8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн З.Нарантуяа ЗАВХАН аймагт ажиллалаа

2017-11-07 14:50:00

2018 оны улсын төсөв батлагдах гэж байгаа энэ үед УИХ-ын гишүүн З.Нарантуяа Завхан аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашигтай байдал, зарцуулалт, ажлын гүйцэтгэл зэргийг шалгаж, бодит байдалтай газар дээр нь танилцахаар энэ сарын 4-5-ны өдрүүдэд тойрогтоо ажиллалаа. 
Улсын төсвөөс санхүүжигдэх санхүүжилт нь тодорхой шалтгааны улмаар саатаж, гүйцэтгэл хийгдэж дуусахгүй удаж байгаа Хөгжимт жүжгийн театрын барилгын явц байдалтай танилцан 2020 оноос өмнө барилгыг ашиглалтад оруулахад тулгараад байгаа бэрхшээлийг арилгах талаар орон нутгийн удирдлагатай санал солилцлоо.
Мөн шинээр нээгдэхэд бэлэн болсон Спорт цогцолборын барилгын ажлын явц болон Онцгой байдлын газрын үйл ажиллагаанд шаардагдаж байгаа үйл ажиллагааны зардлын өсөлт зайлшгүй нэмэгдэх хэрэгтэй гэсэн саналуудыг судалж, тооцоолол бодитой төлөвлөгдсөн эсэхийг шалгав. Энэ үеэр тэрээр өнгөрсөн жилүүдэд Завхан аймагт хийсэн бүтээн байгуулалтуудын үр дүнг дүгнэж, ирэх жилүүдэд хийх хөрөнгө оруулалт, санхүүжилтын төсөл хөтөлбөрүүдээ ач холбогдлын хувьд үнэлж, эрэмбэлж, хамгийн чухлаас нь эхэлж санхүүжүүлэх бодлого баримтлана гэдгээ илэрхийллээ.
Завхан аймгмйн хувьд 2018 онд Улиастай-Тосонцэнгэлийн чиглэлийн 67 км замын ажлыг эхлүүлэх, аймгийн төвд Дулааны цахилгаан станц барих төслийг Солонгосын төслийн хүрээнд эхлүүлж, төслийн ТЭЗҮ хийх ажил эхлэх болж байгаа юм байна. Аймаг орон нутгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэсэн аялал зуулчлалын бүсийг хөгжүүлэх нь орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн зорилт тул Эрдэнэхайрхан сумаас Хар нуур хүртэл цахилгаан дамжуулах шугам татах, интернеттэй болгох ажлуудыг хийхээр төлөвлөж, төсвийн төсөлд эх үүсвэрийг тусгаж байгаагаа дуулгалааа.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд төсвийн санхүүжилт хөрөнгө оруулалт бараг хийгдээгүй говийн сумдын эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн засваруудыг дуусгах, шинээр нэмж барих, тухайлбал, аймгийн төвөөс хамгийн хол оршдог Сантмаргац суманд 320 хүүхдийн суудалтай сургууль, Дөрвөлжин суманд 100 хүүхдийн цэцэрлэг зэрэг шинэ хөрөнгө оруулалтын ажлууд эхэлнэ гэдгийг иргэдэд хэлж байлаа. 
УИХ-ын гишүүн З.Нарантуяа УИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга бөгөөд Австри улсад ажлын шугамаар явах үедээ тус улсад суугаа элчин сайдаар дамжуулан Монгол улсад элэгтэй, монголын хүүхдүүдэд туслах чин сэтгэлтэй хүмүүстэй холбоо тогтоож, Завхан аймгийнхаа цэцэрлэгүүдийг үе шаттайгаар хүүхдийн тоглоомоор хангах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд Австри улсын Зальцбург, Тирол муж дахь Монгол улсын өргөмжит консул болон Дунайн их сургуулиас бэлэглэсэн хүүхдийн тоглоомыг Улиастай сумын 6 дугаар цэцэрлэгийн багш, хүүхдүүдэд хүлээлгэн өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment