бүр дээр нь шалгалтын ажиллагааг төвлөрүүлэн явуулж байна. “Жаст” ХХК болон захирал Ш.Батхүүгийн хамаарал бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдийн үүсгэн бий болгосон давхардсан тоогоор 600 орчим өмч хөрөнгө,тэдгээрийн шилжилт хөдөлгөөн, одоогийн эзэмшил зэргийг нэг бүрчлэн хувийн хэргийг нь үзэж нарийвчлан шалгаж нуугдмал хөрөнгийг илрүүлэх зорилгоор тодорхой ажиллагаа хийж данс, үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх ажиллагаа хийж байна. Үүнд 40 гаруй шатахуун түгээх станц, 100 гаруй орон сууц, үйлчилгээний талбай, хувийн байшин гэх мэт хөдлөх хөрөнгийн шилжүүлэх эрхийг хязгаарласан. Цаашид энэ ажиллагааг үргэлжлүүлэн явуулна” гэсэн тайлбар мэдээллийг өгсөн юм. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ц.Даваасүрэн: Д.Сугар ийм олон асуудалд холбогдчихоод санаа нь зовохгүй яваад байгаад би гайхаж байна

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүхэд өгсөн билээ.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр өчигдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "ҮХЦ УИХ-ны гишүүний халдашгүй байдлыг цуцалсан шийдвэр гаргасан. Үүнд “ҮХЦ-ийн гишүүн өөрсдийгөө хамгааллаа. Тухайлбал, удаа дараа асуудалд холбогдсон Д.Сугар гэж хүн байна” гэж би хэлсэн. Тухайн үед би өөрт байсан нотлох баримтуудыг үндэслээд хэлсэн.  Ер нь олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хүнтэй холбоотой асуудал олон жил яригдаж байгаа, ганцхан би хэлсэн юм биш. Энэ хүн анх 2014 оноос эхлээд ЦЕГ-т шалгагдаж байгаад АТГ-т шилжсэн. АТГ  “УИХ энэ хүний бүрэн эрхийн асуудлыг шийдэж, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авч  өгөөч” гэсэн саналыг тавьж байсан. Ямар нэг асуудал  байсан болоод хуулийн байгууллага дээрх хүсэлтийг тавьсан байгаа. Энэ талаас нь харж шүүх дээрх шийдвэр гарсан гэж бодож байна. Д.Сугар ийм олон асуудалд холбогдчихоод санаа нь зовохгүй яваад байгаад би гайхаж байгаа юм. Санаа нь зовохгүй байна гэдэг чинь энэ хүний мөн чанарыг харуулж байгаа. Ийм хүмүүс төрийн чухал албан тушаал дээр очиж байгаа нь төрийн нэр хүндийг унагаж байна. Энэ хүний ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацаа тавдугаар сард дуусгавар болно. Энэ үед нь би өөрөө АТГ-т асуудлыг барьж очоод шалгуулна. Прокурор энэ асуудлыг хаасан. Яагаад асуудалд холбогдоод байхад прокурор хаагаад байна" гэлээ. 

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

- ҮХЦ-ээс Д.Сугарын бүрэн эрхийн хугацааг үргэлжлүүлэн сунгаж магадгүй гэсэн яриа байгаа?

-ҮХЦ-ийн гишүүнийг УИХ томилдог. Хэрвээ ийм асуудалд холбогдсон хүнийг УИХ буцаагаад томилвол утгаа алдана. Хууль эрхзүйн орчин цэвэр тунгалаг байх эсэх нь УИХ, ҮХЦ-ээс шалтгаална. Дээрээ хөх тэнгэрээс өөр зүйл байхгүй гэдэг ҮХЦ маань өөрөө бохирдоод, бие биенээ хамгаалаад, хуулийн дагуу ажлаа хийхгүй байна. Энэ хүнийг санал болгосон байгууллагууд байдаг. Тэд нь анхаарч, татах асуудлыг хөндөх хэрэгтэй.

