Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг өнгөрсөн 11 дүгээр сарын 4-нд АТГ-аас саатуулсан билээ. Тухайн үед түүний хэргийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл өгөхдөө Г.Шийлэгдамба сайд үүрэгт ажлаасаа чөлөөлөх хүсэлтээ илэрхийлсэн өргөдлийг өнөөдөр Ерөнхий сайдад илгээсэн. Г.Шийлэгдамба сайд өргөдөлдөө "Найзынхаа авчирч өгсөн мөнгийг АТГ-ын байцаагчид үзүүлсэн. Хэргийг хянан шалгахад тодорхой цаг хугацаа шаардлагатай тул төрийн ажил цалгардах ёсгүй. Би эрүүл мэнд спортын салбарт ажиллаж буй олон мянган сувилагч эмч, албан хаагчдын нэр хүндийг сэвтээхгүйг хичээнэ. Надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь төрд итгэх олон түмний сэтгэлд сөргөөр нөлөөлж болзошгүй. Намайг Эрүүл мэнд, спортын сайдаар урьж ажиллуулсанд талархаж байна. АТГ-аас үүсгэсэн хэргийг хууль хяналтын байгууллагууд шалгаж, энэ хэрэг цагаадна гэдэгт би итгэлтэй байна" гэсэн байсныг дамжуулсан. Тэгвэл Г.Шийлэгдамба “МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох 170 000 ам.долларын хэрэг" -ийг илчиллээ. Тэрбээр ил захидал бичиж “Миний бие иргэн О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж авсан мөнгөний 50 000 $-ыг 2015.11.4-ний өдрийн өглөө Н.Энхбаярт МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно. Харин уг өдрийн орой ЭМС-ын Яамны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120 000 $-ыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон байсан боловч тус өдөртөө АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан юм. Эцэст нь уг асуудал шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад журмын зарим нөхөд маань бодит үнэнийг илт гуйвуулан ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна” гэсэн байна.