Тэгж харагдаж байгаа биздээ. Сангийн сайдаар томилогдсон Ч.Хүрэлбаатартай ноцолдож өдөр хоногийг өнгөрөөх ямар хэрэг байгаа юм бэ. Үүний оронд хийх ажил Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгад маш их байна. Тэр Ч.Хүрэлбаатар нь яацан амьтан юм. "Монголын баялагт эзэн суусан 30 гэр бүл"-тэй холбоотой гэх. Тэнэг л биш бол тэр нөхөр чинь өөрийнхөө, бас ах дүүгийнхээ нэр дээр компани байгуулах уу. Яаж ч бодсон улс төрд орон зайгаа эзэлчихсэн энэ хүн өөрийн биеэр хууль зөрчсөн үйлдэл хийх үү. Санаанд нэг л буухгүй байна.
Ч.Хүрэлбаатарыг сайдаас нь эргүүлэн татах ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга З.Энхболд сүрхий идэвхтэй байна. Хүрлээг борвиноос нь зуучихжээ. Барагтай бол тавихгүй л дээ. Өнгөрсөн Их хурлын сонгуулийн үеэр Увс аймагт З.Энхболд АН-ын даргын хувиар очиход увсчууд түүнийг чулуу модоор нүдэх шахан хөөсөн гэдэг. Учир нь тэрбээр чуулганы танхимд Увсаас сонгогдсон гишүүдийн нутгийн аялга, зарим үг хэллэгийг элдэвлэснээс үүдэлтэй. Увсынхны үйлдлийг үүнийх нь хариу гэж ярьдаг юм билээ. З.Энхболдын хувьд "Ч.Хүрэлбаатарын явуулга" гэж үздэг гэсэн.Том улс төрд яваа хүн тоолгүй өнгөрөөх үйл явдлуудын нэг л дээ. Гэвч мартдаггүй юм шиг байна. Мартахгүй байгаагийн илрэл нь Ерөнхийлөгч Х.Баттулгын албан тушаал, эрх мэдлийн буулганд Ч.Хүрэлбаатарыг сайдаас мултлах эрх ашиг хавчуулагдчихсан, өнөөдөр шуугиан болоод явж байна.
Үүний үр дүнд харин Зи-Женког муухай харагдуулж эхэллээ дээ. Их улс төрд яваа хүмүүс ийм гоомой зүйл хийж болохгүй л дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хүн, нэг хүнтэй ноцолдох нь цаад хүнийхээ улс төрийн нэр хүндийг өсгөж байгаа хэрэг. Одоо Ч.Хүрэлбаатарын нэр төр огцом өснө. Дагаад намынх нь нэр хүнд өснө. Улс төрд заавал нэг өрсөлдөгчтэй байх, тэр нь том албан тушаалтан юм уу, нийгэмд нэр нөлөө бүхий нэгэн байх. Түүнийгээ өдөж сөдөж гэмээнэ дагаж нэр хүнд нь өсөж байдаг практик бий. Тэр нь Ч.Хүрэлбаатарт ирж, өөрийнхөө улс төрийн нэр хүндийг өсгөж байх шиг байна. Түүнийг зүгээр байж байхад нь Монгол Улсын ерөнхийлөгч өөрөө өдөж мандуулав. Одоо Ч.Хүрэлбаатар шиг ард түмний хүндэтгэлийг хүлээх улс төрч ойрын хугацаанд гарахгүй. Зи, Женко хоёр шиг адгийн харагдах улс төрчид байхгүй болно. Улс төр өөрөө ийм л юм.
Монгол Улсын хамгийн өндөр дээд албан тушаал бол Ерөнхийлөгч. Энэ улсын эрх мэдлийн дээд цэгт байгаа хувь нэг хүний инстутиц. Ийм том эрэмбэтэй хүн улс орны хэмжээний асуудлаар нийгэмд шуугиан тарьж, түүнийгээ шийдэхийн төлөө олны анхаарлын төвд орвол гоё. Тэрнээс энэ институци маань нэг улс төрчтэй зууралдсаар байвал төрийн өндөр сэнтийг доош нь хийсээр байх болно