-Тавантолгой”-н цахилгаан станц барих төслийн консерциум өөрчлөгдөх үү?

-Одоогоор Солонгосын тал хөрөнгө оруулалт хийх яриа хэлэлцэлтэй байгаа юм билээ. Солонгосын тал хөрөнгө оруулагч “Рио тинто”-той ярилцаж, санхүүгийн баталгаа шаардсан зүйл байж магадгүй.

-Ховдын Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын талаар тодруулахгүй юу?

-Ховдын Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцад бид тэргүүлэх ач холбогдол өгч байгаа. Яагаад гэвэл эрчим хүчний станцын тохируулгатай холбоотой. Өнөөдөр сэргээгдэх эрчим хүчний нар, салхин дээр үүсээд байгаа хүндрэлийг шийдвэрлэхэд нөлөөтэй. Одоогоор Европын сэргээн босголтын банк ТЭЗҮ хийж, энэ чиглэлээр ажиллаж байгаа. Өмнө нь урьдчилсан ТЭЗҮ хийгдсэн.

-Ирэх жилээс нүүрсийг хориглосон. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд танай яамнаас ямар ажил хийх вэ?

-Бид агаарын бохирдлыг бууруулах талаар хоёр чиглэлээр оролцоно. Эхнийн нь 4 кВт-ын хүчин чадалтай хуримтлуулсан халаагуурыг 50 мянган айлд ашиглах боломжийг бүрдүүлж өгнө. Одоо айлуудын хэрэглэж байгаа халаагуур 1-1,5 кВт  хэрэглээ залгах боломжтой. Мөн шахмал түлш буюу утаа бага гаргадаг коксжсон  түлшийг үйлдвэрлэх асуудлыг анхаарна. Энэ чиглэлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлж, үйлдвэр барих асуудлыг шийднэ. Нэг хэсгийг нь хувийн хэвшлээр хангуулж, тодорхой хэсгийг улсын үйлдвэрийн газрууд хангана.

-Гэр хорооллын шөнийн тарифыг тэглэснээр улс хичнээн төгрөгийн татаас төлж байна вэ?

-Гэр хорооллын шөнийн тарифыг тэглэснээр 8 тэрбум төгрөгийн татаас  төлж байгаа.

-Цахилгаан станц барих төсөл, хөтөлбөрүүд олноор яригдаж, хэлэлцэгддэг. Гэтэл өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй, Засаг солигдох болгонд өөрчлөгдөж байна. Энэ байдал хэзээ зогсох вэ?

-Манайхан нэгнийхээ ажлыг татаж унагаадагтай холбоотой. Жишээлбэл, Улаанбаатарын “ТЭЦ-V”-ийн асуудал иймэрхүү байдлаар замхарсан юм билээ. Хэрвээ “ТЭЦ-V” баригдсан бол Улаанбаатарыг эрчим хүчээр хангахын зэрэгцээ дулаанаар хангах байсан. Гэтэл үүнийг дэмжээгүй, эсрэгээрээ Багануурыг дэмжсэн. Багануурын станц нь манай системтэй тохирч ажиллахад хүндрэлтэй. Т/Г нь 350 блокийн хүчин чадалтай. Үүнийг манай эрчим хүчний систем даахгүй. Манай эрчим хүч 150-аас дээш хүчин чадалтай Т/Г-ийг ажиллуулах боломжтой. Техникийн шийдэл талаасаа ч хүндрэлтэй.  Ийм асуудлыг орон нутагт шийджээ. Хэрвээ би байсан бол “ТЭЦ-V”-ийг шийдэх байсан. Нөгөө талаасаа Монголын эрчим хүчний хэрэглэгчийн шингээх чадвар хамгийн хамгийн оргилдоо 1070 МВтбайгаа. Гэтэл өнөөдөр 2000-3000 МВт-ийн станц барих асуудал яриад байна. Зөвхөн нар, салхины эрчим хүчин дээр 1300 МВт-ын зөвшөөрөл өгсөн байна. Наргүй болчихоор яах вэ,бид Оросоос авна. 2020 онд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 300МВт хүрнэ. Сэргээгдэх эрчим хүч хуримтлуулж болдоггүй зүйл. Дээр нь тарифын хувьд хоёр дахин өндөр. Үүний зөрүүг иргэн, аж ахуй нэгж төлж байгаа.  Иргэдийн нуруун дээр өгч болохгүй. Хавар хуулинд өөрчлөлт оруулна.

Д.Сугар жилийн 91 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг "МИАТ"-тай холбоотой их хэмжээний мөнгө угаасан хэрэг болон Эрдэнэт үйлдвэрийг Өмнөд Африкийн Стандарт банкинд тавьсан хэрэгт холбоотой гэж олон нийт харддаг. Гэвч тэрбээр элдэв хэргээс цэвэрхэн гэгч нь өөрийгөө авч гарч чаддаг . 

 "Эрдэнэт" үйлдвэрийг Стандарт банкинд тавих үед тэрбээр Төрийн өмчийн хорооны дарга байсан бөгөөд баталгаанд гарын үсэг зурсан хүмүүсийн нэг гэдэг. Гэвч тэрбээр "Би Эрдэнэтийг барьцаанд тавих баталгааны хуудсанд гарын үсэг зураагүй. Миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна. Хэрвээ зурсан байвал шоронд ороход бэлэн" гэж мэдэгдсэн. 

Түүнийг хуулийн байгууллагаар шалгах ёстой боловч Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг шалгаж болохгүй гэх хуулийн заалтаар халхавч хийж буй. 

Тэгвэл Стандарт банкны өрийг төлж чадахгүй болж Эрдэнэт үйлдвэрийг алдахад хүрээд буй энэ үед Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүргэж байна. 

Тэрбээр төсөөлж байснаас бага хөрөнгийг мэдүүлжээ. 


Түүнийн жилийн орлого нь 91 сая төгрөг байна. Энэ 2016 оныхоос даруй 70 орчим сая төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. 800 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, 170 сая төгрөгөөр үнэлэгдэх Лексус 570-1, Ниссан Мурано 1 машинтай, 100 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн адуутай, 920 м2-1 газартай, 180 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, хадгаламжиндаа 10 сая төгрөгтэй, 180 сая төгрөгийн авлагатай, Оюутолгой ХК-д хувьцаа эзэмшдэг байна. 

ХААИС-ийн багш нар биеийн гадна орчинд үр тогтоож ихэр хурга хүлээн авчээ

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш нар биеийн гадна орчинд үр тогтоож, өсгөвөрлөсөн хөврөлийн гаралтай махны чиглэлийн суффолк үүлдрийн нэгдүгээр үеийн эрлийз анхны ихэр хургаа энэ сарын 27-нд буюу өчигдөр өглөө хүлээн авчээ.

Уг судалгааны ажлыг Японы ЖАЙКА байгууллагын “МАА, мал эмнэлгийн боловсролыг дэмжих” төслийн санхүүжилтээр 2016 онд байгуулагдсан Нөхөн үржихүйн биотехнологийн лабораторид дэд профессор С.Ганбат, Японы Хоккайдагийн их сургуулийн профессор Масаши Нагона нарын удирдлагаар тус сургуулийн багш, докторант П.Эрдэнэтогтох хийж гүйцэтгэсэн байна.

Ийнхүү биеийн гадна орчинд үр тогтоох, хөврөл өсгөвөрлөх боломжтой болсноор гадаадаас өндөр үнээр арвин ашиг шимт мал ба хөврөл импортоор худалдан авах хэрэгцээг бууруулах, арвин ашиг шимт болон нутгийн шилмэл омгийн хээлтэгчийн гаралтай хөврөлийн сан бүрдүүлэх, ховордсон зэрлэг амьтдын генийн санг хамгаалах, зарим төрлийн малын хөврөлийг экспортлох зэрэг боломж бүрдэж байгаа аж. 

Тэмээгээр аялагч Н.Байгальмаа Булганы Ярант боомт дээр иржээ

Тэмээгээр аялагч бүсгүй Н.Байгальмаа өнгөрсөн оны 10 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотоос гарч 1800 гаруй км замыг тэмээгээр туулж одоо Монгол Улсын баруун хил болох Ховд аймгийн Булган сумын нутаг Ярантын боомтод ирсэн байна. 
Тэрээр тус аймгийн баруун хилээр гарах бэлтгэлээ хийж, тэмээгээ Булган суманд орхиод аймгийн төвд бичиг баримтаа бүрдүүлэхээр ирэх үеэр Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, ЗДТГ-ын зарим хэлтсийн дарга нар хүлээн авч уулзжээ. Дэлхийд анх удаа ийнхүү алс холын аяныг тэмээгээр туулах монгол бүсгүйн зоримог чанар, хичээл зүтгэл шантрашгүй байж, зорьсон зорилгодоо хүрэхийг Ховд нутгийн иргэдийн өмнөөс хүсэн ерөөж, амжилт хүслээ.
Тэрээр удахгүй Монгол Улсын баруун хилээр гарч БНХАУ-ын Шинжаан уйгарын өөртөө засах орноор дайран Казахстан улсыг зорих бөгөөд хил гарахад шаардагдах бичиг баримт болон бусад бэлтгэлээ базааж байгаа ажээ.

ОУВС: Монгол улсад олгох ээлжит санхүүжилтийг 30.55 сая доллараар баталж байна

Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн гурав дахь шатны үнэлгээг баталж, 30.55 сая ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ. Энэ талаараа өнөөдөр мэдээллээ.  

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ЭРЧИМТЭЙ БАЙНА 

"Монгол Улсын эдийн засгийн өсөлт эрчимтэй явагдаж байгаа"-г онцлоод "Хөтөлбөрийн хүрээнд зорьсон гол хүчин зүйлс болох төсвийн алдагдал, гадаад валютын нөөцийн зорилтыг давуулан биелүүлсэн" гэлээ. 

Гэхдээ үүнтэй зэрэгцээд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хийхээр тохирсон зарим бүтцийн шинэчлэлтэй холбоотой асуудлууд хойшилж, зарим нэгийг нь эргэн харах тохиолдол гарсан гэж дурджээ. Мөн улсын өрийн хэмжээ өндөр хэвээр байгааг анхааруулж байгаа юм. Түүнчлэн “Эдийн засгийн өсөлт олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнэ ханшаар дэмжигдэж байгаа тул хөтөлбөрийн зорилтуудыг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн онцлов. 

Сүүлийн үнэлгээгээр Олон Улсын Валютын Сан 55.9 сая зээлжих тусгай эрх буюу 79.1 сая ам.долларын санхүүжилтийг Монголд олгосон юм. Цаашид хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр гурван жилийн хугацаанд 314.5 сая зээлжих тусгай эрх буюу 434.3 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улс хүлээн авна.

Үүнээс гадна Олон Улсын Валютын Сангийн дэд тэргүүн Мицухиро Фурусава “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн нааштай үр дүнгүүдийн талаар мэдээллээ. Мөн цаашид болгоомжлох эрсдэлүүдийг дүгнэсэн байна. Түүний хэлснээр “Монгол Улс “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд тавьсан зорилтуудаа сайн биелүүлж байгаа” аж. Түүнчлэн тэрбээр “Хөтөлбөрийн хэрэгжилтийг сайн хангаж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн, гадаад зах зээлд түүхий эдийн эрэлт сайн байсны нөлөөгөөр Монгол Улсын эдийн засгийн сэргэлт тооцоолж байснаас илүү сайн байна. Мөн төсвийн орлого үлэмж нэмэгдэж, хяналт сайжирснаар төсвийн алдагдал огцом буурсан” хэмээн онцоллоо. Өөрөөр хэлбэл өрийн цаашдын төлөв байдалд мэдэгдэхүйц ахиц гарсан гэж үзсэн байна.

