ТЕГ-ын дарга Б.Хурцтай холбоотой гомдол Өргөдлийн байнгын хороонд маш ихээр ирсэн байдаг. Гомдол гаргасан хүмүүс УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын Төрийн ордонд зохион байгуулсан уулзалтад өөрсдийн биеэр ирж хэлэлцүүлэг хийсэн билээ.
Энэ уулзалтын үеэр ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотойгоор иргэдийн гаргасан гомдол хуулийн дагуу эсэх асуудлаар Өргөдлийн байнгын хорооноос Нийслэлийн ерөнхий прокурорын газар руу албан бичиг явуулсан байна. Иргэн н.Энхбат, н.Жаргал нарын Б.Хурцтай холбоотой гаргасан гомдлын дагуу явуулсан албан бичгийн хариу ирсэн гэж Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэллээ. Тэрбээр "Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх н.Баярмагнайгаас “Б.Хурц нь өс хонзонгийн болон бусад хувийн сэдлээр иргэн н.Жаргал, н.Энхбат нарт эрүүгийн хэрэг үүсгүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байгаа учир гомдол гаргасан иргэдийн гомдлыг хүлээн авахаас татгалзаж байгааг мэдэгдэж байна” гэсэн албан бичгийг Өргөдлийн байнгын хороонд илгээсэн" гэлээ.