8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн өндөрлөгүүдийн золголт: Хэн, юу гэж хэлэв

2018-02-16 13:09:41

Билгийн тооллын XYII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө /2018.02.16/ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нар Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийлээ.

Ерөнхийлөгчийг Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд морилон ирэхэд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар алд цэнхэр хадаг дэлгэн амар мэндийг нь эрэн золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцэв.

Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд болсон уг золголтын эхэнд  төрийн хан хуурч, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэнЦ.Цэрэндорж төрийн хан хуурыг цэнгүүлэн гэрийн жавар үргээж, төр түвшин, түмэн олон амгалан байхыг бэлгэдэн ерөөл айлдлаа. Үүний дараа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар Төрийн хүндэтгэлийн гэр өргөөнд морилон ирж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт бараалхан золгож, хотол олныхоо сайн сайхны төлөө ном хурж байгаа тухай айлтгасан юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга " Монголын ард иргэд та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй" гэлээ. 

УИХ-ын дарга М.Энхболд "Монгол төрийн сүлд оршсон есөн хөлт Их цагаан тугны өлмий дороос Монголын ард түмэнд XVII жарны тийн унжлагат шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын сар шинийн мэндчилгээг өргөн дэвшүүлж байна. Хаврын тэргүүн сарын Цагаан сарын баяр нь монголчуудын уламжлалт үндэсний их баяр юм. Өвлийг өнтэй давж, урин хаврын цагтаа мэнд сайн золгосон малчид, тариаланчиддаа баяр хүргэе. Сар шинийн баяраар монголчууд өндөрлөж  байгаа оныхоо ажлыг дүгнэж, ирж байгаа ажлынхаа талаарх зорилт, бодлогоо хэлэлцэн дүгнэж ярьдаг сайхан уламжлалтай. Алтан унжлагат тахиа жил монголчууд бидний хувьд улс төрийн талцал, хуваагдал, ээдрээтэй хэдий байсан ч эдийн засгийн хувьд багагүй, ололт амжилт олж, муудсан эдийн засгаа өөд нь татаж, олон улсын байгууллага, хөрш, зэргэлдээ хамтын ажиллагаатай улс орнуудтай хамтран эдийн засагт багагүй амжилт гаргаж чадсан. Энэ бий болсон амжилтаа тогтворжуулах, ард иргэдийн амьдралд, айл өрх бүрийн аз жаргалд хувь нэмэр болсон буянтай сайхан үйл болгох нь шинэ гарч байгаа жилийн хамгийн гол зорилт байна. XVII жарны шороон нохой жил монголчуудад ээлтэй, сайхан жил болно байх. Нохой хүнд ээлтэй амьтан. Нохой жил монголчуудад ээлтэй байсан. 1934 онд хөхөхгчин нохой жил эрчим хүчний анхны комбинат, аж үйлдвэрийн анхны комбинатын үндэс суурийг тавьсан. 1958 оны шороон нохой жил Налайхын ил уурхайг ашиглалтад оруулж, үндэсний үйлдвэрлэл болсон цагаан идээг орчин үеийн үйлдвэрлэх үйлдвэртэй болж, саван, шил гэх мэт хүний хэрэгцээг хангасан олон томоохон үйлдвэрүүдийг нээж байсан. 1982 оны усан нохой жил монголчууд Сүлжмэлийн үйлдвэрийг байгуулж, өнөө цагийн монголчууд дэлхийд брэнд болон ноос, ноолуурын бүтээгдэхүүнээрээ гайхамшгийн эхлэлийг тавьж байсан. Тэгвэл XVII жарны тийн унжлагат шороон нохой жилд монголчууд гацаанд орсон олон том төслүүдээ урагшлуулан хөдөлгөж, эдийн засгийн их ололт амжилтыг олж, улс орныхоо хөгжилд асар их хувь нэмэр оруулсан жил болох болтугай. Төр их бат, ёс их хүнд, төр засаг тогтвортой, түмэн олон амгалан сайхан жил болох болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй" гэв. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Сар шинийн баярын мэнд хүргэе. Элэг нэгт монголчууд, эх орон нэгт ах дүүс та бүхэндээ XVII жарны тийн унжлагат шороон нохой жилийн Сар шинийн баярын мэнд хүргэж,  Монголчууд та бүхэндээ эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, мэндчилж байна. Өнгөрөн одож байгаа тахиа жилдээ амжилт, ололт, алдаа оноотой нэгэн жилийн үдэж байна. Гэхдээ өнгөрч байгаа жил  монголчууд бидний, улс орны хувьд эдийн засгийн хувьд өсөж, дэвжсэн, уналт нь зогссон он байсан. Ирж байгаа нохой жил монголчууд бидний хувьд их бүтээн байгуулалтын он жил байх ёстой. Улс орны эдийн засгийн хөгжил дэвшилд бодит үр дүн гарсан он байх болно гэдэгт эргэлзэхгүй байна. 2018 он шинэ гарч буй нохой жил төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлага бэхжсэн, улс орны эдийн засгийн уналт зогссон, сэргэлт дэвжсэн он байх болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд ард иргэддээ хэлэхэд таатай байна. гарч байгаа жилдээ монголчууд бүгдээрээ элгээрээ энх бүтэн, эв эетэй, өмнөө дэвшигдэн тавьсан зорилтоо Монгол улсын бүх иргэд ханган хэрэгжүүлсэн, төр засаг ард иргэдийн холбоо хэлхээ улам бэхжсэн ийм сайхан он болж улс орныхоо өмнө тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлийг ард түмнээрээ даван гарах он болно гэдэгт би эргэлзэхгүй байна. Монголынхоо нийт ард түмэнд, хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа гарч байгаа нохой жилдээ эрүүл энх, аз жаргалтай, өнөр өтгөн байж, санасан бүхэн сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Т.Энхэлээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ERENHKIILEGCH ard tumendee hkandaj 10 ug hkeljee, UIX n darga M.ENHKBOLD, ERENHKII said HKURELSUKH nar NEG BUTEN hkuudas
2018/02/17 66.181.186.63
Иргэн
Энхболд Хүрэлсүх нар сайхан үг хэлжээ ерөөл бат сайхан оршигээ...
2018/02/17 27.123.214.102