8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Монголын сэтгүүл зүйн 105 жилийн ой тохиож, Архангай аймагт хорио тогтоосоон өдөр

2018-03-06 18:45:00

Ажилт гаргана гэдэг тухайн өглөөг хэрхэн угтсанаас ихээхэн шалтгаалдаг юм шүү. Тийм учраас та бүхэн өглөө босоод заавал өглөөний цайгаа ууж байгаарай. Гэхдээ юу ч хамаагүй тааралдсан бүхнээ идэж болохгүйг мөн сануулж байна. Эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай болохыг Америкийн эрдэмтэд тогтоосон байна.

Эрдэмтдийн тогтоосноор, өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлөхгүй, харин ч эрүүл мэндэд тустай аж. Өндөгтэй хоол идэж ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг гэнэ. Тийм учраас та бүхэн маргааш өндөг идэхээ бүү мартаарай. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм мэдээллээ хүргэх гэж байна.

Г.Баасан: Д.Жигжиднямааг яллагдагчаар татах тогтоол үйлдэгдээд АТГ-аас нийслэлийн прокурорт хүргэгдсэн гэх мэдээлэл байна

Энэ сарын 1-ны өдөр ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан УБТЗ-ын Удирдах газар болон “ТМХС Монгол” компанийн байранд нэгжлэг хийж, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа болон орлогч дарга Г.Ганболд нарын өрөөг битүүмжилж, хяналт шалгалт хийсэн гэх мэдээлэл гарсан. Харин УБТЗ-ын зүгээс ийм үйлдэл гараагүй гэх албаны мэдэгдлийг өчигдөр өгсөн билээ. 

Тэгвэл АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийж ийм үйл явдал болсон гэж хэлэв. Тодруулбал, олон нийтийн зөвлөлийн тэргүүн Г.Баасан "Төмөр замын асуудал 2017 оны нэгдүгээр сараас эхлэн хөндөгдсөн. Жил хоёр сар болж байна. Цагдаагийн Ерөнхий Газрын дэргэдэх эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас Д.Жигжиднямаагийн өрөөнд нэгжлэг явагдсан гэсэн баттай эх сурвалжийн мэдээлэл байна. Д.Жигжиднямааг яллагдагчаар татах тогтоол үйлдэгдээд АТГ-аас нийслэлийн прокурорт хүргэгдсэн гэх баттай эх сурвалжийн мэдээлэл байна. УБТЗ дээр байгаа ноцтой хэрэг бол тухайн газраас гарсан мөнгөн гүйлгээ нь офшор дансанд орсон байгаа. Засварын машин, 977 вагоны асуудал гэх мэтээр Д.Жигжиднямаа нь төрийн өмчит компанийн мөнгийг хууль бусаар ашигласан, албан ёсны хянагдах ёстой гарын үсэггүйгээр эдгээр асуудлууд шийдэгдсэн зэрэгт холбогдож байгаа" гэв. 


Өмнө нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглах, мөнгө угаасан гэх асуудлаар эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар Авлигатай тэмцэх газар албан ёсоор мэдэгдэж байсан. Түүнийг оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулан ОХУ-д үйлдвэрлэсэн зам засварын машиныг өндөр үнээр худалдан авсан, өнөөдөр үйлчилж буй хууль дүрмийг зөрчин 1000 ширхэг актлагдсан ачааны вагон оруулж ирсэн гэх зэрэг мэдээлэл гарч байсан. Тодруулбал,  Хэрэглээнээс гарсан хуучин вагоныг оруулж ирэхдээ их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлсэн гэж буй.  

2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн айлчлалын үеэр хоёр улсын ерөнхийлөгчид УБТЗ ХНН-ийн дүрмийн санг 250 сая ам.доллароор нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байдаг. Энэхүү тохиролцооны хүрээнд Монголын тал 125 сая ам.долларыг 2012 онд УБТЗ-ын дансанд шилжүүлсэн бол, Оросын тал “ВТБ” гэгч банкнаас зээл авч зээлдсэн мөнгөөрөө 2ТЭ-116УМ серийн гол замын зүтгүүр 30 ширхэгийг, ТЭМ-18 ДМ серийн сэлгээний зүтгүүрийг худалдан авч УБТЗ-д нийлүүлжээ. Хачирхалтай нь Оросын талын хувь нийлүүлэгч буюу “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгээс өөрийн хүлээсэн үүргийн дагуу зээлдсэн хөрөнгийн хүүг УБТЗ тодорхой хугацаанд төлж ирсэн байдаг. Зарим шинэ зүтгүүрүүдийн оронд их засвар хийгдсэн зүтгүүрүүдийг ч нийлүүлсэн гэх мэдээлэл бий.

ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн шалгалтын үеэр УБТЗ-д нийлүүлж байгаа вагон, тоног төхөөрөмж зэргийн үнийн тариф, УБТЗ-аас шилжүүлсэн мөнгө хэний данс руу орсон бэ гэдгийг шалгаж тогтоохоор холбогдох бичиг баримтыг хураан авсан байна гэх мэдээлэл байгаа юм. 

Ц.Цогзолмаа: Музейг улиралд нэг удаа үнэгүй болгохоор зохицуулна

БСШУСЯ-наас энэ сарын 01-08-ны өдрүүдэд "Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээг орон даяар зохион байгуулж байгаа. Энэ өдрүүдэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа бөгөөд нэлээд ачаалал ихтэй байгаа. Мөн бүх музей Монголын түүх, соёл, зан заншил, үндэсний бахархалт үнэт зүйлсийг сурталчлан таниулах чиглэлээр тусгай үзэсгэлэн гаргаж байгаа юм. Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас тодрууллаа. 

 БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ “Энэ удаагийн зохион байгуулсан “Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээний үеэр нэлээд тандалтын судалгаа гарч ирж байна. Дунджаар хэдэн хүүхэд үзсэн гээд судалгаа гарч ирсэн. Цаашид музейн үнэ төлбөрийг бууруулах эсвэл зарим музейг улиралын хуваарьт оруулаад улиралд нэг удаа  үнэгүй болгохоор зохицуулна. Долоо хоногийн дотор бүх хүүхдүүдэд дараалал үүсгэхгүйгээр жилийн дөрвөн улиралд хүүхдэд яаж ээлтэй байх механизын судалгааг хийж байгаа. Үнэгүй байдлаар зохион байгууллаа гэхэд музейн тайлбарлагч, музейн ариун цэвэр үйлчилгээг сайжруулах чиглэлээр Соёл урлагийг дэмжих сангаас музейнууддаа дэмжлэг үзүүлэх судалгааг яг одоо хийж байна” гэлээ.

Боловсролын салбарын шинэчлэл: 184 хүүхдийн шалгалтын хариуг 20 минутын дотор мэдээлэх боломж

Ж.Энхбаяр гишүүний санаачилга, хүсэлтийн дагуу “Ирээдүйн эзэд-2018” байгалийн ухааны анхдугаар олимпиадыг БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Боловсролын Үнэлгээний Төвөөс амжилттай зохион байгуулж, шалгалтын дүнг шалгуулагчийн нүдэн дээр шууд засч танилцуулах шилэн технолгийг амжилттай туршлаа.

Шалгалт дуусмагц оролцсон 184 хүүхдийн материалыг засагч машинд уншуулж, танхимд байрлуулсан дэлгэц дээр мэдээллээ. Ингэснээр онооны дарааллаар эхний байруудад шалгарсан сурагчид ширээнийхээ ардаас шууд тодорч шагналаа гардсан юм.

Нэгдүгээр байрт СБД-ийн Сант сургуулийн сурагч Б.Мандуул, дэд байрт Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн сурагч С.Самбуу, гуравдугаар байрт СХД-ийн Номун цогцолбор сургуулийн сурагч Д.Хишигдалай нар шалгарч медаль, өргөмжлөл, ipad зэрэг үнэ бүхий зүйлээр шагнууллаа. Мөн сурагчдыг бэлтгэсэн байгалийн ухааны заах аргын нэгдлийг мөнгөн шагналаар урамшуулсан юм.

Шалгалтын дүнг засагч машинд уншуулахад ердөө дөрвөн минут зарцуулав Олимпиадад математик, физик, хими, биологи, газарзүйн хичээлийн асуултуудыг харьцангуй өндөр түвшинд бэлтгэн, 120 минутын хугацаанд шалгалт авсан юм. Шалгалтын асуулт бэлтгэсэн багш нарыг гурав хоногийн турш вакум орчинд тусгаарлаж, цагдаагийн хамгаалалт дор лацыг нээн сурагчдад тараалаа. Ингээд шалгалт дуусч баганан код бүхий оролцогчийн мэдээлэл агуулсан материалыг засагч машинд уншуулахад ердөө дөрөвхөн минут зарцуулав.

Сурагчид суудалдаа, эцэг эхчүүд хөндлөнгөөс ажигласан энэхүү технологи ямар их цаг хугацаа, хөрөнгө хэмнэж байгааг магтаж, сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мэдээллийн технолгийн залуусаар бахархаж байгаагаа хэллээ Өнөөдөр зөвхөн сурагчид шалгуулсангүй. Боловсролын салбарт шинэ технологи туршсан Ж.Ган-Эрдэнэ захиралтай Боловсролын үнэлгээний төвийн залуус бүтээлч санаачилгаа практикт анх удаа нэтврүүлснээ шалгуулсан юм.

Боловсролын үнэлгээний төвийн дарга Ж.Ган-Эрдэнэ энэ талаар "Цаашид бид ЭЕШ-ын дүнг энэ системээр гаргахыг зорьж байна. Технологийн дэвшлийг ашигласнаар шалгалтад оролцогчдын шалгалтын хариу таван минутын дотор гарах боломжтой байгаа юм. Ингэснээр олон давуу талтай" гэлээ. 

Маш их цаг хугацаа, мөнгө, сэтгэл санааны хүлээлт, цаашлаад хүнд суртал, авлигатай холбоотой хардлага, хандлагуудыг тас цохисон энэхүү технологийг Ж.Энхбаяр гишүүн дэмжсээр ирсэн. Тэрээр төрийн албаны хүнд суртлыг халахын тулд салбар бүрт нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг онцолж, эдгээр залуусаар бахархаж байгаагаа хэлсэн юм. Улс төрчдийн байнга ярьдаг ил тод-шударга, хүнд сурталгүй-шуурхай үйлчилгээ гэж чухам юу байдгийг Ж.Энхбаяр гишүүн болон түүний баг “Ирээдүйн эзэд” олимпиадаараа харууллаа.

Т.Энхболд: МАНАН-ын нэр бүхий гишүүдийг хуулийн байгууллагаар шалгуулна

Монгол Улсын нөлөө бүхий улс төрчдийг шалгуулахаар иргэн Т.Энхболд хуулийн байгууллагад хандсан байна. Иргэн Т.Энхболдын зүгээс “Монгол Улсыг зохиомлоор дампууралд хүргэсэн, ард иргэдийг ядууралд хүргэж цөхрөөсөн, ахмад настнаа хууран мэхэлж гомдоосон, эх хүүхдүүдийг сэтгэл санааны хохиролд унагасан, эх орноо сэндийчиж ард түмэнтэй нь уйлуулж чадсан АН МАН-ын нэрээр халхавчлан ард иргэдийг хууран мэхлэх арга замаар төрийн эрх мэдэлд гарч ирсэн эрх мэдэлтнүүдийг хуулийн байгууллагад шалгуулна” гэсэн мэдээллийг өглөө. Энэ талаар иргэн Т.Энхболдоос тодрууллаа.

- Монгол Улсын нөлөө бүхий улс төрчдийг хуулийн байгууллагад хандаж байгаа гэлээ. Хэнийг ямар үндэслэлээр шалгуулах гэж байгаа вэ?

-Ард түмнийг ядууралд хүргэсэн улс төрчдийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандаж байна. Гэмт хэрэг хийсэн эдгээр хүмүүсийн хохирогч нь 3 сая иргэн.  3 сая иргэний нэг нь би. Ард иргэдийг ядууралд хүргэж цөхрөөсөн, ард иргэдийг хууран мэхлэх замаар төрийн эрх мэдэлд гарсан эрх мэдэлтнүүдийг доорх үндэслэлээр шалгуулж байна.

  1. ТЕГ-т АН-аас Ц.Элбэгдорж, Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Н.Алтанхуяг, З.Энхболд, Б.Эрдэнэбат, МАН-аас М.Энхболд, У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа, Т.Аюурсайхан, Дархан-Уул аймгийн Засаг дарга Ш.Насанбат, С.Ганбаатар нарыг эх орноосоо урвах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, үймээн самуун дэгдээх,
  2. АТГ-т эрх мэдлээ хууль бусаар ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах,
  3. ЦЕГ-ын мөрдөн байцаах хэлтэст бусдын эд хөрөнгийг булаах, мөрийтэй тоглох гэсэн зүйл заалтаар шалгуулахаар  хуулийн байгууллагад хандаж байна.

-Эдгээр хүмүүсийг буруутай үйлдэлийг нотолсон нотлох баримт таньд байна уу. Үр дүн нь хэр гарна гэж бодож байна вэ?

-Үр дүн нь гарна. Хуулийн байгууллага миний шалгуулахаар хандсан  асуудалд хариу өгөх үүрэгтэй. Хуулийн байгууллагад шалгаж эхлэхээр хүн тус бүр дээр нотлох баримт гаргаж өгнө. Монгол Улс дампуурлын ирмэгт ирчихсэн, ард иргэд ядуу байгаа учраас Монголыг сайн сайхан авч явна гэсэн МАН, Ардчилсан намын эрх бүхий хүмүүсийг Тагнуул, Цагдаа, Авлигатай тэмцэх газар шалгаж, хариуцлага тооцох ёстой.

-Таны хувьд өмнө нь Ялалтын талбайд   дөнгөтэй суулт хийж байсан. Дөнгөтэй суулт нэлээд олон хоног үргэлжилээд цагдаагийн байгууллага хүчээр буулгасан. Тэр асуудал юу болсон бэ?

-56 хоног өлсгөлөн зарласан. Намайг дөнгөтэй суулт хийж байхад цагдаагийн байгууллага хүчээр буулгасан. Би 2012 оноос хойш “ахмадын орон сууц” барих хөтөлбөрийн асуудлаар улс төрчидтэй уулзах гэж хөөцөлдсөн. Энэ асуудал ямар ч үр дүн өгөөгүй. Дархан-Уул аймагт Ахмадын орон сууц барьж өгөх гэж дөрвөн жил явахдаа Монгол Улс дампуурлын ирмэгт ирснийг мэдсэн. Эх орон ард түмэн маань ядуурч байгаа нь нүдэн дээр илт харагдаж байгаа. Ийм учраас эдгээр  МАНАН-ын нэр бүхий гишүүдийг шалгуулахаар хандаж байгаа.

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүмүүс үүнийг анхаарна уу

2018 онд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүмүүсийг өнөөдрөөс эхлэн 7-ныг хүртэл бүртгэнэ. Бүртгүүлэх хүмүүс дараах шаардлагыг хангасан байна.

  • Монгол Улсын иргэн байх
  • 18-39 настай
  • Хорих ял эсвэл гэмт хэрэгт холбогдоогүй байх
  • БНСУ-аас албадан гаргагдаж байсан, тус улсыг орхин явах захирамж гаргуулаагүй байх
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
  • Өнгө ялгах чадвартай байх /нурууны диск, гарын хуруу дутуу тохиолдолд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцэж болох ч хоёр дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасагдахыг анхаарна уу/
  • Мэргэжлийн бус ажилчны Е-9, усан онгоцны ажлын Е-10 визээр БНСУ-д таваас дээш жил ажиллаагүй байх шалгуур тавьж байна.
  • БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд харьяа аймаг, дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандах боломжтой.

БНСУ-д ажилчин илгээх ганц байгууллага нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар тул Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар сонирхож буй иргэд залилангийн шинжтэй хувь хүн, байгууллагуудад хууртахгүй байхыг тус газраас сэрэмжлүүллээ.

"Ноён уулын шүүх хурал 35 удаа хойшилсон нь санаатай хэрэг" гэв

Ноён уулын гэж нэршээд байгаа Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь “Сентеррагоулд Монголия” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай шүүх хурлын ээлжит тов өчигдөр хуралдах байсан. Гэтэл энэ удаагийн шүүх хурал ахин хойшилсон юм. Товчхондоо Ноён уулсын шүүх хурад ийнхүү 35 дахь удаагаа хойшилж байна. Монголын шүүхийн түүхэнд анхны гэж тодотгож болохоор. Учир нь Ноён уулын шүүх хурал шиг олон удаа хойшилсон шүүх хурал одоогоор байхгүй гэхэд хол зөрөхгүй.

Иргэний нийгмийн хөдөлгөөнийнхөн түүхийн олдворт Ноён ууланд олборлолт хийхийг эсэргүүцэн нэхэмжлэл гаргасан энэ хэргийг анхны шүүх хурал 2016 оны нэгдүгээр сард болсон. Энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 35 дахь удаагаа хойшилж байгаа байна. Анхан шатны шүүхэд ялалт байгуулан “Сентеррагоулд Монголия” компанийн лицензийг түр түдгэлзүүлэх шийдвэр гарч байсан ч хариуцагчид давж заалдсанаар анхан шатны шүүхэд буцаагдаж байсан юм.

Хамгийн сүүлийн буюу 34 дэх шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд товлогдсон ч хариуцагч тал өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөө солих хүсэлт тавьснаар мөн л хойшилсон. Харин өчигдөр буюу гуравдугаар сарын 5-нд товлосон шүүх хурал хариуцагчийн хүсэлтээр хойшилсон байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Батбаяр, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай нар нь гадаадад албан томилолттой, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааныг 14 хоног хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн учраас ийнхүү Ноён уулын шүүх хурал ийнхүү 35 дахь удаагаа хойшлоод байна.

Дараагийн шүүх хурал байна энэ сарын 18-ны өдөр болно. Тэр үед ахин хойшлогдох болов уу яах бол. . .

Энэ шүүх хурлын талаар Гамшгийн эсрэг үндэсний төв ерөнхий зохицуулагч, НОЁН Уулаа аваръя хөдөлгөөний Улаанбаатар хотын зохицуулагч Ж Ганбаатараас тодруулахад

“Манайх нэхэмжлэгч талаас оролцож байгаа. Шүүх хурал ийнхүү олон удаагийн давтамжтайгаар хойшилж байгаа нь санаатай хэрэг гэж бид үзэж байна. Өмнө ч ямар нэгэн байдлаар шалтгаан гаргаж хойшилж ирсэн. Энэ удаад Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гадаадад албан ажилтай яваа. Шүүх хурал заавал өөрсдийн биеэр оролцоно гэсэн шалтгаанаар шүүх хурал хойшиллоо. Дараагийн удаад шүүх хурал хойшлохгүй байх гэж найдаж байна” гэсэн юм.

Ямартай ч сүүлийн хэдэн жилд Хүннүгийн язгууртны дурсгалыг хэвлийдээ хадгалж буй түүхт Ноён уулын орчимд алт олборлох ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг эзэмшсэн “Сентерра гоулд” компанийн үйл ажиллагаа монголчуудын анхаарлын төвд байгаа билээ. Монголын өнөөгийн эрх баригчид Ноён ууланд “Сентерра гоулд” компани 76 тонн алтны нөөцтэй ордыг олборлох үйл ажиллагааг эхлүүлэхээр улайран зүтгэж байгаа боловч олон нийт үүнийг хүчтэй эсэргүүцсээр өдий хүрчээ. Энэ тэмцэлд Мандал сумын 8700 иргэн, “Эко залуучуудын клуб”, “Босоо Хөх Монгол” бүлгэм гэх мэт субьектууд нэгдэн “Ноён уулаа авръя” хөдөлгөөн байгуулснаар нийт 27  төрийн бус байгууллага хамтарч “Ноён уулаа ухуулахгүй” хэмээн заалдаж байна. 

Улмаар “Ноён уулаа аварья” хөдөлгөөнөөс Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандан Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уул орчимд олборлолт явуулахаар “Сентерра Гоулд” компанид олгосон дөрвөн лицензийг түдгэлзүүлэх цаашилбал, лицензийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэх гаргасан шүүх хурал хойшилсоор л. 

Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзах уу, түтгэлзэх үү

Найзындаа хонохдоо охин дүүг нь хүчирхийлсэн хэрэгт нэр холбогдон хуулийн байгууллагад шалгагдаж буй УИХ-ын гишүүн Д.Гантулга тун удахгүй УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзэж магадгүй гэх мэдээлэл улс төрийн хүрээнийхний дунд яригдаж эхэллээ.

Түүнийг хүчирхийлэл үйлдсэн эсэхийг хууль хяналтынхан шалгаж байгаа ч эцсийн хариу гараагүй байна. Тодруулбал, түүний нэр холбогдсон хэрэг прокурорын шатанд шалгагдаж байна. Прокуророос саяхан мэдээлэл хийхдээ, хохирогчийн биеэс илэрсэн эр бэлгийн эс УИХ-ын гишүүн Д.Гантулгынхтай таарсан гэсэн билээ. 

Харин УИХ-ын гишүүн Д.Гантулга "Намайг гүтгэж байна" гэх үгээ л хэлсээр. 

Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ "Би дотуур хувцсаа өмсөөд гарсан" гэж хэлснээс болж насан туршдаа "бандааш" хочтой болсон түүнийг гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзэх өргөдлөө өгсөн эсэх талаар УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон "Гантулга гишүүн ямар нэг өргөдөл ирүүлээгүй байна" гэх хариултыг өглөө. Хэдийгээр УИХ-ын Тамгын газрын  дарга Ц.Цолмон ийм хариултыг өгч буй ч түүнийг тун удахгүй өргөдлөө өгөхөөр бэлтгэж байгаа гэх мэдээллийг зарим эх сурвалжууд өгч байгаа юм. 

Ямартай ч Д.Гантулга гишүүн МАН-аас нэр дэвшиж сонгогдсон учраас бүрэн эрхээсээ татгалзах эсвэл түтгэлзэх шийдвэрийг бие даан гаргах эрхгүй, заавал намынхаа удирдлагуудтай ярилцах учиртай. Харин энэ удаа нам нь түүнийг гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзүүлэхээр шахаж буй сурагтай. 

Хэрвээ Д.Гантулга гишүүн УИХ-ын гишүүнээсээ татгалзвал түүний сонгогдсон Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болно. Харин эсрэгээрээ түтгэлзвэл нөхөн сонгууль болохгүй юм. МАН-ынхан Д.Гантулгыг түтгэлзүүлээд сонгууль зохион байгуулахгүй байх тактикийг боловсруулж буй сураг байна. 

Учир нь тэдэнд нөхөн сонгууль зохион байгуулах сонирхол байхгүй бөгөөд энэ нь өөрсдөд нь ашиггүй гэж үзэж байж мэдэх юм. Учир нь Хэнтий аймагт нөхөн сонгууль болбол МАХН-аас Н.Энхбаяр, АН-аас Б.Гарамгайбаатар нарын хүмүүс нэр дэвших магадлал өндөр. Тэр тохиолдолд МАН-д итгэх итгэлээ алдсан иргэд МАН-ын нэг суудлыг өөр намд өгч мэднэ. Тиймээс нөхөн сонгууль явуулахгүй байх хувилбарыг сонгож мэдэх юм. Үүний оронд Д.Гантулга гишүүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түтгэлзүүлээд хэргийг нь 2020 он хүртэл сунжруулан шалгаад, шийдсэн болоод өнгөрч мэднэ. "Муу нэр, муухай зүстэй" нөхөртөө хариуцлага тооцсон болж ч харагдах давуу талтай. 

Гэхдээ Д.Гантулга хэрэгт холбогдсон бол заавал бүрэн эрхээсээ татгалзаж байж шалгуулах шаардлагагүй. Учир нь УИХ-ын гишүүн байхдаа ч хууль хяналтынханд шалгуулж болох заалтыг Үндсэн хуулийн цэц сэргээсэн гэх тайлбарыг УИХ-ын зарим гишүүд өгч буй. 

Гэхдээ уг тайлбараас илүүтэй МАН-д бүтэхгүй нөхрөөсөө холдож нэрээ цэвэрлэсэн нь цаашдын улс төрд хэрэгтэй болов уу.

Мотоциклийн дугуй хагарч осолдсоноос жолооч гэмтжээ

Орон нутгийн замд мотоцикльтой хөдөлгөөнд оролцож буй иргэд хурдаа тохируулж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж зорчоогүйн улмаас зам тээврийн осолд өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарч байна.

Өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад “ГССҮТ-д мотоциклиос унаж гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн дуудлага ирсний дагуу шалгахад Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэн, 28 настай, эрэгтэй О нь алдуул малаа хайж яваад мотоциклийн дугуй нь хагарсны улмаас осолдож гэмтсэн байжээ. Тэрбээр яаралтай хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал хэвийн эмчлүүлж буй аж. Уг хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Мотоциклийн ослын улмаас жолооч, зорчигч нь нас барах эсвэл тархи, нуруу нугасандаа хүнд гэмтэл авдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклиуд нь манай орны нөхцөл байдалд тохирохгүй буюу асфалтан замд унаж хэрэглэх зориулалт бүхий хайлшин обудтай нь зам тээврийн осол гарах эрсдэлийг үүсгэдэг. Иймд хамгаалалтын малгай хэрэглэж занших, замын нөхцөл байдалд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Автомашины дугаарыг өөрчлөх ажил долдугаар сараас эхэлнэ

Автомашины улсын дугаарыг солих шинэ стандартыг баталж, ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Ингэхдээ одоо явж байгаа машинуудаас эхлэхгүй. Харин импортоор орж ирж байгаа автомашинуудад шинэ стандартаа мөрдүүлэх юм байна.

Дараа нь орон нутгийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг хамруулах гэнэ. Учир нь шинээр мөрдөх стандартад засаг захиргааны харьяалалыг улсын хэмжээнд нэгдмэл болгохоор заажээ.

Монголын сэтгүүлч зүйн 105 жилийн ойн баярын мэнд хүргэе

1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол улсад тогтмол хэвлэл үүссэн хэмээн үздэг. Энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн түүхэн эх сурвалжууд үздэг юм. Энэ өдрөөс хойш Монгол улсад сэтгүүл зүйн салбар хөгжсөөр өнөөдөр 105 жилийн түүхэн ойтойгоо золгож байна.

Гадаад Монголын нийслэл хүрээнээ “Шинэ толь” хэмээх сонин бичиг гарч эхэлсэн нь тухайн үеийн Монгол орноо соёлын том хувьсгал байлаа. Энэ бол Богд хаант улс байгуулагдсаны хоёр дахь жил буюу Олноо өргөгдсөний хоёрдугаар он. Богд хаант Монгол Улсын ерөнхий сайд, сайн ноён Намнансүрэнгийн таван яамт Засгийн газрын хийж байсан олон шинэтгэлийн нэг нь ийн Монгол Улсад анхны тогтмол хэвлэл гарч эхэлсэн явдал байсан юм. 

Сониныг монголчууд дангаараа бие даагаад гаргачихсангүй. Монгол Улсын Гадаад яам, Хаант Оросын Монгол дахь төлөөний газрын хооронд 1913 оны эхээр байгуулсан хэлэлцээний дагуу нийслэл хүрээнд байсан оросын хэвлэлийн газрыг түшиглэн хэвлэж байлаа. Мэдээж, оросууд энэ хэвлэлээр өөрийн бодлогыг сурталчлах сонирхолтой байсан хэрэг. 

Түүхэнд “Шинэ толь” сонин бичиг гэж нэрийдсэн энэ хэвлэл эхлээд 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэгдэн Төрийн байгууллагуудад тараагдаж, цөөн хэдийг  нь худалдаалдаг байж. Дараа нь хуудасны тоог цөөрүүлэн сонины хэлбэрт оруулан хэвлэх болж нийтдээ 20 дугаар гарсан байдаг.

Ийнхүү  арвантавдугаар жарны Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр улсынхаа  тусгаар тогтнолыг даяар олноо тунхаглан зарлаж, Богд хаана ширээнд нь залсан Монгол Улсын засгийн газрын хийж байсан олон шинэчлэл болон цахилгаан станц, утасны хороо, төв хөдөөгийн сургууль, орос сургууль, ший янгууны газар зэргийн нэг нь энэхүү “Шинэ толь” хэмээх сонин бичиг байсан юм.

 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага, үе үеийн ахмад сэтгүүлчиддээ ойн баярын мэнд хүргэе. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment