8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Он гарсаар 50 удаагийн газар хөдлөлт бүртгэгдэж, Худалдаачид эсэргүүцлээ илэрхийлсэн өдөр

2017-12-11 18:40:00

“Хүнийг алдааг нь биш оноог нь тоолж байж урамшуулж. Ажлын бүтээмж, үр дүнг нь сайжруулдаг” гэдэг сайхан үгийг хамт энэ сайхан өдрийн мэндийг уншигч та бүхэнд хүргэе. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

МАХН-ын Их хурлын талаар хэн, юу гэж ЖИРГЭВ

МАХН-ын II-р Их хурлын чуулган энэ сарын 9-ны өдөр Төрийн ордонд болж намын дүрмийг шинэчлэх, шинэ даргаа сонгох асуудлыг хэлэлцжээ. МАХН-ын Их хурлын гишүүдийн 94.4 хувийн саналтайгаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намын даргаараа сонгожээ. Харин намын даргад өрсөлдсөн Г.Бямбасүрэн 5.6 хувийн саналыг авсан байна. МАХН-ын Их хурал өнөөдөр үргэлжилж, бага чуулганыхаа гишүүдийг батлах юм. О.Баасанхүүгийн хувьд намын дарга Н.Энхбаярыгаа өнгөрсөн сонгуулиудын үр дүнгээс хамаарч хариуцлага хүлээгээгүй хоёр жилд нэг удаа хуралдах ёстой Их хурлаа хуралдуулаагүй гэх мэт шалтгаанаар буруутгаж байгаа билээ. 

Харин эсрэг талд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон тус намын удирдлагууд болох С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ Б.Тулга, Э.Эрдэнэжамъяан тэргүүтэй зарим хүмүүс тус хурлыг дүрмийн бус хэмээн хэлж эсэргүүцэж байгаа юм. МАХН-ын дэд дарга С.Ганбаатар Их хуралд оролцож О.Баасанхүүг буруутгаж нэлээн эсэргүүцсэн. 

Эдгээр хүмүүс О.Баасанхүүг "Намын нэр барьж хууль бус хурал хийлээ. Энэ хурлын талаар намын даргадаа ч мэдэгдээгүй. Албан ёсны тамгагагүй хурлыг зохион байгууллаа" гэх мэтээр шүүмжилж байгаа юм.  Уг хурлыг албан ёсны болсон эсэхээр МАХН-ын удирдлагууд шүүхэд хандаж эцсийн шийдвэр тэндээс гарах нь тодорхой болох биз. Ингээд МАХН-ын их хурлын талаар хэн юу гэж жиргэсний онцлон хүргэж байна.  Жиргээг энд дарж уншина уу. 

Д.Эрдэнэбат: Энэ УИХ дорвитой ямар ч шийдвэр гаргаж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр хуралдаж, УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятавын санаачлан боловсруулсан Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хүрээнд хэлмэгдэгсдийн гэр бүлийн хүмүүсийг сонсож, ярилцав. Хууль санаачлагч Я.Санжмятав гишүүний танилцуулснаар  улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд цагаатгах тухай гомдол гаргах хугацааг тухайн хууль батлагдсанаас хойш хоёр жилээр эцсийн удаа сунгах гэсэн зөвлөж өгсөн. Энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлэх үүднээс энэ хуулийг гаргасан. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, УИХ-ын дэд даргын хувьд би УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Сарангэрэлтэй нийлээд хуулийн төслийг санаачлан өргөн барьсан. Энэ хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш өргөн баригдсан учир Хууль тогтоомжийн хуулийн дагуу бүх яамдуудаас судалгаа дүгнэлтээ авсан, эдийн засгийн тооцоолол гарсан, холбогдох хүмүүс, байгууллагаас саналуудыг нь авсан хууль. Даргын зөвлөлөөр орчихсон энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэнэ. Хууль 2018 оны төсөв батлагдсанаас хойш гарч байгаа учир хууль хэрэгжих хөрөнгийн асуудал 2019 оноос 2020,2021 онд багтааж нөхөн олговрыг олгох тооцоолол гарсан байгаа юм байна.  Харин  “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд”  төрийн бус  байгууллагыг хэлмэгдэсдийн ар гэрийнхэн байгуулж тэргүүнээр Д.Дашдаваа ажиллаж байгаан юм байна.  Д.Дашдаваа гуайн гэхэд л  өвөө, эмээ аав ээж гээд хэдэн үеэрээ хэлмэгдэлтэд өртөж яваа учраас энэ холбоог байгуулж хуулийн төсөлд өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, саналаа оруулж, санал бодлоо тусгахыг зорьсон гэдгээ хурлын үеэр хэлж байлаа.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

