8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Багш нарын илүү цагийн хөлсийг нэмж олгохоор болж, Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяатай холбоотой авлигын хэрэг сөхөгдөж эхэллээ

2017-12-13 18:40:00

Манай орны хахир хатуу өвлийн уур амьсгалд арьс хуурайших нь аргагүй юм гэж бодох хэрэггүй, хүн бүрт тохирох гурван хялбар аргыг танд хүргэж байна. Биеэ дотроос нь чийгшүүлэх арга. 

Өвлийн улиралд бидний биеэс зун цагтай адил хөлс ялгардаггүй, мөн ам хатдаггүй учир бид шингэн зүйл тэр бүр хангалттай хэмжээгээр уудаггүй. Тэгэхээр одооноос эхлээд та өдөрт ууж буй шингэнийхээ хэмжээнд анхаараарай. 

Хоолойгоо чийгтэй байлгах нь вирусээс өөрийгөө хамгаалах хамгийн энгийн арга юм. 

Түүнчлэн олон төрлийн амин дэм агуулсан хоол хүнсийг хэрэглэх нь зүйтэй. Арьс хуурайших нь арьсны өөрийгөө хамгаалах чадвар суларсантай мөн холбоотой байдаг. 

Усанд орох үедээ анхаар

Усанд орохоор биеийн арьс чийгшдэг гэж бодож байна уу? Үнэндээ эсрэгээрээ байдаг. Халуун ваннд ороход биед агуулагдах ус алдагддаг аж. Усанд ороход арьсны сүв онгойн, түүгээр ус гадагшилдаг байна. Хуурай арьстай хүмүүс усанд ороод бие дулаацангуут загатналт мэдэрдэг. Та дээрх гурван аргыг хэрэглэвэл арьс хуурайшихаас сэргийлэх боломжтой. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Сонгуулийн хууль:МАН 76 тойрогт дахин хуваарилалт хийнэ

Өмнөх парламентын үед Ардчилсан нам эрх барьж байхдаа 2016 оны УИХ-ын сонгууль болохоос яг нэг сарын өмнө Сонгуулийн нэгдсэн хуулийг өөрчилж холимог тогтолцоог халахаас гадна мандатын тоог хөдөлгөж хууль зөрчиж байв. Үр дүнд нь 76 жижиг тойргоос парламентын өнөөдрийн  гишүүд сонгогдсон Тэгвэл энэ удаагийн парламентад эрх барьж буй МАН сонгууль болохоос хоёр жилийн өмнө буюу одооноос эхлэн Сонгуулийн хуулиар оролдож эхлэх нь. Тодруулбал, Сонгуулийн нэгдсэн хуулийг өөрчлөхөөр УИХ дахь МАН-ын бүлэг ажлын хэсэг байгуулаад ажиллаж эхэлснийг тус намын бүлгээс мэдэгдсэн. Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулан байгуулаад байна. 

Тус ажлын хэсэг Сонгуулийн хуульд доорх хоёр том өөрчлөлтийг хийх аж. 

- Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг зохицуулж буй нэгдсэн нэг хуулийг салгаж өөр, өөрийнх нь онцлогт тохирсон бие даасан хуультай болгох юм байна. 

УИХ-ын сонгуулийн 76 тойрогт дахин хуваарилалт хийж, зарим аймгийн мандатыг хуучин жишгээр нь сэргээж магадгүй аж. Тодруулбал, цөөн, олон мандаттай байна хэмээн шүүмжлэгдэж ирсэн тойргуудын мандатын тоог тэнцүүлж сонгогчийн эрх ашгийг хангах гэнэ. 

