8o
Улаанбаатар хот
mobile menu

Европын холбоо Монгол улсын Эрүүгийн эрх зүйн шинэчлэлд хамтран ажиллана

2018-01-16 15:07:31

Европын Холбоо, Монгол Улсын Засгийн газар хамтран “Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоо ба хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт бага хурлыг  өнөөдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав. Бага хуралд Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Ерөнхий Прокурорын газар, Хүний Эрхийн Үндэсний Комиссийн удирдах албаны хүмүүс, олон улсын болон үндэсний хүний эрхийн шинжээчдийн  төлөөлөл оролцлоо. Хурлыг нээж  Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Баясгалан нар үг хэлэв.

Бага хуралд оролцогчид Эрүүгийн хууль, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэл, ялангуяа хэргийн зүйлчлэл, ялын бодлогод орсон өөрчлөлт, хэргийг мөрдөн шалгах үйл явцад хүний эрхийг хангах, гэрч хохирогчийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэл, жендерт суурилсан бусад хүчирхийллийн хэрэг болон насанд хүрээгүй хүүхэд холбогдсон хэргийг шалгах асуудлаар илтгэл сонсч, хэлэлцүүлэг өрнүүлэв. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль болон холбогдох хуульд орсон  өөрчлөлт хүний эрхийг хангах илүү боломжийг нээж өгсөн бөгөөд гэхдээ амьдрал дээр бэрхшээл, сорилтууд тулгарсаар байгаа юм. Европын Холбооны Монгол Улс дахь Суурин Төлөөлөгчийн Газрын Хэргийг түр хамаарагч ноён Марко Ферри “Энэ бага хурал эрүүгийн эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох алхамыг холбогдох хуульд өөрчлөлт хийх замаар хэрэгжүүлэхээс гадна бодлогын түвшинд, өргөн хүрээнд хангах боломжийг нээж байна”  хэмээн онцлов.

Энэхүү хурлаас гарах тайлан, зөвлөмж нь Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоонд олон улсын хүний эрхийн стандартын дагуу хүний эрхийг хамгаалж, хангахад чухал нөлөө үзүүлнэ. Мөн  Европын Холбоо, Монгол Улсын хүний эрхийн салбар дахь хамтын ажиллагаа, яриа хэлцээг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэж албаны хүмүүс үзэж байна.

Бага хурлыг 2017 оны 10 дугаар сараас Европын Холбооны санхүүжилтээр  Монгол Улсад хэрэгжиж байгаа Монгол Улсад хүний эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд зохион байгуулж байгаа юм. Энэ төслийн шугамаар хүний эрхийн тулгамдаж буй асуудлаар нийт гурван бага хурал зохион байгуулахаар төлөвлөж байгаагаас гадна Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын гэрээг орчуулж олон нийтийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлнэ. Түүнээс гадна ноён Марко Ферригийн хэлснээр энэ төслийн хүрээнд прокурорын байгууллагын мэргэжилтнүүдийг Европын Холбооны гишүүн улсад туршлага судлах сургалтад хамруулах бөгөөд энэ нь Эрүүгийн багц хуулийг олон улсын хүний эрхийн стандарттай нийцүүлж хэрэгжүүлэх прокурорын байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмэр болно гэж үзэж байгаа аж. Мөн Улсын Ерөнхий Прокурорын Газрын дэргэдэх Сургалт, судалгааны төвийн хүний эрхийн сургалтын агуулга, технологийг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой ажил хийх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл