Энэ сарын 9, 10-ны өдөр хуралдсан МАХН II Их чуулганаа зохион байгуулсан. Уг хуралдаанаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг улираан сонгож, Хяналт, Ёсзүйн хорооны 11 гишүүн болон Бага чуулганы 181 гишүүнийг сонгожээ.
Тус Их чуулганаас гарсан шийдвэр, үр дүнгийн талаар намын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. МАХН, МАН хуваагдан 2011 онд МАХН Онц их хурлаа хийж, дарга, удирдлагаа сонгосноос хойш 7 жилийн дараа Их чуулганаа хийж буйг МАХН-ынхан онцолж байгаа юм. Энэ удаагийн Их чуулганд 1044 төлөөлөгч оролцож, өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар Хяналт, Ёсзүйн хорооны ажлын тайлан, МАХН-ын дарга Н.Энхбаярын илтгэлийг тус тус хэлэлцлээ. Мөн МАХН-ын бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, МАХН-ын дарга, Хяналт, Ёсзүйн хорооны 11 гишүүн болон Бага чуулганы 181 гишүүнийг сонгосон байна. Бага чуулганаас Гүйцэтгэх товчоог томилсон бөгөөд МАХН-ын дэд даргаар Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, ЕНБД-аар Б.Тулга нарыг сонгожээ.
МАХН-ын даргад нэр дэвшигчийн талаар анхан, дунд шатны байгууллагуудаас санал авахад Н.Энхбаярыг улираан сонгох саналыг 1020 төлөөлөгч 100 хувийн саналаар МАХН-ын даргаар улиран сонгогдсон юм. Мөн тус чуулганаар шинэчилсэн Мөрийн хөтөлбөр, Дүрмийг хэлэлцэж батлан, тогтоол гаргаж, шинэ Үндсэн хуулийн төслөөр тогтоол, уриалга гаргасан байна.
МАХН-ын Нарийн бичгийн дарга Н.Удвал "Энэ хурлаар МАХН Үндсэн хуулийн шинэ хувьсгалыг эхлүүлж, хариуцлага хяналтын шинэ тогтолцоог бий болгож, өнөөгийн хямралаас гарах уриа гаргалаа. Хурал маш амжилттай болж, төлөөлөгчид бүгд сэтгэл хангалуун байна" гэж байв.
МАХН-ын дарга Н.Энхбаяр “Нэгдүгээрт энэ хурал итгэл төрүүлсэн хурал боллоо. МАХН-ын гишүүд дэмжигчид өнөөгийн нөхцөл байдлаас улс орноо гаргах боломж гарцыг харж, ярилцлаа. Ямар гарц байна гэвэл байгалийн баялгийг ард түмэндээ өгөх, хараат бус шүүх засаглалтай болох, хоёр танхимтай парламенттай болж, намын жагсаалтаар болон нам бус хүмүүсийн дундаас нэр дэвшиж сонгодог байх зэрэг өөрчлөлт хийж болно. Нам бус гишүүдээс бүрдсэн Үндэсний их хурлаа Улсын бага хурлаараа хянадаг, ёс суртахууны болон эрүүгийн хэрэгт холбогдвол хариуцлага тооцдог болох юм. Мөн дээд боловсрол, залуу гэр бүлийн орон сууцыг үнэ төлбөргүй болгох зэрэг асуудлыг тусгасан үнэхээр ирээдүйтэй, гарцтай Шинэ дээд Үндсэн хуулийг Их чуулганаараа хэлэлцэж, төлөөлөгчид ч дэмжин сайшааж тогтоол гаргалаа. Одоо ард иргэддээ өргөн барьж, гарын үсэг зуруулахад бэлэн болж байна. Одоо төрийн үйл ажиллагааны гажуудал Үндсэн хуультай холбогдож байгаа. Үүнийг засахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх замаар тогтолцоогоо зөв болгох хэрэгтэй. Үндсэн хуулийг ард түмэн баталдаг. Түүнээс биш МАН, АН, МАХН батлахгүй. Тийм учраас бид ард түмнийхээ гарын үсгийг цуглуулна. Бид байгалийн баялгаа зөв хуваарилж байж иргэдээ орон сууцжуулна. Залуучууддаа сайн боловсрол эзэмшүүлнэ. Тавантолгойгоос 100 тэрбум ам.доллар босгох боломжтой. Үүнээс 20 тэрбум ам.доллараар нь 450 мянган өрхийг орон сууцжуулна. 200 мянган оюутны төлбөрийг нэг жилдээ 200 сая ам.доллар л төлнө. Ийм боломж бидэнд байгаа. Энэ бүхэн Үндсэн хуулин дээр тусгаагүй учраас МАН ажлаа хийхгүй суугаад байна. У.Хүрэлсүхэд битгий найд, Х.Баттулгаас их зүйл битгий хүлээ. Үндсэн хуулиа л өөрчлөх ёстой. Энэ бүхнийг бид Их чуулганаараа хэлэлцсэн" гэсэн юм.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-О.Баасанхүү гишүүн намаасаа гарвал МАХН УИХ-д суудалгүй болох уу?
С.Ганбаатар: МАХН албан ёсоор УИХ-д суудалтай нам хэвээр байгаа. Харин УИХ-д сууж буй төлөөллийг өөрчлөх үү гэдэг бол дараагийн асуудал. Тэр хүн бие дааж гарч ирээгүй. Орхон аймгийнхан МАХН-д санал өгсөн. Тийм учраас МАХН УИХ-д суудалтай нам.
-Гишүүнийг эргүүлэн татах асуудал тавина гэсэн үг үү?
-Үүнийг бид нам дотроо ярилцана.
- Намын дүрэм, даргаа дахин Дээд шүүхэд бүртгүүлэх үү?
- Хуулийн хугацаандаа багтаагаад холбогдох материалуудаа шүүхийн байгууллагад хүргүүлнэ.
- Г.Шийлэгдамбын асуудалд ямар хариулт өгөх вэ?
-Хуулийн дагуу асуудал нь шийдэгдээд явах байх аа гэж бодож байна.
Т.Хулан