8o
Улаанбаатар хот
mobile menu

Энхийн шагнал бол эв найртай байхыг ойлгуулах чухал нэг хөшүүрэг

2016-01-20 12:38:00

2016 оны 1 сарын 21-нд буюу маргааш “Peace awards-2015” ёслолын арга хэмжээ болох гэж байгаа. Үүнтэй холбогдуулаад  Монгол улсын гадаад хэргийн сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Гомбосүрэнтэй ярилцсныг хүргэж байна. 

-800 жилийн тэртээ Монгол угсаатан Их Монгол Гүрнийг байгуулж, улмаар дэлхий дахинд урт удаан хугацаанд энх амгаланг тогтоож байсныг “Pax Mongolica” эрдэмтэн судлаачид нэрлэдэг. Орчин үед Монголчууд бүс нутаг төдийгүй дэлхийн энх тайванд оруулж буй хувь нэмрийн талаар уншигчидтай үзэл бодлоо хуваалцана уу?


-Орчин үед улс гүрнүүдийн харилцаанд энх тайвныг тогтоодог хоёр арга бий. Нэг нь эв найрын арга нөгөө нь хүчний арга. Хүчний арга нь явц муутай арга. Аль нэг улс, тодорхой хүчнийхнийг хүчээр өөрийн эрхшээлд оруулж, элдвээр босч тэмцэх аргагүйгээр дарамтанд байлгахад чиглэдэг. Энэ арга зам нь урт настай биш, хэзээ нэгэн цагт буцаад эвдэрдэг задардаг жамтай. Нөгөөх нь эв найраар энх тайванг тогтоох арга зам байна. Эв найр гэдэг нь хэл амаа ололцоно гэсэн үг. Хэл амаа ололцоно гэдэг нь ашиг сонирхлынхоо тэнцвэрийг ололцоно гэсэн үг. Тэрнээс биш хүчгүй нь хүчитнийхээ дэргэд буруутай гэдэг зарчмаар биш. Хүчтэйд нь ч эрх ашиг бий, хүчгүйд нь ч эрх ашиг бий. Тэдгээрийн тэнцвэрийг заавал олох ёстой. Тэрхүү тэнцвэрийг хангаж, эв найртайгаар зэрэгцэн оршихийг энх тайван хэлдэг. Тэгэхээр тэр үеийн “Pax Mongolica” гэх ойлголт нь хорвоо дэлхий нэг удирдлагатай байх ёстой гэсэн үзлээс гарсан. Нэгэнт эзэлж авсан эзэн нь бүх зүйл өөрийнх нь дор зохицуулагдаж байх ёстой гэсэн нөхцөл байдлаар дайн байлдаан айхтар өрнөөгүй хэсэг хугацаанд өнгөрснийг ингэж нэрлээд байгаа юм. Үр дагавар нь хүчээр тогтоосон энх тайван гэдэг богино настай гэдгийг харуулж байгаа хэрэг юм даа.


Хэдийгээр хүн төрөлхтөн иргэншиж, улам бүр хөгжин цэцэглэж байгаа хэдий ч дайн мөргөлдөөн огт тасрахгүй байна. Ойрхи дорнодод өрнөсөн мөргөлдөөнөөс болж олон мянган жирийн хүмүүс амь насаараа хохирч, олон зуун мянган хүн эх орноо орхиж амар амгаланг эрэлхийлэн цагаачилж байна. Тэгэхээр дэлхий дахинд энх тайвны үнэ цэнэ улам өсч, үүний тулд Монголчууд бага гэлтгүй өөрийн хувь нэмрээ оруулж байх хэрэгцээ шаардлага байгаа гэж санагддаг. Мэдээж хэрэг улс гүрэн бүр чадал чинээнийхээ хэрээр эв найртай аж төрөх үйлсэд хувь нэмрээ оруулдаг. Бид эв найрыг хичээхийн тулд тодорхой материаллаг хүч тамир байх ёстой. Өөрөөр хэлбэл, гачигдан зовж байгаа, амьдрах газар хайж дүрвэж байгаа тэрхүү улсыг нутаг орондоо оршин амьдрахад нь тусалж дэмжих шаардлага гарна. Тийм боломж манайд хомс. Тэгэхээр бид нар эвтэй найртай байлгахыг эрмэлзэж буй нийтийн үйлсэд хувь нэмрээ оруулах, дуу хоолойгоо нэгтгэх явдал юм. Бодиттойгоор гэх юм бол манайхан зарим улс оронд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа. Энэ бол манай улс хэр чинээ, чадлаараа энхийн үйлсэд оролцож байгаагийн нэг илрэл юм даа.


-Саяхан Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг туршсан. Монголын Гадаад Хэргийн Яамнаас мэдэгдэл гаргасныг энхийн төлөө дуу хоолойгоо илэрхийлж буй хэрэг гэж тооцож болох уу?


 Тэгэлгүй яахав. Жишээлбэл, тухайн үйлдлийг дэлхий даяар хичнээн улс орон буруушааж байна гэдэг нь нэг үзүүлэлт, хичнээн улс чимээгүй байна гэдэг нь нэг үзүүлэлт. Тийм учраас бид дуу хоолойгоо нэгтгэнэ гэдэг нь тэрхүү буруушааж байгаа улс гүрэнтэй санаа бодол нэгтэй байгаагаа илэрхийлж байгаа явдал. Энэ нь манай энх тайванч бодлогоос урган гардаг. Монгол улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсгээс ангид бүс хэмээн зарлан тунхагласан. Улмаар хаа сайгүй цөмийн зэвсэггүй бүс бий болоосой гэж эрмэлздэг, цөмийн зэвсгийг хураах, багасгах үйл ажиллагаа тасралтгүй явж байгаасай гэж хүсэж байдаг улс орон. Гэтэл нэг улс шинээр цөмийн зэвсэгтэй болж, янз бүрийн туршилт хийх замаар улам даамжирах нь манай бодлоготой харшилж байгаа хэрэг. Гэхдээ Монголын бодлоготой харшлах нэг хэрэг. Хамгийн гол нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд аюул занал учруулж байгаа нь бодит эрсдэл. Хийсвэр мэдэгдэл лоозонгоор хэн нэгэн хашгирч байгаа биш, харин асар сүйтгэлтэй бөмбөг дэлбэлж байгаа нь маш ноцтой. Нарийн яривал Хойд Солонгосийн дайсан гэж тооцдог улс хил залгаа хаяанд нь оршдог. Тэнд бужигнаан үүсвэл Монголд хүртэл цуурай нь ирнэ. Зөвхөн дууны цуурай биш өөр ноцтой цуурай ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс бид ийм бодлого, мэдэгдэл хийж байгаа хэрэг. Нэг жарны тэртээ Японы Хирошима, Нагасаки зэрэг хотод атомын бөмбөг хаяснаар хүн төрөлхтөн, үй олноор устгах зэвсгийн аюулыг анх мэдэрсэн. Энэхүү зэвсгийн аюул занал өдгөө ч үргэлжилсээр байгаа.Хүн төрөлхтөн оюун ухааныхаа машид нарийн бүтээлүүдийг өөрийнхөө эсрэг хэрэглэдэг болоод даруй 100-аад жил болж байна. Ухаантай улс нь бид ийм хачин юм хийчихлээ, үүнийгээ зогсоож хориглоё хэмээн асар их тэмцэж байна. Гэтэл арга замаа олдоггүй. Жишээлбэл, дэлхийн 1-р дайнд химийн болон биологийн зэвсэг гэгдэх хорт хий, хорт бодис, элдэв нян бактерийг хэрэглэж байсан. Өдгөө бактериологийн зэвсэг нь үй олноор хөнөөх зэвсэгт тооцогддог. Бактериологи, химийн зэвсгийг устгах дэлхий нийтийн конвенци баталж, бактериологийн зэвсэгийг устгасан гэж үздэг. Гэтэл зэвсэг мэтээр хэрэглэж болох өөр төрөл зүйл энд тэнд байдаг болтой. Химийн зэвсгийг устгах конвенцийг 1997 онд хүчин төгөлдөр болсон. Конвенцийн дагуу 10 жилийн дараа буюу 2007 онд бүх химийн зэвсэг устсан байх ёстой юм. Өнөөдөр химийн зэвсгээ хүмүүс устгаж бараагүй байна. Хийсэн зэвсгээ устгах нь хийхээсээ илүү төвөгтэй хэцүү байдаг байна. Асар их зардал чирэгдэл шаарддаг. Тэр зэвсгээ устгах гэж Америк, Орос хэмээх хоёр их гүрэн ноцолдоод хүч хүрэхгүй байна. Хүн ухаантай амьтан хэрнээ өөрийгөө цаашлаад гэр орон болох цэнхэр гарагаа устаж сүйтгэхээр зүйл хийчихээд, түүнийгээ арилгаж чаддаггүй тийм л “ухаантнууд” юм байна. Ямар вэ дээ. Залуучуудад бид нар ямар ухаантай юм бэ гэж явах ёстой юм уу эсвэл ямар ухаангүй юм бэ гэж хэлэх ёстой юм уу? Энэ мэтийг бодохоор хэлэх үг байхгүй болчихоод байгаа л даа. 


