Эдгээр өдрүүдэд Индонез улсад “ACEH WORLD SOLIDARITY” тэмцээнд оролцож буй Монголын үндэсний шигшээ баг тэмцээний хоёр дахь тоглолтоо талбайн эзэн Индонезийн багтай хийлээ. Тоглолтын өмнө усархаг аадар бороо орсны улмаас талбай бүхэлдээ шаварт автаж, маш хүнд нөхцөлд тоглолт өрнөсөн. Талбайн 25 минутын дотор хоёр гоолыг оруулан тэргүүлээд байсан бол манай шигшээ багаас М.Төгөлдөр 38 дахь минутад торгуулийн цохилтоос тоог ойртуулав. Гэхдээ Индонезийн баг эхний хагсын сүүлчийн минутад 11 метрийн торгуулийн цохилтоос нэг гоол оруулж нэгдүгээр үе 1:3-аар эрсэг багийн давамгайлал дор өндөрлөлөө. Дэлхийн чансааны 154-д эрэмбэлэгддэг Индонезийн талбайд “Талын хөх чононууд” хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсэн . Түүнийхээ үр дүнд дахин 11 метрийн торгуулийн цохилтын эрх авч М.Төгөлдөр хоёр дахь гоолоо оруулсан юм. Гэвч үлдсэн хугацаанд манай баг тоог тэнцүүлж чадсангүй тоглолт 2:3-аар Индонезийн багийн хожлоор өндөрлөлөө. Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын үндэсний шигшээ баг тэмцээний сүүлийн тоглолтоо 12.06-нд 21:00 цагаас Бруней улсын багтай хийнэ.
Үндэсний шигшээ Индонезийн эсрэг хүчтэй өрсөлдөөн үзүүллээ
2017-12-05 13:22:56