8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Харүмафүжид холбогдох хэргийг прокурорт шилжүүлж, До.Ганболдыг МХЕГ-ын дарга нарын хамтаар сулласан өдөр

2017-12-12 18:40:00

Уншигч таныг шинэ эрч хүч, шинэ хүсэл мөрөөдөл, шинэ амьдралын зорилго, шинэ тэмүүллээр дүүрэн нэг өдрийг өнгөрүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Тас хийсэн өвлийг час хийтэл мэдрүүлсэн нэгэн өдөр өнгөрлөө. Мөн ойрын хэдэн өдөр хүйтний эрч улам чангарахыг цаг уурын байгууллага анхаарууллаа. Тиймээс уншигч та дулаан хувцаслаарай. Хэрэв ханиад хүрч, ажлын эрч хүч чинь сулраад байвал  нимбэг буюу лимоныг шүүсийг буцалсан халуун усанд шахаж түүнийгээ бага зэрэг зөгийн балаар амтлан уувал гайхалтай сайн эм болно шүү. Нийслэл Улаанбаатарт өнөөдөр үйл явдал өрнүүн өнгөрлөө. Тойм мэдээллийн "Монголын нэг өдөр" булангаараа өнөөдөр болсон үйл явдлыг товчхон хүргэе. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Д.Сумъяабазар: Ойрын хугацаанд шатахууны үнэ нэмэгдэхгүй

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг "Ил тод, хариуцлагатай уул уурхай" сэдэвт хурал боллоо. Мэдээллийн эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "2017 оны эхний 11 сарын байдлаар улсын төсөвт 9 төрлийн татвар, төлбөр хэлбэрээр 1 их наяд 416 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.  Үүнээс алт 44,9 тэрбум, нүүрс 507.8 тэрбум, цайр 61,6 тэрбум төгрөг, зэс 732 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлсэн" гэдгийг онцолсон юм.

Тэрээр мэдээллийн үеэр дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариултыг өглөө.

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд шатахууны гаалийн онцгой албан татвар үе шаттай нэмэхээр болсон.  Үүнтэй холбоотойгоор он гараад бензиний үнэ нэмэгдэх үү?

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар энэ онд Шатахууны гаалийн онцгой албан татварыг шатлалтайгаар нэмэхээр болсон. Сэргээн тогтоохдоо 30-100 мянган төгрөгөөр өөрчлөн тогтоосон. Ирэх онд бол онцгой албан татвар дахин нэмэгдэхгүй.

-Бензиний үнэ нэмэгдээд эхэллээ шүү дээ. Компаниудын үнэ яагаад жигд байдаггүй юм бэ?

-Газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, зохион байгуулах үүрэг бүхий төр хувийн хэвшил гэж бий. Онцгой албан татвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор холбогдох газрууд болон импортлогч компаниудад албан бичиг, мэдээллүүд хүргэсэн. Үнийг жигд байлгах боломжгүй. Компаниудын зардал өөр учир нэг хэмжээнд барих боломжгүй гэсэн үг. Ойрын хугацаанд шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж ойлгож болно. Үнийг тогтвортой барих бодлогыг хэрэгжүүлж, компаниуд ч үнийг тогтвортой барьж байгаа. Хэрвээ үнэ нэмэгдэхээр бол зөвлөл хуралдаж шийдвэрлэнэ. Шууд шатахууны үнийг нэмэх боломжгүй юм.

-Иргэдийн зүгээс шатахууны үнэ буураасай гэж л харж байна.  Энэтхэг Улстай хамтарч, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудал яригдаж байгаа. Тэгэхээр цаашид үнэ буурах боломж бий юу?

-Энэ ажлыг судлаж, хэрэгжүүлэх талаар саналын шатандаа яваа. Шууд л үйлдвэр байгуулагдчихна гэж ойлгож болохгүй. Бас цаасан дээрх төсөл болгоод, төсөвт дэмий мөнгө суулгахын оронд найдвартай болгочихоод ярьсан дээр байх.Ямар ч байсан газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах боломж бий болно гэж өөдрөгөөр харж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

До.Ганболдыг МХЕГ-ын дарга нарын хамтаар суллажээ

Өнгөрсөн пүрэв гаригт МХЕГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг бусдаас хахууль авч байх үйлдэл дээр нь АТГ-ынхан саатуулсан. МХЕГ-ын баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Т.Баярсайхан нь бусдаас хахуульд 30 сая төгрөгтэй тэнцэх валют авсан гэж буй.  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тэр шөнөдөө дээрх хоёр сэжигтний албан өрөө, гэрт нь нэгжлэг хийж, Б.Аззаяагийн гэрээс хахуульд авсан байж болзошгүй 60, Т.Баярсайханыхаас 400 сая төгрөг бэлнээр хураан авсан гэдэг.

Дээрх хоёр хүнээс гадна тус газрын 10-аад байцаагчийг АТГ-т байцааж эхлээд буй. Тэд хилээр гаргахыг хориглосон хушны самар, дэрвэгэр жиргэрүү гэх мэт байгалийн дагалт баялгийг хил давуулах зөвшөөрөл өгөхийн тулд их хэмжээний хахууль  удаа дараа авч байсан бололтой. АТГ-аас дээрх 10 байцаагчийг хилээр гарахыг нь хориглоод байгаа аж. 

Тэгвэл МХЕГ-ын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Т.Баярсайхан нарын найман хүнийг АТГ гадуур байцаахаар болжээ. Э.Аззаяа даргатай тус газрын байцаагчид бусдаас 200 сая орчим төгрөгийн авлига авсан байж болзошгүй гэж эх сурвалж мэдээлсэн. 

'Монголросцветмет'-ийн захирал До.Ганболдыг ч тэдэнтэй хамт суллаж, гадуур байцаахаар болсон байна. До.Ганболд нь АН-ын гишүүн. Түүнийг төмрийн хүдрийг хилээр гаргахдаа холбогдох байгууллагын тогтоосон ханшаас доогуур гаргаж их хэмжээний ашиг олон хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр баривчилаад байсан юм.  АТГ-аас До.Ганболдын гэр бүлийнх нь дансны гүйлгээг шалгахад юань, ам.доллар гэсэн гадаад валютаар мөнгөн гүйлгээ хийгдсэн нь тогтоогджээ.

До.Ганболд өмнө нь УИХ-ын дэд дарга, Уул уурхайн үндэсний ассиоцацийн захирал, Уул уурхайн яамны газрын даргаар ажиллаж байсан юм.

АТГ-аас төрийн байгууллагуудын дунд шатны албан тушаалтнуудыг шалгах ажиллагааг эрчимжүүлэхээр болжээ. Авлига авсан хэргээр шалгагдаж байгаа байцаагчид гэхэд хууль бусаар нэлээд хөлжсөнийг  хуулийнхан тогтоож эхэлсэн байна.

Оюутолгой, ИНЕГ, Ерөнхийлөгчийн сонгууль болоод АСЕМ-ын зардалд аудит хийнэ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Үндэсний аудитын газар нь ирэх онд Оюутолгой, Эрдэнэс тавантолгой, Засгийн газрын авто бааз, Иргэний нисэхийн ерөнхий газар, Газрын тос, Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал, АСЕМ-ын 2016-2017 оны үйл ажиллагааны тайлан, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамаарах асуудал, Төрийн орон сууцны корпораци, Батлан хамгаалах яамны хөрөнгө оруулалтын зардал зэрэгт аудит хийх юм байна. Аудитыг 700 гаруй сая төгрөгөөр хийх аж. 

Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүд  аудитын шалгалтыг оновчтой болгож багцлах хэрэгтэй гэсэн санал гаргасан нь дэмжлэг авсан юм. 

лэлцүүлгийн шатанд гишүүд “Ирэх онд хийх аудитыг эргэн нягталж, улсын, төрийн чанартай аудит болгон өөрчлөх шаардлагатай. Гол асуудлууд багтаагүй байна” гэсэн шүүмжлэлийг хэллээ. Тухайлбал, цагдаа, тагнуул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газартай холбогдох гүйцэтгэх ажиллагаанд зарцуулсан санхүүд аудит хийх саналыг дээрх жагсаалтад багтаахаар болж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Улаан ахлахаар болов. Ажлын хэсэг нь ирэх долоо хоног хүртэл ирэх онд хийгдэх төлөвлөгөөт аудитын жагсаалтыг нарийвчилсны дараа Байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж, энэ асуудлаар шийдвэрээ гаргахаар болов. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “ Засгийн газрын авто баазыг Хэрэг эрхлэх газар нь шалгана биз. Эрүүл мэндийн салбартай холбогдох тэр асуудлыг яам нь татаж аваад шалгачих боломжтой. Иргэний нисэхийн ерөнхий газрыг шалгана гэх атлаа МИАТ компанийг яагаад шалгадаггүй юм бэ. Ямар учиртай компани болох нь ойлгогдохоо болилоо. Онгоцны тийз яагаад тийм өндөр үнэтэй байдаг юм. Шалгах ёстой. Хоёр дахь асуудал сүүлийн үед гүйцэтгэх ажиллагаа замбараагаа алдсан. Мөнгийг нь зөв зарцуулж байна уу гэдэг ойлгомжгүй болсон. Нууц нэрийн дор өөр юманд зарцуулж байгаа. Хянах ёстой хүмүүс нь үздэггүй, жийрхдэг, Энэ асуудлыг Аудитын газар нарийн шалгах шаардлагатай” гэв. 

Мөн УИХ-ын гишүүн О.Батнасан “Үндэсний аудитын газар Төмөр зам төрийн өмчит компани, Хөгжлийн банк зэрэг томоохон газруудад шалгалт хийгээд олон тэрбумын зөрчил илрүүлсэн. Гэвч хэрэг нь юу болсон нь мэдэгддэггүй. Жишээлбэл, тэр төмөр замтай холбогдох асуудал юу болов. Аудит хийчихээд хаяад байх юм бол санхүүгийн шалгалт хийх шаардлагатай юм уу” гэлээ.  Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын өгсөн тайлбараар бол Төмөр зам төрийн өмчит компаниас гадна Гудамж төсөл, барилгын хоёр ч компанитай холбогдох зөрчил шалгалтаар илэрсэн учраас хуулийн байгууллагад шилжүүлсэн. Хуулийн байгууллагаас арга хэмжээ авсан гэсэн мэдээлэл ирүүлээгүй, шалгаж байгаа гэнэ.

Агаарын бохирдолд хүүхдүүд яагаад илүү их өртдөг вэ?
 

Хүүхэд, өсвөр үеийнхэн нь тухайн улс орны ирээдүйн оюуны, нөхөн үржихүйн, нийгэм, эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч гол баялаг болдог учир тэдний эрүүл мэндийг хамгаалах  нь улс орон бүрийн шийдвэрлэвэл зохих, нэн чухал асуудалд хамаардаг. Гэтэл хүүхдүүд хөгжиж буй насандаа агаарын бохирдолтой орчинд  амьдарсаар байгаа нь тэдний эрүүл мэндэд ямархуу аюул заналхийлж байгаа нь харагдаж байна.

Хүний эрүүл мэндэд нөлөө үзүүлэх хүчин зүйлүүдийн 50% нь амьдралын хэв маягаас, 20% нь удамшлын хүчин зүйлээс, 20% нь гадаад орчны хүчин зүйлүүдээс, 10% нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс хамаардаг,  мөн эрүүл мэндийн 10 эрсдэлт хүчин зүйлийн нэгэнд агаарын бохирдол ордог болохыг ДЭМБ-аас  тогтоосон байдаг.

Хүүхдийн бие бялдрын хөгжил нь цаг уурын болон газар зүйн онцлог, улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл, хотжилт, үйлдвэржилт, хүрээлэн буй орчны бохирдол зэрэг олон хүчин зүйлээс шууд хамааралтай байдаг тул  гадаад, дотоод орчны хүчин зүйлсийн нөлөөллийг үнэлэх нэг чухал үзүүлэлт болдог. Иймээс хүүхдүүд сөрөг нөлөөлөлд илүү их мэдрэг байдаг. Гадаад орчны хүчин зүйлсийн хүүхдийн бие махбодид үзүүлэх нөлөөлөл нь нэг удаагийн үйлчлэлээр хязгаарлагддаггүй, тэдний цаашдын өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Мөн гадаад орчны бохирдуулагчид нь хүүхдийн бие махбодийн дархлааны тогтолцоог сулруулж олон төрлийн өвчин эмгэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг нь хүүхдийн бие махбодь, өсөлт хөгжил нь насанд хүрэгчдээс ялгаатай, дараах онцлог шинжүүдтэй байдагтай холбоотой юм. Үүнд:

1.   Хүүхдийн  эд, эрхтэн нь бүрэн хөгжөөгүй, дархлалын тогтолцоо нь тогтвортой бус, өсөлтийн онцлог үе шатууд  байдаг

2.  Аливаа бохирдуулагчдыг хүүхдийн бие махбодь нь илүү ихээр шингээх чадвартай боловч биеэс шүүн гадагшлуулах чадвар нь сул байдаг нь мэдрэлийн  болон дотоод шүүрлийн тогтолцоо нь илүү их мэдрэг байдагтай холбоотой

3.  Биед орсон хорт бодисууд нь удаан хугацаагаар биед нь хуримтлагдах боломжтой

4.    Хүүхдийн бие махбодийн хөгжил нь тодорхой үе шатуудтай байдаг  

Агаарын бохирдолд хүүхэд, өсвөр насныхан, өндөр настнууд, архаг хууч өвчтэй,  зүрх судасны өвчтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд  илүү их өртдөг.