-Монголын ирээдүйд санаа тавьж байгаа залуучууд биднээс үл шалтгаалах асуудал байгаа болохыг ойлгуулахын тулд яавал зохилтой вэ?


-Миний сая хэлснийг л ухаарах ёстой юм л даа. Хүн гэдэг ухаантай амьтан уу, ухаангүй амьтан гэдгийг ойлгох. Энэ хоёр асуултыг жингийн тавган дээр тавиад жигнэвэл мэдээж бид нар ухаантай амьтан гэдэг жин дарна л даа. Тэгвэл ухаангүй гэгдээд байгаа нөхдөөс хорвоог салгах уу, эсвэл хорвоогоос тэр нөхдийг салгах уу. Тийм чигт толгойгоо ажиллуулах шаардлагатай болж байна. Үүний цаад суурь нь ерөөсөө эв найрийг хичээх буюу энх тайван гэдэг үзэл санаа, хандлага юм.  
Нөгөө талаас Монголчууд өөр хоорондоо байнга тэмцэлдэн зөрчилдөж байдаг. Монгол хүмүүс нэгийгээ дэмжиж тусладаггүй, харин ч сайн яваа нэгэндээ атаархдаг. Тиймээс “Монголчуудын тамын тогоо үлгэр” гэсэн хэлц хүртэл гарсан байдаг. Энэ талаар таны бодол?
Монголчуудын хоорондын явдал бол ердөө атаа жөтөөний явдал. Атгаг сэтгэл бол нөгөө л ухаантай бишийн илрэл. Миний толгойд байгаа хоёр хайрцганд мунхагийн эс, ухааны эс байдаг гэж үзвэл мунхагийн эсээ бид аль болох цэвэрлэж байх ёстой. Өөрийн чинь хэлж байгаа атаа жөтөө, тамын тогооны үлгэр бол үнэндээ арчаагүйнх. Арчаагүйн цаад шалтгаан нь бид гэгээрч ариусаагүй л байна л даа. Мөн аж амьдрал гэж амаргүй ажил байна. Ялангуяа өнөөгийн бидний аж төрж буй цаг хугацаа бол нэг нь нөгөөдөө даргархдаг үзэгдэл. Хүний нийгэм нилээн удаан янзарч цэгцэрдэг юм байна. Бас хөрөнгө чинээ гэж нэг золигийн ажил байна. Түүний төлөө тэмцэх эрмэлзэх гэсэн шунал сэтгэл их давамгайлах юм. Энэ мэтээс болоод бид өөрсдөө зовж байна. Монголыг өөр үндэстэн угсаатан зовоогоогүй шүү дээ. Бид өөрсдийгөө зовоож байна. Хамгийн харамсалтай нь өөрийнхөө хөгжил дэвшлийг арагш нь чангаахдаа хүрч байгааг яахав? Даруй хийчих ёстой зүйл хичнээн их саатаж байна, аль хэдийнэ хийгдчихсэн байх учиртай юм өнөөг хүртэл хийгдээгүй байх юм. Сонирхолтой нь ухаан уралдуулснаас болоод ийм болчихсон мэтээр яриад байгаа байхгүй юу. Ерөөсөө ухаан уралдуулаагүй атаа жөтөө л уралдуулсан. 


-Монголчуудын эв нэгдлийн ухамсрыг дээшлүүлэхийн тулд юу хийвэл зохих вэ?


