Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 08 тоот захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Хуулийн төслийг боловсруулахдаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн ерөнхий бүтцийг хэвээр хадгалах зарчим баримталсан бөгөөд энэ хуулийн төсөл нь 5 зүйлтэй болно. Хуулийн төслийн боловсруулахдаа Сонгуулийн ерөнхий хорооны саналыг авч тусгасан. Энэхүү хуулийн төслийг Засгийн газар дэмжиж, зарчмын хоёр санал ирүүлснийг төсөлд тусгасан байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 2011 онд шинэчлэн батлагдсантай холбогдуулан Ард нийтийн санал асуулгын тухай хуульд тухайн үед нь шаардлагатай өөрчлөлт оруулаагүйгээс ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин тодорхой бус болсныг залруулж, холбогдох өөрчлөлтийг оруулснаар ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Ард нийтийн санал асуулгын хуулийн төслийг өргөн барив
2015-10-08 14:35:00