2018 оны эхний хоёр сарын байдлын статистик үзүүлэлтээр улсын төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 73.1 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь 2013 оноос хойших анхны тохиолдол боллоо. Үүнд татварын нийт орлого өмнөх оны мөн үеэс 29.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Харин эрсдэлийг авч үзвэл “Монгол Улсын өрийн хэмжээ өндөр, олон улсын түүхий эдийн зах зээлээс эдийн засаг хамааралтай байгаа энэ үед "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тууштай хэрэгжүүлэх нь чухал гэж Олон Улсын Валютын Сангийн дэд тэргүүн Мицухиро Фурусава онцоллоо.

Хэт ядарсан үедээ жолоо барьснаас болж осолджээ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал босоо тэнхлэгийн А0102 авто замд Toyota Tocoma маркийн автомашины жолооч нь хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож зам тээврийн осол гаргасан байна.Иймд жолооч таныг3-5 цаг тасралтгүй жолоо барихдаа 15-20 минут амарч хөдөлгөөнөө үргэлжлүүлж байхыг замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

О.Алтангэрэл: Дугаарын хязгаарлалт бол хууль бус.Шүүхийн өмнө уулзацгаая

Хуульч О.Алтангэрэл дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгож буйг эсэргүүцжээ.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Дугаарын хязгаарлалт бол хууль бус. 2012 онд анх эхлээд, 2014 онд шинэчлэгдээд, энэ хооронд хууль тогтоомжид өөрчлөлт орсоор ирсэн ч хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус байгаа (Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийн хувьд авч үзвэл). Хэдий хуульч ч гэлээ нөгөө талаар энэ хотын иргэн хүн мөний тул хязгаарлалтыг зөвшөөрч, хязгаарласан өдрүүдээр машинаа орхиж, нийслэлийн удирдлагуудын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж ирсэн. Гэтэл бүр ажлын хоёрхон өдөрт машинаа уна гэж даварч байна. Одоо болно оо, дарга нар аа, албан тушаалтан бүгдийг хийж болно гэж андуурсан найз нар аа. Ингээд эхэлбэл машинаа ч унана, хязгаарласан шийдвэрийг чинь ч шүүхэд өгнө. Би торгуулийн хуудсаа үүрээд, та нар тэмдэг тэмдэглэгээ зөрчсөн гэдэг ичмээр үндэслэлээ тэврээд шүүхийн өмнө уулзацгаая.  Энэ бол ганц иргэн миний биш, машинаараа амьжиргаагаа залгуулагч, хүүхэд хөгшдөө тээвэрлэгч, жижиг бизнесээ эрхлэгч зэрэг олон хүний эрх ашиг. Чадалтай нь яах вэ, нэмээд машинаа авчихна, зальтай нь дугаараа солиод зүүчихнэ. Бид бол чадахгүй хойно, хуулиа л дагана” гэв.

Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг ирэх сарын 6-нд зарлана

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Шүүх засаглал ялзраад байна. Шүүгчид авлигал авдаг. Хүүхдийн дансанд 500 сая өөрийнхөө дансанд нэг тэрбум төгрөгтэй шүүгч байна. Гурван сая төгрөгийн цалинтай шүүгч яаж ийм их мөнгө хураах вэ” гэж мэдэгдсэн. Мөн ирэх долоо хоногт Ерөнхий сайдын болон ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад ажиллаж буй нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг хураангуй хэлбэрээр олон нийтэд ил болгох ажээ. Авлигатай тэмцэх газраас Төрийн өндөр болон тэдгээртэй адилтгах албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг өчигдөр зарласан. Харин олны анхаарлын төвд байгаа шүүх эрх мэдлийн байгууллагын албан тушаалтнуудын мэдүүлгийг ирэх сарын 06-нд зарлах юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment