8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Нямгэрэл: Гэр бүлийн хүчирхийлэл 11 хувиар буурсан

2018-01-16 09:35:00

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэлээс тодрууллаа. 

- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдаад нэг жил болж байна. Хуулийн хэрэгжилт ямар байна вэ?

- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль хэрэгжиж эхлээд нэг жил болох гэж байна. Хууль дагаж гарах журмуудыг яаруу, сандруу баталсан. Тиймээс бид хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд журмуудаа засч сайжруулах ажлыг хийж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг сурталчилах, судалгааны ажлуудыг хийх, сургалт зохион байгуулах гэх мэт олон ажил 2017 онд хийгдсэн. Ерөнхийдөө тодорхой үр дүнд хүрсэн. Ялангуяа хууль сурталчлах ажил үр дүнгээ өгч байгаа. Цагдаагийн байгууллагад мэдээллэгддэг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл ихэссэн. Үүнтэй холбоотой зөрчлийн тоо гурав дахин нэмэгдсэн.

Зөрчил нэмэгдсэн гэж үзэхээс илүүтэй энэ тоо механикаар өссөн гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, мэдээллийн болон мэдээлэгчийн нууцыг хадгалдаг болсонтой холбоотойгоор хүчирхийлэгчийн мэдээллийг цагдаагийн байгууллагад олноор өгдөг болсон гэсэн үг юм. Нөгөөтэйгүүр зөрчил гэмт хэрэг болохоос өмнөх шатандаа таслан зогсоогддог болсон. Ингэснээр өмнөх жилүүдээс гэр бүлийн хүчирхийлэл 11 хувиар буураад байна. Үүнээс үзвэл гэр бүлийн хүчирхийллийн хуулийн сурталчилгааг сайн хийсэн гэж харж байгаа.

-Хуулийг хэрэгжүүлэхэд бэрхшээл тулгарч байгаа байх. Голчлон ямар хүндрэл гарч байна вэ?

- Өнгөрсөн 2017 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад тулгарч байсан бэрхшээл гэвэл төсөв хөрөнгө байсан. Учир нь 2017 оны төсөв батлагдсанаас хойш хуулийн хэрэгжилт эхэлсэн учраас хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой төсөвгүй байсан. Гэхдээ Хууль зүй дотоод хэргийн сайдын багцаас зарим санхүүжилтыг хийсэн. Үүнээс гадна олон улсын төсөв санхүүжилтээр олон ажлыг хийж гүйцэтгэсэн. Ялангуяа хууль сахиулах болон шүүх эрх мэдэлтнүүдийг сургах, орон нутагт байгуулах түр хамгаалах байрын санхүүжилтыг шийдвэрлэх чиглэлээр НҮБ-ын хүн амын сантай хамтарч ажиллаж байгаа. 2018 оноос олон улсын төсөл хөтөлбөрөөр 2018, 2019 онд нийт 10 гаруй түр хамгаалах байр байгуулахаар төлөвлөсөн байна.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд энэ онд хичнээн төгрөг төсөвлөсөн бэ?

- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулинд гэж тусгайлан төсөв хөрөнгө суугаагүй ч гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд арга хэмжээнд суугдсан байгаа. 2018 онд тодорхой ажил хийх боломжтой гэж үзэж байна.

-Энэ хуулийг хэт чанга учраас хүндрэлүүд гарч байна гэх шүүмжлэлүүд байгаа. Тухайлбал, гэр бүлийн хоёр хүн маргахад л гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар хорьдог, цагддаг болсон гэж буй. Энэ талаар та ямар тайлбар хийх вэ?

- Гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн хуульд тооцож гэмт хэрэг хүлээлгэж байгаа. Нөгөөтэйгүүр үйлдлээр нь ялгаад зөрчлийн тухай хуульд оруулдаг болсон. Зөрчлийн тхуай хуульд заасан хариуцлага нь өөрөө баривчлах шийтгэл байгаа юм. Энэ нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байгаа тал бий. Гэхдээ баривчлахаас илүүтэй хүчирхийлэл үйлдэж буй этгээд мөн хүчирхийлэл үйлдэж болзошгүй этгээдэд сайн дурын болон албадан зан үйлийн сургалтад суулгах арга хэмжээг авч байна. Гэр бүлийг салахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг л бид авч ажиллана.Хууль хэрэгжилтийн явцад мэдээлэл сайжирснаас болоод энэ төрлийн зөрчил бүртгэгдэж байгаа ч тэр бүр баривчлаад байхгүй байгаа.

- Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хамгаалах 10 гаруй түр хамгаалах байртай болно гэсэн. Энэ байрууд хаана баригдах вэ.  Энд ажиллах ажилтнууд нь бэлтгэгдсэн үү?

- Түр хамгаалах байруудад цоо шинэ бүтэц бүрэлдэхүүн ажиллахгүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд заасан сум хорооны засаг даргаар ахлуулсан хамтарсан баг л ажиллана. Одоо ч ажиллаж байгаа шүү дээ. Хуулиар чиг үүрэг хүлээсэн төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд түр хамгаалах байранд ажиллахаар бэлтгэгдэж байгаа.Шинээр ямар нэгэн орон тооны бүтэц ажиллахгүй. Орон нутагт баригдах түр хамгаалах байрыг харъяалах нутаг дэвсгэртээ орон нутгаас барина.Одоо яриад буй 10 байрыг олон улсын төсөв хөрөнгөөр барина. Улсын төсвөөс мөн тодорхой мөнгө суулгасан.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Байдий
Юу яриад бгаам бэ Хүчирхийлсэн байтугай заналхийлснийг нв ЯС цоожинд хийх хэрэгтэй
2018/01/16 202.179.26.43
Доогий
Архи зарах үйлдвэрлэхийг БУУРУУЛАХГЙҮ БОЛ гЭр бүлийн хүчирхийлэл УЛАМ нэмэгдэнэ
2018/01/16 202.179.26.43
  • Recent
  • Most Read
  • Most Comment