БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй 'Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих' төсөл өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхэлсэн. Тус Ажлын хэсгээс олон нийтийн сүлжээгээр тархсан “Олимпийн гудамжны бүх модыг тайрчээ” гэсэн мэдээлэлд тайлбар өгсөн байна.
Гүүрэн гарц нь үндсэн гүүр, 2 эгнээ зам, туслах замаас бүрдэх бөгөөд туслах замын трасст Олимпийн гудамж дахь 157 мод орсон байна. Үүнээс 107 модыг 10 дугаар сараас эхлэн зөөж, Бээжингийн гудамж, Хот тохижилтын газрын Мод үржүүлгийн газарт шилжүүлэн суулгасан бөгөөд насжилт өндөртэй, үндэс нь гүн суусан, шилжүүлэн суулгах боломжгүй 50 модыг энэ сарын 16-17–ны өдөр тайрч авсан талаар “Хот тохижилтын газар” ОНӨҮГ-ын орлогч дарга Н.Пүрэвжав мэдээлэл өгөв.