Өнгөрсөн парламентын үед эрх барьж байсан нам нь Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа тойргийн мандатыг буруу хувиарласан гэх шүүмжлэлийг МАН-ын зүгээс хэлдэг. Тодруулбал, хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хувиарлалтыг тооцохгүйгээр зарим газарт нь цөөн мандат заримд нь олон мандат хувиарласан гэж буй. Өнгөрсөн сонгуулиар  76 мандатын 48 нь орон нутагт, 28 нь нийслэлд ногдуулсан. Энэ өөрчлөлтийг хийхдээ Сүхбаатар, Булган аймгийн мандатыг нэгээр цөөлсөн бол  Дорноговь, Говьсүмбэр аймгуудыг нэгтгэж нэг мандаттай болгосон. Мөн Багахангай дүүргийн хоёр мандатын нэгийг Хан-Уул, нөгөөг нь Сүхбаатар дүүрэгт шилжүүлсэн бол Налайх дүүргийн нэг мандатыг Чингэлтэй дүүрэгт, мөн Багануур дүүргийн нэг мандатыг Сүхбаатар дүүрэгт өгч байв.  Дээрх өөрчлөлтийн дүнд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд зургаан мандаттай, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг дөрвөн мандаттай болсон. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасахыг 150 мянган иргэн дэмжжээ

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс орон нутгийн хэмжээнд олон нийтээр хэлэлцүүлсэн үр дүнгийн тайланг өнөөдөр (2017.12.13) УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүлээлгэж өгөв.

Улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулсан хэлэлцүүлгээр нийт 327375 саналын хуудсаар санал авсан бөгөөд аймгуудаас 143894, нийслэлээс 116527, “Монголшуудан” ХХК-иар 63638, хөдөлгөөнт төхөөрөмжид суурилсан программ хангамжаар 3191, цахим хуудсаар 125 саналын хуудас хүлээн авч цахим мэдээлэлд оруулжээ.

Улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулсан хэлэлцүүлгээр нийт 327375 саналын хуудсаар иргэд саналаа өгсөн агаад төслийн I бүлэгт тусгагдсан 7 асуудлаас

1.1.“Сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох” гэсэн хэсэгт 274708 иргэд санал өгснөөс 206092 нь буюу 75,0 хувь нь,  

1.2.“Тухайн жилийн улсын төсвийн төсөлд зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох” гэсэн хэсэгт 280170 иргэд санал өгснөөс 201843 нь буюу 72,0 хувь нь,

1.3.”Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргах эрхийг нарийвчлах” гэсэн хэсэгт 273890 иргэд саналаа өгснөөс 186767 нь буюу 68,1 хувь нь,

1.4.”Төрийн хяналтын байгууллагын тухай” гэсэн хэсэгт 261770 иргэд санал өгснөөс 181278 нь буюу 69,2 хувь нь,

1.5.”Хянан шалгах түр хороо байгуулж болох тухай Үндсэн хуульд нэмж тусгах” гэсэн хэсэгт 263389 иргэд санал өгснөөс 180504 нь буюу 68,5 хувь нь,

1.6.”Ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгох” гэсэн хэсэгт 261625 иргэд санал өгснөөс 185666 нь буюу 70,9 хувь нь,

1.7.”Хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийг эцэслэн батлах” гэсэн хэсэгт 266731 иргэд  санал өгснөөс  176314 нь буюу 66,1 хувь нь тус тус дэмжжээ.

Мөн төслийн II бүлэгт тусгагдсан хоёр заалтаас

2.1.”Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах” гэсэн хэсэгт 280890 иргэд санал өгснөөс 150237 нь буюу 53,4 хувь нь дэмжсэн бол 2.2.”Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрхийг хасах” гэсэн хэсэгт 288829 иргэд санал өгснөөс 146645 нь буюу 50,7 хувь нь  дэмжээгүй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяатай холбоотой авлигын хэрэг сөхөгдөж эхэллээ

Хэд хоногийн өмнө өвчтөний түүх хуурамчаар үйлдэж, нийгмийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшдаг томоохон бүлэглэлийг Эрүүгийн цагдаагийн газрынхан илрүүлэн шалгаж эхэлсэн  талаар мэдээлэл хүргэсэн. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газрын шалгалтаар нэгэн эмнэлэгийн дарга, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн хоёр мэргэжилтэнийг цагдан хорьж, шалгаж эхэлсэн. Мөн үүнээс гадна тус эмнэлэгийн 10 гаруй эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм. Тэгвэл эрүүл мэндийн салбарын ажилтануудтай холбоотой дахин нэг авлигын хэргийн мэдээлэл цацагдаж эхэллээ. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгийн үед Эрүүл мэнд хөгжлийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож байсан Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяатай холбоотой авлигын хэрэг сөхөгдөж эхэллээ. Б.Нарантуяа Эрүүл мэнд хөгжлийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсоныхоо дараа Анагаах төгссөн оюутнуудад эмчлэх эрхийн лиценз олгохдоо 15 хүнээс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ. 

Монгол Улсын нийт эрэгтэйчүүдийн 48 хувь нь тамхи татдаг

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Монгол Улсад халдварт бус өвчнийг бууруулахад оруулах хөрөнгө оруулалтын өгөөж” эдийн засгийн тооцооллын үр дүнг танилцуулсан дээд хэмжээний уулзалт болсон байна. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ: НҮБ-ын төрөлжсөн байгууллага манайд халдварт бус өвчний талаар судалгаа хийж, өнөөдөр тус тайлангаа хэлэлцүүлж байна. Өнгөрсөн хугацаанд дэлхий нийтээрээ халдварт өвчний талаар ярьсан. Халдварт бус өвчин хүн амын нас баралтын томоохон хүчин зүйл болж байна гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Нийт нас баралтын 70 гаруй хувь нь халдварт бус өвчнөөс үүдэлтэй юм. Халдварт бус өвчнөөр өвдөх шалтгаанд буруу хооллолт, гаж зуршил, архи тамхины өргөн хэрэглээ, дасгал хөдөлгөөн хийхгүй байх зэрэг хүчин зүйлүүд нөлөөлдөг. Үүнээс гадна монголын нөхцөлд нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой стресс бухимдал, агаарын бохирдол гээд олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Тиймээс бид элэгний вирус, сүрьеэ зэрэг өвчнүүдэд нэлээд анхаарал хандуулж байсан бол үүний зэрэгцээ халдварт бус өвчнөөс үүдэлтэй нас баралт, хүн амын нас богиносох зэрэг чиглэлээр нэгдсэн судалгаатай боллоо. Монгол улс жилдээ халдварт бус өвчинд 57.2 тэрбум төгрөг зарцуулдаг. Өнөөдрийн судалгаанаас харахад энэ төсвийг илүү нэмэгдүүлэх шаардлага гарч байна” гэсэн юм.

НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Цогтбаатар “Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудын нэг нь халдварт бус өвчин, түүнээс шалтгаантай эндэгдэл, нас баралт. Монгол улсын нийт нас баралтын 77 хувийг Халдварт бус өвчнөөс шалтгаантай өвчлөлтүүд эзэлж байна. Тиймээс ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2015-2016 онд томоохон хэмжээний судалгаа үнэлгээ хийгдсэн. Өнөөдөр тус судалгааны үр дүн үнэлгээг танилцууллаа. Энэ үнэлгээгээр анхааруулах дөрвөн төрлийн өвчин байна гэж үзсэн. Нэгдүгээрт, зүрх судасны өвчин тэр дундаа артерийн даралт ихсэх, зүрхний шигдээс зэрэг өвчин. Хоёрдугаарт нь чихрийн шижин өвчин дангаараа нэлээд том асуудал гуравдугаарт амьсгалын замын өвчлөл, дөрөвдүгээрт хорт хавдар гэсэн өвчин гол хүчин зүйл болсныг сая хэллээ. Энэ асуудлуудад анхаарал хандуулахын тулд энэ чиглэлээр явуулж байгаа эрүүл мэндийн үйл ажиллагааны интервенцийн үр өгөөж эрүүл мэндийн хор шалтгаанаас болж гарах зардлыг дор хайж 3-20 дахин хэмнэх тооцоо гарсан. Иймд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг бодитой зүйлд зарцуулах боломж том дэмжлэг болж байна” гэв.

Тооцооллоос үзэхэд, Монгол улс жилдээ 57,2 тэрбум төгрөгийн (24 сая ам доллар) ХБӨ-ий эмчилгээнд зарцуулдаг. Хүн амын 32% нь зонхилон тохиолдож буй дөрвөн халдварт бус өвчний улмаас бусаар нас барж байна. Нийт насанд хүрсэн хүний 26% нь цусны даралт ихсэх өвчтэй. Эрэгтэйчүүдийн 48 % нь тамхи татдаг байна. Нэг хүнд жилд 7,8 литр согтууруулах ундаа ногдож байгаа нь дэлхий дээрх архины хэрэглээ хамгийн өндөртэй улсуудын тоонд багтаж байна.

Багш нарын илүү цагийн хөлсийг сургуулийн төсөвт нэмж олгохоор боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороо, Толгойтын хуучин эцсийн 65 дугаар сургуульд энэ сарын 5-нд ажиллахдаа өгсөн үүрэг даалгавар ажил хэрэг болж эхэллээ.

Нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын 20 сургууль ажилладаг.  Эдгээр сургуулийн багш, ажилтан, ажилчдын илүү цагийн хөлс олгоход шаардагдах 574,6 сая төгрөгийг 2018 оны төсвийн жилээс тус сургуулийн төсөвт нэмж санхүүжүүлэхээр БСШУС-ын сайд шийдвэр гаргалаа.

Гурван ээлжтэй сургуулиудын гадна орчны гэрэлтүүлэг, камер, замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагчтай болгохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болгосон юм. Энэ дагуу  Цагдаагийн ерөнхий газраас дараах ажлыг хийж эхлүүлээд байна.ЦЕГ-ын даргын тушаалаар ЦЕГ болон Нийслэлийн цагдаагийн газарт Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  хэлтсийг байгуулжээ.

Нийслэлийн сургуулиудын хичээл эхлэх, тарах цагийн нарийвчилсан судалгаа хийж, сургуулийн захирал, нийгмийн ажилтан, эцэг эхийн төлөөлөлтэй хамтран тэдний оролцоог нэмэгдүүүлж “Гараас гарт” хөтөлбөр хэрэгжүүлэх, сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Улсын хэмжээнд 2018 онд 55 сургууль, 38 сургуулийн өргөтгөл нийт 93 сургуулийг барьж эхэлнэ. Эдгээр сургууль, сургуулийн өргөтгөл баригдаж дуусахад гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болох юм

Ж.Наранчимэг: Архи, тамхины онцгой албан татварыг нэмснээр үүнээс үүдэлтэй халдварт бус өвчний тархалт буурна

Монгол Улсын Засгийн газар Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран  “Монгол Улсад халдварт бус өвчнийг бууруулахад оруулах хөрөнгө оруулалтын өгөөж” эдийн засгийн тооцооллын үр дүнг танилцуулах дээд хэмжээний уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулсан юм.  Монгол улсад ХБӨ–ийг бууруулахад хөрөнгө оруулалтын тооцооллыг хийх зөвлөмжийн дагуу RTI олон улсын эдийн засагчид энэхүү ажлыг гүйцэтгэсэн байна. Мөн манай улс  тооцооллын үр дүнгээ танилцуулж буй хоёрдох улс болж байгаа юм. Энэ үеэр ДЭМБ-ын Халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтэн Ж.Наранчимэгтэй ярилцлаа.

-Монгол улсын халдварт бус өвчний өнөөгийн нөхцөл байдал, ихсээд байгаа шалтгаан юу байна?

-Халдварт бус өвчин монголд төдийгүй дэлхий нийтэд эрс нэмэгдэж байгаа. Сүүлийн жилүүдэд буурах үзэгдэл ажиглагдахгүй байгаа нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын санааг зовоож байна. Хамгийн энгийн тоо баримтыг авч үзвэл Монгол улс жилдээ 57.2 тэрбум төгрөгийг (24 сая ам. доллар) ХБӨ-ий эмчилгээнд зарцуулж байна. Хүн амын 32 хувь нь зонхилон тохиолдож буй дөрвөн халдварт бус өвчний аль нэгнийх нь улмаас хүмүүс цаг бусаар нас барж байна. 

Нийт нас барж байгаа хүний 70 орчим хувь нь халдварт бус өвчнөөр амиа алдаж байгаа харамсалтай тоо бий. Насанд хүрсэн хүний 26 хувь  нь цусны даралт ихсэх өвчтэй. Эрэгтэйчүүдийн 48 хувь нь тамхи татдаг, нэг хүнд жилд 7.8 литр согтууруулах ундаа ногдож байгаа нь дэлхий дээрх архины зах зээлийн нягтрал хамгийн өндөртэй улсад багтаж байна.

Халдварт бус өвчин ихсээд байгаагийн гол шалтгаан нь архидалт, тамхидалт, хоол хүнсний зохисгүй хэрэглээ, таргалалт, илүүдэл жин, хэт их давсны хэрэглээ  зэрэг хүний өдөр тутмын буруу дадал нь энэ өвчин нэмэгдэх шалтгаан болж байна.  Чихрийн шижин, зүрх судасны өвчин, хавдрууд орж байна.

-Өнөөдрийн /өчигдөр/ хурлаар Манай улс халдарт бус өвчнийг буруулахад оруулах хөрөнгө оруулалтын үр дүн, ач холбогдлыг талаар хэлэлцэж энэ төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэ арга нь халдварт бус өвчнийг буруулахад хэрхэн нөлөө үзүүлэх вэ?

 -ДЭМБ-аас боловсруулсан үр ашигтай, үр дүнтэй 14 интервенцийг дотоодын ажлын хэсгийн хамтаар сонгон, ирэх 15 жилд шаардлагатай хөрөнгө оруулалт, түүний өгөөжийг тооцоолон гаргаж танилцууллаа. Дээрх багц интервенцийг хэрэгжүүлснээр 15 жилийн хугацаанд 19,454 хүний амь насыг аварч, давсны хэрэглээнээс үүдэлтэй нас баралтыг 10,403 тохиолдлоор бууруулах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн тамхины багц интервенцийн дүнд, тамхинаас үүдэлтэй  нас баралт дөрөв орчим хувиар багасгах болно. Хэрвээ бид 15 жилийн туршид  2.4 триллион төгрөгийг интервенцийн багцад зарцуулбал шууд үр дүнд жилийн хөдөлмөрийн бүтээмжийн өгөөж нь Монгол улсын  дотоодын нийт бүтээгдэхүүний 2015 оны хэмжээний нэг хувьтай тэнцэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Шуналд хязгаар баймаар юм даа Өсөхбаярын олж байгаа орлого багадаад байгаа юм байхдаа
2017/12/14 103.229.123.217
Зочин
Дүүргийн эмнэлгийн эмч нарын чадвар муу дарга нар нь мэдлэг чадваргүй хүмүүсийг намын харьяаллаар томилдог нь ард түмний эрүүл мэндээр тоглож байгаатай адил болж бна. Дарга нар нь хахууль авч ажилд ор
2017/12/14 66.181.180.201
Эмч
Эмч нарын чадвар муу байдаг нь иим луйварчин алуурчдад лиценз өгч гаршсан байгаа юм байна олон жил эмя-нд ажилласан . Иим хулгайчииг яаралтай халж шоронд нь хии! Албан тушаалаа урвуулан залилан хиисэн
2017/12/13 202.9.43.29