Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас цуврал болгон зохион байгуулж "Бизнес уулзалт"-ын энэ удаагийн зочноор Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна. Тэрбээр бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж тэдэнд тулгамдаж асуудлыг сонсохын зэрэгцээ сонирхсон асуултад нь хариуллаа. Уулзалтад 300 орчим төлөөлөгч оролцов. Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хамт Сангийн сайд, Эрчим хүчний сайд болон бусад холбогдох албаныхан өнөөдрийн уулзалтад оролцлоо.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Өнгөрсөн 2017 оныг Монголын хүн ам 3,2 саяд хүрсэн, малын тоо толгой өссөн, эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа гээд олон нэмэх үзүүлэлттэй үдлээ. Монголчуудын амьдрал ямар байх нь биднээс шалтгаална. 2016 онд эдийн засаг маш хүнд байсан. Монголын эдийн засагт сэхээнд байсныг 2017 нь энгийн тасагт шилжүүлсэн. Үүний үр дүн 2018 оны нэгдүгээр сард “Чингис” бондын өрөө төлж чадлаа. Дэлхийн зах зээл дээр хоёр ч бондыг амжилттай гаргалаа. Дэлхийн банк болон Сангийн яамнаас гаргасан судалгаа 2018 онд Монголын эдийн засгийн өсөлттэй гарна гэсэн тооцоо харуулж байгаа. Эдийн засгаа сайжруулах, улсаа сэхээнээс гаргаж, ажилд нь оруулах 880 хоног надад байна. Энэ хугацаанд улс орныхоо хөгжил дэвшлийн суурийг тавьж чадна гэж бодож байна. Санхүүгийн сахилга батгүй, хөрөнгө оруулагчдад ээлгүй, итгэлийг нь алдсан, бизнес эрхлэгчдээ дэмждэггүй, том бодлогоо харж чадахгүй байгаа нь бидний том зовлон байсан. Энэ замаас гарахын тулд арга замыг нь хайн олж, шалтгааныг нь засах ёстой. Бид тэр шалтгааныг олсон, хийх аргаа олсон. Одоо бид иргэндээ чиглэсэн л бодлого явуулах ёстой. Хий хоосон зам тавьж, барилга барихгүй. Монгол хүний төлөө л Монголын төр ажиллах ёстой. Монгол Улсын Засгийн газар эрүүл хүнс, эрчим хүч, дэд бүтэц, нефтийн бүтээгдэхүүнээ дотооддоо хангах зэрэг тодорхой ажлуудыг зорилго болгон ажиллаж байна" гэлээ.
Харин бизнес эрхлэгчдийн зүгээс Ерөнхий сайдад хандан 100 гаруй саналыг бичгээр ирүүлэв. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихдээ зөв, ирээдүйд хэрэг болохуйц салбарыг дэмжих шаардлагатайгаас гадна татвараар дарамталж болохгүй гэх саналыг хэлж байв. Эдийн засагт богино, урт, дунд хугацаанд өгөөжөө өгөх төслүүддээ хөрөнгө оруулалтаа өгөх нь чухал гэсэн санал хэллээ.
Бизнес эрхлэгчид ямар санал хэлж, асуулт асуусныг удахгүй хүргэх болно.
Т.Энхэлээ