Д.Эрдэнэбат: Хэлмэгдүүлэлт гэх алан хядалтын шарх өнөөдрийг хүртэл аниагүй байгааг анхаарах ёстой

1937 оны хэлмэгдлээс хойш Монгол оронд үүсч буй болсон нөхцөл байдлууд энэ хэлмэгдүүлэлтээс үүссэн хохирлыг нөхөн төлүүлэх тухай төрийн гаргаж байсан удаа дараагийн шийдвэрүүдийн асуудлаар Ардчилсан намын бүлэг нэлээд нухацтай ярилцаж, ойлголцолд хүрч байна. Хохирлын хэмжээнээс шалтгаалсан нөхөн олговрыг хэрхэн олгох тухай асуудлууд, үр хүүхдүүдийнх нь гаргаж байгаа саналуудыг хуулийн өөрчлөлтөд хэрхэн тусгах зэрэг асуудлууд анхаарал татаж байгаа. Түүнчлэн энэ хэлмэгдүүлэлтийн үеэр Монгол Улсын нийт насанд хүрсэн эрчүүдийн 20 хувь нь хилс хэрэгт хэлмэгдэж, 15 хувь нь буудан алах ялаар цаазлуулсан тухай яригдаж байна. Энэ бол дэлхийн ямар ч улс оронд байгаагүй маш өргөн хүрээний хэлмэгдүүлэлт, алан хядалтын үйл ажиллагаа явсан гэдэг шарх өнөөдрийг хүртэл аниагүй байгааг бид анхаарах ёстой. Тиймээс ч энэ хуулийн төслийг УИХ нэлээд нухацтай хэлэлцэх шаардлагатай гэж УИХ дахь ардчилсан намын бүлэг үзэж буйгаа бүлгийн дарга Д.Эрдэнэбат илэрхийллээ.

Я.Санжмятав:1939-оноос хойш хэлмэгдсэн хүмүүс нийтдээ 31 мянга 220 хүн цаазлагдсан байдаг

"1998 оны нэгдүгээр сард Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль батлагдсан гарсан. Батлагдан гарсанаасаа хойш буюу 1922-1990 оны хооронд улстөрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн тоо нийтдээ 36 мянга орчим байна гэсэн тооцоолол гардаг. 1939-оноос хойш хэлмэгдсэн хүмүүс нийтдээ 31 мянга 220 хүн цаазлагдсан байдаг. Эдгээрийн 28268 нь улсын комисс байгуулагдсанаас хойшхи хугацаанд цагаатгагдсан байна. Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль хэрэгжээд 18 жил болж байна. Хуулийн хүрээнд цагаатгагдсан хүмүүст нөхөн олговор, орон сууц, холбогдох зардлууд гээд нийтдээ 19 тэрбум 820 сая төгрөгийг гаргаж зарцуулж, 18558 хүнд олгосон байна гэсэн статистик тоо байна. Хэлмэгдэгчийн үр хүүхдүүд нийт 200 гаруй нь эцэг, эх нь цаазлагдсан, 100 гаруй хүмүүс нь шоронд хоригдож, нас барсан 400 гаруй хүн байна. 1937 оноос хойш одоо амьд сэрүүн байж байгаа 80-90 настай хүмүүс байна. Эцэг, эх нь хэлмэгдсэн учир эсэргүүний хүүхэд гээд сургууль соёлд сураагүй. Дээд боловсрол эзэмшээгүй, янз бүрийн ажил төрөлд оруулдаггүй байсан зэргээс болж төрөөс өгдөг нийгмийн халамж хүртээмж зэргээс хоцорч хохирч явсан гэдэг дүгнэлтийг ажлын хэсгүүд гаргасан. Ийм асуудал яагаад яригдах болов гэхээр уг хууль 2011 оны арванхоёрдугаар сарын 25-нд өргөдөл хүлээн авах хугацаа нь дуусгавар болчихсон байгаа. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл долоон жилийн хугацаанд ямар нэгэн өргөдөл шинээр хүлээн авч чадаагүй. Тиймээс ч хугацааг сунгах оролдлого өмнө нь хийж байсан ч шийдэгдээгүй буюу хугацааг сунгаж чадаагүй. Үндэсний аюулгүй зөвлөлөөр 2014 оны арванхоёрдугаар  сарын 25-ны өдрийн хурлаар зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмж дээр гурван зүйлийг УИХ-д зөвлөсөн байдаг. ТЕГ-ын тусгай архивт хадгалагдаж байгаа хэргүүдийг шалгаж дуусгаж, шаардлагатай хэргийг цагаатгах, улстөрийн хилс хэрэгт баривчлагдсан, сураггүй алга болсон хэрэг материал нь олдохгүй байгаа хүмүүсийн хэргийг ар гэрээс нь ирсэн өргөдөл, хүсэлт нотлох баримтыг үндэслэн шалгуулж, цагаатгах эсэхийг эцэслэн шийдвэрлэх гэсэн байдаг” юм гэлээ .

Ж.Батзандан:Хэлмэгдсэн 10 гаруй хүний ар гэрийнхэн нь цагаатгуулах өргөдлөө өгч чадаагүй байна

Цагаатгалын хуулийн хугацаа дууссан учир цагаатгуулах хүсэлтээ гаргах иргэд бүрэн дүүрэн хамрагдаж чадаагүй. Улстөрийн хилс хэрэгт эцэг, эхээ алдсан 400 гаруй хүн нөхөн олговроо авч чадаагүй гэх асуудлууд байгаа. Түүнчлэн хэлмэгдсэн 10 гаруй хүний ар гэрийнхэн нь цагаатгуулах өргөдлөө өгч чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, цагаатгалын асуудал улстөрийн хилс хэрэгт хэлмэгдсэн цагаатгах ажил бүрэн дуусаагүй байна гэж үзэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс УИХ-д зөвлөмж хүргүүлсэн.

УИХ намрын чуулганы хүрээнд дорвитой ямар ч шийдвэр гаргаж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой гэв

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулиар яг ямар тусламж дэмжлэг олгох юм бэ?

Я.Санжмятав:Нэгдүгээрт цагаатгах өргөдөл хүлээн авах хугацаа сунгагдана. Хууль батлагдсанаас хойш хоёр жилийн хугацаанд өргөдлийг авч дуусгана. Цагаатгах үйл явцын дараа нөхөн олговор өгөх асуудал яригдах юм. Үндсэндээ дөрвөн жилийн хугацаанд энэ хууль хэрэгжихээр заасан байгаа. Энэ хуульд өмнө нь орон сууц, гэр болон түүнтэй тэнцэх нөхөн олговор аваагүй улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр, хэлмэгдэгчийн амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барсанаас хойш 10-аас илүүгүй хугацаанд төрсөн хүүхдэд нэмэлт нөхөн олговрыг нэг удаа олгохоор тусгасан.

-Намрын чуулганы хугацаанд энэ УИХ хэр сайн ажиллаж чадав гэдэг дээр бүлэг ямар дүгнэлт өгөх вэ?

Д.Эрдэнэбат: Намрын чуулганаар үндсэн гурван асуудал ярьсан. Шинэ Засгийн газраа байгуулах гэж дан, давхар дээл, ашиг сонирхлын зөрчлийн тухай, төсвийн тодотгол, 2018 оны төсөв л ярьлаа. Төсвийн тодотгол дээр Ардчилсан намын бүлэг тодорхой байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал, тэтгэмжээсээ жаахан танаач, нэмүү олж байгаа орлогоо  хуримтлал руу хийгээч, хүүхдийн мөнгийг бүрэн олгооч гэдэг л шаардлага тавьсан. Харамсалтай нь эрх баригчид хүүхдийн мөнгийг нэг удаа олгоод 2018 оны төсөв дээр 60 хувь руу буцаагаад шидчихсэн. Тиймээс бид улстөржсөн хэлбэр рүү орж байна гэдгийг шүүмжилсэн. Төрийн албан хаагчдад халамж хэлбэрээр мөнгө тараахын оронд цалинг нь 10-15 хувиар нэмээч гэдэг шаардлага тавьсан ч биелэгдээгүй. Одоо намрын чуулган завсарлахад ганцхан сарын хугацаа үлдээд байна. Үнэндээ Монгол Улсын нийгэм эдийн засаг, санхүү, зах зээл, бүтээн байгуулалтын талаар энэ УИХ дорвитой ямар ч шийдвэр гаргаж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Бидэнд хүлээгдэж байгаа зүйл олон байгаа. Ардчилсан намын бүлэг өнгөрсөн долоо хоногт энэ асуудлаар ярилцаад цаашдаа гол бодлогын шинжтэй асуудлуудаа хэлэлцэх асуудал дээр шахалт үзүүлэхгүй бол болохгүй юм байна гэдэг шийдэлд хүрсэн. Томоохон бүтээн байгуулалтууд, банк санхүү, мөнгөний бодлогын зэрэг асуудлуудаа нэн яаралтай оруулж ирж хэлэлцэх хэрэгтэй байна. Ардчилсан намын бүлгийн хувьд он гарахаар шууд хэлэлцүүлгийн хэв маягийг өөрчлөөд, эдийн засаг, мөнгө санхүүтэй холбоотой асуудлуудыг хэлэлцүүлгийг хийгээд явна.

Худалдаачид нүцгэлж, эсэргүүцлээ илэрхийлэхээ мэдэгдлээ

Монголын худалдаачдын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.Мэдээллийн эхэнд Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байгаа бөгөөд хэрвээ шаардлагын хариуг өгөхгүй бол нүцгэлж эсэргүүцэл илэрхийлнэ гэдгээ онцлов. Төр засгийн түвшинд олон удаа шаардлага, асуудал дэвшүүлж байгаа боловч тэдний санаачилга, хэлсэн үг, үйлдэл "усанд хаясан чулуу мэт" алга болж байгаа учраас энэ удаа шаардлагынхаа хойноос дорвитой арга хэмжээ авч, жагсаж, цуглана гэдгээ ийнхүү мэдэгдлээ.

Монголын худалдаачдын холбооны гүйцэтгэх захирал М.Мөнхтуяа хэлэхдээ "Худалдаачдын талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримт боловсруулж хэрэгжүүлж, худалдааны үйл ажиллагааг зохион байгуулалтад оруулах, тулгамдсан асуудлуудыг нь тодорхойлж тэднийг дэмжих. Эрхийнхээ төлөө тэмцэж буй иргэдээ хориглож, торгож, амьжиргаанаас нь салгаж, өр зээлийн дарамтад оруулж байгаагаа даруй зогсоохыг шаардаж байна. Худалдаа наймаа эрхэлж байгаа, хэт өндөр хүүтэй зээлийн уршгаар орон байр, амьдрах эх үүсвэрээ алдсан худалдаачдын шүүхийн шийдвэрийг эргэж хянах, гомдол барагдуулах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Энэхүү шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол олон мянган худалдаачид дараа дараагийн тэмцлийн хэлбэрт шилжинэ" гэлээ.

Он гарсаар 50 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн нутаг Тахилын даваа гэдэгт  3.54 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт энэ сарын 7-ны өдрийн үдээс хойш болсон байна. Уг газар хөдлөлтийн үеэр хохирол учраагүй ч иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн байна. 

Мөн  Тавантолгойн уурхайд энэ сарын 2-нд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлж, цонх хагарч, хана цуурсан юм байсан талаар эх сурвалж онцолжээ.  Он гарсаар 50 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ.

