8o
Улаанбаатар хот
mobile menu

СУРВАЛЖЛАГА: Шинийн 15-ны дотор засал номоо хийлгэх гэсэн сүсэгтэн олон хийдүүдэд ачаалал үүсгэж байна

2018-02-21 08:00:00

Гандантэгчинлэн хийд ном уншуулах үнэ тарифаа нэмээгүй байна 

Өнөөдөр шинийн зургааны өдөр. Арвандолдугаар жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн шинийн зургааны энэ өдөр сүсэгтэн ард засал номоо хийлгэхээр гандан, хийдийг олноор зорьж байна.  Монголчууд шинийн 15-ны өдөрт багтаан тухайн жилийнхээ засал номоо хийлгэхийг зорьдог. Энэ уламжлалын дагуу уг өдрүүдэд гандан, хийдээс сүсэгтэн олны хөл, хөдөлгөөн тасрахгүй байна.Шинийн 15-ны өдөр засал номоо хийлгэснээр буян арвижиж, амьдралын замыг засдаг хэмээн бурханы номонд айлддаг билээ. 

Жил бүрийн өдийд хамгийн их ачаалалтай өнждөг Гандантэгчинлэн хийд болон Зүүн хүрээ Дашчойлон хийдийг зорилоо. Гандантэгчинлэн хийд буюу бидний хэлж заншсанаар Төв гандан энэ өдрүүдэд сүсэгтэн олны хөлд дарагдаж байна. Энгийн өдрүүдийнхээс харьцангуй ачаалал ихтэй байгаа нь засал номоо хийлгэхээр зорьж буй сүсэгтэн олны дугаарлалтаас харж болно. Төв гандан нь шинийн нэгнээс 15-ныг хүртэл өдөр бүр ерөөлийн ном хурах аж.  Онцлоход, тус хийд нь шинийн 14-нд үнэ төлбөргүй ном хурах юм байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хэд, хэдэн хийдүүд ном хурахдаа албан ёсны үнэ ханш тогтоосон байдаг. Гандантэгчэнлин хийдэд хамгийн өндөр үнээр Алтанганжуурыг уншуулж болох юм.  Нэг удаа уншуулахад л 20 000 төгрөгийн тасалбар бичүүлэх учиртай юм. Харин хамгийн багадаа 500 төгрөгөөр хийморийн сан тавиулж болно. Алтанганжуурыг насны буянаа арвижуулах, санасан хэргийг бурхны номын ёсоор сэтгэлчлэн бүтээхийн тухайд айлдуулдаг, бүтэн жил уншдаг том ном билээ. Гандантэгчинлэн хийдийн хувьд үнэ ханшаа нэмээгүй байна.

Дашчойлон хийд сүсэгтэн олны хөлд дарагджээ 


Үүний дараа Зүүн хүрээ Дашчойлон хийдийг зорилоо. Тус хийд нь өнөөдөр /2016.2.19/ сүсэгтэн олны  хөлд дарагджээ. Биднийг очиход засал номоо хуруулах иргэд тус хийдийн ном бичүүлэх хэсэгт урт дугаарлалт үүсгэсэн байлаа. Ачаалал ихтэй байгаа учир тус хийдээс хэд, хэдэн бичээчийг нэмж ажиллуулж байна. Сүсэгтэн олон өдөр бүр 09.00-18.00 цаг хүртэл айлтгал номоо бичээчид бичүүлэх боломжтой юм байна. Иргэдийн айлтгахаар бичүүлсэн номыг маргааш нь унших хуваарийн дагуу унших бөгөөд сүсэгтэн олон өөрийн биеэр ирж ном хурахад сүсэглэн залбирч болох юм.  Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн цагаан сарын хурал 2-р сарын 11-ээс эхлэн 3-р сарын 2-ны өдрийг хүртэл хурах аж. Мөн сүсэгтэн олны айлтгал, номыг цагаан сарын ачаалал ихтэй үед цаг тухайн үед нь хуваариа өөрчлөн уншиж буй бөгөөд бичээчид бичүүлсэн айлтгалын номыг хойд том дуганд цагийн хуваарийн дагуу уншиж байгаа аж. 

Сүсэгтэн олон айлтгал номоо бичээчид бичүүлэн унших хуваарын дагуу хүрэлцэн ирж айлтгал номоо уншуулах бөгөөд хойд талын том дуганы зүүн талд байрлах жижиг дуганд засалч лам нар сүсэгтэн олны засал сэлт болох / Нашдүрсэм, Гүймиг, Мэнгэ, Суудлын засал, Харш жилийн засал/ гэх мэт заслуудыг хийлгэх боломжтой юм байна. 

Тухайн засалд бэлдэж ирэх зүйлсийг бичиж тавьсан байх бөгөөд зааврын дагуу бэлдэж ирэх юм байна. Зүүн хүрээ Дашчойлон хийд нь шинийн 5-ны өдөр 09.00 цагийн хооронд урд дугандаа Цогчин, 13.00 цагт Их Ерөөл хуржээ. 

Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тамгын лам Ц.Алтанхүү: Шинийн 15-ны өдөр үйлдсэн буян их сайхан арвиждаг 


-    Зүүн хүрээ Дашчойлон хийд энэ өдрүүдэд ямар ном хурж байна вэ? 

-    Манай хийд өнгөрсөн тахиа жилийн өвлийн сүүл сарын 25-аас эхлэн хуучин номыг хурж, сахиусаа тахиж байна. Энэ хурлууд шашин номын зан үйлийн дагуу болж байна. Билгийн тооллын өвлийн сүүл сарын шинийн 25-наас хуучин номын хуралд сахиусаа тахиад битүүний шөнө Лхамаа хураад шинийн нэгнээс их Ерөөлийг хурж байна. Мөн өглөөний уншлага Цогчин номоо хурж байна. Шинийн 1-ээс 15-ны хооронд өдөр бүр Цогчин, Их Ерөөлийг хурна. 

-    Сүсэгтэн олны мөргөл, ном их байна уу? 

-    Уламжлал ёсоор шинийн 1-ээс 15-ны өдрийн хооронд сүсэгтэн олон арвин, дүүрэн ирж мөргөл хийх, буян номоо хийх мөн шинэ номынхоо заслыг хийлгэж байна. Энэ уламжлалаараа сүсэгтэн олон хийдээр арвин, дүүрэн ирж номоо уншуулж байна. Мөн мөргөл, эргэл хийж гороолж байгаа.Энэ мэт урьдын адил сүсэгтэн олон буян номд шамдаж байгаа. 

-    Хүмүүс шинийн 15-ны өдөрт багтаан жилийн заслаа хийлгэхийг зорьдог. Энэ ямар учиртай юм бол? 

-    Шинийн 15-ны өдрүүдэд буян номд шамддаг нь учиртай. Энэ өдрүүдэд бурхан багш ирж шид бүтээлийг үзүүлдэг. Тиймээс бурханы шашинтай орнууд энэ баярыг тэмдэглэдэг. Энэ хугацаанд үйлдсэн буян их сайхан арвиждаг. Олноороо буян хийх нь илүү их үрждэг гэх бодол, итгэл байдаг. Нөгөөтэйгүүр шинэ сар гарч буй учраас сарын эхэнд хүмүүс засал номоо хийлгэнэ гэж шамддаг. Гэхдээ заавал 15-ны өдөр гэлтгүйгээр улирал бүрийн эхэнд заслаа хийлгэдэг уламжлал бий. 

-    Шинийн 15-аас хойш ч мөн заслаа хийлгэж болно биз дээ? 

-    Шинийн 15-ны өдөр багтаагүй ч үүнээс хойш ирж засал номоо хийлгэх, мөргөл эргэл хийж болно. Зурхайн номонд дурдсанаар улирал бүрийн эхэнд заслаа хийлгэж болдог.

 


Засал номоо хийлгэх шаардлагагүй гэж үзэх хүмүүс байдаг. Харин бурханы номонд засал гэдэг нь хүний бие, сэтгэл санаа эрүүл мэнд, ажил үйлс, аливаа бүхэнд эерэг нөлөө өгөх, бурхан шашны нууц тарнийнномын их хүч, тарни бясалгалын ид шид, био эрчим хүчний ховстолтоор хүнд үйлчлэхийг хэлдэг байна.                                                                                                                                                                                                                         Эх сурвалж: Будда.мн

Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Д.Цогтбаатар: Жил нь орж буй хүмүүс онцгойлон засал номоо хийлгэх шаардлагатай 

-Ямар жилтнүүд онцгойлон засал ном хийлгэх ёстой вэ?

-Энэ жил нохой жилтнүүдийн хувьд жил орсны засал хийлгэх шаардлагатай. Жил орсон буюу 13,25,37,49,61,73,85 настай хүмүүс гүмэг буюу гай барцад арилгах засал хийлгэх хэрэгтэй. Хэрэв нохой жилтэй эмэгтэй хүмүүс усан суудалд суусан байвал мөн дээрх заслыг хийлгэнэ. Жил нь орсон хүмүүс тухайн жилдээ сүлд хийморь тааруу байдаг тул сүлдээ дуудуулах зайлгүй шаардлагатай. Шороон нохой жилд луу, үхэр, хонь гэсэн жилтнүүдийн харш жил гарч байна. Тийм учраас их харш жилийн дүнсэр, бага харш жилийн шишид гэсэн засал хийлгэнэ. 12 жилийг дотор нь эр эм, жил гэж ангилдаг. Энэ жилийн тухайд эм жилтнүүд суудлын өнцгийн заслыг хийлгэнэ. Суудлын засал гэдэг нь аливаа гай барцад, өвчин зовлонгоос холуур байна гэж зурхайн ухаанд бичсэн байдаг.

-Ямар жилтнүүдэд сайн жил тохиох вэ?

Нохой жилтэй ивээл жилтнүүд буюу бар, морь жилтний хувьд энэ жил сайн жил тохиож байна. Эдгээр жилтнүүдийн аливаа санасан хэрэг саадгүй бүтэх төлөвтэй. Харин энэ жилд хийморь лундаа доройтох хэд хэдэн жил бий. Үүнд хулгана, луу, бич, бар, морь нохой жилтнүүд багтсан. Монголчууд бид чинь буян хишгийн талдаа их анхаардаг. Тэгвэл энэ жил төрсөн оны сүүлчийн тоо 2,3-аар төгссөн онд төрсөн хүмүүст их зарлага ихтэй жил тохиох байх. Эдгээр онд төрсөн хүмүүс томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийхдээ сайн судалгаа хийх хэрэгтэй. Харин төрсөн оны сүүлчийн тоо нь зургаа 6,7,8,9 –өөр төгссөн бол  олз омогтой сайн жил байх болох байх. 

Иргэн Д.Оюунгэрэл: Тогтсон үнэ тарифын дагуу л мөнгөө төлдөг

 - Үр хүүхэд, хань ижил, нийт ард түмнийхээ төлөө хэд, хэдэн ном хуруулахаар бичүүллээ. Номууд тогтсон үнэ тарифтай байдаг. Түүнийг нь төлөөд л уншуулдаг. Унших үед нь ирж даган баясдаг. Өнгөрсөн жил хувь ламаар номоо уншуулж заслаа хийлгэсэн. Сүсгээрээ л мөнгө өгсөн. Харин энэ удаа Төв гандандаа заслаа хийлгэх гэж байна. Ачаалал ихтэйг эс тооцвол сайхан л байна. Аль болох 15-ны өдөртөө багтаан заслаа хийлгэхийг хичээдэг шүү. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Малнуудад
Хайран мөнгө. Ламдаад ажил үйлс чинь сайжирдаг бол ажил хийж яах гээд бгаан бэ? Малнуудаа...
2018/02/21 122.201.31.205