8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Монголын 4 иргэний оффшор данс ил болж, Орхон аймагт шүлхий өвчин гарсан өдөр

2018-02-20 18:45:00

Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Ц.Даваасүрэн: Оюутолгой Монгол улсаас эрчим хүчээ ав 

Оюутолгойн цахилгаан станц барих гэрээг хүчингүй болголоо гэх мэдээлэл сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон Тавантолгой төслийн нэгжийн захирал Д.Батбилэг, Эрчим хүчний яамны бодлогын газрын хэлтсийн дарга Б.Ерэн-Өлзий нар мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн эхэнд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Оюутолгойн  цахилгаан станц барих гэрээг цуцлав гэх худал мэдээлэл сүүлийн үед гарах боллоо. Рио Тинто болон Оюутолгой компанийн зүгээс энэ асуудлаар огт яриа хийгээгүй юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т “Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Оюутолгойн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол улсын нутаг дэвсгэр дэхь дор дурдсан буюу түүнээс дээш эх үүсвэрээс сонгон хангана. Нэгдүгээрт, хөрөнгө оруулагчийн барьсан эсвэл санхүүжүүлсэн нүүрсээр ажиллах цахилгаан станц, хоёрдугаарт, гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн эсвэл барьсан цахилгаан станц, гуравдугаарт, Монгол улсын цахилгаан эрчим хүчний сүлжээнээс цахилгааны хэрэгцээгээ хангана” гэж заасан байдаг. Дээрх гэрээний дагуу Оюутолгой компани 2017 оны долдугаар сараас эрчим хүчний хэрэгцээгээ 100 хувь дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах ёстой байсан ч өнөөдөр жилд 140-160 сая ам.доллараар эрчим хүчээ импортолж байна. Өөрөөр хэлбэл Монголоос эрчим хүчний эх үүсвэрээ авах ёстой байсан ч авахгүй байна. “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах” гэрээ гэх хууль зөрчсөн гэрээнээс болж эрчим хүчээ манайхаас аваагүй байна. 2014 онд Засгийн газар Оюутолгой компанийн хооронд "Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ"  хийгдсэн байна. Уг гэрээгээр хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-д заасан заалтыг түдгэлзүүлснийг сая Засгийн газар хүчингүй болгосон.  Хууль зөрчсөн учраас цуцалсан юм. Бидний цуцалсан гэрээнд хугацаа байхгүй. Хэрвээ цуцлаагүй бол үйл ажиллагаагаа явуулах бүхий л хугацаанд манайхаас эрчим хүч авахааргүй байсан. 2014 оны наймдугаар сарын 14-нд байгуулсан Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээний 1.4.1 “Талууд Тавантолгой төслийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллаж байгаа болон уг төслийн баригдаж дуусах хугацааг харгалзан, хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т заасан Оюутолгой ХХК-ийн үүрэг түдгэлзэх ба үйлдвэрлэлт эхэлсэнээс хойш болон Оюутолгой ХХК уг үүргийг заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг Засгийн газар зөвшөөрч байна гэж заасан. Өөрөөр хэлбэл өмнөх Засгийн газар Оюутолгой ХХК заавал Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэдэг утга бүхий заалт оруулж өгсөн  тул Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг Монгол Улсын Засгийн газар 2018 оны нэгдүгээр сарын 30-нд хүчингүй болгосон. Ингэснээр Оюутолгой компани эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь дотоодын эх үүсвэрээр хангах 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлэх үүрэг хүлээж байгаа. 2018 оны хоёрдугаар сарын 16-нд өмнөх гэрээ цуцлагдсан цагаас хөрөнгө оруулалтын гэрээнд заасан дөрвөн жилийн хугацаанд Оюутолгой эрчим хүчний эх үүсвэрийг дотоодоос хангах ёстой. Түүнээс бус Оюутолгойн цахилгаан станц барих гэрээг цуцлаагүй. Харин ч Оюутолгой өөртөө цахилгаан станц барихыг оролцуулаад эрчим хүчний бүхий л боломжит хувилбаруудыг судалж үзэж байгаа гэж Туркойз Хилл албаны хуудасдаа мэдэгдсэн байна лээ. Өмнийн говийн гэрээ цуцлагдсанаар Монголоос эрчим хүч авах ажил эхэлж байна. Оюутолгой нэг жилд 100 гаруй сая долларын эрчим хүчийг Хятадаас авдаг. Ирэх жилээс гүний уурхай ажиллаад эхэлбэл 200 сая долларын эрчим хүч авдаг болно. Одоо Монголоос авах ёстой. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Эрчим хүч авах ёстой байсан хугацаа нь өнгөрөөд нэг жил болж байна” гэв.