ЕБС-д эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулахаар боллоо 

Өнөөдөр хүүхдийн эрүүл мэндийн асуудал сэтгэл түгшээсэн түвшинд ирснийг статистик тоо баримт харуулж байна. Тухайлбал Дэлхийн олон оронд хийгдсэн “Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгааг” Монгол улсад хийхэд хүүхдийн эрүүл ахуйн дадал муу, эрсдэлт зан үйлүүд их байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны дунд осол гэмтэл, амиа хорлолт, хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж, бэлгийн замаар дамжих халдвар ихсэж, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдсээр байна. 

Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг тусгасан байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл байр сууриа илэрхийллээ. Тэрээр Монгол улсын Засгийн газраас баталсан “Сурагч өсвөр үеийнхний эрүүл мэнд”, “Хүн амын эрүүл мэндийн боловсрол” хөтөлбөрүүд нь сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих тогтолцоог боловсронгүй болгоход төр, олон нийт, аж ахуй нэгж байгууллага, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн анхаарлыг чиглүүлж, эрүүл мэндийн зохих боловсролтой, эрүүл чийрэг иргэд болон төлөвших орчныг бүрдүүлэх” зорилго тавьсны дагуу олон улсын хандивлагч байгууллагууд, дотоод, гадаадын мэргэжилтнүүд асар их хүч хөдөлмөр, хөрөнгө нөөц зарцуулж ирсэн. 

Түүнчлэн Боловсрол, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар “Эрүүл мэндийн боловсролын талаар баримтлах стратеги /2010-2015/ төлөвлөгөөг боловсруулан амжилттай хэрэгжүүлж ирсэн. Гэвч 2014 оноос боловсролын хөтөлбөрийн шинэчлэлд Эрүүл мэндийн хичээлийг Хүн ба орчин, Хүн ба байгаль, Хүн ба нийгэм хичээл байдлаар тусган оруулсан нь үндэслэл муутай оновчгүй хувилбар болсон гэж үзэж байна. 

2015 онд Эрүүл мэндийн яам энэ чиглэлээр ажилладаг судалгаа, шинжилгээний байгуулага, бусад талуудтай хамтран уг шинэчилсэн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, нэгдсэн дүгнэлт нь ”маш хангалтгүй” гэж гарсан.

Учир нь эрүүл мэндийн хичээлийг интеграци хийж буй биологи, биеийн тамирын хичээлүүд нь өөрийн судлах агуулгын багтаамж ихтэй, сургалтын орчин, техник тоног төхөөрөмжүүд нь онцлогтой, багшийн заах арга зүй, сургалтын технологи нь ялгаатай тул эрүүл мэндийн хичээлээр зайлшгүй эзэмшвэл зохих үндсэн мэдлэг, чадвар дадлыг эзэмшүүлэх боломжгүй байна. 

Энэхүү оновчгүй, хувилбарын талаар урьд өмнө олон талт оролцооны байгууллагууд болох олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран удаа дараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд албан тоот хүргүүлж байсан.  Энэхүү шийдвэр нь эрүүл мэндийн хичээлийн ач холбогдлыг асар бууруулаад зогсохгүй сүүлийн 20 гаруй жилд олсон ололтоосоо ухарсан, магадгүй, хэдэн жилийн дараа харамсаад ч барахгүй үр дагавар авчирч мэдэхээр байгааг дээрх өвчлөлийн тоо, судалгаа харуулаад байна гэлээ. 

Цаашид Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлийг албан сургалтын хөтөлбөрт оруулахаар болж, энэ дагуу холбогдох яамныхан бэлтгэлийг ханган ажиллаж байна.  

Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар Л.Энх-Амгалан ажиллана

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа онцолсон юм.  Мөн энэ  үеэр тус бүлэг өнгөрөгч долоо хоногт Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэж, ажлын хэсгийг байгуулсан талаар мэдэгдсэн юм. Сонгуулийн хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Улс төрийн намын тухай хуулийн төслийн ажлын хэсгийг  С.Бямбацогт гишүүнээр тус тус ахлуулахаар болсон байна.  

Гэрч: Энхбатын гар гавтай, ухаан алдсан байдалтай байсан 

Доктор Витзэ “Яагаад энэ хүнийг гавлачихсан юм бэ, яагаад гавыг нь бүтээчихсэн бас ухаангүй байгаа юм бэ гэж асуухад чи өөрөө “хүн амины гэмт хэрэгтэн байгаа юм” гэж Германы гааль дээр мэдүүлсэн. Германы тал саатуулахад Элчин рүү холбоо барьж байж чи Энхбат гэж хүнийг авч гарсан. Витзэ гэж хүн сэжиг авсан учраас тэр ухаангүй хүнийг шалгах гэж зориуд тэргийг нь 2-3 метр түрсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Та нар гаальд мэдэгдээгүй хүнийг авч гарах гэж байсан, тэр чинь хүний хулгай. Тиймээс чи хүн рүү буруу чихэхээ боль, ядаж байхад би яг тэнд байж таарсан” хэмээн Германд амьдардаг нэгэн бүсгүй олон нийтийн сүлжээгээр дамжуулан Б.Хурцад хандан жиргэжээ. Бид түүнтэй холбогдон болсон явдлыг тодруулсан юм. Бүсгүйн хүссэнээр нэрийг нь нууцаллаа.

-Талийгаач Д.Энхбатыг хилээр гаргахыг нүдээр харсан гэрчүүдийн нэг нь та юм байна. Тухайн үед болсон явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Тухайн үед тэр Энхбат гэж хүн тэргэнцэр дээр ухаангүй ч юм шиг, унтаж байгаа ч юм шиг байдалтай сууж байсан. Гэхдээ ам нь бага зэрэг ангайсан, толгой нь гилжийчихсэн байсан болохоор унтаж байна гэхээс илүүтэй ухаангүй юм шиг харагдаж байсан л даа. Хоёр гарыг нь өвөр дээр нь тавиад алчуураар ч билүү нэг юмаар бүтээчихсэн байсан, зөвхөн бугуй хавийг нь шүү. Хэн ч харсан сэжигтэй байсан. Тухайн үед МИАТ-ийн нислэгтэй байсан болохоор маш олон монголчууд энэ байдлыг харсан.

-Д.Энхбат агсны “сэжигтэй” байдлыг анзаарч гаалийнханд мэдэгдсэн Витзэ гэж ямар учиртай хүн бэ, тэр өдөр тэнд юу хийж явсан юм бол?

-Доктор Витзэ бол Герман-Монгол хэлний орчуулагч, хил гааль дээр герман хэлгүй дээр нь бичиг баримтын зөрчилтэй, визний асуудалтай хүмүүс гарч ирвэл гаалийнхан Витзэг дуудаж, орчуулга хийлгэдэг байсан. Тэр өдөр мөн орчуулга хийхээр дуудагдсан байсан. Тэгээд Энхбатыг анзаарч хараад, дэргэд нь очин “Та зүгээр үү” гэж асуунгаа гарыг нь бүтээсэн алчууран доогуур гараа шургуулж оруулсан, тэгэхдээ тэр хүний гар гавтай бас ухаангүй байгааг мэдээд цагдаад хэлсэн юм. Витзэг цагдаад мэдэгдэхээс өмнө  авч явсан хүмүүс нь гаальд мэдүүлэхдээ Энхбатыг өвчтэй гэж хэлсэн байсан. Дараа нь гавтайг нь мэдсэний дараа “хүн амины хэрэгтэн байгаа юм” гэсэн. Цагдаа нар “Танайх яагаад манайд урьдчилж мэдэгдээгүй юм бэ, энэ хүнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа мэдээлэл алга” гэж хэлсэн байна билээ. Тэд нэлээд удаан саатуулагдсан гэсэн. Элчингийнхэнтэй холбоо барьж, цаадуул нь бас Монгол руу холбогдсон юм шиг байна билээ. Би түрүүлээд явчихсан л даа.

-Талийгаачийг авч явсан хүмүүсийн царайг та санаж байна уу, яг хэдүүлээ байсан юм бол?

-Царайг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан гурвуулаа байсан.Б.Хурц гэдэг хүнийг саяханаас л мэддэг боллоо шүү дээ.

-Доктор Витзэ тэр явдлаас хойш удалгүй машины ослоор нас барсан гэж нэг хүн таны сэтгэгдлийн дор бичсэн байхыг олж харсан л даа. Энэ үнэн үү?

-Витзэ гуай 2009 онд гэртээ нас барсан, гэхдээ түүний үхэлд хэн ч буруугүй гэж би боддог.

-Та түүнийг сайн мэддэг байсан уу?

Тийм ээ, бид сайн танилууд байсан.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.


Талийгаач Д.Энхбатыг Берлиний хилээр гаргах үед болсон явдлыг нүдээр харсан нэгэн гэрчтэй ярилцсаныг уламжиллаа. Ардчилсан хувьсгалын манлайлагч С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт сэжигтнээр татагдан, хууль бусаар Монголд хүргэгдэж, цагдан хоригдож, байцаагдан тамлуулж улмаар амь насаа алдсан талийгаач Дамирангийн Энхбатад холбогдох гүйцэтгэх ажиллагаанд өдгөө БНСУ-д суух элчинд нэр нь дэвшээд байгаа Б.Хурц оролцсон байдаг. Тэрбээр саяхан “Цензургүй яриа” нэвтрүүлэгт зочноор орохдоо талийгаачийг хулгайлаагүй, баривчилж авч ирсэн гэж мэдэгдсэн. Гэтэл болсон явдлын талаар гэрчүүд болон хохирогч Д.Энхбат, түүний өмгөөлөгч тэс өөр мэдээлэл өгдөг.

Ямартай ч талийгаач уг хэрэгт холбогдолгүй болох нь нотлогдсон. Тиймээс гэр бүлийнхэн нь хилс хэрэгт гүтгэснийхээ төлөө Монголын төр уучлал гуйх ёстой, мөн амь насыг нь егүүтгэснийхээ төлөө нөхөн төлбөр олгох ёстой хэмээн үзэж, өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий прокурор, Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газар, Хуульзүйн сайд зэрэг төрийн өндөрлөгүүд болон албаны хүмүүст удаа дараалан өргөдөл өгч ирсэн. Гэвч Монголын төр өнөөдрийг хүртэл талийгаачийн гэр бүлийнхнээс уучлал хүсээгүй, нөхөн төлбөр ч олгоогүй. Өргөдлийг нь бие, бие рүүгээ шилжүүлснээс өөрөөр шийдсэн зүйл үгүй. Иймд тэд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Германд ажлаар очиход нь дахин өргөдлөө өгсөн бололтой, гишүүн энэ тухай сошиолд жиргэсэн байдаг.

Хэдийгээр хууль хяналтынхан “Д.Энхбатын амь нас цагдан хорьж, мөрдөн байцаасантай холбоогүй, суурь өвчний улмаас нас барсан” гэдэг тайлбар өгдөг ч гэр бүлийнхэн нь үүнтэй санал нийлдэггүй. Тухайн үед НҮБ-аас томилогдон Монголд ажиллаж байсан Эрүү шүүлтийн асуудлаарх тусгай илтгэгч Манфрэйд Новак ч илтгэлдээ Д.Энхбатад эрүүл мэндийн тусламж үзүүлээгүй, шаардлагатай эм, тариаг гаргаагүй талаар тодорхой бичсэн байдаг.

 Хилс хэрэгт гүтгэгдэн, цагдан хоригдох хугацаандаа “байцаалт” нэрийн дор тамлуулж, эмнэлгийн тусламж ч дорвитой авч чадалгүй амь насаа алдсан Д.Энхбат агсны гэр бүлээс МОНГОЛЫН ТӨР ХЭЗЭЭ УУЧЛАЛ ГУЙХ ВЭ? Хүний амийг мөнгөөр үнэлж боломгүй ч гэлээ гэр бүлийнхэнд нь учруулсан сэтгэл санааны хохирлын НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ХЭН ОЛГОХ ВЭ?

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/02/19 197.211.53.48