Өнгөрсөн амралтын өдөр /2017.11.19-ний 00:35 цагт/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах “Бармаш” ХХК-ийн 150х54 метрийн хэмжээтэй төмөр краказан дээвэртэй тоосгон барилга дотор “Мижир дриллинг Монгол” ХХК-ийн түрээсэлдэг 20х20 метрийн хэмжээтэй албан тасалгаа, агуулахын зориулалтай сендвичен барилга, дээвэр, тоног төхөөрөмж шатаж байна гэсэн дуудлагаар НОБГ-ын Гал түймэр унтраах аврах 10, 14, 18, 26, 30-р ангийн 6 тасаг, 65 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр 17 цагийн турш ажиллаж, галыг бүрэн унтраасан байна.
Галын тархалт эрчимтэй явагдсан, дээврийн хийц галыг нурж дарах аюултай, хорт хий, утаа их хэмжээгээр ялгарсан, үзэгдэх орчин хязгаарлагдмал, өндөр даралтын улмаас гал унтраах даралтын хоолой цоорох, хөлдөх зэрэг нь гал унтраах үйл ажиллагааг явуулахад хүндрэл учруулжээ.ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан бүрэлдэхүүн гал түймэр унтраах үйл ажиллагааг газар дээр нь мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган ажиллалаа.
Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хэргийн газрын үзлэг хийхэд барилгын хийц нурах аюултай учраас Мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулж, үргэлжлүүлэн шалгахаар ажиллаж байна.