Насанд хүрэгчдийн “Ashley Madison” цахим хуудаснаас хулгайлсан 11 сая гаруй шифрлэсэн нууц үгийн кодыг хакерууд тайлсан байна. Үүнтэй холбоотойгоор нууц үгийн аюулгүй байдлын тухай асуудал хөндөгджээ.
Тиймээс цээжлэхэд хялбар, төгс нууц үгийг хэрхэн сонгох вэ?
Дийлэнх цахим хуудас тоо, тэмдэгт, том болон жижиг үсэг нийлсэн цогц нууц үгийг шаарддаг. Энэ нь үнэндээ сөрөг үр дагавартай байдаг байна. Учир нь хүмүүс нууц үгээ тэмдэглэн авах эсвэл бусад олон цахим хуудсанд дахин ашигладаг болохыг “GCHQ” агентлаг сануулжээ.
“Урт болон цогц нууц үг нь илүү найдвартай байдаг. Гэхдээ энэ бол гол асуудал биш. Аюулгүйн систем зөвхөн нууц үгээс хамааралтай байх ёсгүй. Хэрэглэгчдийн бүртгэлийг хамгаалах болон системийн хэвийн бус үйл ажиллагааг илрүүлэх нэмэлт техникийн хяналт байх ёстой” гэж Лондоны их сургуулийн коллежийн Компьютерын шинжлэх ухааны газрын ажилтан Стивен Мурдок хэлэв.
Аюулгүй байдлын зарим шинжээч “Iown50%ofSClub7albums” гэх мэт нууц үгийг ашиглахыг зөвлөж байна.
Энэ нь цээжлэхэд хялбар бөгөөд халдлагаас илүү найдвартай хамгаалах юм. Мөн урт нууц үг хийх нь зүйтэй боловч бас асуудалтай байдаг. Нууц үгүүдийн 50 гаруй хувийг мэдрэгчтэй дэлгэцэн дээр хийдэг бөгөөд ийм дэлгэц ашигладаг хүмүүст энэ нь ихээхэн ачаалал үүсгэдэг байна.
Нууц үгийг хүчээр эвдэх нь цөөн байдаг. Ихэнхдээ тусгай программаар дамжуулан эвддэг эсвэл нууц үгийг хулгайлдаг. Халдлага хийхэд таны нууц үг хичнээн урт эсвэл цогц байх нь хамаагүй юм гэж Лондоны их сургуулийн коллежийн Мэдээллийн аюулгүй байдлын судалгааны төвийн тэргүүн Ангела Сасс хэлэв.