8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Дорнод аймагт ихэр ботго төрж, Н-2 визээр АНУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг хойшлуулжээ

2018-03-16 18:40:00

Ачаалалтай ч гэсэн амжилт дагуулсан шинэ долоо хоногийн ажлын өдрүүд ийнхүү дуусаж байнаТа энэ долоо хоногт төлөвлөсөн ажлуудаа дуусган, амралтын өдрөөр юу хийхээр төлөвлөж сууна уу. Хайртай гэр бүлтэйгээ энэ амралтын өдрөө халуун ам бүлээрэй сайхан өнгөрүүлээрэй. Хэн бүхний хувьд  хамгийн чухал зүйл бол гэр бүл шүү дээ. Энэ их ажлын дундуур “Бид ер нь амьдрах гэж ажиллаад байна уу?, ажиллах гэж амьдраад байна уу? гэсэн бодол хааяа таньд төрж байна уу . Тэгвэл амралтын энэ өдрүүдээ хайртай ханьдаа гэр бүлдээ зарцуулаарай. “Өргөн орчлонд хүн хайраар л дутаж болохгүй” гэсэн сайхан үг байдаг шүү дээ.

Дэргэдээ байгаа бүхнээ хайрлаарай. Амралтын өдрүүдэд цаг агаар тогтнуун байх  тухай ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлэлсэн тул агаар салхинд хайртай гэр бүлтэйгээ хамт гарч, амралтын өдрөө аятай тухтай өнгөрүүлээрэй. Ингээд үдэш бүхнийхээ энэ цаг мөчид хүргэдэг Монголын нэг өдөр тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Лагийн үнэрийг нь дарж, устгах ажилд Япон болон Монголын эрдэмтний технологийг ашиглана

Засгийн газрын хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийн олон жил хуримтлагдсан лагийн үнэрийг дарах, устгах ажлыг энэ хавраас хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг ажлыг БХБЯ-ныхан хэрэгжүүлэх үүрэгтэй юм. 

Энэ ажлын хүрээнд БХБЯ-ынхан гурван сарын хугацаанд гадаад, дотоодын 30 гаруй эрдэмтэн, судлаачийн санал болгосон технологийг судалж туршиж үзээд Япон болон Монголын таван эрдэмтний технологийг шалгаруулжээ. Шалгарсан багийнхан лагийг усгүйжүүлэх төхөөрөмж суурилуулж, биотехнологийн аргаар хагас боловсруулахаар шийдвэрлэсэн байна. Энэ нь лагийг бүрэн цэвэрлэж, үнэргүйжүүлж, хөрс болгох арга аж.

Ус сувгийн удирдах газрынхан лагийн үнэрийг арилгахын тулд үртэс, уусмал цацах маягаар л ажиллаж иржээ. Үүнээс илүү ажиллах боломж ч үгүй. Харин АСЕМ-ын үеэр 8.1 тэрбум төгрөгөөр түр үнэрийг нь дарах ажлыг хийсэн байна. Тус ажил нь тухайн үедээ гал намжааснаас бус асуудлыг бүр мөсөн шийдэж чадаагүй нь өнөөдөр үнэртэж буй үнэрээс мэдэгдэнэ. 

Харин энэ удаа Лагийн үнэрийг дарах, устгах ажилд 35 тэрбум төгрөгийн төсөв баталж, 2018 онд 10 тэрбумыг нь зарцуулах боллооЭнэ хөрөнгөөр лаг усгүйжүүлэх тоног төхөөрөмж авч, ажлаа эхэлнэ гэж БХБЯ-аас мэдэгджээ.  Гэхдээ яаралтай шинэ цэвэрлэх байгууламжийг барихгүй бол үнэр дарах, устгах ажил нь мөн л түр зуурын юм. Хэдий 35 тэрбум  төгрөгөөр асуудлыг шийднэ гэж буй ч төлөвлөснөөсөө хэт их ачааллаар олон жил ажилласан цэвэрлэх байгууламж нь тун удахгүй эргээд л үмхий үнэрт лагандаа дарагдана. 

Тэгэхээр түр зуурын бус бүр л асуудлыг шийдэх ёстой юм. Анх Төв цэвэрлэх байгууламжийг ахуйн бохир ус хүлээж авах зориулалтаар барьсан ч өдгөө үйлдвэрийн бохир усыг ч нийлүүлж байна. Арьс ширний үйлдвэрүүдийн бохирыг хүлээж авдаг “Харгиа” цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжүүд технологийн шаардлага хангахаа больсон учир үйлдвэрүүдийн бохир шууд Төв цэвэрлэх байгууламжид ирж байгаагаас шалтгаалж химийн хортой лаг хуримтлагдаж, Улаанбаатар өмхий үнэрт автаж буй юм.

Мөн хүнсний, өлөнгийн үйлдвэрүүд, авто угаалгын газрын бохир уг байгууламжид ирж байна. Уг нь хуулийн дагуу бүх үйлдвэр урьдчилсан цэвэрлэх байгууламжтай байх ёстой ч Улаанбаатар дахь 206 аж ахуйн нэгж, байгууллага цэвэрлэх байгууламжгүй ажиллаж байгаа учраас аж ахуйн нэгж байгууллагад шаардлага тавьж, хэрэгжүүлэхгүй бол торгох арга хэмжээ авах нь зүйтэй.

Б.Оюунгэрэл: АТГ-ын дарга Х.Энхжаргалын хэлсэн үгийг сонсоод үнэхээр гайхсан

"АЛЬ НЭГЭН БАЙГУУЛЛАГА СТАНДАРТ НЭВТРҮҮЛСНЭЭР МУУ ҮР ДҮНД ХҮРСЭН ТҮҮХ ДЭЛХИЙД БАЙДАГГҮЙ"

ISO Mongolia” компанийн захирал Б.Оюунгэрэлтэй Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо ISO 37001 стандартын талаар ярилцлаа.

-Манай улс өнгөрсөн жил анх удаагаа авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо ISO 37001стандартыг нэвтрүүллээ.  Энэ стандартыг нэвтрүүлсний ач холбогдлыг та юу гэж хэлэх вэ. Хүмүүс авлигатай тэмцэх стандартын талаар төдийлөн сайн ойлголтгүй байх шиг байна?

ISO олон улсын байгууллага нь анх 1947 онд байгуулагдсан 163 орныг эгнээндээ нэгтгэсэн олон улсын томоохон байгууллага юм. Байгуулагдсан цагаасаа хойш нийт 21800 орчим стандартыг баталж гаргасан байдаг. Дэлхий нийтэд авлигын асуудал маш хурцаар тавигдсаар байгаа. Хэдийгээр улс орон бүр авлигатай тэмцсээр байгаа ч хүссэн хэмжээнд хүртэл буурахгүй байна шүү дээ. Тиймдээ ч 2013 оноос хойш ISO-оос Авлигатай тэмцэх стандартыг гаргах хэрэгтэй юм байна гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор гурван жилийн турш судалгааны ажил хийгдсэн. Дэлхийн 50 орчим улс орноос санал авч, техникийн хороодоороо хэлэлцсэний үр дүнд Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо буюу “ISO 37001” хэмээх стандартыг 2016 оны аравдугаар сарын 15-ны өдөр баталж гаргасан. Энэ дагуу манай ISO Mongolia”  компани тус стандартыг Монголд нутагшуулах санаачлагыг гаргаж 2017 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо буюу “ISO 37001” хэмээх стандартыг үндэсний хэмжээний стандарт болгосон юм.Аль нэгэн байгууллага стандарт нэвтрүүлснээр муу үр дүнд хүрсэн түүх дэлхийд байдаггүй. Олон нийт сайн, чанартай, зөв, баталгаатай зүйлийг стандартад нийцсэн байна гэж үздэг. Маш тодорхой хэлэхэд, байгууллагууд уг стандартыг нэвтрүүлснээр авлигаас урьдчилан сэргийлж чадна. Үр дүнд нь авлига буурна гэж ойлгох хэрэгтэй юм.  Рио Тинто гэх компаниуд энэ стандартыг дагаж мөрддөг. Тийм учраас ажилчид нь авлигалын асуудалд орооцолддоггүй. Уг стандартад тухайн байгууллагын ажилчид хэнээс бэлэг авч болохгүй, яаж ашиг сонирхлын зөрчилд орохгүй байх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг.

-Тэгэхээр авлигаас ангид байхыг хүссэн ямар ч байгууллага уг стандартыг нэвтрүүлж болно гэсэн үг үү?

-Манайхан авлига, авилгатай тэмцэх стандартыг төр болоод төрийн албан хаагчдад холбоотой гэж үздэг. Гэхдээ авлига бол бүхий л газарт байж байдаг. Төрийн, хувийн, төрийн бус, хувьцаат компани, олон нийтийн байгууллага, төсөл хөтөлбөр гээд бүхий л түвшинд авлига, хээл хахуулийн асуудал яригддаг. Тэгэхээр энэ стандартыг бүх л байгууллагад хэрэглэх боломжтойгоороо онцлог. Ер нь тогтолцооны стандартыг тухайн байгууллагад тохируулж хэрэглэдэг л дээ. Тухайн байгууллагын онцлог, бүтэц, үйл ажиллагаа, эрсдэл үүсэх магадлал хаана байгаа зэргийг шинжлэх нь зүйтэй. Улмаар байгууллагад нь тохируулж хэрэглэнэ. Тэгэхээр энэ авлигатай тэмцэх тогтолцооны стандартыг ямар ч байгууллагад тохируулаад хэрэглэх боломжтой. Хүмүүс хууль, стандарт хоёр юугаараа ялгаатай вэ гэж их ярьдаг. Нэг талаараа стандартыг хууль гэж томьёолдог.Нөгөө талаас хуулийг батлаад гаргасан бол түүнийг мөрдөх ёстой. Харин Стандартын тухайд заавал мөрдөх ёстой стандарт гэж бий. Энэ нь өөрөө хууль шиг. Сонгож хэрэглэх стандарт гэж бас бий. Тэр нь тухайн байгууллага өөрөө өөрийнхөө үйл явцыг дээшлүүлье, олон улсад хувьцаа гаргая, зах зээлээ нэмэгдүүлье, өрсөлдөх чадвараа дээшлүүлье, бүтээгдэхүүний чанарыг сайжруулья ч гэдэг юм уу энэ тохиолдолд тухайн байгууллага тогтолцооны стандартыг хэрэглэдэг.

-Уг стандартыг Монголд нэвтрүүлэхэд Ерөнхийлөгчийн тамгын газар болон Засгийн газар, УИХ-аас санал авсан гэж сонссон. Энэ тухайд?

Энэ стандартыг батлахад Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ, Засгийн газар зэрэг төрийн болон олон нийтийн нийт найман байгууллагаас санал авсан. Бүгд дэмжсэн. Үүний дараа чанарын, техникийн хорооний хурал,  Стандартын үндэсний зөвлөлөөр орж үндэсний стандарт болон батлагдсан юм. Манай компани бүтэн жилийн хугацаанд энэ стандартыг үндэсний болгоход боловсруулалт хийж оролцсон л доо. Олон улсын нэр томъёо нь “Anti bribery and corruption” гэж батлагдсан. Хээл хахуулийн стандарт гэсэн үг. Гэхдээ Монгол улсын хууль тогтоомж, эрүүгийн хууль, хөтөлбөрүүдэд хээл хахууль гэдэг нэр томъёо байдаггүй. Тиймдээ ч тус стандартыг батлахдаа “Авлигын эсрэг” гэж томьёолсон. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү. 

М.Энхсайханаас байцаалт авахаар дууджээ

Монгол улсаас Шведийн вант улсад суугаа элчин сайд М.Энхсайханыг Оюутолгойн гэрээтэй холбоотой хэргээр байцаалт авахаар дуудан ирүүлэх хуудсыг гадаад хэргийн яамаар дамжуулан тус улсын Элчин сайдын яаманд хүргүүлээд байгаа талаар прокурорын байгууллагаас мэдэгдлээ

. Мөн ТЭЦ-4, ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4.2 заалтын дагуу нийтийн албан тушаалтан хахууль авах гэсэн зүйл ангид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорих арга хэмжээ аван ажиллаж байгаа аж. Прокурорын байгууллагаас дээрх хэргүүдийг богино хугацаанд шалгаж шийдвэрлэх ажлын хэсэг байгууллан ажиллаж байгаа гэнэ. 

Г.Дуламсүрэн: Хуурамч мөнгөн дэвсгэртийг усанд норгоход будаг нь урсдаг

Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын Ахлах эдийн засагч Г.Дуламсүрэнтэй хуурамч мөнгөн тэмдэгтийг хэрхэн таних талаар ярилцлаа. 

-Он гарсаар хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн гурван тохиолдол бүртгэгдлээ. Бүртгэгдсэн хуурамч мөнгөн дэвсгэртийг ямар аргаар үйлдээд байна вэ?  

-Өнөөдрийн байдлаар хэвлэлийн тусгай технологи, төхөөрөмж ашиглаж үйлдвэрийн аргаар хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэсэн тохиолдол гараагүй байна. Харин энгийн хувилагч машин ашиглаж, принтерлэх, скайнердах аргаар хуурамч мөнгөн тэмдэгт хийх тохиолдол байдаг. 

Хуурамч дэвсгэртийг үйлдэхдээ гурван онцлох нууцлалын тэмдэглэл хийсэн байдаг. Үүнд Соёмбо, метал утсыг саатай балаар будах, холограмыг дуурайлгах гялгар, метал аргаар хийх, бусад гэсэн аргууд бүртгэгдээд байна.

-Хуурамч мөнгөн тэмдэгтийг жинхэнээс нь хэрхэн ялгаж таних вэ. Жинхэнэ мөнгөн тэмдэгтийн нууцлалын талаар мэдээлэл өгнө үү?

-Иргэд, худалдан авагчид өөрсдөө анхааралтай харж холбогдох мөнгөн тэмдэгтийн нууцлал, таних тэмдгийг сайтар ажиглавал хуурамч мөнгөн тэмдэгтийг бүрэн таних боломжтой. Анхаарал болгоомжгүй байдлаас үүдэж хуурамч мөнгөн тэмдэгтийг авах тохиолдол байдаг.

Тиймээс хуурамч мөнгөн дэвсгэртийг сайн ажиглавал цаас нь ихэвчилэн үнгэгдсэн, муудсан, хуучирсан, базсан байдалтай байдаг. Усанд норгоход будаг нь урсах, чингис хааны зургийг хоёр цаасны гол өөрсдөө гараараа зурах, эсвэл бүдэглүүлж хэвлэж хавчуулах зэргээр хийсэн байдаг. Мөн дэвсгэртийн хүрээний хээ, бичиг ямар ч товгоргүй байх гэх мэтээр хуурамчаар дуурайлгаж хийсэн байдаг.

Харин жинхэнэ 20 мянгатын дэвсгэртийн хүрээ хээ, дүрс тоо нь товгор байдаг. Гараараа барьж имэрч үзэхэд мэдрэгдэнэ. Гэрлийн эсрэг барьж харахад Чингис хааны хөрөг, МБ гэсэн дүрс усан хээгээр тодорч харагдана.

Дэвсгэртийн голд байрлах Соёмбыг мөнгөлөг холограмаар хэвлэсэн бөгөөд хөдөлгөж харахад олон өнгөөр хувирч үзэгдэнэ гэх мэтийн нууцлалын тэмдэглэлээ хийсэн байдаг. Мөн тусгай технологоор ашиглаж хийсэн нарийвчилсан нууцлал ч бий.

Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү.  

Малдаа яваад сураггүй болсон 62 настай эрэгтэйг эсэн мэнд оллоо

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т Хүрээт багийн “Улаанхудаг” гэдэг газар иргэн Т /62 настай, эрэгтэй/ 03.13-ны өдрийн 13:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай мэдээлэл хоёр хоногийн өмнө гарсан. Тус дуудлагыг ОБЕГ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай, нутгийн захиргааны байгууллагын 4 хүн, 1 автомашинтай, нийт 10 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 03.14-ний өдрийн 08:40 цагт Хүрээт багийн “Хангай нуур” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ.

Хилээр хар тамхи нэвтрүүлдэг бүлэг этгээдийг дайчлан баривчилжээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг этгээдүүдийг илрүүлэн, дайчлан баривчилжээ. Уг этгээдүүдийг дайчлан баривчлахад ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид оролцсон байна.

Энэ талаар Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч С.Батзориг “Энэ сарын 06-07-нд шилжих шөнө хар тамхи худалдан борлуулдаг иргэн Г нарын 13 этгээдийг баривчилсан. Тэднийг цагдан хорьж, шалгаж байна” гэлээ Мөн тэрбээр “Энэ сарын 13-14-нд шилжих шөнө иргэн Я нарын есөн этгээдийг хар тамхи борлуулж байхад нь үйлдэл дээр нь илрүүлэн, шалгаж байна. Иргэн Я нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар 10 жил нэг сарын хорих ял авсан ч шүүхээс оргон зайлсан этгээд байсан. Ийн дахин хар тамхины гэмт хэрэг үйлдэж байх үед нь дайчлан баривчиллаа” гэлээ.Мөн энэ сарын 10-ны өдөр  Хар тамхитай тэмцэх газрынхан мансууруулах үйлчилгээтэй хогийн олсны ургамал буюу каннабисийг бусдад борлуулдаг этгээдийг баривчилжээ. Иргэн Г /35 настай, эрэгтэй / нь тодорхой эрхэлсэн ажилгүй бөгөөд  каннабисийг түүж бэлтгэн, өөр төрлийн бодис боловсруулан бусдад борлуулдаг байжээ. Уг этгээдийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, биедээ авч явсан мансууруулах төрлийн бодисыг нь эд мөрийн баримтаар хураан авсан байна.
 