Агаарын бохирдол нь хүүхдийн дасан зохицох чадварт, цаашлаад хүүхдийн оюун ухаан, сэтгэн бодох чадварт ч нөлөөлдөг болохыг нь судлаачид  тогтоогдсон байдаг. Дасан зохицох чадвар гэдэг нь өвчлөхгүйгээр амьдрах чадварын үзүүлэлтийг хэлдэг бөгөөд энэ үзүүлэлт Улаанбаатар хотын хүүхдүүдэд орон нутгийн хүүдүүдээс муу байсан ба дасан зохицох чадварт агаарын хийн найрлага - хүхрийн болон азотын давхар ислүүд хүчтэй нөлөөлдөг.

Эдгээр хийнүүд нь гэр хороолол, уурын зуухнууд, цахилгаан станцууд болон тээврийн хэрэгслээс ялгарч буй утааны найрлаганд агуулагддаг бөгөөд амьсгалж буй агаартай хамт уушгиар дамжин цусанд нэвтэрч, улмаар бүх эд эрхтэнд тархдаг тул бохир агаараар амьсгалснаар хүн өвчилдөг. Орчны бохирдол ихтэй газар нутагт амьдарч буй хүүхдүүдийн дунд амьсгалын, хоол боловсруулах, зүрх судасны, мэдрэлийн болон бусад эрхтэн тогтолцоо, чих, хамар хоолойн, арьсны эмгэгүүд илүү их тохиолддог байна.  Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

БНХАУ-ын хоёр иргэнийг албадан гаргажээ

Гадаадын иргэн, харьяатын газрын ажлын хэсгийнхэн төв,орон нутаг дахь боомт, нэгж, албан хаагчдын ажил байдал, хүний нөөцийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор Дархан-Уул, Орхон аймагт ажиллажээ.

Дархан-Уул аймагт 28 орны 390 орчим гадаадын иргэн тогтмол оршин суудаг. Тус аймгийг хариуцсан ахлах мэргэжилтэн, хойд бүс дэх газрын хяналтын улсын байцаагч нартай хамтран шалгалт хийж визийн хугацаа хэтрүүлсэн, хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн зэрэг захиргааны долоон зөрчил илрүүлж, БНХАУ-ын хоёр иргэнийг албадан гаргажээ.

Орхон аймгийн төлөөлөл Б.Баярхүү 10 гаруй байгууллагын 700 орчим гадаадын иргэний бичиг баримтад үзлэг, шалгалт хийж, зургаан орны 168 иргэнд зохих ангиллын гарах-орох виз олгожээ. Ажлын хэсгийнхэн шалгалтын үеэр Дархан-Уул аймгийн удирдлагуудтай уулзаж, харилцан ажиллах талаар санал солилцсон байна.

Харүмафүжид холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн аравдугаар сард гарсан. Тус хэргээс болж Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлж, цагдаагийн газар байцаалт өгч байгаа. Японы Тоттори мужийн цагдаагийн газар Харүмафүжид холбогдох хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Түүний хэргийг прокурорууд оноос өмнө хэлэлцэж дүгнэлт гаргахаар болсон байна. Сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү ояката “Сүмо бөхийн холбоо энэ хэргийн үнэн мөнийг шударгаар мөрдөн тогтоож, дахин ийм хэрэг гаргахгүйн тулд хичээж ажиллах болно” хэмээн ярьжээ.

Булган аймгаас Улаанбаатарын чиглэлд явж байсан 45 зорчигчтой автобус осолджээ

Булган аймгаас Улаанбаатарын  чиглэлд  явж байсан 45 зорчигчтой хот хоорондын нийтийн тээврийн автобус осолдсон хэрэг гарчээ. Тус осол өнгөрсөн долоо хоногт гарсан бөгөөд азаар хүний амь нас эрсдээгүй, хэд хэдэн хүний гар хөл хугарсан байна.  Албан бус  эх сурвалжийн мэдээлж байгаагаар Улаанбаатараас Булган чиглэлд саяханаас “Тахилт транс” гэх компани зорчигч тээвэрлэдэг болжээ.  “Тахилт транс” компанийн зүгээс зорчигчдоор гомдолгүй гэсэн гарын үсэг зуруулсан тухай нэгэн зорчигч мэдээлжээ.

