8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сумъяабазар: Ойрын хугацаанд шатахууны үнэ нэмэгдэхгүй

2017-12-12 14:15:00

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг "Ил тод, хариуцлагатай уул уурхай" сэдэвт хурал боллоо. Мэдээллийн эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "2017 оны эхний 11 сарын байдлаар улсын төсөвт 9 төрлийн татвар, төлбөр хэлбэрээр 1 их наяд 416 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.  Үүнээс алт 44,9 тэрбум, нүүрс 507.8 тэрбум, цайр 61,6 тэрбум төгрөг, зэс 732 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлсэн" гэдгийг онцолсон юм.

Тэрээр мэдээллийн үеэр дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариултыг өглөө.

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд шатахууны гаалийн онцгой албан татвар үе шаттай нэмэхээр болсон.  Үүнтэй холбоотойгоор он гараад бензиний үнэ нэмэгдэх үү?

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар энэ онд Шатахууны гаалийн онцгой албан татварыг шатлалтайгаар нэмэхээр болсон. Сэргээн тогтоохдоо 30-100 мянган төгрөгөөр өөрчлөн тогтоосон. Ирэх онд бол онцгой албан татвар дахин нэмэгдэхгүй.

-Бензиний үнэ нэмэгдээд эхэллээ шүү дээ. Компаниудын үнэ яагаад жигд байдаггүй юм бэ?

-Газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, зохион байгуулах үүрэг бүхий төр хувийн хэвшил гэж бий. Онцгой албан татвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор холбогдох газрууд болон импортлогч компаниудад албан бичиг, мэдээллүүд хүргэсэн. Үнийг жигд байлгах боломжгүй. Компаниудын зардал өөр учир нэг хэмжээнд барих боломжгүй гэсэн үг. Ойрын хугацаанд шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж ойлгож болно. Үнийг тогтвортой барих бодлогыг хэрэгжүүлж, компаниуд ч үнийг тогтвортой барьж байгаа. Хэрвээ үнэ нэмэгдэхээр бол зөвлөл хуралдаж шийдвэрлэнэШууд шатахууны үнийг нэмэх боломжгүй юм.

-Иргэдийн зүгээс шатахууны үнэ буураасай гэж л харж байна.  Энэтхэг Улстай хамтарч, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудал яригдаж байгаа. Тэгэхээр цаашид үнэ буурах боломж бий юу?

-Энэ ажлыг судлаж, хэрэгжүүлэх талаар саналын шатандаа яваа. Шууд л үйлдвэр байгуулагдчихна гэж ойлгож болохгүй. Бас цаасан дээрх төсөл болгоод, төсөвт дэмий мөнгө суулгахын оронд найдвартай болгочихоод ярьсан дээр байх.Ямар ч байсан газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах боломж бий болно гэж өөдрөгөөр харж байгаа.

-Мөн Өвөрхангай аймагт газрын тосны хайгуул хийж байгаа гэсэн мэдээлэл байсан. Үүнээс бол байгаль орчныг хөндөх тухай асуудал яригдаж байгаа гэдэг дээр та мэдээлэл өгөхгүй юу?

-Газрын тосны хайгуултай холбоотой тус аймгийн Засаг даргаас бичиг ирсэн. Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан асуудал бий гэдгийг ч мөн хэлсэн. Хэвлэлийнхэн бүгд  ирсэн дээр хэлэхэд орон нутгийн удирдлагуудаас мэдээлэл өгч байгаа. 21 аймгийн удирдлагуудтай гэрээ хийж, гэрээгээ тодорхой зүйл заалтаар төрөлжүүлээд орон нутгийн иргэд рүү хандсан тодорхой ажлуудыг хийх асуудлыг ярьж байгаа. Тухайн орон нутгийн удирдлагууд хангалтгүй ажилласан тал бий юм шиг байсан. Гэхдээ хайгуул, ашиглалт хоёрыг гэхдээ ялгаж салгах ёстой. Хайгуулыг, ашиглалт гэж андуураад хэвлэлүүдээр мэдээлээд яваа байгаа тал байсан. Хайгуул гэдэг бол бусад хайгуулуудын адилаар өрөм тавьж нөөц байгаа эсэхийг тодорхойлно шүү дээ. Өвөрхангай аймагт нефтийн том орд илэрвэл орон нутгийн хөгжилд хэрэгтэй. Учир нь ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөрт 30 хувийн татварыг орон нутгийн хөгжилд зарцуулдаг.

-Өнгөрсөн онд Тавантолгой компани Чалкогийн өрийг дарсан нь томоохон үйл явдал боллоо гэж харж байгаа. Тэгэхээр одоо тус компани ашигтай ажиллаж чадаж байгаа юу?

-Энд нэг зүйлийг хэлэхэд 2015 оны дөрөвдүгээр сард Тавантолгойн бүлэг ордыг УИХ-ын чуулганаар нэг алх цохисон доо. Шинхуа болон MCS-ийн хамтарсан консерциум байдлаар орж ирэхэд тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд буцаа хэмээн алх цохиж буцааж байсан. Тэр үеийн нөхцөл байдал бол Чалкотой холбоотой өрний асуудал гээд нөхцөл байдал хүндэрчихсэн байсан үе л дээ. Үүнээс жил гаруйн дараа Чалкогийн болоод дотоодын өрийг дарж өөрсдөө олборлоод Эрдэнэс тавантолгой компани өнөөдөр өргүй, ашигтай ажиллаж байна. Үүнд салбарынхны зүгээс ч гэсэн талархаж, баярлаж байгааг хэлмээр байна. Өнгөрсөн оноос нүүрсний үнэ ерөнхийдөө өссөн нь Эрдэнэс тавантолгойн борлуулалтад ч гэсэн эерэгээр нөлөөлсөн. Мөн тээвэр ложистикоо сайжруулсны үр нөлөө гэж ойлгож болно.

-Гашуун сухайтын асуудал юу болсон бэ. Та очиж ажилласан шүү дээ. Гэсэн ч өнөөдрийн байдлаар нөхцөл байдал сайжирсан гэх мэдээлэл алга байна?

-Би сарын өмнө очиж ажилласан. Сарын хугацаанд тогтоол шийдвэрүүд гарсан. Төрийн ажил өнөөдөр хуралдаад маргааш нь шийдвэр гараад шууд л хэрэгжээд явчихдаггүй. Тодорхой шат дамжлагуудыг дамжиж, судалгаа хийгдэж явсаар байтал 15 хоног байдаг. Өнөөдөр өглөө дэд ажлын хэсэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр Цагаан хадны боомт руу явсан. Бид эхлээд хил гаалиар гарч байгаа тээврийн боомтын асуудлаа шийдвэрлэх шаардлагатай байна. Энэ асуудалд надад хар төрөөд байгаа.Ялангуяа 3500 байсан тээврийн хэрэгсэл богино хугацааны дотор 7800, 8500 руу хүрчихсэн юм бэ. Ямар үндэслэл шаардлагаар ийм зөвшөөрлийг нь өгчихсөн юм бэ. Авто тээврийн үндэсний төв гэдэг төрийн байгууллага өнөөдөр яагаад ингээд огцом тээврийнхээ тоог нэмчих вэ. Тэгэхээр хил гаалийн нэвтрэх чадамжийг нэмэгдүүлэхээс өмнө машинуудынхаа тоо хэмжээг анхаарч зохицуулах ёстой. 130 км цувааг зохицуулахын тулд зам барьж чадахгүй. Зам тээврийн яамыг ч гэсэн энэ асуудлаар шахалт өгч ажиллах болно.

-Хуурамч шатахуунтай холбоотой асуудал бас багагүй гарах боллоо?

-Онцгой албан татварын хувь хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор онцгой албан татвар төлдөггүй завсрын зарим бүтээгдэхүүн Монголд оруулж ирээд химийн нэмэлт бодисууд холиод байгаа тохоилдол гарсан. Энэ асуудал дээр Газрын тосны газрын чанарын хэлтэс, МХЕГ хамтран ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа. Мөн энэ тал дээр БНСУ туршлагатай учир яамны зүгээс мэргэжилтнүүд явуулж туршлага судлуулж байгаа.

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж байна шүү дээ. Өмнө нь 1500 гаруй лиценз эзэмшигч компаниас 20 гаруй нь л орон нутгийн гэрээний асуудлыг тайландаа тусгасан нь хангалтгүй гэж үзээд байгаа. Тэгэхээр орон нутгийн асуудлыг хуулийн нэмэлт өөрчлөлтөд хэрхэн тусгасан бэ?

-Төсвийн тухай хууль батласан. Уг хуулийг батлахдаа төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд ил тод нээлттэй байдлаар сонгон шалгаруулах үүднээс хуулийн төсөл боловсруулж Ашигт малтмалын тухай хуулийн дагалдах хуульд өөрчлөлтүүд ордог. Энэ хуулинд өөрчлөлт орсон зүйл бий. Гэхдээ энэ хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг эргэж харах шаардлага байгаа. Ялангуяа лиценз шилжүүлэхтэй холбоотой асуудлаар эргэж харах нь зүйтэй. Орон нутагтай холбоотой өөрчлөлтүүд бол төдийлөн ороогүй.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл