
НҮБ-ын шинэ тогтоолуудыг дагаж мөрдөн Умард Солонгос руу түүхий нефть болон боловсруулсан нефть экспортлохоо хязгаарлах арга хэмжээ авч байгаагаа Хятад улсын Худалдааны яам мэдэгдэв. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, 2018 оны нэгдүгээр сарын 6-наас буюу өнөөдрөөс Хятад улсын энэхүү арга хэмжээ нь хэрэгжиж эхэлж байна. Өнгөрөгч оны 11 дүгээр сард баллисик пуужин харвасантай нь холбогдуулан 12 дугаар сарын 22-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн улс орнуудын төлөөлөгчид Умард Солонгосын эсрэг шинээр хориг арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг санал нэгтэйгээр баталсан юм.
Хятад улсын Худалдааны яамнаас өчигдөр гаргасан мэдэгдэлд “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 12 дугаар сарын 22-нд баталсан "2018 онд Умард Солонгос руу 500 мянган баррелиас илүү боловсруулсан нефть, 4 сая баррелиас илүү түүхий нефть экспортолж болохгүй" гэсэн тогтоолыг манай улс энэ сарын 6-наас дагаж мөрдөж эхэлнэ” гэжээ. Энэ хязгаарт хүрсэн тэр үед Умард Солонгос руу ийм төрлийн бүтээгдэхүүн экспортлохоо Хятад улс зогсоох юм байна.
Мөн Хятад улс энэ сарын 23-наас эхлэн Умард Солонгосоос ямар ч хүнсний бүтээгдэхүүн, цахилгаан бараа импортлохгүй гэнэ. Хятад улс Умард Солонгост нууцаар нефть нийлүүлж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан мэдэгдсэн билээ. Хятад улс НҮБ-ын хориг арга хэмжээний тогтоолуудыг зөрчөөгүй, хориг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх замаар олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан биелүүлж байгаа гэдгээ харуулахыг оролдож байна гэж ажиглагчид үзэж байна.



