8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ипотекийн 8 хувийн зээл үргэлжилж, гишүүд Ч.Сайханбилэгийн ЗГ-ыг огцруулахаар нэгдсэн өдөр

2016-01-19 18:53:00

Өнөөдөр онцлог үйл явдалаар дүүрэн өвлийн тэсгэм хүйтэн нэгэн өдөр өндөрлөж байна. Энэ сарыг дуустал хүйтний эрч чангарах талаар Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ. Тиймээс иргэд та  бүхэн минь цаг агаарын хүнд нөхцөл байдалд хөдөө орон нутгийг зорихгүй байхыг анхааруулж байна. Бидний бэлтгэн хүргэдэг Монголын нэг өдөр тойм булан маань улс төр бол нийгмийн талаар олон сонирхолтой мэдээлэлийг хүргэх гэж байна. Өнөөдөр УИХ-ын гишүүд маань нэг нэгэндээ зориулж шүлэг хүртэл зохиож түүнийгээ чуулганы хуралдааны дундуур уншиж өгөв. Энэ мэтчилэн өнөөдрийн улс төр хөгжилтэй, халуухан болж өндөрлөлөө.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Ипотекийн найман хувийн зээлийг банкууд үргэлжлүүлэн олгох боломжтой боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталлаа. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг анхны хэлэлцүүлгээр баталсан. Ингэснээр ипотекийн найман хувийн зээлийг банкууд үргэлжлүүлэн олгох боломжтой боллоо.Санал хураалтад 52 гишүүн оролцсоноос 45 гишүүн дэмжиж, 7 гишүүн эсэргүүцсэн байна. Албаныхан найман хувийн хүүтэй зээлээр орон сууц худалдан авсан иргэд зээлийн хүү таван хувь болсон тохиолдолд зээл нь таван хувийн зээл рүү шилжинэ гэж мэдэгдэж байгаа билээ.  Өөрөөр хэлбэл жилд найман хувийн хүү төлдөг байсан бол таван хувь болж буурах юм.

 

Ч.Сайханбилэгийн Засгийн газар сар шинээс өмнө огцрох уу

УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан байна. Тэрбээр Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг санаачилж гишүүдийн гарын үсгийг цуглуулж байсан юм.Г.Уянгын тогтоолын төсөлд С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, О.Баасанхүү, Ж.Батсуурь, Су.Батболд, Б.Бат-эрдэнэ, Л.Цог, Ц.Нямдорж гэх мэтчилэн 20 гишүүн гарын үсэг зурснаар, хэдхэн хормын өмнө УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан юм.

АЭХ-ын Ерөнхийлөгчийг сонгох үеэр мөнгө тарааж хууль бус үйлдэл гаргасан уу

Таван жилийн дараа ерөнхийлөгчөө сонгож буй Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны шинэхэн ерөнхийлөгчээрээ УИХ-ын гишүүн С.Одонтуяаг сонгосон. Өчигдөр орой 23.00 цагийн үед санал хураалт дууссан. Тэгвэл санал хураалт дууссаны дараагаар нэр дэвшигч мөнгө тарааж  байна гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Алтан гадас  фракцынхан хийсэн гэх мэдээлэл байна. Хурлын үеэр эзэн нь тодорхойгүй мөнгө тарааж байна гэх утга бүхий жиргээг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, М.Зоригт нар дэлгэжээ.

Баянчандманийн хохирогч эмэгтэй банкнаас зээл авч, давсагсны угсраа хагалгаанд орно

 

Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар эмэгтэй ажилтнаа зодож, улмаар хэрцгийгээр хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн оны есдүгээр сарын 24-ний өдөр Төв аймагт гарч, олныг цочирдуулсан. Одоогоор хохирогч эмэгтэй биеийн байдал тааруу байгаа бөгөөд хоёр ч хагалгаанд орохоор эмчилгээ хийлгэж байна. Өмнө нь хэд хэдэн удаа хагалгаанд орсон бөгөөд өнөөдөр давсагсны угсраа хагалгаанд орох гэж байна. Хохирогч эмэгтэй  Б-г хагалгаанд оруулахын тул ар гэрийнхэн нь ард түмнээс тусламж гуйсан бөгөөд  1 сая төгрөг цугласан байна. Хохирогч урт удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд ар гэрийнхэн банкнаас хүртэл зээл авсан байна.Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг энэд дарж уншина уу.
 

Чингисийн талбайд цагаан идээний өргөтгөсөн худалдаа болно

Нийслэлийн засаг даргын захирамжаар энэ сарын 27-ноос хоёрдугаар сарын наймны өдрүүдэд цагаан идээ, махны өргөтгөсөн худалдааг Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.Мөн Баянзүрх дүүрэгт Скай их дэлгүүрийн гадна талбай, Бөхийн өргөөний гадна талбай, Сүхбаатар дүүрэгт АСА цирк, Цэрэндоржийн гудамж талбай, Чингэлтэй дүүрэгт тусгаар тогтнолын талбай, Баянгол дүүрэгт Leon tower, Макс худалдааны төв, Хан-Уул дүүрэгт Махатма Гандийн гудамж, Мишээл экспо төв, Сонгинохайрхан дүүрэгт Цамбагарав , Гүнгэрваа худалдааны төвүүдэд цагаан идээний үзэсгэлэн болох юм.

"Жигүүр гранд”, "Блю скай”, "Буянт тэл” гэх компаниуд иргэдийг нэг тэрбум төгрөгөөр хохироожээ

"Жигүүр гранд”, "Блю скай”, "Буянт тэл”, "АО Жаргалант”, "Тюр хаус” зэрэг зарим барилгын компаниуд өнгөрсөн онд нийт 70 орчим мянган хэрэглэгчээс эрчим хүч ашигласны төлбөрийг илүү бодон авч, тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан гэж Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос мэдэгдлээ. Нэр бүхий дээрх компаниуд шинээр барьж, ашиглалтад оруулсан орон сууцынхаа эрчим хүчийг шийдсэн бөгөөд өөрсдийнхөө өмчит цахилгааны хүчдэлийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанид шилжүүлэлгүй шууд оршин суугчдынхаа эрчим хүчний хэрэглээний тарифыг аж ахуйн нэгжийн үнээр тооцон авдаг байж. Үүнээс болоод 17500 орчим өрх илүү мөнгө төлж, хохирcон байна.

Дотуур байранд  гал гарч багачууд хаана амьдрах нь тодорхойгүй байна

Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багийн дунд сургуулийн дотуур байранд энэ сарын 17-ны өглөө гар гарчээ. Өнгөрөгч ням гаригийн өглөө 08:40 цагт аймгийн онцгой байдлын хэлтэст ирсэн байна. Хоёр давхар модон барилга хормын төдийд галд өртөж галыг унтраахаар 250 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан байна. Дотуур байранд  гал гарч хөдөөгийн багачууд амарч ирээд хаана амьдарч хичээл сургуулиа үргэлжлүүлэх вэ гэдэг хүндхэн асуудалтай тулгараад байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ЦАГАА ОЛООГҮЙ ШИЙДВЭР БОЛ ГАЙ Л ДАГУУЛДАГ.АН-ЫГ УНАГААХ НЬ МАН,УЯНГА НАРТ ХЭРЭГТЭЙ Ч АРД ТҮМЭНД ГАЙ БОЛНО ШҮҮ.ХАРИУЦЛАГЫ НЬ ХЭН ҮҮРЭХ ВЭ?
2016/01/20 103.17.108.42