Мөн тэрбээр  “Ч.Сайханбилэг гэдэг хүн Өмнийн говийн гэрээ гэх хууль зөрчсөн гэрээг хууль зөрчиж хийсэн байна. Гурван жилийн дотор 6000 сая доллар манайд орж ирэх байсан. Гэтэл Монголоос эрчим хүч авахгүй ч байж болно гэх заалтыг хууль зөрчиж оруулсан байна. Одоо бол авах ёстой. Манасй Засгийн газрын зүгээс Оюутолгой компанийн цахилгаан станц барих бүхий л зөвшөөрлийг олгосон байгаа. Боломжит хувилбаруудаас сонгоод цахилгаан станцаа барих шаардлагатай” гэлээ. 

Харин Тавантолгой цахилгаан станц төслийн захирал Д.Батбилэг 2013 онд Тавантолгой төслийн баг байгуулагдсан. Энэ хугацаанд ТЭЗҮ болон санхүүжилтийн бүх судалгааг хийсэн. Хөрөнгө оруулагч Оюутолгой компаниас батлан даалт өгвөл 2018 оны долдугаар сард төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бүрэн боломжтой. Цахилгаан станц барихад бэлэн болсон. Рио Тинто компаниас батлан даалт өгвөл долдугаар сараас ажлыг эхлүүлэх боломжтой байгаа” гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

- Засгийн газраас уг гэрээг цуцалснаар хүчин төгөлдөр бус болох уу. Оюутолгой компанийн талаас хүлээн зөвшөөрөхгүй гэж заргалдах боломжтой юу? 

-    Боломжгүй. Гэрээнд заасны дагуу манай талаас цуцлах боломжтой. 

-    Энэ талаар Засгийн газар хэзээ мэдсэн бэ? 

-   Манай Засгийн газар байгуулагдсаныхаа дараа бүх гэрээтэй танилцсан. Тэгээд Тавантолгойн төслийг хөдөлгөхөөр ажиллаж эхлэхэд энэ гэрээ гарч ирсэн. 

-    Оюутолгойн албан ёсны сайтад “Уурхайн талбайд станц барих хувилбарыг авч үзнэ” гэж бичсэн байна лээ. Тэгэхээр 7.3 дахь заалтыг сонирхохгүй байна гэдгээ илэрхийлсэн гэж ойлгож болох уу? 

-    Гурван хувилбар бий. Өөртөө барих, Тавантолгойн уурхайд барих гэсэн хувилбаруудаас сонгоно гэсэн санааг л илэрхийлсэн байх.Угаас гурван хувилбараас аль нэгийг нь сонгоно гэх үүргийг хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн байгаа. Аль боломжтой хувилбарыг нь сонгоод цахилгаан станцаа барих ёстой. 

-    Гурван хувилбарын аль нь манайд ашигтай юм бэ? 

-   Монголоос авч л байвал ялгаагүй. 200 сая доллар гадагш л урсахгүй байвал болно шүү дээ. 

-  Тавантолгой цахилгаан станцын ТЭЗҮ боловсруулагдсан гэлээ. Оюутолгойгоос хэдий хэмжээний хөрөнгөд батлан даалт хийх шаардлагатай байгаа юм бэ? 

-  Тавантолгойг түшиглэн 450 мваттын хүчин чадалтай нүүрсний цахилгаан станцыг дөрвөн жилийн дотор барих ёстой. Одоо барьж эхэлбэл 2022 онд дуусна. Тэрбум долларын өртөгтэй. Хөрөнгийн баталгааг гол худалдан авагч Рио Тинто компани гаргах ёстой. Энэ талаар манай хамтарсан консорциум Рио Тинто компанитай гэрээ хэлцлүүд хийгээд явж байна. 30 жилийн хугацаанд нэг тэрбум долларын батлан даалт гаргана гэсэн боловч хугацаа багасаад 15 жил болгох шаардлагыг . Хэрвээ цахилгаан станц баривал үнийн хувьд Хятадаас авч байгаа цахилгааны үнээс харьцангуй хямд үнээр эрчим хүч авна. Хэрвээ цахилгаан станц баривал ганц Тавантолгой гэлтгүй бүхий л уурхайг эрчим хүчээр хангах бүрэн боломжтой. 

-    Хэрвээ Рио Тинто батлан даалт гаргахгүй гэвэл цахилгаан станц барих боломжгүй болох уу? 

- Рио Тинто компани баталгаа гаргахаас татгалзаагүй байгаа. Харин ч оролцоод явж байгаа. 

-    Цахилгаан станц барих хүртэл Оюутолгой компани Хятадаас эрчим хүчээ авсан хэвээр л байх юм байна. Тийм үү? 

-    Тийм. 

-    Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг хийсэн нь гэмт хэрэг юм биш үү?

-    Нэг талаараа ийм. Оюутолгойн гэрээг УИХ-аар оруулж батлуулсан учраас алвиаа өөрчлөлтийг хийхдээ УИХ-аар оруулах ёстой. Гэтэл тэгээгүй. Засгийн газрын хуралдаанаар оруулж ирээд шийдсэн.Хамгийн гол нь Монгол улсад ашиггүй болгож зарим заалтыг өөрчилсөн. 

-    Уг гэрээг хийсэн хүмүүстэй хариуцлагын асуудлыг ярих уу? 

-    Хариуцлага хүлээлгэх ёстой. Хэрвээ хүлээлгэхгүй бол хэн нэгэн нь энэ гэрээг дуртай үедээ өөрчлөөд л улс орныг хохироодог болно шүү дээ. Ажлаа өгөөд явчихаар л хариуцлагаас мултарчихдаг юм байна. Тухайлбал, Дубайн гэрээгээр 5.4 тэрбум долларын татвараас Оюутолгой компанийг чөлөөлчихсөн шүү дээ. Энэ бол асар их мөнгө. Бид ОУВС-аас 5 тэрбум доллар авах гэж хүчээ шавхаж байна шүү дээ. 

Монголын 4 иргэний оффшор данс ил боллоо

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас “Paradise papers”-ийн шинэ баримтуудыг дэлгэжээ. Үүний дотор Монгол Улсын дөрвөн иргэний нэрс оржээ.  Оффшор бүсийн тоонд багтдаг Мальтын арлуудад данстай Гангаагийн Цэдэн-Иш, Гангаагийн Агархорол болон Лувсанвандангийн Болдхуяг, Ганбаатарын Саруул нарын нэрсийг уг баримтад нэрлэсэн аж. 

Лувсанвандангийн Болдхуяг нь“Бодь” группийн ерөнхийлөгчөөр ажилладаг.  Мөн УИХ-ын гишүүн Л.Болдын төрсөн дүү юм. Л.Болдхуяг нь 2005 оноос Шведийн Вант Улсын Монгол улс дахь Өргөмжит Ерөнхий  Консул, 2009 оноос Шведийн Вант улсын Өргөмжит Консулаар ажиллаж байна.