-Сая хэлээд л байна, өөрсдөө гэгээрэх ёстой. Гэгээрнэ гэдэг нь юм мэддэг болохыг хэлээд байгаа эсвэл муу санаагаа залдаг болохыг хэлээд байгааг би мэдэхгүй. Ямар ч л байсан юманд учир, суманд гичэр байдаг. Юмны учир зүйгээ ухаардаг болох, хүн өөрийнхөө сайн муу явдлыг захирч хазаарлах, хазаарлаж чөдөрлөх шаардлагатай зүйлийг чөдөрлөж явах ёстой. Гэтэл эмээлээ гэдсэндээ авсан адуу шиг л тууж давхиад байж болохгүй юм л даа. 
Өдгөө Монголчуудын хувьд улс эх орныг хөгжүүлэх ямар нэг улс төрийн лидер дутагдаж байгаа гэж олон хүмүүс үздэг. Харин ёс суртахуун, оюун санааны манлайлагчид дутагдаж байна гэж би боддог. 
Лидер гэдэг нь оройлогч хүний тухай яриад байгаа юм. Ардчиллын үед аль нэг суут ухаантнаар хөтлөгдөх арга барил нэг их явцтай зүйл биш. Нам бүлэг болж тоглож, тэдгээр нь бодлого боловсруулж, тэрхүү бодлогоо уралдуулж, улмаар олон түмэн түүнийг хүлээн зөвшөөрч байгаа бол бодлогоо тууштай хэрэгжүүлэх л асуудал. Гаргаж буй бодлого нь бодиттой байх ёстой. Худлаа амлалт биш, хүсэл мөрөөдөл биш. Манайхан заримдаа өөрсдөө “Мөрөөдлийн жагсаалт баталж байгаа бид нар” гэж хэлэх юм. Тэгвэл ямар юмных нь бодлого байхав дээ. Бодлого гэдэг бол улс орон, түмэн олны хэрэгцээ шаардлагыг тогтоож, тэрхүү хэрэгцээ шаардлагыг хангахын тулд ийм бодлого явуулъя, бодлогоо ийм аргаар хэрэгжүүлье гэдгээ тогтоод нам хүчин нь ажлаа ёсчлон хэрэгжүүлэх хэрэгтэй. Оройлогчийн тухайд нам дотор бусаддаа хүлээн зөвшөөрөгдсөн, үгийг нь дагаад явах тийм этгээд ховор байж мэдэх юм. Хүн болгон өөрийгөө ухаантан гэж өргөмжлөхөөр нөгөө л атаа жөтөө үүсээд ирнэ. Эд өлгөөсөө даваад явчихсан улс төрийн атаа жөтөө. Энэ муу миний дарга байх юм уу, энэний үгэнд би орох ёстой юм уу гэсэн ийм харилцаа нь асуудал үүсгэж байна. Нам бүлэг дотор хүлээн зөвшөөрөгдсөн оройлогч нэн чухал. Тиймэрхүү хүн үгүйлэгдэж байгааг үгүйсгэхгүй. Би нам бус учраас нам дотор ямар байдгийг сайн мэдэхгүй юм. Хөндлөнгөөс харахад л бие биенээ хэмэлсэн, дорд үзсэн хандлага их ажиглагдах юм. 


-Монголын нийгэмд тулгарах болсон дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй хүмүүсийг алдаршуулах чиглэлээр Монголын энхтайвны байгууллагууд хамтран жил бүр “Энхийн шагналтан” тодруулдаг. Энэ арга хэмжээний учир холбогдлын талаар таны бодол? 
Үүнийг олон түмэнд эв найртай байх гэсэн санааг ойлгуулахад нэгэн чухал хөшүүрэг, санаа авах зүйл гэж үздэг. Энхийн шагнал бол үнэхээр олон нийтэд хүртээлтэй ажил үйл бүтээж байгаа хүнд өгч байгаа урамшуулал юм. Улс орон даяар биш юм гэхэд тодорхой хамт олны дунд бүтээсэн сайхан үйлс ингэж үнэлэгдэж дүгнэгддэг гэдгийг харуулж чаддаг арга хэмжээ гэж үзэж байгаа. Тэр утгаараа Монголчууд дор бүрдээ чадах чинээгээрээ хичээн зүтгэх учиртай юм.


Ярилцсанд баярлалаа.Таны амьдралд сайн сайхныг хүсье.
О.Цэрэнлхам
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Эргэж олдохгүй ахмадуудаа эрхэмлэн хүндэтгэцгээе залуусаа...
2016/01/21 103.17.108.42
Юнивишнийн шилэн кабелийн холболтын нэг үзүүр бүхий сүлжээгээр дамжуулан Танай гэр бүл дэлхийн технологийн гайхамшиг IPTV, Интернэт, Суурин утас гэсэн 3 үйлчилгээг нэгэн зэрэг хүлээн авах боломжтой болно” хэмээн анх “Юнител” группын охин компани болох “Юн
2016/01/20 103.17.108.42
yostoi unen helj
2016/01/20 103.17.108.42