Ипотекийн зээлийн урьдчилгааг таван хувиар бууруулж, 25 хувь болгох саналыг Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Монголбанкны төлөөлөл оролцсон ажлын хэсэг гаргалаа. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ойрын хугацаанд хэлэлцэх товтой байна. Ажлын хэсэг урьдчилгааг бууруулахаас гадна зээлийн хүүг бууруулах гарцыг давхар судалж байгаа гэж мэдээллээ. Энэ хүрээнд гэр хорооллоос орон сууцанд нүүн орж байгаа иргэдэд долоон хувиар зээл олгох боломжийг хэлэлцсэн байна. Зээлийн хүү болон урьдчилгаа босгыг бууруулснаар ипотекийн зээлийн эрч нэмэгдэж, зээлд хамрагдах боломжтой иргэдийн тоо өсөх хүлээлттэй байгаа аж. Өнгөрсөн 2017 онд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсантай холбогдуулан ипотекийн зээлийг Монголбанкны эх үүсвэрээр санхүүжүүлэхийг хязгаарласан юм. Харин 2018 онд Засгийн газраас 120 тэрбум төгрөг, Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс 180 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээллээ. Өөрөөр хэлбэл энэ онд нийт 300 орчим тэрбум төгрөгөөр 4400 гаруй өрхийн хүсэлтийг шийдвэрлэхээр тооцоолжээ. Дашрамд дурьдахад 2017 онд нийслэлийн хэмжээнд 30 гаруй мянган айлын орон сууц ашиглалтад оржээ. Тэгэхээр ирэх оны эцэст энэ тоо үнэмлэхүй өсч утааг бууруулах чиглэлээр хийх томоохон ажлын нэг болох бололтой.
Орон сууцны зээлийн урьдчилгааг бууруулах асуудлыг хэлэлцэнэ
2018-01-24 14:43:51