1996 оноос өнөөдрийг хүртэл Голомт банк болон Бодь группийн удирдлагын багт 16 жил тасралтгүй ажиллаж, “Бодь интернэшнл” ХХК-ийн ерөнхийлөгч, “Бодь даатгал” ХХК-ийн ерөнхийлөгч, Голомт банкны ТУЗ-ийн гишүүн, Бодь группийн ерөнхийлөгч зэрэг албан тушаалуудыг хашиж ирсэн юм. Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Шведийн эзэн хааны дээд шагнал “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдаж байсан. 

Ганбаатарын Саруул нь  “Богд” банкны гүйцэтгэх захирлаар ажилладаг юм байна. Даян Дэлхийн Блокчейн Бизнесийн зөвлөл /Global Blockchain Business Council/- нь 2017 оны Дэлхийн эдийн засгийн форумын үеэр шинээр байгуулагдсан бөгөөд тус байгууллагын үүсгэн байгуулагч гишүүнээр “Богд Банк”-ны гүйцэтгэх захирал Г.Саруул сонгогдсон. 

 Г.Цэдэн-Иш, Г.Агархорол нар нь хувиараа бизнес эрхэлдэг гэнэ.

Хууль зөрчин томилогдсон 33 албан тушаалтанг чөлөөлжээ

Төрийн албаны зөвлөл төрийн захиргааны төв байгууллагууд яам, агентлаг, орон нутагт шат дараатай ажиллаж, төрийн албаны стандарт, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг хийж байгаа билээ. Шалгалтын үеэр төрийн албаны шалгалт өгөөгүй иргэдийг албан тушаал түр орлон гүйцэтгэгчээр, мөн хөдөлмөрийн гэрээгээр томилсон зөрчил дутагдлууд нэлээд гарч байна.

Төрийн албанд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн, мэдлэг чадвараа зохих ёсоор үнэлүүлсэн иргэд томилогдох эрх зүйн зохицуулалттай. Энэ шаардлага шалгуурыг хангаагүй, хууль зөрчин удирдах албан тушаалд томилогдсон 33 албан тушаалтныг Төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу томилсон албан тушаалтнууд чөлөөллөө.

Сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, ажлын байрны шаардлага, ёс зүйн шалгуурыг хангаж байгаа албан хаагч төрийн албанд ажиллах ёстой гэсэн шаардлагыг Төрийн албаны зөвлөлөөс тавьж байгаа бөгөөд цаашид дээрх зарчмыг баримтлан томилгоог хуульд нийцүүлэх, зөрчлийг арилгах ажлыг хэрэгжүүлэх юм.

НӨАТ нь ороогүй иргэд мэдээллээ засаад мөнгөө авч болно

НӨАТ-ын буцаан олголтыг сар шинийн өмнөхөн иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн. Гэвч хувийн мэдээлэл нь алдаатай 19 мянган иргэн татварын буцаан олголтоо авч чадаагүй байгаа юм.

Татварын буцаан олголтоо авч чадаагүй иргэдийн дийлэнх нь орон нутгийн иргэд байгаа юм. Эдгээр хүмүүс мөнгөө нөхөж авах боломжтой. Тодруулбал, хувийн болон бүртгэлийн мэдээлэл нь алдаатай хүмүүс мэдээллээ засварлах боломжтой. НӨАТ-ын эхний ээлжийн мөнгө орж дууссаны дараа эдгээр хүмүүсийн мэдээлэл дахин сэргэнэ. Татварын албанд хандах шаардлагагүй. Хувь хүн өөрийнхөө и-баримтаар нэвтэрч мэдээллээ нягтлах хэрэгтэй. Мэдээлэл үнэн зөв болчихвол эхний ээлжийн мөнгө бүрэн олгогдсоны дараа нөхөн шилжүүлэх аж.

Иргэд НӨАТ-ын буцаан олголтыг авахдаа өөрийн бүртгэлийн мэдээллээ албан ёсны дагуу баталгаажуулсан байх ёстой. Үүнд данс, регистр, утасны дугаараа бүртгүүлсэн байх. Тэгэхдээ НӨАТ-ын буцаан олголт авах данс нь хамтран эзэмшигчгүй байх ёстой юм байна.. 

