ЧУУЛГАН
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын жилийн төсөв болон түүний тодотголын төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөв, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн эсэх, төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангасан эсэх, улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, ачааллын талаар судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт зөвлөмж гаргах юм.
Зөвлөлийн хийх ажлын чиг үүрэг, дарга, гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг дүрмийн төсөлд тусгасан бөгөөд зөвлөл нь зөвлөлийн дарга, орон тооны бус найман гишүүнтэй, мөн ажлын албатай байх, алба нь хоёроос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх нь зүйтэй гэж байнгын хороо үзжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 59.6 хувь нь дэмжин тогтоолыг баталлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "3.1 их наяд төгрөгийн алдагдал Монголбанкинд үүссэн. Энийг яах гэж байна вэ. Монголчууд зээл аваад машин худалдаж авдаг. Иргэдийн эдийн засгийн боловсролыг дээшлүүлэхэд ямар арга хэмжээ авч ажиллах вэ. Сангийн яам зээлийн рейтингийг өсгөх арга хэмжээ авч байна уу" гэв.
Үүнд Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Төв банкны хуримтлагдсан алдагдал 3.1 их наяд төгрөгт хүрсэн. Алдагдлыг Засгийн газар үнэт цаас гаргаж, нөхөхийг оролдож байна. Монголбанкны хувьд алдагдлыг бууруулах стратегийг боловсруулж, УИХ-ын даргад хүргүүлсэн. Түүнд алдагдлыг багасгах, алдагдалгүй ажиллах, ашигтай ажиллаж, хуримтлагдсан алдагдлыг бууруулах зорилт тавьж байна. Иргэдийн эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх асуудал чухал байгаатай санал нийлнэ. Шинэ оноос эхлээд иргэд рүү хандсан хэд, хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Иргэдийн эдийн засгийн боловсролыг сайжруулах, санхүүгийн байгууллагатай ажиллаж чаддаг болгох. Өр зээлд орчихгүй байх боловсрол эзэмшүүлнэ. Дунд сургуулийн сурагчдад зориулсан гарын авлага хүргүүлэх зэрэг ажил зохион байгуулахаар төлөвлөж байна" гэв.
Т.Энхэлээ