Он гарсаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хар тамхи мансууруулах төрлийн бодистой холбоотой 38 хэрэгт 68 хүн холбогдон шалгагдаж байна. Гуравдугаар сарын 14-ний байдлаар энэ төрлийн зургаан хэрэгт 28 хүнийг холбогдуулан шалгалтын ажиллагааг явуулж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.

Н-2 визээр АНУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг хойшлуулжээ

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам өнгөрсөн нэгдүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан. Үүний дагуу өнөөдрөөс эхлэн АНУ-ын Элчин сайдын яам тус улсад ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэх тухай мэдээлэл гараад байсан юм.

Гэвч монгол ажилчин авах хүсэлтэй АНУ-ын ажил олгогч компани байх тохиолдолд зуучлагч компаниар дамжуулан бүртгүүлсэн иргэдийг ажиллуулдаг зохицуулалттай тул монголын зуучлагч компаниуд америкийн албан ёсны бүртгэлтэй зуучлагч компаниудтай гэрээ байгуулсны дараа иргэдийг бүртгэхээр болжээ.

Одоогоор АНУ-ын зуучлагчтай гэрээ хийсэн Н2 визэнд зуучлах эрхтэй компани байхгүй байгаа бөгөөд төрийн аль нэг байгууллага эсвэл Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ ямар нэг бүртгэл хийхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байгаа талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Зуучлах эрхтэй байгууллага тодорхой болмогц олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд мэдээлэл өгөх болно гэлээ. 

С.Баярыг яллагдагчаар татаагүй гэв

Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр мягмар гаригт АТГ-т очиж хэд хэдэн асуудлаар тайлбар, гэрчийн мэдүүлэг өгсөн. Харин өчигдөр түүнийг яллагдагчаар татсан, цагдан хорьсон гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. 

Тэгвэл уг мэдээллийг НПГ, АТГ-аас үгүйсгэжээ. Тодруулбал, тус газруудаас “С.Баяраас уржигдар Оюутолгойн гэрээ, “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас “Жаст групп”-ийн авсан зээл, оффшор дахь хөрөнгө гэх зэрэг асуудлаар тайлбар авсан нь үнэн. Түүнийг яллагдагчаар татаагүй” гэжээ. 

Түүнээс Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банкинд тавьсан асуудлаар болон  Оффшор бүсэд данстай болон Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар тус, тус байцаалт авчээ. 

Харин “Алтжин” группийн Г.Алтангаас гэрчийн хувьд “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан асууж тодруулах зүйл байгаа аж. 

Ё.Отгонбаярын ажлыг Г.Ганбаяр үргэлжлүүлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээлгэн өгсөн. Тэрбээр АНУ-д суух бүрэн эрхт Элчин сайдаар ажиллах болсон тул ийнхүү ажлаа хүлээлгэн өгсөн гэдэг. Тэгвэл түүний оронд дэд сайдаар МАН-ын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Г.Ганбаяр томилогдохоор болжээ. 

Г.Ганбаярын хувьд ТВ5 телевизэд сэтгүүлчээр ажиллан олон нийтэд танигдсан. Түүнээс хойш НИТХ-ын гишүүн мөн МАН-ын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажилласан билээ. 

Дорнод аймагт ихэр ботго гарчээ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын улсын сайн малчин Х.Мөнхболдын “Ембүү мөнгөн” ингэнээс  ихэр цагаан ботго гарчээ. Тиймээс төрт ёсны уламжлал, монгол түмний заншил үйлийг хүндэтгэн дагаж, Монгол Улсын Ерөнхий сайдад ихэр цагаан ботгоны зургийг гардуулдаг уламжлалтай. Монголчууд эрт дээр үеэс ингэ ихэрлэхийг сайн цагийн эхлэл хэмээн бэлэгшээж ирсэн түүхтэй. Улсын сайн малчин Х.Мөнхболдынх 26 жил мал маллаж, мал сүрэг нь таван төрөлдөө өсч таван мянгад хүрчээ. Тэрээр одоогоос 15 жилийн өмнө айлаас ингэ, охин тором худалдаж авч, тэмээн сүргийнхээ эхлэлийг тавьж байсан бол өдгөө 40 гаруй болж өсөөд байгаа ажээ. Тэднийх нийт 10-аад ингэтэй, жилдээ тав орчим нь ботголдог гэнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment