Францын нийслэл Парис хотын Сэнт Денис дүүрэгт байрлах нэгэн барилга дотор нуугдаж байгаа террористуудыг барихын тулд тусгайгийнхан тусгай ажиллагаа явуулсан билээ. Дөрвөн давхар барилга дотор долоон этгээд бүгэж байснаас гурван этгээдийг устгаж, дөрвөн этгээдийг баривчилсан юм. Энэ үеэр барилгын дээд давхарт байсан нэг эмэгтэй өөрийгөө дэлбэлж, амиа золиослосон. Буудалцааны үеэр нэг этгээд зугтаахыг оролджээ. Түүнийг зугтаах үед долоон настай Дизель гэх цагдаагийн нохой ардаас нь хөөж, хазсан байна. Гэмт этгээд нохойг буудаж шархтуулсан ч эзнээ ирэх хүртэл түүнийг тавиагүй аж. Хөлөндөө хүнд шарх авсан этгээд бууж өгчээ. Харамсалтай нь гэмт этгээдийг барихад голлох үүргийг гүйцэтгэсэн Дизель удалгүй үхсэн байна. Дизелийг 2012 оноос бэлдэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд хилээр давуулахыг оролдсон их хэмжээний хар тамхийг илрүүлж, хоёр удаа одонгоор шагнуулж байжээ. Баатарлаг нохойг өчигдөр оршуулсан аж. Энэ үеэр “Дизель гэмт этгээдийн хөлийг гэмтээж, тусгайгийнханд чимээ өгөөгүй байсан бол буутай этгээд энгийн иргэдэд заналхийлэх байсан” хэмээн цагдаагийн дарга мэдэгдсэн байна.
Парисчууд террористуудыг амиараа барьсан баатарлаг нохойгоо оршууллаа
2015-11-19 13:46:00