Орхон аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарлаа

Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатараар ахлуулсан 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 02-р сарын 15-ны өдрийн  Жаргалант суманд очиж, сумын онцгой комиссыг  14:20 минутад хуралдуулж  Жаргалант сумын Засаг даргын А/10 тоот “Малын гоц халдварт “Шүлхий” өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах тухай” захирамж гарган сэжигтэй малаас дээж авч, Улаантолгой багийн нутаг дэвсгэрт хязгаарлалтын дэглэм тогтоон,  4 цэгт пост гарган ажиллуулжээ. Голомтын цэг нь Жаргалант сумын төвөөс 1,27 км зайд Улаанбаатар Эрдэнэтийн чиглэлийн 1001 дугаарын төв замаас 122м орчим зайд байрладаг. 

Аймгийн Онцгой комиссыг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 20:00 цагт Онцгой комиссын өрөөнд хурлыг зохион байгуулж, Онцгой комиссын даргын шийдвэрээр хяналтын 6 пост гаргаж ариутгал халдваргүйжүүлэлт хийх 24х8 хэмжээтэй функтийг шинээр хийж байрлуулах, ариутгал хийх өндөр даралтын уурын зуухыг хийх үүрэг чиглэлийг онцгой комиссын бүрэлдэхүүнд өгчээ. 

Онцгой комиссын бүрэлдэхүүн 2018 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 10 цагт хуралдаж өмнөх 4 дүгээр хуралдаанаас өгсөн үүргийн биелэлттэй танилцаж, малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоох тухай аймгийн Засаг даргын 2018-02-15-ний өдрийн А/76 тоот захирамж гарган хэрэгжилтийг ханган ажиллах талаар Онцгой комиссын бүрэлдэхүүнд үүрэг өглөө. Баян-Өндөр сумын мал эмнэлэг үржлийн нэгжийн 3 автомашин, 6 ажилтан, ХХААГ-ын 4 автомашин, 8 ажилтан, Цагдаагийн  газрын 2 автомашин 8 алба хаагч, Онцгой байдлын газраас 2 автомашин,  постод 4 хүн, голомтын бүсэд функт   барих ажилд 11 алба хаагч, Жаргалант сумаас 6 ажилтан нийт 11 тээврийн хэрэгсэл,  43 алба хаагч шүлхийн голомтод ажиллаж байна. 

Долларын ханш 100 төгрөгөөр буурлаа

Долларын ханш буурч 2402 орчим төгрөг боллоо. Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад ам.долларыг 2392-2396 төгрөгөөр худалдан авч, 2400-2405 төгрөгөөр арилжиж байна. "Найман шарга" валют арилжааны төвд ам.долларыг 2395-2397 төгрөгөөр худалдан авч, 2402-2405 төгрөгөөр арилжиж буй юм.

Цаашид ам.долларын ханш тогтвортой байх төлөвтэй байна. Учир нь Монгол банкин дахь валютын нөөц 3 тэрбум долларт хүрсэн нь ийнхүү валютын ханшийг буурахад нөлөөлж байгаа юм. Түүнчлэн Монголбанкин дахь алтны нөөц ч өнгөрсөн жил ихээхэн хэмжээгээр нэмэгдэж, 25 орчим тонн алт худалдан авсан нь ханш буурч төгрөг чангарахад зохих хэмжээгээр нөлөөлжээ. 

Ц.Даваасүрэн: Оюу толгой Монголоос эрчим хүч авах үүргээ биелүүлээгүй учраас  гэрээг хүчингүй болгосон

Монгол Улсын Засгийн газар Оюу Толгой компанитай байгуулсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-гээ цуцлах саналаа Оюу Толгой компанид хүргүүлсэн талаар мэдээлэл өчигдөр гарсан. Үүнтэй холбогдуулан Оюутолгой уурхайн үйлдвэрлэлийг дотоодын эрчим хүчээр хангах Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн яг одоо хэвлэлийн бага хурал хийж байна.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ "Оюутолгой жилд 130-140 сая долларын эрчим хүчийг Хятадаас авдаг. Ирэх жил гүний уурхай нь ашиглалтад орвол 200 сая доллар төлнө. Ерөнхий сайд Оюутолгойд Монгол Улсаас эрчим хүчээ ав, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүл гэсэн шаардлага тавьж байгаа. Оюутолгой хууль бус гэрээ хийж, Монголоос эрчим хүч авах үүргээ биелүүлээгүй учраас хууль зөрчсөн  гэрээг хүчингүй болгосон. Энэ хууль зөрчсөн асуудлыг өнгөрсөн аравдугаар сард манай Засгийн газар мэдсэн. Монгол Улсаас эрчим хүчээ авах ёстой. 2017 оны наймдугаар сараас эхлээд Монголоос эрчим хүчээ авах ёстой байсан. Энэ хугацаа нь өнгөрсөн. Манай Засгийн Газар Оюу толгойг Монгол Улсаас эрчим хүчээ ав гэдэг байр суурьтай байгаа.Дөрвөн жилийн дотор хаанаас эрчим хүчээ авах нь Оюу толгойн өөрсдийн асуудал. Гурван эх үүсвэрээс аль нэгийг нь сонгох ёстой. Манайхаас л авч байвал хувийн болон хувьсгалын аль нь ч хамаагүй. 

“Оюу толгой” ХХК уурхайн эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах гэрээний үүргээ мөрдөн ажиллахаа энэ сарын 16-нд цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Тус компанийн мэдэгдэлд "Эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах урт хугацааны шийдлийг хэрэгжүүлэхийн тулд “Оюу толгой” ХХК Засгийн газартай 2014 оноос хойш хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Таван толгойн цахилгаан станцын төсөл хэрэгжих боломжийг судалж, цахилгаан станцаас уурхайн цогцолбор хүртэлх 220 кВт-ын цахилгаан дамжуулах шугамын судалгааг хийлээ. Харин Засгийн газраас Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ (ӨБЭХСХАГ)-г цуцалсан нь дээрх төслийг Засгийн газар боломжит хувилбар хэмээн үзэхгүй байгаа гэж ойлгогдож байна.

ӨБЭХСХАГ цуцалснаар “Оюу толгой” ХХК дөрвөн жилийн дотор эрчим хүчний өөр хувилбар сонгох ажил эхэлж буй бөгөөд энэ хүрээнд уурхайн талбайд цахилгаан станц барих хувилбарыг авч үзэх боломжтой. “Оюу толгой” ХХК эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн бүх үүргээ тууштай биелүүлнэ.

“Оюу толгойн урт хугацааны хэрэгцээг хангах шийдлийг олж, Монгол дахь дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээ хангах гэрээний үүргээ биелүүлэх нь бидний хувьд нэн чухал. Бид эрчим хүчний хамгийн сайн хувилбарыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар болон бүх оролцогч талуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ” хэмээн мэдэгдсэн гэв. 

 Согтуурсан үедээ дээрмийн хэрэг үйлдсэн этгээдийг баривчилжээ

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Хангай” захын орчим явсан иргэний эд зүйлийг Н, Б нар согтуурсан үедээ дээрэмдсэн, мөн тус дүүргийн 25 дугаар хороо, зүүн салааны эцэст явж байсан иргэний гар утас, бичиг баримтыг М нь согтуурсан үедээ дээрэмдсэн гэмт хэргүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж байна.

Баяр амралтын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор гудамж талбай олон нийтийн газар авто болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Иймд иргэд гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд нэн даруй мэдэгдэж хамтран ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн Газраас уриаллаа.

“Эрдэнэт” үйлдвэрт шахсан 14.6 тэрбум төгрөгний үнэтэй номын нэхэмжлэл шүүхэд хүрчээ

Монголын байгалийн шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Ж.Гарьдхүү “Эрдэнэт” үйлдвэрээс эрдэм шинжилгээний бүтээл нийлүүлсний төлбөрт 14,6 тэрбум төгрөгийг дөрвөн жил дамнан нэхэмжилжээ. Эцэст нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

Эрдэм шинжилгээний бүтээл нь “Орхон-Сэлэнгийн сав газрыг хамгаалах шинжлэх ухааны үндэслэл” нэртэй ердөө 11 боть ном юм. Өөрөөр хэлбэл нэг боть нь нэг тэрбум гурван зуун саяар үнэлэгдэх оюуны бүтээл аж. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн цагаан тоос дарах болон хаягдлын нуурыг үйлдвэрт ашигтайгаар эргүүлэн ашиглах шинжлэх ухааны үндэслэлийн талаар зөвхөн гуравдугаар ботид 70 гаруй хуудас бичигдсэн нь дэндүү чамлалтай.  Эрдэмтдийн дэвшүүлсэн тойм төдий тэрхүү санаа нь 50 жилийн дараа л хэрэгжих боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг.

Худалдан авалтын ажиллагааг ил тод байлгах эрхэм зорилго дэвшүүлэн ажиллаж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч асан Д.Даваасамбуугийн гарын үсэгтэй гэрээг Ж.Гарьдхүү “бамбай” болгон барьж яваа. Гэсэн ч уг гэрээнд он, сар, өдөр, “Эрдэнэт” үйлдвэрийн Хууль, эрх зүйн газрын тэмдэг, бүртгэлийн дугаар байхгүй нь хачирхалтай. Номын энэхүү шахаанд улс төрийн хүрээний эрхмүүд ч нэр холбогдсон байхыг үгүйсгэхгүй. Энэхүү асуудал нь “Эрдэнэт” үйлдвэрт онцын шаардлагагүй зүйлсийг шахдагийн тод жишээ бөгөөд цаашид эрүүгийн журмаар ч шалгагдах ёстой юм. Энэ талаар дараагийн цувралдаа мэдээлэх болно.

Ерөнхийлөгч хүүхэд бүрт мөнгө олгох тухай тогтоолын төслийг санаачилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохтой холбоотой УИХ-ын тогтоолын төсөл санаачилсныг Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар хэлэлцжээ. 2018 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 684 мянган хүүхдэд өгөхөөр 164.2 тэрбум төгрөг тусган баталсан. Хүүхдийн мөнгийг өргөжүүлэн цаашид нийт хүүхдийн 80 хувьд олгохоор зорьж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтжээ. 

Монгол хөгжөөн дэмжигчид ПЁНЧАНЫГ эзлэв

Монголын тамирчдыг дэмжихээр БНСУ-ын өнцөг булан бүрээс зуу, зуун Монголчууд хүрэлцэн ирсэн байлаа. Алпенсиагийн цанын талбайг Монголчууд бүрхэж, “Халуун Элгэн Нутаг” дууг уухай түрэн дуулж байсан нь сэтгэл хөдөлгөм бахархалтай мөч байв.

“Бид Олимпийн наадамд эрхээ аван ирсэн тамирчдаа чадлаараа дэмжиж, тэдэнд баяр хүргэхийг л хүссэн” хэмээн Инчёноос ирсэн Чимгээ ярив. Тэрээр тэмцээний дараа тамирчинтай авахуулсан "сельфи" зургаа аль хэдийн фэйсбүүктээ оруулчихсан тухайгаа ихэд баярлан үзүүлсэн юм.

БНСУ-д Монгол Улсаас суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван тэргүүтэй хүндэт зочид Пёнчанд хүрэлцэн ирж, тамирчдаа дэмжсэн.

“Олимпийн тэнгэрт Монгол Улсын далбааг мандуулж, элэг нэгтнүүдээ баярлуулах нь юунаас ч илүү чухал” хэмээн Сөүлээс тэмцээний өглөө ирсэн Очироо хэлсэн юм. Нийт 400 орчим Монгол зохион байгуулалтад орон, нэгдсэн журмаар хүрэлцэн ирж үзсэн нь энэ ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment