8o
Улаанбаатар хот
mobile menu

Лагийн үнэрийг нь дарж, устгах ажилд Япон болон Монголын эрдэмтний технологийг ашиглана

2018-03-16 11:33:00

Лагийн үнэрийг дарах, устгах ажилд энэ удаа 35 тэрбум

Засгийн газрын хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийн олон жил хуримтлагдсан лагийн үнэрийг дарах, устгах ажлыг энэ хавраас хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг ажлыг БХБЯ-ныхан хэрэгжүүлэх үүрэгтэй юм. 

Энэ ажлын хүрээнд БХБЯ-ынхан гурван сарын хугацаанд гадаад, дотоодын 30 гаруй эрдэмтэн, судлаачийн санал болгосон технологийг судалж туршиж үзээд Япон болон Монголын таван эрдэмтний технологийг шалгаруулжээ. Шалгарсан багийнхан лагийг усгүйжүүлэх төхөөрөмж суурилуулж, биотехнологийн аргаар хагас боловсруулахаар шийдвэрлэсэн байна. Энэ нь лагийг бүрэн цэвэрлэж, үнэргүйжүүлж, хөрс болгох арга аж.

Ус сувгийн удирдах газрынхан лагийн үнэрийг арилгахын тулд үртэс, уусмал цацах маягаар л ажиллаж иржээ. Үүнээс илүү ажиллах боломж ч үгүй. Харин АСЕМ-ын үеэр 8.1 тэрбум төгрөгөөр түр үнэрийг нь дарах ажлыг хийсэн байна. Тус ажил нь тухайн үедээ гал намжааснаас бус асуудлыг бүр мөсөн шийдэж чадаагүй нь өнөөдөр үнэртэж буй үнэрээс мэдэгдэнэ. 

Харин энэ удаа Лагийн үнэрийг дарах, устгах ажилд 35 тэрбум төгрөгийн төсөв баталж, 2018 онд 10 тэрбумыг нь зарцуулах боллоо. Энэ хөрөнгөөр лаг усгүйжүүлэх тоног төхөөрөмж авч, ажлаа эхэлнэ гэж БХБЯ-аас мэдэгджээ.  Гэхдээ яаралтай шинэ цэвэрлэх байгууламжийг барихгүй бол үнэр дарах, устгах ажил нь мөн л түр зуурын юм. Хэдий 35 тэрбум  төгрөгөөр асуудлыг шийднэ гэж буй ч төлөвлөснөөсөө хэт их ачааллаар олон жил ажилласан цэвэрлэх байгууламж нь тун удахгүй эргээд л үмхий үнэрт лагандаа дарагдана. 

Тэгэхээр түр зуурын бус бүр л асуудлыг шийдэх ёстой юм. Анх Төв цэвэрлэх байгууламжийг ахуйн бохир ус хүлээж авах зориулалтаар барьсан ч өдгөө үйлдвэрийн бохир усыг ч нийлүүлж байна. Арьс ширний үйлдвэрүүдийн бохирыг хүлээж авдаг “Харгиа” цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжүүд технологийн шаардлага хангахаа больсон учир үйлдвэрүүдийн бохир шууд Төв цэвэрлэх байгууламжид ирж байгаагаас шалтгаалж химийн хортой лаг хуримтлагдаж, Улаанбаатар өмхий үнэрт автаж буй юм.

Мөн хүнсний, өлөнгийн үйлдвэрүүд, авто угаалгын газрын бохир уг байгууламжид ирж байна. Уг нь хуулийн дагуу бүх үйлдвэр урьдчилсан цэвэрлэх байгууламжтай байх ёстой ч Улаанбаатар дахь 206 аж ахуйн нэгж, байгууллага цэвэрлэх байгууламжгүй ажиллаж байгаа учраас аж ахуйн нэгж байгууллагад шаардлага тавьж, хэрэгжүүлэхгүй бол торгох арга хэмжээ авах нь зүйтэй.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment