8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг АТГ-т шилжүүлж, Оюу толгой ХХК-д 155 сая ам.долларын торгууль тавьсан өдөр

2018-01-16 18:40:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна.Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж тереед хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг АТГ-т шилжүүлжээ
 

УИХ-ын гишүүн Д.Гантулга нарт холбогдох хэргийг УЕПГ-аас харьяалал тогтоож, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна. Одоогоор түүнийг АТГ-ын газрын мөрдөн шалгах хэлтэст шинжилгээний дүгнэлтэд нөлөөлсөн байж болзошгүй эсэхийг шалгах аж. УИХ гишүүн Д.Гантулгаас өмнө нь нэг удаа Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн тайлбар мэдүүлэг авснаас хойш дахин байцаагаагүй билээ.  Харин гишүүний бүрэн халдашгүй зарим зүйл заалтыг Үндсэн хуулийн цэц байхгүй болгосон учраас гишүүнээс мэдүүлэг авах асуудалд ямар нэгэн саад учрахгүй байх гэлээ.

Үл мэдэгдэх шингэнд хордсон хүмүүс техникийн спирт уусан байх магадлалтай байна

Дорнод аймгийн Чулуунхороот суманд нэгдүгээр сарын 11-нд үл мэдэгдэх шингэн уусан есөн хүний биеийн байдал муудаж нэг иргэн амиа алдсан. Есөн хүний тавынх нь бие харьцангуй сайжирсан учраас өчигдөр эмнэлгээр гаргажээ. Харин эмнэлэгт байгаа дөрвөн хүний нэг нь эрчимт эмчилгээний тасагт, нөгөө гурав нь энгийн тасагт хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа юм байна. 

Хордсон иргэд 32-51 насны хүмүүс бөгөөд Дорнод аймгийн Чулуунхороот сумын малчин болон Улаанбаатар хотын харьяат, тухайн орон нутагт туслах ажил эрхэлж байсан хүмүүс ажээ. Одоогоор тэдний хордсон шингэн юу болохыг нарийвчлан тогтоогоогүй байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторид иргэдийн уусан шингэнийг шинжилж байгааюм байна.Зарим мэдээллээр хүмүүс техникийн спирт хэрэглэсэн байж болзошгүй гэнэ. Хэргийг харьяаллын дагуу Дорнод аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Манай улсад 4.7 мянган гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна

Манай улсад 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 92 орны 4.7 мянган гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10 орноор өсөж, ажиллагчид 1.2 (20.8%) мянган хүнээр буурсан үзүүлэлт юм.

Хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэдийн 3.9 мянга нь эрэгтэй, 0.8 мянга нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй нийт гадаадын ажиллагчдын 37.5 хувь нь БНХАУ-ын, 7.2 хувь нь БНАСАУ-ын, 7.3 хувь нь ОХУ-ын, 6.5 хувь нь БНСУ-ын, 7.1 хувь нь Австрали Улсын, 5.4 хувь нь АНУ-ын, 4.2 хувь нь БНСВУ-ын, 3.6 хувь нь Канад Улсын, 2.5 хувь нь Англи Улсын, 2.0 хувь нь Филиппин Улсын,16.7 хувь нь бусад улсын харьяат иргэд байна.

Өмнөх оноос манай улсад хөдөлмөр эрхэлж буй АНУ-ын иргэд 70, БНСВУ-ын иргэд 50 , Англи Улсын иргэд 21 хүнээр өсчээ. Харин БНАСАУ-ын иргэд 837, БНХАУ-ын иргэд 283, ОХУ-ын иргэд 134, БНСУ-ын иргэд 50, Австрали Улсын иргэд 34-өөр буурчээ.

Манай улсад 2017 онд хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн 1.8  мянга нь уул уурхай, олборлолтын, 882 нь боловсрол, 649 нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклын засвар үйлчилгээний, 363  нь барилгын, 339  нь боловсруулах үйлдвэрлэлийн, 171  нь захиргааны болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны, 546 нь бусад салбарт ажиллаж байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын иргэд, эдийн засгийн үйл ажиллагааны салбараар

25 настай иргэн донор болох эсэх зөвшөөрлөө өөрөө үйлдэнэ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2018.01.16/ хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үеэр хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөний дагуу Ажлын хэсэг хуралдан хуулийн төслүүдийн зарим зүйл заалтыг дахин боловсруулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Гантулга танилцуулсан.

Тухайлбал, Зохицуулах албаны эрх, үүргийг тодорхой болгосон байна. Тус алба эс, эд, эрхтний донорын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, тархины үхэл тодорхойлох, нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан байгуулах, тандалт хийх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах бөгөөд донорын эс, эд, эрхтнийг бүртгэх, сонгох, нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, хянах үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан заавар, журмын дагуу гүйцэтгэх юм байна.

Донорын эд, эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай болсон реципиентийг хүлээх жагсаалтад бүртгэх, хяналт тавих, донорын эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах үүрэгтэй байхаар төсөлд тусгажээ.
Түүнчлэн төслийн 13.2 дахь хэсгийг “25 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно” хэмээн өөрчлөн найруулахаар Ажлын хэсгээс санал боловсруулжээ.

Хуралдаанд оролцсон гишүүд Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Оюу толгой ХХК-д 155 сая ам.долларын торгууль тавьжээ

Монгол Улсын Татварын Ерөнхий Газраас Оюу толгой ХХК-д 155 сая ам.долларын татварын торгууль тавьсан гэж Туркойз Хилл Ресурс мэдэгджээ. 

Гэхдээ Туркойз Хилл Ресурсээс Оюу толгой ХХК нь дээрх хугацаанд Монгол Улсын хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд бүх татвар, хураамжаа төлсөн гэж үзэж буйгаа мэдэгджээ. Мөн тавигдсан торгуулийг үнэлж дүгнэж, хуулийн хугацаанд хариу мэдэгдэх болно гэжээ. 

“Оюу толгой” бол Монгол Улсын Засгийн газар буюу “Эрдэнэс Оюу толгой” компани (34 хувь), Канад улсын “Туркойз Хилл Ресурс” (66 хувь) компанийн хамтран эзэмшдэг Монголын компани юм. “Туркойз Хилл Ресурс” компани Торонто, Нью-Иоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан, Рио Тинто компанийн шууд бус эзэмшлийн компани юм. Рио Тинто энэхүү түншлэлийн өмнөөс “Оюу толгой” төслийн менежментийг хариуцдаг.

Анхаар: -46 хүрч хүйтэрнэ

Ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй байх төлөвтэйг ЦУОШГ-аас мэдээллээ. Ялангуяа, баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр буюу зарим газраараа цас орж, салхи шуурах ч агаарын хэм энэ сарын 20-ныг хүртэл төдийлөн чангарахгүй.

Харин Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр -40 хэм давах хандлагатай байгаа гэнэ. Түүнчлэн энэ сарын 21-ээс хойш нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чангарч, хонхор хотгор газруудаар -45,-46 хүрэх төлөвтэй байгаа юм.

Энэ сард баруун, зүүн, төв, хойд хил дагуух газар дунджаасаа багавтар цастай байх төлөвтэй байна. Энэ сарын 21-25-ныг хүртэл хүйтний эрч чангарах учраас малчид тээвэрчдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

100 гаруй иргэнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгажээ

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газартай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг автомат мөрийтэй тоглоомын газруудыг илрүүлэн, гэнэтийн хяналт, шалгалтын ажиллагаа явуулж, хуулийн дагуу үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авчээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсоох, иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор шалгалтын ажиллагаа явуулжээ. Шалгалтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт тодорхой нэр хаяггүй байранд автомат тоглоомын үйл ажиллагаа хууль бусаар явуулж байсан газруудын олсон орлого, автомат тоглоомд ашиглагддаг төлбөрийн карт зэргийг хураан авсан байна. Мөн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан” зөрчлийг илрүүлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгалтын ажиллагааг хийж байна.Түүнчлэн тухайн тоглоомын газруудаар үйлчлүүлж байсан 21-50 насны 100 гаруй иргэнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгажээ. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын 83 хувь нь эрэгтэй, үүнээс 18-35 насны залуус 80 гаруй хувийг нь эзэлж байгаа гэсэн тоон үзүүлэлт байдаг.

Л.Нямгэрэл: Гэр бүлийн хүчирхийлэл 11 хувиар буурсан

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэлээс тодрууллаа. 

- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдаад нэг жил болж байна. Хуулийн хэрэгжилт ямар байна вэ?

- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль хэрэгжиж эхлээд нэг жил болох гэж байна. Хууль дагаж гарах журмуудыг яаруу, сандруу баталсан. Тиймээс бид хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд журмуудаа засч сайжруулах ажлыг хийж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг сурталчилах, судалгааны ажлуудыг хийх, сургалт зохион байгуулах гэх мэт олон ажил 2017 онд хийгдсэн. Ерөнхийдөө тодорхой үр дүнд хүрсэн. Ялангуяа хууль сурталчлах ажил үр дүнгээ өгч байгаа. Цагдаагийн байгууллагад мэдээллэгддэг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл ихэссэн. Үүнтэй холбоотой зөрчлийн тоо гурав дахин нэмэгдсэн.

Зөрчил нэмэгдсэн гэж үзэхээс илүүтэй энэ тоо механикаар өссөн гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, мэдээллийн болон мэдээлэгчийн нууцыг хадгалдаг болсонтой холбоотойгоор хүчирхийлэгчийн мэдээллийг цагдаагийн байгууллагад олноор өгдөг болсон гэсэн үг юм. Нөгөөтэйгүүр зөрчил гэмт хэрэг болохоос өмнөх шатандаа таслан зогсоогддог болсон. Ингэснээр өмнөх жилүүдээс гэр бүлийн хүчирхийлэл 11 хувиар буураад байна. Үүнээс үзвэл гэр бүлийн хүчирхийллийн хуулийн сурталчилгааг сайн хийсэн гэж харж байгаа.

-Хуулийг хэрэгжүүлэхэд бэрхшээл тулгарч байгаа байх. Голчлон ямар хүндрэл гарч байна вэ?

- Өнгөрсөн 2017 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад тулгарч байсан бэрхшээл гэвэл төсөв хөрөнгө байсан. Учир нь 2017 оны төсөв батлагдсанаас хойш хуулийн хэрэгжилт эхэлсэн учраас хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой төсөвгүй байсан. Гэхдээ Хууль зүй дотоод хэргийн сайдын багцаас зарим санхүүжилтыг хийсэн. Үүнээс гадна олон улсын төсөв санхүүжилтээр олон ажлыг хийж гүйцэтгэсэн. Ялангуяа хууль сахиулах болон шүүх эрх мэдэлтнүүдийг сургах, орон нутагт байгуулах түр хамгаалах байрын санхүүжилтыг шийдвэрлэх чиглэлээр НҮБ-ын хүн амын сантай хамтарч ажиллаж байгаа. 2018 оноос олон улсын төсөл хөтөлбөрөөр 2018, 2019 онд нийт 10 гаруй түр хамгаалах байр байгуулахаар төлөвлөсөн байна.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд энэ онд хичнээн төгрөг төсөвлөсөн бэ?

- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулинд гэж тусгайлан төсөв хөрөнгө суугаагүй ч гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд арга хэмжээнд суугдсан байгаа. 2018 онд тодорхой ажил хийх боломжтой гэж үзэж байна.

-Энэ хуулийг хэт чанга учраас хүндрэлүүд гарч байна гэх шүүмжлэлүүд байгаа. Тухайлбал, гэр бүлийн хоёр хүн маргахад л гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар хорьдог, цагддаг болсон гэж буй. Энэ талаар та ямар тайлбар хийх вэ?

- Гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн хуульд тооцож гэмт хэрэг хүлээлгэж байгаа. Нөгөөтэйгүүр үйлдлээр нь ялгаад зөрчлийн тухай хуульд оруулдаг болсон. Зөрчлийн тхуай хуульд заасан хариуцлага нь өөрөө баривчлах шийтгэл байгаа юм. Энэ нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байгаа тал бий. Гэхдээ баривчлахаас илүүтэй хүчирхийлэл үйлдэж буй этгээд мөн хүчирхийлэл үйлдэж болзошгүй этгээдэд сайн дурын болон албадан зан үйлийн сургалтад суулгах арга хэмжээг авч байна. Гэр бүлийг салахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг л бид авч ажиллана.Хууль хэрэгжилтийн явцад мэдээлэл сайжирснаас болоод энэ төрлийн зөрчил бүртгэгдэж байгаа ч тэр бүр баривчлаад байхгүй байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ

Ойрын хоногуудад зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн жавартай байхыг анхааруулж байна.

2018 оны 01 дүгээр сарын 15-ны 20 цагаас 01-р дүгээр сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 29-34 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчим шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 29-34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун хойноос өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө  зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 6-11 метр хүрнэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

2018 оны 01 дүгээр сарын 17-ноос 01 дүгээр сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Нэгдүгээр сарын 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-20-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17,18,20-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 27-32 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Орхон аймгийн хэмжээнд таван жинд шинэ аварга төрлөө

Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ нэгдүгээр сарын 12-14-нд Орхон аймгийн “Хангарьд палас”-т боллоо. Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн түүхт ой энэ жил тохиож байгаа. Тиймээс Монголын Улсын XX зууны манлай үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” гурав дахь удаагаа (өмнө нь 1986, 2003 онд болсон) шилдгүүдийн нутагтаа хүлээж авсан юм. Мөн Монгол хүн, тэр дундаа чөлөөт бөхийн тамирчин хүн төрөлхтөний спортын хамгийн том баяр зуны олимпийн их наадмаас медаль хүртсэний 50 жилийн түүхт ой энэ жил тохиож байгаа. Тиймээс хоёр түүхт ойтой давхцсан жил “Эрдэнэт” үйлдвэр, “Хангарьд” спорт хороо, МЧБХ хамтран насанд хүрэгчдийн УАШТ-ийг өндөр түвшинд зохион байгуулав. Гурван өдөр "Хангарьд" спорт хорооны зааланд үзэгчдийг уясан тэмцээн сонирхолтой, гал гарсан барилдаанаар дүүрэн болсон бөгөөд 25 байгууллагын 300 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдлөө. ДАШТ-ий гурван хүрэл медальт, Азийн аварга гавьяат тамирчин О.Насанбурмаа, ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Д.Гомбодорж нар Орхоны дэвжээнд долоо дахь түрүүгээ хүртлээ. “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг зургаа, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медаль, цэргийн дэлхийн аварга О.Үйтүмэн тав, "Ташкент-2014" ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Ням-Очир, Азийн АШТ-ий медальтнууд болох ОУХМ Ш.Түмэнцэцэг, Э.Нарангэрэл, Э.Даваачимэг, Б.Шоовдор дөрөв, гавьяат тамирчин П.Орхон гурав, "Будапешт-2013" ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа, ОУХМ Н.Золбоо, А.Батцэцэг хошой аварга боллоо. Хашир мастерууд харих болоогүй гэдгээ Эрдэнэтэд харуулсан гэхэд буруудахгүй болов уу. Харин ОУХМ Л.Төртогтох, спортын мастер А.Чанцалнямаа, Ц.Цогбадрах, Б.Бямбадорж, Б.Зоригтбаатар нар анх удаа улсын аварга хэмээх алдрын эзэн болсон юм. Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жин хамгийн олон бөх барилдсан бөгөөд “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Номин, цэргийн дэлхийн аварга Н.Лхамгармаа, Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Нэмэхбаяр тэргүүтэй шилдэг хүчтэнүүд медальгүй хоцорсон. 125 кг-ын жинд "Рио-2016" олимпийн наадамд оролцсон, 2014 оны Азийн аварга ОУХМ Д.Хүдэрбулга хоёрдугаар тойрогт сүүлийн үед өсч яваа "Аварга"-ын М.Лхагвагэрэлд 1:2-оор ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Завханы залуу хагас шигшээд Н.Золбоод, хүрэл медалийн төлөөх барилдаанд М.Билгүтэйд ялагдснаар медалийн гадна үлдсэн. Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд УАШТ-ээс 10 гаруй медаль хүртсэн хашир туршлагатай мастер А.Чанцалнямаа гол өрсөлдөгч ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын 11 удаагийн аварга, ОУХМ Б.Одончимэг, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга ОУХМ Г.Наранчимэг гэсэн хүнд жингийн шилдгүүдийг цэвэр ялж, улсын аваргын анхны алтан медаль нь тун амттай байв. 
ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгонцэцэг, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, гавьяат тамирчин Ц.Энхжаргал, Азийн АШТ болон залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Анхбаяр, Азийн АШТ-ий болон оюутны ДАШТ-ий хүрэл медальт, улсын хошой аварга ОУХМ С.Батболд нарын манай урдаа барьдаг сайчууд энэ жилийн УАШТ-ийг тодорхой шалтгааны улмаас өнжсөн юм.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
Эрэгтэйчүүдийн 57 кг (25 бөх): 1. Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар) 2. Батжаргалын Төгс (Төгс) 3. Болдын Түмэнцогт (Хасу-Мегастарс), Цэдэвийн Мандалсүрэн (Алдартан)
61 кг (20 бөх): 1. Эрдэнэбатын Бэхбаяр (Хангарьд) 2. Цэрмаагийн Чинзориг (Мэргэд хангай) 3. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ (Алдар), Түмэнбилэгийн Түвшинтулга (Аваргууд)
65 кг (30): 1. Энхсайханы Ням-Очир (Хилчин) 2. Батчулууны Батмагнай (Алдар) 3. Төмөр-Очирын Тулга (Арслан), Ганхуягийн Ханбүргэд (Даян дэвжээ)
70 кг (28): 1. Бат-Эрдэнийн Бямбадорж (Алдар) 2. Лутбаярын Батбаяр (Женко) 3. Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс), Гансүхийн Бэгзжав (Аваргууд)
74 кг (20): 1. Ганзоригийн Мандахнаран (Алдар) 2. Занданбудын Сумъяабазар (Хангарьд) 3. Болдхүүгийн Батсүх (Хасу-Мегастарс), Гантулгын Идэрхүү (Аваргууд)
79 кг (17): 1. Доржваанчигийн Гомбодорж (Мэргэд хангай) 2. Ганболдын Төрболд (Женко) 3. Гүр-Одын Цэрэнпунцаг (Хангарьд), Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ (Аврагч)
86 кг (16): 1. Оргодолын Үйтүмэн (Алдар) 2. Пүрэвжавын Өнөрбат (Хасу-Мегастарс) 3. Баатарын Нямбаяр (Ирээдүй), Ганбаатарын Ганхуяг (Аваргууд)
92 кг (27): 1. Лувсандоржийн Төртогтох (Арслан) 2. Доржготовын Доржсүрэн (Аврагч) 3. Баасанцогтын Өлзийсайхан (Хасу-Мегастарс), Чинбатын Алтангэрэл (Хилчин)
97 кг (15): 1. Батсүхийн Зоригтбаатар (Мэргэд хангай) 2. Пүрвээгийн Өсөхбаатар (Хилчин) 3. Өлзийсайханы Батзул (Аврагч), Б.Одсүрэн (Мэргэд хангай)
125 кг (28): 1. Нацагсүрэнгийн Золбоо (Хүч) 2. Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ (Мэргэд хангай) 3. Батнасангийн Гончигтавхай (Цастын барс), Мөнхжаргалын Билгүтэй (Женко)
Эмэгтэйчүүдийн 50 кг (14): 1. Эрдэнэсүхийн Нарангэрэл (Хангарьд) 2. Цог-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс) 3. Нандинцэцэгийн Анударь (Аврагч), Сэдбазарын Энхтунгалаг (Төгс)
53 кг (6): 1. Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин) 2. Ганбаатарын Отгонжаргал (Алдар) 3. Оргилсайханы Ванчигмаа (Женко), Наранчулууны Мөнхзул (Хангарьд)
55 кг (7): 1. Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин) 2. Бат-Оршихын Болор-Эрдэнэ (Алдар) 3. Баяраагийн Халиунаа (Орхон, Ирээдүйн одод), Батхуягийн Хулан (Хангай хайрхан) 
57 кг (11): 1. Алтанцэцэгийн Батцэцэг (Хасу-Мегастарс) 2. Балжиннямын Энхтүвшин (Аврагч) 3. Пүрэвхүүгийн Шинэхүү (Алдар), Бат-Очирын Болортуяа (Женко)
59 кг (8): 1. Баатаржавын Шоовдор (Хасу-Мегастарс) 2. Энхбатын Гантуяа (Хилчин) 3. Өлзийсайханы Пүрэвсүрэн (Женко), Амгаланбаатын Наранцацрал (Аваргууд) 
62 кг (6): 1. Пүрэвдоржийн Орхон (Алдар) 2. Дэлгэрцогтын Түмэнхүслэн (Женко) 3. Баярбаатарын Сарнай (Мөнхийн хүчтэн), Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч)
65 кг (7): 1. Соронзонболдын Батцэцэг (Хилчин) 2. Отгонбатын Оюунтуяа (Хүч) 3. Ганбаатарын Пүрэвцэцэг (Хасу-Мегастарс), Энхбаярын Цэвэгмид (Алдар)
68 кг (7): 1. Шархүүгийн Түмэнцэцэг (Хилчин) 2. Мөнхбатын Хишигмаа (Хүч) 3. Энх-Амарын Даваанасан (Алдар), Хөхөөгийн Батцэцэг (Цастын барс)
72 кг (10): 1. Очирбатын Насанбурмаа (Женко) 2. Зоригтын Болортунгалаг (Хангай хайрхан) 3. Буянжаргалын Даваацэрэн (Аваргууд), Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Алдар)
76 кг (6): 1. Амгаланбаатарын Чанцалнямаа (Хүч) 2. Ганбатын Ариунжаргал 3. Бадрахын Одончимэг (хоёул Алдар), О.Анударь (Аваргууд)

БАГИЙН ДҮН:
Эрэгтэйчүүд: 1. “Алдар” 2. “Хасу-Мегастарс” 3. “Аваргууд”
Эмэгтэйчүүд: 1. “Алдар” 2. “Хасу-Мегастарс” 3. “Женко”

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ха
Харин еерсдийг нь боолчлоод байгаа Терийн хулгайчуудын мэдлийг шатахууны компаниуд руугаа дайраач. Монголчуудын чаддаг арга нь энэ уу!!!
2018/01/17 182.160.33.81
Ха
Монголчууд гадныхныг шахан гаргаж херенгийг нь хувааж идэх л чадвартай. Тиймээс л еерсдее РиоТинто-гийн колони болох эрхээ егчихеед дайраад яахав.
2018/01/17 182.160.33.81