Б.ХУРЦЫГ СОЛОНГОС УЛС ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ГЭВ ҮҮ
Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцээд гишүүдийн 90 гаруй хувийн саналаар дэмжсэн. Ингэснээр Б.Хурц БНСУ-д суух Элчин сайдаар томилогдоход нэг шат ахисан гэсэн үг. Одоо Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг батламжих л үлдлээ. Ер нь бол Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг асуудалгүй батламжилчих байх. Учир нь Ерөнхийлөгч өөрөө Б.Хурцыг Элчин сайдаар томилох саналыг УИХ-д оруулж ирсэн. Тэгэхээр өөрийн сонгосон хүнийг батламжлаад явуулах нь тодорхой.
Гэхдээ Ерөнхийлөгч Б.Хурцыг батламжилсан ч БНСУ-ын тал хүлээж авахгүй байж магадгүй гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнийхэний дунд яригдаж эхэллээ. Учир нь Б.Хурцтай холбоотой ноцтой асуудлууд өнгөрсөн хугацаанд УИХ-ын түвшинд яригдаж зарим нь гэрчийн мэдээллээр дэлгэгдсэн тул БНСУ-ын тал түүнийг хүлээж авахгүй байж мэднэ гэх сураг байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ талаар “Уг томилгоо УИХ-ын түвшинд томилогддог процессын дагуу л явагдсан. Бид асуудлаа ном, журмынх нь дагуу Солонгосын талд тавина. Солонгосын тал хүлээж авахгүй гэхгүй байх” гэсэн юм.
Хэдийгээр Гадаад харилцааны сайд нь ингэж хэлж буй ч Солонгосын тал Б.Хурцыг хууль бус олон асуудалд холбогдсон учраас хүлээж авахгүй байх гэх “бор шувуу” саарал ордонд нисч эхлээд байгаа юм. Б.Хурцыг хурандаа Д.Энхбатын үхэлд мөн С.Зориг агсаны хэрэгт гурван иргэнийг хэлмэгдүүлэхэд голлох үүрэгтэй оролцсон гэж буй. Мөн Эрдэнэтийн 49 хувийг зарах асуудалд албан тушаалаа ашиглан оролцсон цаашлаад эхнэрийнх нь компанийг шалгасан татварын байцаагчийг шоронд хорьсон гэх мэдээллийг түүний талаар хэлэлцсэн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр иргэд ярьсан. Дээрхээс гадна Б.Хурц нь олон хүнийг хэлмэгдүүлж шоронд хорьсон мөн Европын оронд гэмт хэрэгт нэр холбогдож хөөгдсөн гэх мэдээлэл байдаг билээ.
Энэ мэт түүнтэй холбоотой сөрөг мэдээлэл урт хөвөрнө. Тийм ч учраас УИХ-д түүнийг хатуу эсэргүүцэх олон гишүүн байгаа. Тухайлбал, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Ж.Батзандан, А.Сүхбат гэх олон гишүүн түүнийг эсэргүүцэж Б.Хурцаас болж хохирсон гэх иргэдийг цуглуулан нээлттэй сонсголыг хүртэл зохион байгуулсан. Яг энэ сонсголыг зохион байгуулах үед ордны нөгөө талд Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг УИХ-аар хаалттай хэлэлцээд дэмжсэн. Энэ үеэр Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Би энэ томилгоог эрс эсэргүүцэж байгаа. Миний байр суурь тодорхой байгаа.Б.Хурцтай холбоотой яригдаад байгаа бүх зүйлүүд бүгд хуулийн байгууллагаар шалгагдана. Би УИХ-ын чуулганы хуралдаанд "Ийм томилгоо хийснийхээ төлөө та нар ичих болно" гэж хэлчихээд гараад ирсэн" гэх тайлбарыг хэлж байсан билээ.
Тэгвэл эдгээр гишүүд болон нийгмийн эсэргүүцэл БНСУ-ын талын чихэнд хүрсэн бололтой. БНСУ-ын хувьд улс төрийн өндөр хариуцлага, хатуу хууль дүрэм, ёс жаяг мөрдөгдөж ирсэн орон. Тийм учраас эндээс "борвиндоо баастай" очиж буй Б.Хурцын асуудлыг нэлээн нухацтай хэлэлцэх биз.
Т.Энхэлээ