Ишлэл: "Шинээр сургууль төгссөн залуучуудыг байнгын ажлын байраар хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ"

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс Залуучуудын хөгжлийн тухай хууль хэрэгжиж эхлэх бөгөөд залуучуудын өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд чухал түлхэц болох юм. Үндэсний чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл болох 15-34 насны залуус, эрдэмтэн, судлаач зэрэг 850 төлөөлөгч оролцож байна. Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон залуучууддаа хандаж хэлсэн үгийг ЧУХАЛ.МН САЙТ ИШЛЭЛ-ээр хүргэж байна. 

1Манай улсын нийт хүн амын 34,6 хувийг 15-34 насны залуучууд Та бүхэн эзэлж байна. Бас хөдөлмөрийн насны 50 хувийг залуучууд эзлэх боллоо. Эдгээр тоо баримт “Монгол залуучуудын орон” гэсэн ойлголт үнэлэмжийг баталгаажуулахын зэрэгцээ манай улсын хөгжил дэвшлийн ирээдүйг нотлон харуулж байна. Өөрөөр хэлбэл манай улсын жинхэнэ баялаг бол залуучууд та бүхэн юм.

2.  Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын бүтцийг бий болгоно.

3. Шинээр сургууль төгссөн залуучуудыг байнгын ажлын байраар хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ.

4.Боловсролын зээлийн сан шинээр байгуулж, оюутан, суралцагчид үндэсний тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжийн үйлчилгээг үзүүлэх тогтолцоог ил тод, нээлттэй болгож, хүртээмжийг нэмэгдүүлнэ. 

5. Оюутанд суралцах хугацаандаа цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох “Орлоготой оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 

6. Монгол залуусаа сургаж дадлагажуулан ажлын байраар хангаж, гадаадаас авдаг ажиллагчдын тоог 50-иас дээш хувиар бууруулна. 

.Өндөр технологийн 2000 энтрепренёр мэргэжилтэн бэлтгэнэ. 

8. Мэргэжилтэй ажилтан” бодлогын хүрээнд жилд 20.000-аас доошгүй залуучуудыг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сурган мэргэжил, ур чадвар эзэмшүүлнэ.  Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

С.Эрдэнэ: Цалин, тэтгэврийг нэмээгүй байж татвар нэмдэг төрийн бодлогыг гайхаж байна

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

- 1990 оны Ардчилсан хувьсгалд  оролцсон анхны төлөөлөгчдөд төрөөс дэмжлэг үзүүлэх хуулийн төсөл өргөн барьсан гэлээ. Энэ хуулийнхаа талаар тодруулна уу? 

-Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс үзүүлэх тусламж, дэмжлэгийн тухай хуулийг өргөн барьсан. Ардчилсан хувьсгалыг хүмүүс янз бүрээр дүгнэж ярьдаг. Миний хувьд бол нийгмийн бүхэл бүтэн тогтолцоог өөрчилсөн хувьсгал байсан. Хуучин нэг намын тогтолцоотой байсан нийгэм маань олон намын тогтолцоотой болсон. Мөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжсэн. Энэ мэт нийгэм, эдийн засагт өөрчлөлт авчирсан хувьсгал байсан. Энэ өөрчлөлтийг анх санаачилж, зүтгэж, тэмцсэн хүмүүс бол нийгмийг өөрчилсөн баатрууд болж түүхэнд үлдсэн. Эдгээр хүмүүс дотор цаг үеийнхээ эрсдэлд өртөж амьдрал, ажил, гэр бүл, амь нас гээд бүх зүйлээрээ давхар хохирсон олон зуун иргэн байгаа. Тиймээс нийгмийн өөрчлөн байгуулалтыг санаачилж анхнаас нь зүтгэсэн тэдгээр хүмүүст тодорхой хэмжээний хөнгөлөлт дэмжлэгийг төрөөс үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж энэ хуулийг санаачилж өргөн барьж байна. Энэ хууль маань хэлэлцүүлэгт ороод батлагдах байх гэж найдаж байна. Ардчилсан хувьсгалыг улс төрийн аль нэгэн нам дангаараа хийчихсэн юм биш. Өнөөдрийн гурван сая иргэний оролцоо бий. Мөн улс төрийн бүх намын оролцоо бий. Тиймээс уг хуулийн төслийг улстөржсөн байдлаар харахгүй байх гэж найдаж байна.

- Тэдгээр иргэдийг яг яаж дэмжинэ гэж хуулийн төсөлд тусгасан юм бэ?

- Хуулийн төсөлд тодорхой тусгагдсан. Хэлэлцүүлэгт орохоор та бүхэнд бичгээр хүргэх байх. Ер нь нийгмийн хамгааллын чиглэлээр хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх талаар хуулийн төсөлд голдуу тусгасан байгаа.

- Нийт хэдэн хүн дэмжлэг авах вэ?

- Судалгаа хийж байна. Тухайн үеийн өөрчлөлтийг эхлүүлж байсан байгууллагуудын тодорхойлолтоор хүмүүсийг сонгоно. Ингэхдээ 1990 оны зургадугаар сараас өмнөх үйл явдалд оролцсон хүмүүсийг хамруулна гэж тооцож байгаа.

Мэргэшсэн, ур чадвар өндөртэй ховор мэргэжлийн хүмүүсээ илүү дэмжих ёстой байтал татвар, гувчуураар дарамтлах нь буруу юм

- Арилжааны банкны зээлийн хүүг бууруулах хуулийн төслийг та өргөн барих гэж байгаа юм байна. Энэ хуулийн төслийн гол санаа нь юу вэ?

Өнөөдөр арилжааны банкинд байгаа активын хэмжээ Монгол улсын төсвийн нийт орлоготой тэнцэж байна. 2018 оны төсвийн орлогыг 7.2 их наяд төгрөг байхаар баталсан. Зарлага нь 9.6 их наяд ингээд 2.4 их наядын алдагдалтай төсөв баталсан. Мөн эдийн засагт орж байгаа мөнгөний эргэлт маш бага байна. Үүний гол шалтгааныг судлаад үзэхээр арилжааны банктай холбоотой. Арилжааны банкинд мөнгөний хуримтлал их болсон. Энэ нь хадгаламжийн маш өндөр хүүтэй мөнгийг банкууд татаж төвлөрүүлж байна. Гэхдээ хадгаламж эзэмшигч буюу арилжааны банкуудыг буруутгах гэсэнгүй. Эрх зүйн зохицуулалтгүй учраас мөнгөний урсгал түгжигдэж эдийн засгийн идэвхтэй эргэлтэд орохгүй байна. Энэ нь улс орны эдийн засагт сөрөг муу нөлөөтэй. Арилжааны банкуудын оны эцсийн ашгийн үр дүнг харахад маш өндөр байгаа юм. Гэтэл аж ахуй нэгжүүдийн зээлийн үр дүн их муу байгаа юм. Өндөр хүүтэй хадгаламж татсан банкууд эргээд гаргахдаа өндөр хүүтэй зээл гаргаж байна. Одоо жилийн хүүгийн хэмжээ дунджаар 35-36 хувь байна. 40 гаруй хувийн хүүтэй банк ч байна. Дээрээс нь банк бус санхүүгийн байгууллагын хүүгийн хэмжээ 60-80 хувьтай байгаа юм. Тэгэхээр ийм өндөр хүүтэй мөнгө зээлж байгаа аж, ахуй нэгжүүдийн бизнес амжилтад хүрэхгүй. Зээлийн хүүндээ шатаад л таарна. Анх зээл авахдаа барьцаалж байсан байшин барилга, машин техникээ алдаад л дуусч байна. Тэгэхээр төрөөс зохицуулалт хийх шаардлага харагдаж байгаа юм. 28 жил эрэлт, нийлүүлэлтийнхээ зарчмаар банк, банкны зээлийн хүү, хувь хэмжээг зохицуулна гэж харж байсан. Гэтэл энэ хугацаанд банкны монополь байдал арилахгүй байна. Улам л эрх мэдэл нь бэхжээд яваад байна. Тэгэхээр үүнийг төрөөс зохицуулах шаардлагатай учраас хуулийн төсөл боловсруулж байгаа. Ер нь бол арилжааны банкуудын зээлийн хүүгийн хувь хэмжээг 18 орчим , банк бус байгууллагынхыг 30-35 орчим байхаар тогтоох санал тусгаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Таны маргаашийн ажилд амжилт хүсье. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл